Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 176

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэчимэг

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгч М.Өүлэн нарыг оролцуулан   

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаран овогт Мянганбаатарын Өүлэнд холбогдох эрүүгийн 1721002450114  дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Булган суманд 1990 оны 07 сарын 09-ний өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн Жаран овогт Мянганбаатарын Өүлэн. /РД: ЖГ 90070963/   

Шүүгдэгч Жаран овогт Мянганбаатарын Өүлэн нь 2017 оны 10 сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Ганхундагыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   /Прокурорын яллах дүгнэлтээр/

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

   Шүүгдэгч М.Өүлэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна. Торгох ялыг ойрын хугацаанд бүрэн төлж барагдуулна” гэжээ.

            Хохирогч Л.Ганхундага мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Энхзул эгчийг ороод ирэнгүүт Өүлэн гэнэт хашгираад намайг үсдэж авахад нь би түүний үснээс мөн зулгаасан. Тэгтэл Өүлэн намайг газарт унагааж газраар чирээд миний нүүр рүү өшиглөж гараараа цохиж зодсон. Мөн миний цээж рүү хөлөөрөө өшиглөж гараараа нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд Өүлэн нь болиод хэсэг суусан. Тэгэнгүүтээ буцаж босч ирээд миний толгой руу гараараа цохиод газарт унагааж дээрээс өшиглөөд байсан. ...Би Өүлэнгээс эмчилгээний зардал болох 500000 төгрөг авсан. Одоо надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 8-10, 15/

            Гэрч Г.Энхзул мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би гэрт нь яваад очиход Ганхундага, Өүлэн нар хоорондоо хэрэлдээд зогсож байсан. Ганхундага нь “яахаараа айлын хашаанд буудаг юм, та нар хадмынхаа хашаанд буух ёстой, Мөнхбат нь гэрийн эзэн юм байгаа биз дээ” гээд хашгичаад байсан. Тэр намайг тэнэг, мангараар дуудаад байсан. Тэгсэн манай охин та яах гэж миний амьдралд оролцоод, миний ээжийг тэнэг мангараар нь дуудаад байгаа юм гэж хэлээд Ганхундагыг үсдэхэд Ганхундага нь миний Өүлэнг үсдээд ноцолдсон. Тэгээд Өүлэн нь Ганхундагыг гараараа нүүр рүү нь цохисон. Ганхундага ч мөн Өүлэнг цохиж байсан.  Би хажуунаас нь салгах гэж зууралдаад дийлэхгүй байсан. Мөн Өүлэн, Ганхундага 2 хоёр биенээ өшиглөөд байсан. Ингээд тэр хоёрыг салгахад Ганхундага нь цагдаа дуудсан ” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 627 тоот актын дүгнэлтэд

            1. Л.Ганхундагын биед хамрын ясны хугарал, баруун нүдний салстын доорх цус хуралт, баруун нүдний доод зовхи, баруун хацар, хамрын нуруу, зүүн хөхний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун болон зүүн хацар, хамрын нуруу, зүүн хөхний цус хуралт, баруун гарын сарвууны ар гадарга болон баруун гарын чигчий хурууны уг хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.   

     3. Дээрх гэмтлүүдийн хамрын ясны хугарал нь дангаараа, бусад гэмтэл нь бүрдэл байдлаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     4. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй   гэжээ. /хх–ийн 23/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 05/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1/

Эмчийн тэмдэглэл /хх-ийн 22/

Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 24/

Дорнод аймгийн Чулуунхороот сумын Дэлгэр багийн Засаг даргын М.Өүлэнгийн ам бүл, оршин суугаа хаягийг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 36, 43/

М.Өүлэнгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 37/

Амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 38-41/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Жаран овогт Мянганбаатарын Өүлэн нь 2017 оны 10 сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Ганхундагыг зодож эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, баруун нүдний салстын доорх цус хуралт, баруун нүдний доод зовхи, баруун хацар, хамрын нуруу, зүүн хөхний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун болон зүүн хацар, хамрын нуруу, зүүн хөхний цус хуралт, баруун гарын сарвууны ар гадарга болон баруун гарын чигчий хурууны уг хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Ганхундагын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 627 тоот актын дүгнэлт, гэрч Г.Энхзулын мэдүүлэг, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, анхны үзлэгийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна. 

Шүүгдэгч М.Өүлэн нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, шүүгдэгч өөрөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Өүлэн нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй өөрөө, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүлийн 1 дэх хэсэгт “өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхтэй“ гэж заасны дагуу шүүгдэгчийн хүсэлтийг хангаж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Хохирогч Л.Ганхундага нь шүүгдэгч М.Өүлэнд гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч М.Өүлэнг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Өүлэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг тус тус дурдаж, түүний бичгийн баримтаар хураагдаж ирсэн ЖГ 90070963 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Өүлэн нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдал болох бөгөөд энэ хэрэгт хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жаран овогт Мянганбаатарын Өүлэнг хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Мянганбаатарын Өүлэнг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан М.Өүлэнд оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд  төлөхөөр тогтоож, ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан М.Өүлэнд мэдэгдсүгэй.     

 4. Ялтан М.Өүлэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн түүний ЖГ 90070963 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.   

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан М.Өүлэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.    

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1-д  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ