Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/472

 

 2022             5              5                                         2022/ДШМ/472                                 

 

      Г.Ад холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,

шүүгдэгч Г.Агийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/164 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Сүхчулууны бичсэн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Г.Ад холбогдох эрүүгийн 2109000001554 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Г.А

 

            Шүүгдэгч Г.А нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутын орчимд 88-43УНД улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгсэл жолоодон Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Биеийн тамир спортын төв ордны баруун талын зам дээр хөдөлгөөнд оролцож байхдаа 31-88УНЧ улсын дугаартай “Тоёота Камри” загварын тээврийн хэрэгслийн жолооч С.Мтай маргалдаж, улмаар С.Мын жолоодож явсан тээврийн хэрэгслийн баруун талын гадна толийг гараараа цохиж бусдын эд  хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 450.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Цогт овгийн Ганхуягийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Сүхчулуун бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд “шинжээч” нь ямар шаардлага хангасан этгээд байх талаар заасан бөгөөд шинжээч нь эд зүйл хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээг хийхээр хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт “шинжээч нь хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс нь дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ” гэж заасан байна. Дээрх хэрэгт 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Тоёота камри” загварын тээврийн хэрэгслийн гадна талын толины зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчид хандаж тогтоол үйлдэн хийлгэхэд 450.000 төгрөгөөр үнэлсэн, яллагдагчийн хүсэлтийн дагуу нэмэлт шинжээч томилох тогтоол үйлдэж 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Дамно” ХХК-д хандаж шинжээч томилж дүгнэлт гаргуулахад “Тоёота камри” загварын тээврийн хэрэгслийн гадна баруун талын толийг 450.000 төгрөгөөр тус тус үнэлсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь тухайн эд зүйлийн дотоодын зах зээлд байгаа бодит үнэлгээг тогтоосон хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан баримтат мэдээлэл нотлох баримт” юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын хэмжээг тогтоох зорилгоор шинжээч томилж эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасантай нийцэж байна. Гэтэл анхан шатны шүүх хохирогч гэмт хэргийн улмаас гэмтсэн эд хөрөнгөндөө 250.000 төгрөгөөр засвар үйлчилгээ хийж анхны нөхцөл байдалд сэргээсэн, ... гэж дүгнэлт хийж гэмтсэн гэх толинд хаана, хэзээ засвар хийсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байхад засвар хийсэн зардлыг хохиролд жишин тооцож яллагдагчийн үйлдлийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байна. Өөрөөр хэлбэл, хохирогч болон яллагдагчийн талаас гэмтсэн эд хөрөнгөд засвар хийсэн гэх нотлох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар “хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй”, мөн зүйлийн 11 дүгээр зүйлд заасан “Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй” гэх хуулийн зохицуулалт зөрчигдсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг шүүх, ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заахаар тусгасан. Иймд энэ хэргийн хувьд гэмтсэн эд хөрөнгөнд засвар хийсэн гэх баримт ирүүлээгүй бол гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шууд 250.000 төгрөг гэж тогтоосон нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон байна. Мөн шаардлагатай бол шинжээчийг дахин томилж тухайн эд зүйлсэд засвар өөрчлөлт оруулах боломжтой эсэх, засварын зардал зэргийг шинжээчийн дүгнэлтээр тогтоож засварын зардлыг бодитой гаргасны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв

 

Шүүгдэгч Г.Агийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүх заавал шинжээчийн дүгнэлтийг үнэлэх шаардлагагүй, бүрэн эрхэд нь халдаж болохгүй. Шинжээч дүгнэлт гаргахдаа хавтас, хардаг толь гээд автомашины толийг бүхэлд нь үнэлсэн. Гэтэл хэргийн үйл явдлын хувьд зөвхөн толины суурь хэсэг эвдэрсэн. Дахин шинжээч томилох хүсэлт гаргахад нэмэлт шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар болсон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, дахин шинжээч томилж байгаа бол өмнө шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан байгууллагыг томилох ёсгүй. Шүүгдэгчээс өөр шинжээч томилуулах талаар хүсэлт гаргасныг мөрдөгч хүлээж авалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Улмаар шүүгдэгч, хохирогч нар сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож зах зээлийн үнэлгээ, судалгаа хийсэн. “Тоёота Камри” загварын автомашины нэгдсэн засвар үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд дээр очиж “энэ автомашины толины суурийг солиход хэдэн төгрөг болох вэ”  гэж асуухаар “суурийг шинээр авах бол 250.000 төгрөгөөр худалдаалагдаж байна, засаж янзлахад 100.000 төгрөг болно” гэсэн тул 100.000 төгрөгөөр засуулж, бусдын эд хөрөнгийг устгасан тул зах зээлийн үнэлгээ гэх толины суурийн 250.000 төгрөгийг бэлнээр өгч, хохирогчоор “гомдол, саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн бичгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийлгүүлж авсан. Үүн дээр хэн аль нь маргадаггүй, шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Аливаа алдаан дээр дөрөөлж тухайн хүний эрх зүйн байдлыг дордуулж, заавал гэмт хэргийн шинжтэй болгох оролдлого нь гэм буруутайд тооцох нөхцөл байдалд хүргэнэ. Шүүх ямар нотлох баримтад үндэслэх нь өөрийнх нь эрх хэмжээний асуудал байх тул шүүхийн шийдвэр үндэслэлтэй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог учиртай.

 

            Прокуророос Г.Аг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Биеийн тамир спортын төв ордны баруун талын зам дээр тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа 31-88УНЧ улсын дугаартай “Тоёота Камри” загварын тээврийн хэрэгслийн жолооч С.Мтай маргалдаж, улмаар тухайн тээврийн хэрэгслийн баруун талын толийг гараараа цохиж, сууриар нь хугалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 450.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, хохирогч С.Мын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр буюу 250.000 төгрөгөөр тодорхойлох боломжтой бөгөөд энэ нь хохирогчийн ашиг сонирхлыг зөрчөөгүй, түүний эд хөрөнгө шинжээчдийн дүгнэлтэд тусгагдсан шиг дахин ашиглах, засварлах боломжгүйгээр гэмтэж шинээр бүтэн толь худалдах авах хэмжээний хохирол учирсан бус, харин засвар үйлчилгээ авсны үр дүнд сэргээж анхны байдалд нь оруулж ашиглаж байгааг илтгэж байх тул “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 450.000 төгрөгийн хохирол нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй буюу дээрх баримтаар үгүйсгэгдэж байх тул шинжээчдийн дүгнэлтийг нотолгооны бусад хэрэгслээс илүүд авч үзсэнгүй бөгөөд шүүх шийдвэр гаргахдаа баримтлаагүй болно. Иймд Г.Агийн үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээ бага хэмжээнээс дээш хэмжээнд хамаарахгүй, зөрчлийн хэргийн шинжтэй байх тул түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзлээ.

 

Аливаа гэмт хэрэг нь нийгэмд аюултай ямар нэгэн гэм хор учруулдаг ба эсхүл тийм гэм хор учрах нөхцөлийг бүрдүүлдэг бөгөөд тэрхүү учирсан болон учруулж болох хохирлын шинж чанар, хэр хэмжээг харгалзан гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг тодорхойлдог болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэг, заалтын диспозицид гэм хор бодитой учирснаар төгссөнд тооцогддог бүх гэмт хэргийг эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үздэг бөгөөд уг гэм хорын хэр хэмжээ, шинж чанар нь хэргийн зүйлчлэл, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг мөрдөн шалгах ажиллагааны явцад заавал нотлох үүрэгтэй.  

 

“Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 3, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрүүдэд гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангаар “... 2012 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд улсын дугаар авсан Тоёота камри загварын тээврийн хэрэгслийн баруун талын толийг 450.000 төгрөгөөр үнэлсэн. Уг автомашины баруун талын толь нь сууриараа хугарсан, засварлах боломжгүй тул бүтэн толь нь зах зээлийн дундаж үнэлгээгээр тооцогдов. Тус автомашины толины эвдэрч гэмтсэн эд ангийг салгаж худалдан борлуулдаггүй тул сольж тавих боломжгүй.” /хх 61-65/ гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх тухайн эд хөрөнгийг засварлаж, сэргээсэн үнийн дүнгээр хохирлын хэмжээг тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийг засварлахад гаргасан зардал нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулахтай холбоотой асуудал болохоос биш энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоож буй асуудал биш юм.

 

Харин уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн эд зүйлд учирсан хохирлыг тогтоохдоо толины суурь эсхүл толины эх биеийн аль нь гэмтсэн эсэх, толины суурийг сольсноор дахин ашиглагдах боломжтой эсэх зэрэг асуудалтай холбоотой ажиллагаа хийгдээгүй байна. Тухайлбал, гэмтээсэн эд хөрөнгөд үзлэг хийгээгүй, шинжээчийн дүгнэлтэд энэ талаар тусгалгүйгээр толийг иж бүрдлийн хамт бүхэлд нь үнэлж, хохирлыг тогтоосон нь үндэслэл муутай болжээ.

 

Иймд прокурор М.Сүхчулууны бичсэн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/164 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ад холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэн нотолбол зохих байдлуудыг дахин шалгуулахаар хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/164 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ад холбогдох эрүүгийн 2109000001554 дугаартай хэргийг тус шүүхээр дамжуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэрэг прокурорт очтол Г.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ       

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ