Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2018/0746

 

2018 оны 11 сарын 28 өдөр Дугаар 128/ШШ2018/0746 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ц.Б*******

Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тогтоолгосон тэтгэврийн хэмжээг зөвтгөн тогтоохыг Б******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх сар бүр дутуу олгосон тэтгэврийн зөрүүг нөхөн олгож, хохирлыг барагдуулах тухай шийдвэр гаргуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Э******* нэхэмжлэгч Ц.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А******* 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Б******* уурхайд ажиллаж байгаад 1997 оноос хөдөлмөрийн чадвараа алдаж, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас групп тогтоолгосон. Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгчийн тэтгэврийг хууль эрх зүйн үндэслэлгүйгээр, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж, тэтгэврийн дээд хэмжээг хязгаарлаж тогтоосон. Энэ тухай хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хязгаарлалгүйгээр Нийгмийн даатгалд шимтгэл төлсөн, цалингийн хэмжээгээр тэтгэврийг тогтоож өгнө үү гэсэн гомдлоо гаргасан боловч 60 сарын цалингаас 19 сарын цалинг 1 080 000 төгрөгөөр хязгаарласан нь зөв байна гэсэн хариу өгсөн. 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2-в заалтын дагуу тогтоосон гэсэн. Энэ албан бичгийг аваад Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандаж гомдол гаргасан боловч тус хариуг үндэслэлтэй байна гэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрх зүйн актууд хуульд нийцсэн байх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасныг зөрчсөн. Мөн Нийгмийн даатгалын багц хуулиудад тэтгэвэр бодох цалингийн дээд хэмжээг хязгаарласан тухай үндэслэл огт байхгүй. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул илт хууль бус болохыг тогтоолгох хүсэлттэй байна. Иймд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тогтоосон тэтгэврийн хэмжээг зөвтгөн тогтоохыг Б******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулж, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш сар бүр дутуу олгосон тэтгэврийн зөрүүг нөхөн олгож, хохирлыг барагдуулах шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт ...даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх дээд хэмжээ... гэж заасан байгаа. Шимтгэл төлөх дээд хэмжээг заасан байгаа болохоос биш нэгэнт төлсөн байгаа шимтгэл, тэтгэвэр тогтоох журамд хамааралгүй. Зөвхөн шимтгэл төлөх тухай журамтай хольж буруу ойлгож байна. Нэхэмжлэгч нь шимтгэлээ төлчихсөн. Тэтгэвэр тогтоолгоод тэтгэврээ авч байгаа хүнд энэ журам хамааралгүй. Монгол Улсын Засгийн газрын 153 дугаар тогтоолд ...Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын 32 дүгээр зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь... гэсэн байгаа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн баталсантай холбогдуулан дараах арга хэмжээ авахыг Нийгмийн даатгал хамгаалал, Хөдөлмөрийн сайд Т.Г*******, Сангийн сайд Д.Х******* нарт даалгасугай гээд тус журмын 2а хэсэгт ...нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг энэ тогтоолын хавсралтаар баталсан цалингийн итгэлцүүрээр шинэчлэн тогтооно гэж заасан байгаа. Гэхдээ тус тогтоолын 2а, 2б хэсэг нь хүчингүй болж 2в хэсэг нь хүчин төгөлдөр үйлчилж байна. Хэрвээ тус тогтоол хүчингүй болоогүй байсан бол нэхэмжлэгчийн гаргасан эхний нэхэмжлэлийн шаардлага зөв байх байсан. Хүчингүй болсон болохоор нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Монгол Улсын Засгийн газрын 153 дугаар тогтоолын 2в хэсэгт ...2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1,080.000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тооцох гэж заасан байна. Буруу ойлгож, төөрөгдсөнөөс болж нэхэмжлэгчийн тэтгэвэр бодох цалингийн дээд хэмжээг хязгаарласан нь үндэслэлгүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт ...Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно, 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт Нийгмийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх болон мөн үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг бодоход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг шимтгэл төлсөн хугацаа, эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл нь ижил 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон иргэний тэтгэврийг бодоход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээтэй дүйцүүлэн тооцно гэж тус тус заасан байна. Нэхэмжлэгч нь 1997 онд тэтгэвэр тогтоолгосон. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт ...Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно, 30 дугаар зүйлд Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж тус тус тодорхой заасан байна. Энэ зүйл заалтыг баримталснаа 153 дугаар тогтоол дээр дурдсан.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт ...Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар буюу байнга алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй , 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт ...Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид "Хөдөлмөрийн хөлс" гэх/-оос хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10 хувиар, 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно гэж заасан байна. Нийгмийн даатгалын хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 32  хэсэгт ...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно гэж заасан байна. Нэхэмжлэгчийн эрх ашигт хуульд заасан үндэслэлгүйгээр халдаж байна. Нэхэмжлэгчийн тэтгэврийн хэмжээг 643 000 төгрөг гэж хариуцагчаас баримт гаргасан. Манай зүгээс нэхэмжлэгчийн нэг сард авах тэтгэврийн хэмжээг 683 903 төгрөг гэж бодож 40 620 төгрөгөөр дордуулсан байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байна гэв.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэгч нь 1997 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний шалтгаанаар тэтгэвэр тогтоолгон, өнөөдрийг хүртэл авч байна. Ц.Б******* нь 14 жил ажилласнаар тэтгэвэр тогтоолгох явцдаа ажилласан жилээ нэмэгдүүлээд 17 жил 1 сараар, өөрийн сонгосон буюу 1984-1988 оны цалингийн дунджаас хөдөлмөрийн чадвар алдсаны 65%-иар тэтгэврээ тогтоолгон авсан. Үүнээс хойш Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор тэтгэврийн өөрчлөлтүүд болгон дээр тэтгэврээ нэмэгдүүлж авсан байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан гол зүйл нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор цалинг хязгаарласан явдал байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч багц хуулиудад цалингийн дээд хэмжээг хязгаарлах тухай заалт байхгүй гэсэн тайлбар хэлж байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт ...Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно гэж заасан байдаг. Монгол Улсын Засгийн газрын 153 дугаар тогтоол болон итгэлцүүр нь 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Нийгмийн даатгалын хуульд болон Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхдөө 2011 оны 04 дүгээр сарын 05-наас өмнөх цалинг 1 080 000 төгрөгөөр хязгаарлана гэж заасан. Энэ нь хууль зөрчсөн асуудал биш тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуульд заасан зүйл заалтыг өөрт ашигтайгаар тайлбарлаж байна. Хуульд заасан зүйл заалтыг бүрэн хэмжээгээр нь уншихгүй үг, үсгийг хасч уншиж байгааг ойлгохгүй байна. Шүүгч өөрөө хуулийн зүйл заалтыг өөрөө уншиж үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт ...Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно гэж заасан байдаг. Хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хязгаарлах бүр Нийгмийн даатгалын тухай хууль хэрэгжсэн үеэс буюу 1995 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын тогтоолд тодорхой заасан байдаг. Иргэнд тэтгэвэр өгөхийн тулд сан бүрдүүлдэг. Тус сангаас нийт тэтгэвэр авагчдад хүртээмжтэй хэлбэрээр тэтгэврийг зарцуулдаг. Гэтэл иргэдийн авч байгаа цалин харилцан адилгүй байдаг. Хүртээмжтэй хэлбэрээр зарцуулахын тулд хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хязгаарладаг. Дээд хэмжээг хязгаарлахгүй байснаар тодорхой хэсэгт хэт өндөр тэтгэвэр тогтоох боломжтой болдог. Нийгмийн даатгалын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжуудын актаас бүрдэнэ. Монгол Улсын Засгийн газрын тогтоол нь бусад акт гэдэгт хамрагдаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тогтоогдсон тэтгэврийн хэмжээг тухайн үеийн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2а-д зааснаар залруулан, зөвтгөн тогтоохыг даалгаж, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл дутуу олгосон тэтгэврийн зөрүүг нөхөн олгохыг даалгуулах гэж тодорхойлж байгаад нэхэмжлэгч Ц.Б*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа акт болох Б******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 19/415 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, мэргэжлээс шалтгаалах өвчний, улмаас тогтоолгосон тэтгэврийн хэмжээг зөвтгөн тогтоохыг Б******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах, мөн тус хэлтсээс 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөг хүртэлх сар бүр дутуу олгосон тэтгэврийн зөрүүг нөхөн олгож, хохирлыг барагдуулах тухай шийдвэр гаргуулах гэж өөрчилж, шүүхээс нэхэмжлэлийн нэхэмжлэгч Ц.Б*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа акт болох Б******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 19/415 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч тал ..нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгчийн тэтгэврийг хууль эрх зүйн үндэслэлгүйгээр, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж, тэтгэврийн дээд хэмжээг хязгаарлаж тогтоосон гэж, хариуцагч тал ...Монгол Улсын Засгийн газрын 153 дугаар тогтоол болон итгэлцүүр нь 2012 оноос хэрэгжиж эхэлсэн. Нийгмийн даатгалын хуульд болон Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхдөө 2011 оны 04 дүгээр сарын 05-наас өмнөх цалинг 1 080 000 төгрөгөөр хязгаарлана гэж заасан. Энэ нь хууль зөрчсөн асуудал биш гэж маргаж байгаа болно.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь Б******* уурхайд ажиллаж байгаад 1997 оноос хөдөлмөрийн чадвараа алдаж, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны 65%-иар тэтгэврээ тогтоолгон авчээ.

Нэхэмжлэгч Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор цалинг хязгаарласан нь буруу. Нийгмийн даатгалын багц хуулиудад цалингийн дээд хэмжээг хязгаарлах тухай заалт байхгүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүр тэтгэврийн өөрчлөлтүүд хийгдэж иржээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт ...Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно гэж заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоол болон итгэлцүүр нь нийгмийн даатгалын хуульд болон Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 153 дугаар тогтоолын 2в хэсэгт ...2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1,080.000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тооцох-оор зааж

Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1-т ...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно гэж заасан байна.

Энэ нь Монгол Улсын Засгийг газраас Нийгмийн даатгалын тухай хууль хэрэгжсэн үеэс хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хязгаарлаж жил бүр тогтоол гаргаж ирсэн байх бөгөөд энэхүү тогтоолоос шалтгаалан нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ өөрчлөгдөж иржээ.

Ц.Б******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана гэж заасны дагуу тэтгэвэр тогтоолгохоор сонгосон 1984-1988 оны 5 жилийн дундаж цалингаас тахир дутуугийн тэтгэврийг тооцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох 2015 оны 02 дугаар сарын 25-ны, 2014 оны 2 дугаар сарын 25-ны, 2012 оны 05 дугаар сарын 24-ний, 2006 оны 12 дугаар сарын 30-ны, 2006 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудас, хөдөлмөрийн дэвтэр, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актууд, комиссын шийдвэрүүд, Б******* дүүргийн 17 дугаар хорооны тахир дутуугийн тэтгэвэр авагч Ц.Б*******ын 1991, 1997 оноос хойших тэтгэврийн өөрчлөлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тэтгэвэр тогтоолгосон дундаж цалинг Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан итгэлцүүрээр өсгөж, тогтоолын 2в-д 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1080000 /нэг сая наян мянган/ төгрөгөөр тооцох гэж заасны дагуу нэхэмжлэгчийн сонгосон 1984-1988 оны цалинг 1,080.000 төгрөгөөр хязгаарлан тогтоосон захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Б*******ын нэхэмжлэлээр Б******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан Мэргэжлээс шалтгаалах өвчний, улмаас тогтоолгосон тэтгэврийн хэмжээг зөвтгөн тогтоохыг Б******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах, мөн тус хэлтсээс 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх сар бүр дутуу олгосон тэтгэврийн зөрүүг нөхөн олгож, хохирлыг барагдуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ