Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 171

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэчимэг

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч С.Мөнхбат нарыг оролцуулан   

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрээд овогт Сандуйжавын Мөнхбатад холбогдох эрүүгийн 1721000000103  дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чулуунхороот суманд 1979 оны 08 сарын 31-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Чулуунхороот сумын 3 дугаар багийн нутаг Цагаанчулуут гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 01 сарын 07-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн Хэрээд овогт Сандуйжавын Мөнхбат.                                  /РД: ЖН 79083199/  

Шүүгдэгч Хэрээд овогт Сандуйжавын Мөнхбат нь согтуугаар 2017 оны 09 сарын 20-ны өглөө 05 цагийн орчимд Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр багт оршин суух С.Гантулгын гэрт хохирогч Ч.Ганбаатарын толгойн тус газарт архины шилээр цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   /Прокурорын яллах дүгнэлтээр/

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

   Шүүгдэгч С.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Ганбаатарыг цохисон нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгох ял оногдуулах саналыг зөвшөөрч байгаа бөгөөд өөрийн боломжоор төлж барагдуулна” гэжээ.

            Хохирогч Ч.Ганбаатар мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: “2017 оны 09 сарын 19-ний өдөр би сумын төв орсон юм. Сумын төв дээр Баттулга, Мөнхбат нартай таарч бид 3 дэлгүүрээс архи авч Гантулгын гэрт нь очиж уусан. Тухайн үед Гантулгын гэрт Батхүрэл, Гантулга 2 байсан. Бид 5 нийлж архи ууж байхдаа бид морь малны талаар ярилцсан. ...Ингээд Мөнхбат нь Гантулгатай маргалдаад байх шиг байсан. Би тэднийг “чимээгүй бол” гээд жаахан ширүүн дуугарсан юм. Би тухайн үед согтсон байсан болохоор зарим зүйлийг хэн юу хэлснийг санахгүй байна. Мөнхбатыг босоход нь би 2 хөлийг нь тэврээд авсан. Тэгтэл Мөнхбат нь миний толгой руу архины шилээр цохисон. Миний толгойноос цус гараад байхаар нь тэндээс гарч яваад цагдаа дээр очиж мэдэгдсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-18/

            Гэрч П.Гантулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Шөнө 03 цагийн үед Баттулга, Ганбаатар, Мөнхбат гурав 1 шил архитай орж ирээд бид нар архиа уунгаа юм яриад сууж байтал Ганбаатар Батаагийн шилэн хүзүү рүү цохиод “гөлөгнүүд дуугүй байж бай” гээд агсраад байсан. Тэгээд байж байтал Ганбаатар Мөнхбатын 2 хөлийг хамаад тэврээд унагаах шиг болсон. Тэгэхээр нь Мөнхбат зууралдаад байхаар нь тэр хоёрыг Баттулга салгасан чинь толгойноос нь цус гарсан байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20/

            Гэрч Ц.Батхүрэл мөрдөн байцаалта мэдүүлэхдээ: “Намайг унтах гэж байхад тэд нар морь яриад Ганбаатар “гөлөгнүүд минь дуугүй бай” гээд байхаар нь би “чи өөрөө дуугүй бай л даа” гээд унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал Баттулга намайг сэрээгээд “Ганбаатар цус алдаад байна, эмнэлэг дууд” гэхээр нь хартал Ганбаатар цусаа гоожуулаад газар хэвтэж байхаар нь би Ганбаатарыг бос гээд босгоод байж байтал Ганбаатар гэрээс гараад гүйсэн. Араас нь Мөнхбат гараад явсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 09 сарын 29-ний өдрийн 566 тоот актын дүгнэлтэд

            1. Ч.Ганбаатарын биед зүүн чамархайн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байна.   

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй   гэжээ. /хх–ийн 28/

Зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 06/

Зөрчлийн хэргийг шилжүүлэх тухай санал  /хх-ийн 13/

Толгойн компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 29/

Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 30/

Дорнод аймгийн Чулуунхороот сумын Цагаанчулуут багийн Засаг даргын С.Мөнхбатын ам бүл, оршин суугаа хаягийг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 49-50/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Хэрээд овогт Сандуйжавын Мөнхбат нь согтуугаар 2017 оны 09 сарын 20-ны өглөө 05 цагийн орчимд Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр багт оршин суух С.Гантулгын гэрт хохирогч Ч.Ганбаатарын толгойн тус газарт архины шилээр цохиж бие махбодид нь зүүн чамархайн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 09 сарын 29-ний өдрийн 566 тоот актын дүгнэлт, гэрч П.Гантулга, Ц.Батхүрэл нарын мэдүүлэг, толгойн компьютерт томографийн шинжилгээ, анхны үзлэгийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна. 

Шүүгдэгч С.Мөнхбат нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, согтуугаар үйлдэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, шүүгдэгч өөрөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч С.Мөнхбат нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй өөрөө, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхтэй“ гэж заасны дагуу шүүгдэгчийн хүсэлтийг хангаж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 460000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Хохирогч Ч.Ганбаатар нь шүүгдэгч С.Мөнхбатад гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч С.Мөнхбатыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Мөнхбат нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг тус тус дурдаж, түүний бичгийн баримтаар хураагдаж ирсэн ЖН 79083199 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Мөнхбат нь хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдал болох бөгөөд энэ хэрэгт хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хэрээд овогт Сандуйжавын Мөнхбатыг хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Сандуйжавын Мөнхбатыг 460 /дөрвөн зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Мөнхбатад оногдуулсан 460000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан С.Мөнхбатад мэдэгдсүгэй.     

 4. Ялтан С.Мөнхбат нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн түүний ЖН 79083199 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.   

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан С.Мөнхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.    

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1-д  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ