Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 0038

 

 

 

 

 

 

 

      А.Д нарт холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

 

                                             

           Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

    Прокурор                                         Г.А

    Шүүгдэгч                                          А.Д, Ц.М

 Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ч.Б, Р.Ц /цахим/

 Нарийн бичгийн дарга                Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Б, Р.Ц нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч А.Д, Ц.М нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн А-ын Д,

 

Б овгийн Ц-н М,

 

А.Д, Ц.М нар нь 2021 оны 09 дүгээр сарын 10-20-ны өдрүүдэд          аймгийн        сумын         багийн нутаг дэвсгэрт хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: А.Д, Ц.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Б овгийн Ц-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн А-н Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-г 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Дыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч А.Дт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М, А.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 4 грамм ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.М-н өмгөөлөгч Ч.Б давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч Ц.М нь энэ сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үйлдэлдээ 2021 оны 11 дүгээр сард Зөрчлийн хуулиар 14 хоног баривчлах шийтгэл хүлээсэн ба оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн хувьд хүндэдсэн гэж үзэж байгаа тул шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч А.Дын өмгөөлөгч Р.Ц давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Мөн шүүгдэгч нь эхийн хамт ам бүл 2-уулаа амьдардаг, эх нь биеийн байдал сайнгүй, эмчийн хяналтад байдаг, шүүгдэгч эхийгээ асардаг. Иймд шүүгдэгч А.Дт хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Д тайлбартаа: Гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.М тайлбартаа: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Ар гэрийн ахуй амьдралыг харгалзан үзээд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Б тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шүүгдэгч Ц.М-н ар гэрийн  байдал, хувийн байдал, хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзээд хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: Шүүгдэгч А.Дт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Д, Ц.М нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Б, Р.Ц нарын давж заалдах гомдлоор хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр  бүхэлд нь хянан үзлээ.

 

Шүүгдэгч А.Д, Ц.М нар нь 2021 оны 09 дүгээр сарын 10-20-ны өдрүүдэд          аймгийн          сумын        багийн нутаг дэвсгэрт хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.М-г хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамлыг хадгалсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, харин шүүгдэгч А.Д, Ц.М нарын хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн үйлдэл, шүүгдэгч А.Дын хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

А.Д, Ц.М нарын хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ... Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно ... гэж заасны дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд оролцогчдыг тэгш эрхтэй оролцуулан яллах болон өмгөөлөх талын тайлбар дүгнэлт, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч нарын гэм бурууд дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч шүүгдэгч Ц.М-н хориглосон сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг хэрэгсэхгүй болгохоор шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт хэрэгсэхгүй болгоогүй байна.

 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.М-н хориглосон сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл тогтоогдоогүй гэж дүгнэн түүнийг дээрх түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн Шударга ёсны зарчимд нийцээгүй, өөрөөр хэлбэл ялыг ялгамжтай оногдуулаагүй байх тул шүүгдэгч Ц.Мд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг 1 жил болгон хөнгөрүүлэн өөрчилж, шийтгэх тогтоолд дээрх үндэслэлүүдээр зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Харин мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт үйлдэлд хамаарах ба тэр дундаа залуу үеийн эрүүл мэнд, хүмүүжил, оюун санаанд хортойгоор нөлөөлдөг учраас нийгмийн хор аюулын шинж чанар, гэмт хэргийн аюулын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Дт оногдуулсан 1 жилийн хорих ял нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Мд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг давж заалдах шатны шүүх хөнгөрүүлэн өөрчилсөн тул түүний өмгөөлөгч Ч.Б-ны ... Ц.Мд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч А.Дын өмгөөлөгч Р.Ц-н ... Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.д зааснаар шүүгдэгч Ц-н Мд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Б овгийн Ц-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн А-н Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож гэж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... Ц.М-г 1 жил 6 сарын ... гэснийг ... Ц.М-г 1 жилийн ... гэж

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын ... Ц.Мд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял ... гэснийг ... Ц.Мд оногдуулсан 1 жилийн хорих ял ... гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Ц.М-н өмгөөлөгч Ч.Б-ны давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч А.Дын өмгөөлөгч Р.Ц-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            З.ХОСБАЯР

               ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

                                                                                                            С.ЦЭЦЭГМАА