Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
Хэргийн индекс | 182/2023/03759/И |
Дугаар | 182/ШШ2024/02006 |
Огноо | 2024-05-02 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/02006
2024 05 02 | 182/ШШ2024/02006 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЗБ санд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ЗБ сангийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.06.20-ны өдрийн Б/59 дугаартай Г.Тг ажилд эгүүлэн томилох тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах тухай үндсэн,
Г.Тгээс 10,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т,
Хариуцагчийн өмгөөлөгч Г.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Т хариуцагч ЗБ санд холбогдуулан 2023.06.20-ны өдрийн Б/59 дугаартай Г.Тг ажилд эгүүлэн томилох тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ...Г.Т нь 2020.10.01-ний өдрөөс ЗБ санд хууль, эрх зүйн мэргэжилтнээр ажилд орж, 2022.04.20-ны өдрөөс захиргааны газрын хуульчаар томилогдон 2023.01.31-ний өдрийг хүртэл ямар нэгэн зөрчил, дутагдал гаргалгүй ажилласан. Гэтэл 2023.01.23-ны өдөр ажлын байр хасагдах болсон гэсэн шалтгаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид гардуулж улмаар 2023.01.31-ний өдөр ЗБ сангийн Гүйцэтгэх захирлын Б/06 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Энэ талаар нэхэмжлэгч хууль бусаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан гэж үзэж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөдөлмөрийн маргаан үүсгэн тус шүүхийн шүүгчийн 2023.06.07-ны өдрийн 182/ШШ2023/01735 дугаар захирамжаар Г.Тд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нэрийн дансанд нөхөн төлөлт хийлгэхээр тус тус шийдвэрлэсэн.
Иймээс ЗБ сангийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.06.20-ны өдөр буюу шүүгчийн захирамж гарснаас хойш даруй 13 хоногийн дараа Б/59 дугаартай Г.Тг ажилд эргүүлэн томилох тухай тушаал гаргасан боловч уг тушаалыг 2023.07.19-ний өдрийн 1/512 дугаартай албан бичгээр 2023.07.26-ны өдөр мэдэгдсэн бөгөөд тухайн үед нэхэмжлэгч өвчний улмаас 14 хоногийн эмнэлгийн магадлагаатай байсан учир 2023.08.14-ний өдөр ажилдаа орсон. Үүний улмаас дээрх ЗБ сангийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаал нь шүүгчийн захирамжилснаас 13 өдрийн дараа гарч 36 өдрийн дараа надад албан бичгээр мэдэгдсэнээр 2023 оны 6, 7-р саруудад холбогдох цалин хөлс олгогдоогүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлөөгүй тасалдуулан нэхэмжлэгчийг хохироосон. Энэ талаар ЗБ сангийн холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэхэд дээрх цалин хөлс болон түүнд ноогдох шимтгэл, хураамжийг төлөх боломжгүй гэсэн хариуг өгсөн.
Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу шүүгчийн захирамж гарсан өдөр буюу 2023.06.07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгож холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлөх үүрэгтэй. Түүнчлэн, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон буюу 2023.06.07-ны өдрөөс нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилж ажиллуулах ёстой боловч дээр дурдсаны дагуу шүүгчийн захирамжийг хуульд заасны дагуу биелүүлээгүй хууль зөрчсөн тушаал гаргасан.
ЗБ сангийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.06.20-ны өдөр Б/59 дугаартай Г.Тг ажилд эргүүлэн томилох тухай тушаалын үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байрыг шинээр нэмсэн тухай үндэслэл байхгүй. 2023.01.23-ны өдөр ажлын байр хасагдсан тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн боловч эгүүлэн томилохдоо ажлын байр, орон тоог нэмээгүй байгаа нь харагдаж байна.
Улмаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон тушаал гарсан боловч уг тушаал нь хэлбэрийн төдий, хууль бус тушаал болно. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.2-т заасны дагуу Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч тус хороогоор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй тул тэмдэглэл үйлдэн уг тэмдэглэлийг 2023.09.06-ны өдөр хүлээн авсан.
Мөн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас ...өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд хуульд нийцүүлэн эгүүлэн тогтоолгох... тухай хэсгээсээ татгалзаж байна.
Иймд ЗБ сангийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.06.20-ны өдөр Б/59 дугаартай Г.Тг ажилд эргүүлэн томилох тухай тушаал нь хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, 2023.06.07-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, уг хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү... гэв.
2.Хариуцагч ЗБ сангийн төлөөлөгч Ц.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г.Т нь ЗБ сангийн Гүйцэтгэх захирлын 2020.09.29-ний өдрийн Б/66 дугаар тушаалаар анх хуульчаар ажилд орж байсан. 2023.01.23-ны өдөр Г.Тг ажлаас чөлөөлөх тухай тушаал гарч Захиргааны газрын хуульчийн ажлаас чөлөөлсөн бөгөөд тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагчийн зүгээс түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр 2023.06.07-ны өдрийн 182/ШШ2023/01735 дугаартай шүүхийн шийдвэр гарч Г.Тг ЗБ сангийн Захиргааны газрын хуульчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,476,190 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, 2023.01.31-ний өдрөөс 2023.06.07-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг тооцон Г.Тгийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нэрийн дансанд нөхөн төлөлт хийхээр шийдвэрлэсэн.
Манай байгууллага нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж 2023.06.20-ны өдөр Б/59 дугаартай гүйцэтгэх захирлын тушаал гаргаж /тухайн үед шүүхийн шийдвэр албажаагүй байсан ч бид үүргээ биелүүлж ажилд эгүүлэн томилох тухай тушаал гаргасан/ Г.Тг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 10,476,190 төгрөг олгож, мөн 2023.01.31-ний өдрөөс 2023.06.07-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлсөн. Байгууллагын зүгээс ажилд эгүүлэн томилох тухай тушаал гаргаж нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн байхад тухайн тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ямар үндэслэлээр тухайн тушаалыг хууль зөрчиж гарсан гэж байгаа нь ойлгомжгүй байна.
Г.Т нь шүүхийн шийдвэр 2023.06.07-ны өдөр гарсан талаар өөрөө мэдэж байсан бөгөөд энэ талаар маш тодорхой нэхэмжлэлдээ дурджээ. Шүүхийн шийдвэр гарснаас хойш тэрээр ажилдаа орж ажил үүргээ биелүүлэх нь түүний өөрийн хүлээх хариуцлага бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь юм. Ажилд эгүүлэн томилох тухай 2023.06.20-ны өдрийн тушаал гарснаас хойш тэрээр 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажилдаа огт ирээгүй. 2023.08.14-ний өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 40 цаг ажлын байран дээр ажилласан. Түүнийг ажилдаа ирэх хүртэл хугацаанд ажил олгогчийн зүгээс Г.Тг ажилдаа эргэн орж ажил үүргээ зохих ёсоор биелүүлж хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу цагийн бүртгэлийн дагуу ажиллахыг шаардаж байсан боловч Г.Т нь өөрийн буруутай үйлдлээс болж түүний нийгмийн даатгалын шимтгэл 2023 оны 07 сард төлөгдөөгүй тасарсан.
Учир нь тухайн сард бүтэн ажилдаа ирээгүй учир цалин бодогдоогүй. 2023.08 дугаар сард нийт 40 цаг ажилласан тул бодогдсон цалин болох 618,478 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ болох 107,860 төгрөгийг суутгаж гарт олгох цалин 510,618 төгрөг болсон. Ингээд Г.Т 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажилдаа огт ирээгүй байх бөгөөд 2023.09.18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажил олгогчийн зүгээс хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд зааснаар ажил үүргээ зохих ёсоор биелүүлж ажлын цагаа бүртгүүлэх нь ажилтны өөрийнх нь хуулиар хүлээсэн үүрэг юм.
ЗБ сан нь Засгийн газраас байгуулсан ашгийн төлөө бус хуулийн этгээд болохын хувьд үйл ажиллагаандаа төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү хэрэгцээ шаардлагын хүрээнд байгууллагын хуульчийг АЗ болох төрийн худалдан авах ажиллагааны газрын сертификаттай байх шаардлагыг Г.Тг ажиллаж байх хугацаанд тавьж байсан бөгөөд байгууллагын зүгээс төлбөрийг бүрэн хариуцаж сургалтанд суулгаж байсан. Гэтэл Г.Т нь манай байгууллагыг ажилд эгүүлэн тогтоох тухай 2023.06.20-ны өдрийн Б/59 дугаар тушаал гаргахдаа АЗ сертификаттай байх шаардлагыг нэмсэн, урьд эрхэлж байсан албан тушаал дээрх шаардлага байгаагүй гэх худал мэдүүлгийг шүүхэд гаргасан байна.
Ажил олгогч болох ЗБ сангийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж тушаал гарган түүнийг ажилд нь эгүүлэн томилсноос хойш Г.Т ажил үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ өөрөө биелүүлээгүй байж тухайн хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэв.
3.Хариуцагч Зээлийн батлан сан нь нэхэмжлэгч Г.Тд холбогдуулан гаргасан 10,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.1....Г.Т нь ЗБ сангийн Захиргааны газарт хуульчаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2023.01.23-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөхөд 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж буюу 10,000,000 төгрөг олгосон. Г.Т нь ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.07-ны өдрийн 01735 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн тул дээрх тэтгэмжийг Г.Т буцаан төлөх ёстой.
Иймд Г.Тгээс 10,000,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч талаас 2024.01.05-ны өдөр гаргасан Г.Тгээс 10,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу татан авч байна... гэв.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ талаар тайлбар байхгүй... гэв.
6.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 4 х/,
-2023.06.20-ны өдрийн Б/59 дугаартай ЗБ сангийн гүйцэтгэх захирлын Г.Тг ажилд эгүүлэн томилох тухай тушаал /хх-ийн 5 х/,
-2023.07.19-ний өдрийн 1/512 тоот ЗБ сангийн албан бичиг /хх-ийн 7 х/,
-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.07-ны өдрийн 182/ШШ2023/01735 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 8-11 х/,
-Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023.09.04-ний өдрийн 61 дүгээр шийдвэр /хх-ийн 12-15 х/,
-2023.12.13-ны өдөр Д.Ад олгосон итгэмжлэл /хх-ийн 47 х/,
-2024.01.02-ны өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-ийн 81-82 х/,
-Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга /2-р хх-ийн 18 х/ зэрэг баримтуудыг,
7.Хариуцагч нь хариу тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан 2023.10.04-ний өдрийн 1/745 тоот М.Д, Б.А, Н.Д нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 19 х/,
-Улсын бүртгэлийн 001 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 20, 213 х/,
-ЗБ сангийн 2023.09.13-ны өдрийн 1/691 тоот албан бичиг /хх-ийн 38 х/,
-2023.08.28-ны өдрийн утсаар ярьсан тэмдэглэл /хх-ийн 39-40 х/,
-Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тэмдэгтийн хураамжид 2024.01.05-ны өдөр 174,950 төгрөг төлсөн баримт /хх-ийн 107 х/,
-Бэлэн мөнгөний тооцооны хуудас /хх-ийн 108 х/,
-2023.06.08-ны өдрийн Утсаар ярьсан тэмдэглэл /хх-ийн 110 х/,
-2023.02.06-ны өдрийн Гялс банк интернет-гүйлгээний мэдээлэл /хх-ийн 111 х/,
-2023.08.29-ний өдрийн А/81 дүгээр ЗБ сангийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн Гүйцэтгэх захирлын тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал, түүний хавсралт /хх-ийн 152-154 х/,
-2024.03.06-ны өдрийн 1/238 тоот Ц.Тд олгосон итгэмжлэл /хх-ийн 215 х/,
-Цагийн дэлгэрэнгүй баланс /хх-ийн 244-245 х/,
-ЗБ сангийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 02 сарын тайлан /хх-ийн 246 х/,
-ЗБ санд ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны 02 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /хх-ийн 247 х/,
-ЗБ сангийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 03 сарын тайлан /хх-ийн 248 х/,
-ЗБ санд ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны 03 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /хх-ийн 249 х/,
-ЗБ сангийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 04 сарын тайлан /хх-ийн 250 х/,
-ЗБ санд ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны 04 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /2-р хх-ийн 1 х/,
-ЗБ сангийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 05 сарын тайлан /2-р хх-ийн 2 х/,
-ЗБ санд ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны 05 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /2-р хх-ийн 3 х/,
-ЗБ сангийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 06 сарын тайлан /2-р хх-ийн 4 х/,
-ЗБ санд ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны 06 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /2-р хх-ийн 5 х/,
-ЗБ сангийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 08 сарын тайлан /2-р хх-ийн 6 х/,
-ЗБ санд ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны 08 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /2-р хх-ийн 7 х/,
-Сарын сүүл цалин дэлгэрэнгүй /2-р хх-ийн 8-10 х/,
-2023.07.19-ний өдрийн 1/512 тоот ЗБ сангийн албан бичиг /2-р хх-ийн 11 х/,
-2022.12.30-ны өдрийн Б/110 дугаар ЗБ сангийн гүйцэтгэх захирлын Сургалтад хамруулах тухай тушаал /2-р хх-ийн 12 х/,
-2023.07.17-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гардуулсан баримт /2-р хх-ийн 13 х/,
-Ажлын цагийн тооцоо /2-р хх-ийн 19 х/ зэрэг баримтуудыг,
8.Шүүхийн журмаар 2023.12.26-ны өдрийн 182/ШЗ2024/00309 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас ирүүлсэн 2023.03.28-ны өдөр тус шүүхэд гаргасан Г.Тгийн нэхэмжлэл, иргэний хэрэг үүсгэснээс хойшхи шүүх хуралдааныг хойшлуулсан захирамж, тэмдэглэлүүд /хх-ийн 65-80 х/,
-ЗБ сангаас ирүүлсэн Г.Тг Захиргааны газрын хуульчаар ажилд томилсон тушаал, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, ЗБ сангийн гүйцэтгэх захирлын 2023.03.31-ний өдрийн Б/06 дугаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал /хх-ийн 84-101 х/,
-2024.01.30-ний өдрийн 182/ШЗ2024/02161 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу ЗБ сангаас ирүүлсэн ЗБ сангийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.03.03-ны өдрийн А/22 дугаар тушаал, түүний хавсралт /хх-ийн 146-151 х/,
-2024.02.13-ны өдрийн 182/ШЗ2024/03073 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу хийсэн үзлэгийн тэмдэглэл, түүний хавсралт /хх-ийн 156-176/,
-2024.02.22-ны өдрийн 182/ШЗ2024/03567 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу ЗБ сангаас ирүүлсэн ЗБ сангийн гүйцэтгэх захирлын 2022.05.18-ны өдрийн А48 дугаар тушаалаар батлагдсан ЗБ сангийн албан хэрэг хөтлөлтийн журам /хх-ийн 190-211 х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.ЗБ санд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Г.Тгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Г.Т хариуцагч ЗБ санд холбогдуулан 2023.06.20-ны өдрийн Б/59 дугаартай Г.Тг ажилд эгүүлэн томилох тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2.1. ЗБ сангийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.06.20-ны өдрийн Б/59 тоот тушаал нь энэ өдрөө гараагүй, нөхөж гаргасан.
Нэхэмжлэгчийг ажилд томилох тухай тушаал гарах үед түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй байхад шүүхийн шийдвэрийн дугаарыг бичсэн байдаг. Хариуцагч энэ шийдвэрийг 2023.07.17-нд гардаж авсан байгаа. Энэ нь хэрэгт авагдсан Шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид гардуулсан, хүргүүлсэн тухай баримтаар тогтоогдоно.
2023.08.29-ний өдрийн А/81 тоот Гүйцэтгэх захирлын тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаалаар Захиргааны газрын хуульчийн ажлын байрыг нэмсэн учраас нэхэмжлэгчийг энэ өдрөөс ажилд нь томилох ёстой.
Мөн уг дээрх тушаалын 3 дахь ... Г.Тд олгосон 10,000,000 төгрөгийн тэтгэмжийг хасч тооцох... заалт нь шүүхийн шийдвэрт тусгагдаагүй тул 2023.06.20-ны өдрийн Б/59 дугаартай Г.Тг ажилд эгүүлэн томилох тухай тушаал нь хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж,
2.2.Нэхэмжлэгчийг ажилд томилсон дээрх тушаал нь хуульд нийцээгүй тул ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан 2023.06.07-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
3.Хариуцагч ... Нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэрийг үндэслэн 2023.06.21-нд нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон тушаал гарсан боловч уг тушаалыг хүргүүлсэн 2023.07.26-ны өдрийг хүртэл хугацааны цалинг өгч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг бол зөвшөөрнө. Харин өнөөдрийг хүртэл хугацааг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй,
154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор,
154 дүгээр зүйлийн 154.2.2.-т ... хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж тус тус заажээ.
4.2.Нэхэмжлэгч Г.Т нь дээрх хуульд заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол гаргасан байх ба уг хорооноос 2023.09.04-ний өдөр 61 дугаартай шийдвэрээр ...талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр... ажиллагааг дуусгавар болгожээ.
Тэрээр дээрх хариуг авснаас хойш шүүхэд 2023.09.18-ны өдөр хандсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хянан шийдвэрлэх үндэстэй.
5.Нэхэмжлэгч Г.Т нь 2022.04.20-ны өдрөөс 2023.01.31-ний өдрийг хүртэл ЗБ сангийн Захиргааны газарт хуульчаар шилжүүлэн ажиллаж байсан болох нь 2022.04.20-ны өдрийн Б/28 тоот Г.Тг ажилд шилжүүлэн томилох тухай тушаал / 1 хх-ийн 84 х/ , Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 85-87 х/, Ажлын байрны тодорхойлолт /1 хх-ийн 87-88 х/, 2023.01.31-ний өдрийн Б/06 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал /1 хх-ийн 89 х/, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон бөгөөд зохигч энэ талаар маргаагүй учраас шүүхээс маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.
6.Харин талуудын маргаан нь тус шүүхийн 2023.06.07-ны өдрийн 182/ШШ2023/01735 дугаартай шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон ЗБ сангийн гүйцэтгэх захирлын 2023.06.20-ны өдрийн Б/59 тоот тушаал хуульд нийцсэн эсэх талаар байх тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Тодруулбал, нэхэмжлэгч Г.Т нь ЗБ сангийн гүйцэтгэх захирлын 2023.01.31-ний өдрийн Б/06 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1, ЗБ сангийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.10.9.е, хөдөлмөрийн дотоод журмын 11.2 дахь заалтуудыг үндэслэн ...орон тоо хасагдсан... гэсэн үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгджээ. /1 хх-ийн 89 х/
Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Г.Тг ЗБ сангийн Захиргааны газрын хуульчийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,476,190 төгрөгийг олгох, 2023.01.31-ний өдрөөс 2023.06.07-ны өдрийг хүртэл хугацааны Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын нэрийн дансанд нөхөн төлөлт хийх шаардлагыг хүлээн зөвшөөрснийг шүүхийн 2023.06.07-ны өдрийн 182/ШШ2023/01735 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар шийдвэрлэжээ. /1 хх-ийн 8-11 х/
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйл, 47 дугаар зүйлийн 47.1, 61 дүгээр зүйлийн 61.1.2, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.07-ны өдрийн 182/ШШ2023/01735 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэн нэхэмжлэгчийг 2023.06.21-ний өдрөөс Захиргааны газрын хуульчийн ажилд эгүүлэн тогтоож, 2023.06.20-ны өдөр Б/59 тоот тушаал гаргасан нь зохигчийн маргааны зүйл болсон.
Дээрх тушаалын 1-д Г.Т 2023.06.21-ний өдрөөс Захиргааны газрын хуульчийн албан тушаалд эгүүлэн томилсугай, 2-т Г.Тд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,176,190 төгрөгийг олгож, 2023.01.31-ний өдрөөс 2023.06.07-ны өдрийг хүртэх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлсүгэй. 3-т Тушаалын 2 дахь хэсэгт заасан олговроос гүйцэтгэх захирлын 2023.01.31-ний өдрийн Б/06 тоот тушаалаар Г.Тд олгосон тэтгэмжийг хасаж тооцон, тооцоо нийлэхийг Ерөнхий нягтлан бодогчид зөвшөөрсүгэй ... гэсний 1, 3 дахь заалт нь хуульд нийцээгүй гэж маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй:, 61.1.2-т хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай ... шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж тус тус заасны дагуу хариуцагч нь 2023.06.20-ны өдөр Б/59 тоот тушаалыг гаргаж нэхэмжлэгчийг ЗБ сангийн Захиргааны газрын хуульчийн албан тушаал эгүүлэн тогтоожээ.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан тохиолдолд шүүх хэргийг шийдвэрлэхээр зохицуулсан.
Энэхүү зохицуулалтаар тухайн тушаал хүчинтэй эсэхээс хамаарч эрх зүйн үр дагавар агуулдаг учраас нэхэмжлэгчийг ажилд томилсон 2023.06.20-ны өдрийн Б/59 тоот тушаал хуульд нийцсэн эсэх талаар маргааныг шийдвэрлэхэд дараах үндэслэлүүдээр хариуцагчийг буруутгах боломжгүй байна. Үүнд:
а.Ажил олгогчийн хувьд өөрийн эрх хэмжээний хүрээнд 2023.06.20-ны өдөр Б/59 тоот тушаалд нийцүүлэн 2023.08.29-ний өдөр А/81 тоот Гүйцэтгэх захирлын тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал гаргаж ...2023.03.30-ны өдрийн А/22 дугаар тушаалын 2 дахь хавсралт дахь албан тушаалын нэрсийн жагсаалтад нэмэлж өөрчлөлт оруулж, Захиргааны газрын 11 орон тоотой байсан бүтцийг 12 орон тоотой болгож Захиргааны газрын хуульчийн орон тоог нэмжээ. /1 хх-ийн 152, 153 х/
б.Нэхэмжлэгч 2023.07.26-ны өдөр ажилд томилсон Б/56 тоот тушаалыг гардаж аваад ажил олгогчид 2023.07.27-ноос 08.03-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаантай талаарх эмнэлгийн магадлагааг хүргүүлж мөн 2023.08.03-наас 08.11-ний өдрийг хүртэл уг магадлагааг сунгасан, магадлагаанд заасан хугацаа дууссанаас хойш ажил олгогчоос Г.Тд хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид 651,848.51 төгрөгийг олгосон /2 хх-ийн 18 х/ талаар зохигч хэн аль нь маргаагүй.
Мөн нэхэмжлэгч нь ажилд томилсон тушаалын дагуу эмнэлгийн магадлагаанд заасан хугацаа дууссанаас хойш 10 хоног ажлын цагаа бүртгүүлэн ажил, хөдөлмөрөө эрхэлж байсан болох нь зохигчийн тайлбар, ирцийн бүртгэл /1 хх-ийн 244 х/-ээр тус тус тогтоогдож байна.
в.Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т Энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ... гэж заасан.
г.Хариуцагч нь нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон 2023.06.20-ны өдрийн Б/59 тоот тушаал гарснаар нэхэмжлэгчийг Захиргааны газрын хуульчийн ажилд шилжүүлэн томилсон 2022.04.20-ны өдрийн Б/48 тоот тушаалыг үндэслэн зохигчийн 2022.04.20-ны өдөр байгуулсан ХГ-25 дугаартай хөдөлмөрийн гэрээний дагуу түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдсэн гэж үзнэ. /1 хх-ийн 84, 85-86 х/
д.Мөн Захиргааны газрын хуульчийн ажлын байр хасагдсан үндэслэлээр нэхэмжлэгчид 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 10,000,000 төгрөгийг 2023.02.06-ны өдөр олгосон болох нь зохигчийн тайлбар, Төрийн банкны 843791156881 журналын дугаартай Гялс банк интернэт-гүйлгээний мэдээлэл /1 хх-ийн 111 х/-ээр тогтоогдож байх тул энэхүү тэтгэмжийг хасч тооцохоор тусгасан 3 дахь заалт болон энэхүү Б/59 тоот тушаалыг бүхэлд нь хууль зөрчсөн гэж үзэхгүй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй, 65 дугаар зүйлийн 65.1.6-д Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчийг ЗБ сангийн Захиргааны газрын хуульчийн ажилд эгүүлэн тогтоосон тус шүүхийн 2023.06.07-ны өдрийн 182/ШШ2023/01735 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /1 хх-ийн 8-11 х/, хүчин төгөлдөр хэвээр байх тул дээрх хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй хэдий ч шүүх хуралдааны явцад ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8.Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд
Нэхэмжлэгчийг ажилд томилсон 2023.06.20-ны өдрийн Б/59 тоот тушаал нь хуульд нийцээгүй тул ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан 2023.06.07-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгахаар шаардах эрхтэй гэж тайлбарласан.
Хариуцагч ...Шүүхийн шийдвэрийг үндэслэн 2023.06.21-нд нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон тушаал гарсан боловч уг тушаалыг хүргүүлсэн 2023.07.26-ны өдрийг хүртэл хугацааны цалинг өгч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг бол зөвшөөрч байна. Харин өнөөдрийг хүртэл хугацааг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.
Нэхэмжлэгчийг ЗБ сангийн Захиргааны газрын хуульчийн ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болохоо хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь тус шүүхийн 2023.06.07-ны өдрийн 182/ШШ2023/01735 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /1 хх-ийн 8-11 х/-аар тогтоогдсон.
Хуулийн дээрх зохицуулалтаар ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа нь ажилгүй байсан бүх хугацаанд хамаардаг. Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч ЗБ сангаас шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш Захиргааны газрын хуульчийн албан тушаалд 2023.06.21-ний өдрөөс томилсон Б/59 тоот тушаал гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэх эрхтэй.
Хариуцагч нь Г.Тг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас хойш урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлэхээр 2023.06.20-ны өдрийн Б/59 тоот тушаал гарах хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэгчид нөхөн төлөх үүрэгтэй байна.
Гэвч хариуцагч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилсон 2023.06.20-ны өдрийн Б/59 тоот тушаал гарсан өдрийг хүртэл бус уг тушаалыг хүргүүлсэн 2023.07.26-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэгчид олгоход татгалзахгүй гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авч зөвшөөрсөн 2023.06.07-ноос 2023.07.26-ны өдрийг хүртэл ажлын 30 хоногт тооцогдох цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч ЗБ сангаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.
Г.Т нь ЗБ сангийн Захиргааны газрын хуульчийн ажил албан тушаалд өдрийн 101,604.4 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь тус шүүхийн 2023.06.07-ны өдрийн 182/ШШ2023/01735 дугаар шийдвэрээр тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу дахин нотлох шаардлагагүй.
Иймээс 2023.06.07-ноос 2023.07.26-ны өдрийг хүртэл ажлын 30 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 3,048,132 /гурван сая дөчин найман мянга нэг зуун гучин хоёр/ төгрөгийг хариуцагч ЗБ сангаас гаргуулан нэхэмжлэгч Г.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2023.07.26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны цалин гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй., 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж тус тус заасан тул нэхэмжлэгч Г.Тгийн цалин хөлстэй тэнцэх олговор 3,048,132 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож, 2023.06.07-ноос 2023.07.26-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагч ЗБ сан даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2023.07.26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах хэсгийг хэрэгсэхгүй болгов.
9.Сөрөг нэхэмжлэлийн тухайд
Хариуцагч ЗБ сан нь нэхэмжлэгч Г.Тд холбогдуулан гэнэт халагдсаны тэтгэмжид олгосон 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
Шүүх хуралдааны явцад ЗБ сангийн төлөөлөгч нь энэхүү шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэхгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу татан авч байна гэж тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно, 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ... нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана... гэж тус тус заасан.
Энэхүү зохицуулалтаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах гэдгийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсантай адил утгаар буюу нэхэмжлэгч субъектив эрхээс татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон гэж ойлгох тул шүүх ЗБ санг Г.Тд холбогдуулан гаргасан 10,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзсан гэж үзнэ.
Мөн хуулийн 106.5-д зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилахыг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зохицуулсан бөгөөд энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй байхаар заасан тул ЗБ сангийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгийн хураамжид 2024.01.05-ны өдөр төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Т нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагч ЗБ сангаас 133,920 төгрөг /63,720+70,200/-ийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч ЗБ сангаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 3,048,132 /гурван сая дөчин найман мянга нэг зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Тд олгож, 2023.07.26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны цалин гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 3,048,132 /гурван сая дөчин найман мянга нэг зуун гучин хоёр/ төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нэхэмжлэгч Г.Тгийн 2023.06.07-ноос 2023.07.26-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж, 2023.07.26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүлйин 106.5-д заасныг баримтлан хариуцагч ЗБ санд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзсан Г.Тгийн,
Г.Тд холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан ЗБ сангийн татгалзлыг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн дээрх шаардлагуудад зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Т нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч ЗБ сангаас 133,920 төгрөг /63,720+70,200/-ийг гаргуулж улсын төсөвт оруулж, ЗБ сангийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгийн хураамжид 2024.01.05-ны өдөр төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА