Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 116

 

Ө.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогтбаяр, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 395 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар магадлалтай, Ө.Б-т холбогдох 1825000320046 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Ц.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогтбаяр, Х.Оюунбат нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй,

Орон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ял,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 153А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж байсан, Ү овогт Ө-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ө.Б-ыг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Ц.О гаргасан гомдолдоо “Миний бие өөрийн агуулахаас тодорхой тооны мах, эд зүйл алдагдсан гэж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасны улмаас нэг хүн хилсээр ял шийтгүүлж ялтан болсонд гомдолтой байна. Би өөрийн найз Ө.Б-д мах зарагдвал надад хэлээрэй гэхэд түүний дүү Ө.Б мах зарж, ахдаа мөнгийг нь өгч байсныг мэдэлгүй цагдаад хандсан байна. Шүүхэд энэ талаар хэлээд байхад анхаарч үзэлгүйгээр ял оногдуулжээ. Иймээс энэ хэргийг хулгайн гэмт хэрэг биш гэдгийг анхааралдаа авч, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат гаргасан гомдолдоо “Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг хэрэглэж гэм буруутай гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарласан гэж үзэж байна. Ө.Б-ыг “бусдын хөрөнгийг нууц, далд аргаар агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж анхан шатны болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн. А.Б-ын үйлдэл “нууц далд аргаар” үйлдэгдсэн гэмт хэрэг эсэхийг шийдвэрлэхдээ эд хөрөнгийн эзэн буюу хохирогч О түүнд махыг зараад өгөөч гэж хэлээгүй байхад авсан байна гэх тайлбарыг шүүх үндэслэн “нууц далд аргаар” гэж дүгнэлт хийсэн. Хохирогч О-аас махыг зарах талаар асуугаагүйг Б-, хохирогч О, мөн яллагдагч Ө.Б өөрөө мэдүүлдэг. Нууц далд арга гэдэг нь хэнд ч өөрийн үйлдлээ мэдэгдэхгүй, үзүүлэхгүй, хэн ч мэдэхгүй гэдэгт итгэлтэйгээр хийдэг арга бөгөөд уг аргыг нь ямар ч хүнд мэдэгдэхгүй далдлах зорилготойгоор үйлдэгддэг  арга байдаг. Энэхүү асуудалд өөрийн ах Б-ээс махыг зарчих уу гэж асууж, гараашийн түлхүүр хаана байгааг Б-ээс асууж махыг авч зарсан болох нь нотлогдсон. Махыг зарах үед хохирогч болон Б нар нь өөр өөр аймагт ажлаар явж байсан үе байдаг ба хохирогч тухайн махыг бууз баншны цехдээ бууз банш хийхдээ хэрэглээрэй гэх зөвшөөрлийг Б-д өгснөө, мөн Б-д махыг урь идэхээс өмнө махыг зарах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан зэрэг нь нотлогдсон. Эдгээр нотлогдож байгаа байдлаас “нууц аргаар” хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Тухайн махыг зарчих уу гэх зөвшөөрлийг түлхүүр нь байсан Б-ээс асууж байгаа нь тухайн махыг “далд, нууц аргаар” авах гэсэн гэм буруугийн санаа сэдэлт, зорилго гэж үзэх үндэслэлгүй юм. Хэнд ч мэдэгдэхгүйгээр буюу Б-ыг уг махыг авсныг хэн ч мэдэхгүй байсан бол энэ нь нууц далд арга гэж үзэх үндэслэл болно. Гэтэл тухайн махыг мэдэх, захиран зарцуулах эрх авсан Б-ээс асууж авсан нь “нууц далд” гэж үзэх үндэслэлгүй. Гэрч Б нь тухайн үед өөрийн бууз баншны цех ажиллуулж байсан ба тухайн цехэд махыг хэрэглэх эрх хохирогч олгосон, зарах боломж олдвол зарах хүсэлтээ байгаагаа Б илэрхийлж байсан нь хэрэгт нотлогдсон байхад давж заалдах шатны шүүх зөвшөөрөл олгоогүй байна гэж дүгнэн “нууц далд аргаар” махыг авсан гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй юм. Гэрч Б-ээс гараашийн түлхүүр байгаа газрыг заалган, түлхүүрийг авч махыг зарсан нь тусгайлан хамгаалсан агуулах саванд хууль бусаар нэвтэрсэн үйлдэл гэж үзэх эсэхэд шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй. Тухайн гараашийг “агуулах” гэж үзэж байгаа үндэслэлийг тайлбарлаагүйгээс гадна гараашийн түлхүүрийг хохирогч О, Ө.Б-д өгсөн талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба гэрчээс түлхүүрийг авч махыг зарсан нь “тусгайлан хамгаалагдсан агуулах саванд нэвтэрсэн” гэж үзэх үндэслэлгүй байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй. Цоожны түлхүүр байсан этгээдээс хаана байгааг нь асууж, түүнийг авч онгойлгосон үйлдлийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй байгаа зэргийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 , 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 ,1.3 дахь хэсгийг үндэслэн гэм буруутай үйлдэл нотлогдохгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Ө.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогтбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5-д заасан ...гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулж байцааж тэмдэглэлд тусгаагүй, гэвч анхан шатны шүүх нь тогтоолдоо уг гэрч болох Б-ийн мэдүүлгийг яллах талдаа баримталсан боловч шүүх хуралдааны шатанд өгсөн цагаатгах талын мэдүүлгийг хэргийг шийдвэрлэхдээ анхаарч тусгаагүй, үүнийг давж заалдах шатны шүүх нь үгүйсгэсэн үндэслэл тусгагдаагүйг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан бөгөөд гэмт хэрэг гарсан байдлыг шүүхийн шийтгэх тогтоолд тусгахдаа 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд гэсэн нь хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн мэт дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Орхон аймгийн давж заалдах шатны шүүх нь энэ нь хэдэн өдөр үйлдсэн байж болох ч гэмт хэрэг яг хэзээ үйлдсэнийг нарийн тогтоох боломжгүй. Иймд ингэж шийтгэх тогтоолд тусгах нь үндэстэй гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үйлдэл, хугацааг нарийн тогтоох гэсэн заалттай нийцэхгүй байна. Уг гэмт хэрэг гарсан үйлдлийг шалгаж тогтоохдоо зөвхөн нэг өдөр үйлдсэн үйлдлийг тогтоосон боловч шийтгэх тогтоолд ингэж тусгасан нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглосон.

Гэрч С.Ч нь “нэг хүүхэд дагуулсан хүүхэнтэй ирсэн. Манай эхнэр гэж байсан” гэж мэдүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү хүнийг зайлшгүй шаардлагатай гэрчийг илрүүлж шалган мэдүүлэг аваагүй. Уг гэмт хэрэг үйлдэх үед дагаж явсан гэрч нь хэргийн талаар цагаатгах болон яллах гэрч байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас хангалттай харагдаж байхад шалгаж тогтоолгүй хэт яллах талыг барьж анхан шатны шүүх ял оноож давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг зөрчсөн. “Хулгайлах гэмт хэрэгт тооцно” гэж шүүх дүгнэхдээ “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Ө.Б нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр очин хүмүүст болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авах байдлыг хангаж үйлдэл хийгээгүй байдаг. Шүүх хохирогч О махыг зараад өгөөч гэж хэлээгүй гэж дүгнэж шийтгэх тогтоол гаргасан бөгөөд энэ нь хэргийн бодит байдал болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэгт нийцээгүй. Мөн анхан шатны шүүх түүнийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй байна. Тусгайлан хамгаалсан агуулах гэдэг нь байгууллага, иргэд өмч хөрөнгөө тодорхой нууцлал дохиолол бүхий хамгаалалтын хэрэгсэл, эсвэл зэвсэг техникээр тоноглогдсон хамгаалалтын ажилтнууд хамгаалалтад авсан байхыг ойлгодог. Хохирогчийн агуулах нь тусгайлан хамгаалалтад авагдаагүй болох нь хэргийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургуудаар хангалттай тогтоогдож байна. Шүүх хуралдаанд оролцсон яллагч нь цоожтой хаалгыг тусгайлан хамгаалалтад авсан гэж үзнэ гэж тайлбар гаргаж байсан бөгөөд үүнд анхан болон давж заалдах шатны шүүх тодорхой тайлбар өгөөгүй нь шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхэд хүргэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож,  Ө.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Ө.Б өмнө нь малын хулгайн хэрэгт шийтгүүлж байсан. Хэргийн газрын үзлэг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хийгдсэн. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг болон хохирогчийн мэдүүлэгт мах хадгалж байсан газартаа очиход цоож зүүлттэй, хаалга түгжээтэй байсан. Шинжээчийн дүгнэлт, үнэлгээгээр агуулахад байсан мах, дайвар бүтээгдэхүүнүүд 8,236,000 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа. Гэтэл шүүгдэгч Ө.Б нь миний юм байгаа гэж хэлээд 1,000,000 төгрөгөөр махны ченжид өгсөн байдаг. Агуулахын түлхүүр нь ах Ө.Б-д байсан, хоёуланд нь зарах зөвшөөрөл өгөөгүй байдаг. Хохирогч анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ ах Ө.Б-д нь түлхүүр байсан, алинд нь ч мах зарах, худалдан борлуулах зөвшөөрөл өгөөгүй гэдэг. Мөн анхан шатны шүүхийн хуралдаан дээр шүүгдэгч махыг нь зарж өгсөн юм бол мөнгийг нь яагаад өгөөгүй юм бэ гэсэн зүйл яригддаг. Ахдаа 300,000 төгрөг өгч, үлдсэн мөнгөөрөө өөртөө хувцас, идэж уух юм авч дуусгасан гэж мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Шүүх Ө.Б-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгчийн эдлэх дэглэмийг харгалзаж үзэх нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээний асуудал” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Ц.О болон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, Ц.Цогтбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн Ө.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ө.Б нь 2017 оны 12 дугаар сарын 12-ноос өдрөөс 2018 оны 01 дүгээр 03-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, “Хөүл таун” хотхоны агуулахад нэвтрэн орж 4 ширхэг бүтэн үхрийн мах, 35 ширхэг хонины гулууз мах, 24 ширхэг үхрийн шийр, 6 ширхэг үхрийн толгой, 2 ширхэг үхрийн гэдэс зэргийг хулгайлж 8,236,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.Б-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Ө.Б нь нууц далд аргаар биш тухайн агуулахын түлхүүрийг төрсөн ах Ө.Б-ээс ил хэлж авч, дээрх эд зүйлийг Ө.Б-ийн хүсэлтийн дагуу зарж борлуулсан гэж өмгөөлөх тал маргаж, энэ талаар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой давхцаж байх бөгөөд уг гомдлын үндэслэлийг хоёр шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хангалттай няцаан үгүйсгэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.О- нь шүүгдэгч Ө.Б болон түүний ах Ө.Б-д махаа бусдад зарж борлуулах, захиран зарцуулах зөвшөөрөл бодит байдлаар өгөөгүй болох нь хохирогчийн болон Ө.Б-ийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн бодит байдлыг тогтоохдоо шүүгдэгч Ө.Б- нь агуулахын түлхүүрийг Ө.Б-ээс нууцаар авч, үхэр, хонины мах, шийр, толгой, гэдэс зэрэг бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүйгээр зах зээлийн үнээс харьцангуй хямд үнээр бусдад зарж, улмаар мөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулсан нь хохирогчид өгөх зорилгогүйгээр бусдын эд хөрөнгийг нууцаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Хэргийн үйл баримтын талаар өмгөөлөх талаас хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай няцаагдсан байх бөгөөд Ө.Б, Ц.О нарын сүүлд гаргасан мэдүүлгүүд нь шүүгдэгч Ө.Б-т ашигтай байдлыг зохиомлоор бий болгох зорилгыг агуулсан тул хэрэгт буй бусад нотлох баримтаар үгүйсгэгдсэн хэргийн жинхэнэ байдалд нийцэхгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Ц.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, Ц.Цогтбаяр нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 395 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Ц.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, Ц.Цогтбаяр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН