| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00311/И |
| Дугаар | 131/ШШ2024/00419 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 131/ШШ2024/00419
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Бая-Овоо сум, 1-р багт оршин суух, *******
Хариуцагч: Баянхонгор аймаг, Бөмбөгөр сум, 2-р багт оршин суух,*******,*******од холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 5,942,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Наран-мандал ХХК-д ажиллаж байгаад одоогоор түр хугацаанд амралттай байгаа. Би 2019 оны 11 сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7-4-3 тоот болох өөрийн гэрийн гадаа******* гэж хүнтэй ярилцаж, наймаа тохиролцсоны үүднээс 9116 БНА Porter машин худалдаж авсан. Худалдаж авахдаа 2 сая төгрөг бэлнээр өгч зөрүүд нь өөрийн эзэмшиж байсан Honda Insight маркийн тээврийн хэрэгслээ 8 саяд бодож оролцуулж нийт 11 сая төгрөгөөр худалдаж авсан юм. Худалдан авсан машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авах гэтэл нэгнийгээ таньж мэдэхгүй хүмүүс биш, дараа шилжүүлье би хөдөө явах ажилтай болоод яараад байна гэж надад хэлээд явсан. Тэр үед нь 9116 БНА Porter маркийн машин нь Гялс төрөг ББСБ-ын нэрийн эзэмшилд байсан. би яагаад ББСБ-ын нэр дээр байгаа юм бэ гэж асуутал өмнө нь мөнгөний хэрэг гараад банк бус дээр тавьж зээл авсан байсан юм. Зээлээ бол төлөөд дуусчихсан, нэр дээрээ шилжүүлэх гэтэл хөдөө гадаа яваад зав болохгүй байна, намайг хөдөөгөөс ирэхээр нэг заваараа шилжүүлье гэж хэлсэн. Би түүнийг найз нөхөд хүмүүс юм даа гээд хэлсэн ярьсанд нь итгээд хүлээж байсан. Гэтэл тэрнээс хойш 1 сарын дараа манай гадаа Гялс төгрөг ББСБ-аас явж байна гээд авто машины зээл төлөлт хийгдсэнгүй авто машинаа хураана гэж ажилтан нь ирсэн. Би гайхаад ажилтнаас асууж тодруултал******* нь Галтсүрэн гэх найзынхаа нэр дээр 9116 БНА Porter маркийн машиныг тавьж авсан байсан. зээл төлөлтөө 2 удаа хийгээд дахин хийгээгүй алга болсон. Би худалдаж авсан машинаа алдахгүйн тулд зээлийг нь үргэлжлүүлэн төлж дуусгасан. Би 8 удаагийн зээл төлөлт хийж нийт, 5,942,000 төгрөгийг банк бусад төлсөн. Энэ хугацаанд холбоогүй байж байгаад 2022 оноос эхлэн над руу за ёстой муухай юм боллоо уучлаарай найзаа, найз нь Дөвөнтийн уурхайд ковшчноор ажиллаж байгаа одоо цалин буухаар мөнгийг нь төлж барагдуулна гэсэн хэдий ч худлаа ярьсаар байгаад өдийг хүрлээ. Иймд*******ын өмнөөс 9116 БНА маркийн машиныг ББСБ-д Галтсүрэнгийн нэрээр зээлсэн зээлийн төлөлтийг төлж барагдуулсан 8 удаагийн төлөлт буюу 5,942,000 төгрөгийн төлөлтийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа:******* миний бие нь*******ийн нэхэмжилсэн 5,942,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь*******од холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 5,942,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* нь зээлийн гэрээний үүргийн 5,942,000 төгрөгийг нэхэмжлэгч*******т төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч О.Цэндтогтох нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,022 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 55,011 төгрөг, хариуцагч*******оос 55,011 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Дагванамдагт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Дагванамдан нь зээлийн гэрээний үүргийн 5,942,000 төгрөгийг*******од төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,022 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 55,011 төгрөг, хариуцагч*******оос 55,011 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Дагванамдагт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА