Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 119/2017/0013/З |
Дугаар | 221/МА2017/0791 |
Огноо | 2017-11-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2017/0791
Р.А-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, гуравдагч этгээд Р.М нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Р.А-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, тус сумын Согоот багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Р.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дугаар тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийн 1 дэх хэсгийн Согоот багийн Засаг дарга Р.А-д холбогдох хэсэг, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаар захирамжийн Р.М-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Р.М давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх хувийн эрх ашигт нөлөөлсөн явцуу шийдвэр гаргаж, миний эрх ашиг ноцтой зөрчиж байна.
Тус багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдээс багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Анх-Эрдэнэ нь багийн Засаг даргад нэр дэвшүүлэх талаар санал авахад тухайн үед багийн Засаг даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Р.А санал хураалт явуулахыг зөвшөөрч, өөрөө нэр дэвшин санал хураалгасан. Энэ нь 04 дугаартай тооллогын комиссын тогтоолоор нотлогдож байна.
Мөн өөр багийн харьяалалтай хүн оруулсан гэх асуудалд тухайн хурлын зохион байгуулалт ирц бүртгэх, иргэдийг оруулах, оруулахгүй зэрэг бүх процессыг тухайн үед багийн Засаг даргаар ажиллаж байсан Р.А болон түүний ажлын алба зохион байгуулсан бөгөөд багийн харьяалалгүй иргэн оруулсныг зохион байгуулалттай гэж үзэх үндэслэлтэй. Хурлын хуралдааны дараа илт өөр зүйл ярьж шинээр сонгогдсон багийн Засаг дарга миний нэр төрд халдаж, хүчингүй хурал болсон гэх мэт мэдээлэл олон нийтэд хүргэж төрийн ажлыг саатуулж, шүүхэд дуудуулсан. Нэхэмжлэгч Р.А зөвхөн өөрийн хувийн эрх ашгаа бодон шүүхийг төөрөгдүүлж байна.
Хуралдаанд оролцсон өөр багийн харьяалалтай гэх 6 хүн багийн Засаг даргыг сонгоход санал өгсөн нь тодорхойгүй саналын үр дүнд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь тус хуралдаанаар багийн Засаг даргыг нэр дэвшүүлэн сонгоход анх бүртгэгдсэн ирц болох 289 хүнээс бага ирцтэй байсан. Иймээс тэдгээр хүмүүсийг баттай санал өгч Засаг даргын саналд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй. Хэрэв санал өгсөн гэж үзвэл багийн Засаг даргаар ажиллаж буй Р.М, нэхэмжлэгч Р.А-ийн алинд санал өгсөн нь тодорхойгүй.
Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд иргэдийг оруулахдаа иргэний үнэмлэх, иргэний үнэмлэхийн лавлагаа, шилжин ирсэн нарийн хуудсыг шалган оруулж хурал явагддаг бөгөөд тус хуралд мөн адил шалгуураар иргэд оролцсон. Уг ажлыг тус багийн Засаг даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Р.А болон түүний ажлын алба зохион байгуулж ирсэн нь өөр ямар нэг шалгуураар шалгаж яг тухайн хуралд гадны харьяалалтай иргэн орсон эсэхийг мэдэх боломжгүй тул эдгээр үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэр болон нэхэмжлэгч Р.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гуравдагч этгээдийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заажээ.
Гэтэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанд тус багийн харьяалалгүй иргэд болох Н.Гансүх, Х.Бурмаа, Н.Отгон, Г.Хаянхярваа, Т.Саруулбуян, Ч.Нарангэрэл нар оролцсон, энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн, мөн нэр дэвшигч Р.М, Р.А нарын саналын дүнд нөлөөлөхүйц байдлыг бий болгосон талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанд оролцохоор нийт 289 хүн бүртгүүлсний дотор тус багийн харьяалалгүй Н.Гансүх, Х.Бурмаа, Н.Отгон, Г.Хаянхярваа, Т.Саруулбуян, Ч.Нарангэрэл нарын 6 хүн багтсан, мөн багийн Засаг даргыг сонгох санал хураалтад 224 хүн оролцсоноос нэр дэвшигч Р.М-ын төлөө 108, Р.А-ийн төлөө 104 хүн санал өгч, хүчингүй 12 саналын хуудас тоологдсон болох нь тогтоогдож байна.
Хэдийгээр тус багийн харьяалалгүй гэх 6 иргэн Согоот багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцож санал өгсөн эсэх нь тодорхойгүй боловч нэр дэвшигчдийн авсан саналын зөрүү хуралд оролцсон тус багийн харьяалалгүй иргэдийн тооноос бага байгаа нь багийн Засаг даргын сонгуулийн дүнд нөлөөлөхөөр байх тул гуравдагч этгээдийн “хуралдаанд оролцсон өөр багийн харьяалалтай гэх 6 хүн багийн Засаг даргыг сонгоход санал өгсөн нь тодорхойгүй, саналын үр дүнд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Түүнчлэн нэр дэвшигч Р.М нь Согоот багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцсон 224 иргэний олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан гэж тооцогдохын тулд багадаа 113 иргэний саналыг авсан байх шаардлагатай байна.
Гэтэл маргаан бүхий 04 дүгээр тогтоолоор нэр дэвшигч Р.М-ыг 108 иргэний санал авснаар сонгогчдын олонхийн буюу 50,94 хувийн саналыг авсанд тооцож, багийн Засаг даргад томилуулахаар сумын Засаг даргад уламжилж шийдвэрлэсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасантай нийцэхгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН