Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2020/0486

 

2020 оны 07 сарын 28 өдөр Дугаар 128/ШШ2020/0486 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э-ДХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ...  дугаар шийдвэрийн Э-ДХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Э-ДХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ...  тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Э-ДХХК нь Ховд аймгийн Булган сумын нутаг ...  гэх нэртэй газар ашигт малтмалын хайгуулын ...  дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн даргын 2007 оны оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр эзэмшсэн. Тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлснээс хойш тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлж ирсэн. Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталж хэрэгжиж эхэлснээр дээрх тусгай зөвшөөрлийн хайгуулын талбай нь дээрх хуульд хамаарч төрийн мэдэлд шилжүүлсэн.

Төрийн мэдэлд шилжүүлж авснаар манай компаниас ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Бид тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлаа хадгалж үлдэхийн тулд 2007-2014 онуудад тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн хугацаанд нь төлж ирсэн. Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхөн олговор олгох үйл ажиллагааны тухай Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 209 дүгээр тогтоолоор батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайгуулын болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын 5.2, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1.3 дахь хэсэгт заасан хайгуулын болон уурхайн талбай нь энэ хуулийн 13.1.3-д заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч нөхөн олговор олгох олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн гэх заалтаас үзэхэд нэхэмжлэгч компанид ямар нэгэн нөхөн олговор олгосон зүйл байхгүй байж тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 11.2-д зааснаар төрийн захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа цуцлах үндэслэл бүрдэж байгаа болон эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэл хүргүүлэх ёстой байдаг. Гэтэл хариуцагчаас цуцалсан гэх мэдэгдэл нь манай компани руу явуулсан гэдэг боловч тэр мэдэгдэл нь манай компанид ирээгүй.

Мөн манай компанийг 2011 он хүртэл итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нас барснаар компанийг төлөөлөх эрхтэй этгээд Монгол улсад байхгүй болсон. Манай компанийн хувь эзэмшигч нь Хятад улсад байдаг Мань өвчний улмаас ирж чадахгүй Хятад улсад байгаа.

Ингээд манай компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Монголд байхгүй байсан. 2018 онд Тусгай зөвшөөрлийг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй олгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Шүүхийн шийдвэрийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа сэргээх хүсэлтийг шүүхэд гаргаж шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээснээр уг нэхэмжлэлийг гаргасан... гэв.

Хоёр. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ...  дугаар шийдвэрийн Э-ДХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Э-ДХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ...  тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг хариуцагчид даалгах гэх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбараа гаргаж байна. Нэхэмжлэгч хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага болсон ...  дугаар шийдвэрийг хүлээж аваагүй гэдэг гэвч 2018 оны хэргийн материалд байгаачлан 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээж авсан гэх тэмдэглэл байдаг.

Гэхдээ манай байгууллагад буцаж ирсэн гэх баримт байдаггүй. Э-ДХХК-ийн тусгай зөвшөөрлийн төлбөрийн хугацаа нь 9 сарын 12-нд дуусаад уг сарын 18-нд мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдэлд төлбөрөө төлөх 30 хоногийн хугацаа байсан. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг 6 жил төлсөн 7 дахь жилийн төлбөр төлөөгүй учир Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ...  дугаар шийдвэрийн Э-Д ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Э-ДХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ...  тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг хариуцагчид даалгах гэж тодорхойлжээ.

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй гэсэн үндэслэлээр Э-ДХХК-д олгосон Ховд аймгийн Булган сумын нутаг ...  нэртэй газарт орших 4367 гектар талбайд ... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ...  дугаар тушаал гаргасан байна.

Улмаар Э-ДХХК-д олгосон  ... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг дээрх тушаалаар цуцалсан талаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ... дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид хаяглан хүргүүлжээ.

Гэтэл хариуцагчаас 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ... дүгээр албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдсэн гэж, нэхэмжлэгчээс энэ албан бичгийг хүлээн аваагүй, буцаалт хийгдсэн байсан гэж маргаж, баримт бичиг хүлээлцэх дэвтрийн бүртгэлийн 5821 дэх мөрөнд нэхэмжлэгч хуулийн этгээдэд холбогдох хэсэгт буцаалт хийсэн тухай тэмдэглэл байхгүй, мөн хүлээн авсан тухай тэмдэглэл байхгүй, Монгол шуудан ХК-иас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08/791 дугаар албан бичгээр Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрмийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтад Шуудангийн илгээмжийн талаарх үйлчлүүлэгчийн лавлагааг үйлчлэгч хүлээн авах эцсийн хугацаа нь дотоодын болон улс хоорондын илгээмжийг хүлээн авснаас хойш 6 сар байна гэж заасны дагуу устгалд орсон тул гаргаж ирүүлэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн аль алины тайлбар нотлогдохгүй байна.

Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ...  тоот шийдвэрээр Э-ДХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл сунгаж, тус компани ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн буюу 2013 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх 11,209.300 төгрөгийн төлбөрийг төлж, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг 88,800,000 сая төгрөгөөр баталгаажуулсан байна.

Э-ДХХК-ийг 2007 онд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч П.Өлзий нь 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нас барьж, 2010 оноос тус компанийн хувьцаа эзэмшигч Бүгд найрамдах Хятад улсын иргэн Ма нь 2013 оны 02 дугаар сарын 23-ны өдөр автын осолд орж өнөөдрийг хүртэл эмчилгээнд байгаа болох нь нас барсны гэрчилгээ болон хятад хэлнээс хөрвүүлсэн тодорхойлолтоор тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримтаар Э-Д ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдүүдийн эрх зүйн байдал тодорхойгүй болсон байх ба үүнийг тус компанийн дотоод зохион байгуулалттай холбож буруутгах боломжгүй бөгөөд хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох боломжтой байна.

Мөн хариуцагч захиргааны байгууллагаас Э-ДХХК-ийн гомдлыг шийдвэрлэн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1/2048 дугаартай албан бичгээр хариу өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2018 оны 6 дугаар сарын 15-ний өдрөөс эхлэн шүүхэд маргаж, захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхээс ...хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзвэл хугацаа сэргээлгэх хүсэлтээ шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй гэж хянаж, тус шүүхээс шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн байна.

Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 23-05 дугаартай дүгнэлтээр Ховд аймгийн Булган сумын нутаг дахь Доод нарийн, Хойт салаагийн алтны шижирмэгийн ордуудад 2007-2008 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэж, Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ...  дугаартай тушаалаар нөөцийг хүлээн авч, бүртгэж, Э-ДХХК-иас 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргаж, бүртгэл үйлчилгээний хөлс төлсөн баримтын хамт захиргааны байгууллага хүлээн авчээ.

Ашиглалтын тусгай зөвшөөрлийн 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн дотоод хяналтын хуудаснаас үзвэл тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг ... усны энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн давхцалтай... , солбицолд өөрчлөлт оруулж талбайг багасгасан тул нөөцийг нь дахин хянуулахаар, хүсэлт гаргасан талбай нөөц байхгүй... гэсэн үндэслэлүүдээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

Э-ДХХК нь 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст усны сан бүхий газрын хэсэгчилсэн давхцалтай тул давхцалгүй хэсэгт нь ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргаж, солбицолд өөрчлөлт оруулах-ыг хүссэн хүсэлтийг дахин гаргаж, Ойн болон Усны газраас тодруулга гаргуулсан боловч нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-д заасан түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох чиг үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийн Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хариуцагч захиргааны байгууллага Э-ДХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй гэж заасныг хэрэгжүүлэх боломжийг хангалгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлаар нэхэмжлэгчийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д зааснаар тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж буруутгах боломжгүйгээс гадна хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн гаргасан ... хуулийн хязгаарлалтад орсон тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээг хасуулж тооцуулах-ыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэж, түүнийг үндэслэн төлбөрийн хэмжээг тогтоогоогүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг төлбөрийг хийх үед тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдсэн талбайн хэмжээг үндэслэх бөгөөд тухайн жилд төлбөрийн хэмжээг өөрчлөхгүй гэснийг зөрчжээ.

 Э-ДХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай бүтэн давхцалтай гэсэн дүгнэлтийг Байгаль орчны яамнаас ирүүлсэн, боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөлтэй талбай усны сан, ойн сан бүхий газартай хэсэгчилсэн давхцалтай... гэж, нэхэмжлэгчээс ... манай компани хэсэгчилсэн давхцалтай газраа буцааж өгөхөөр хүсэлтээ өгчихсөн байсан... гэж мэдүүлж байгаа бөгөөд захиргааны байгууллага Э-ДХХК-ийн тусгай зөвшөөрлийг энэ үндэслэлээр цуцлаагүй бөгөөд гагцхүү ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан болно.

Иймд нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийг төлбөрийг төлөөгүй боловч захиргааны байгууллагаас Э-ДХХК-ийн гаргасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн болон хуулиар хориглосон газартай хэсэгчилсэн давхцалтай газраа буцаан өгч үлдэх газрыг тооцуулах-ыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр орхигдуулсан атлаа мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нь цуцалсан нь буруу байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно гэж зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь сэргээх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э-ДХХК-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ...  дугаар шийдвэрийн Э-Д ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Э-ДХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ...  тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ