Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 115

 

                       

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч А.О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт А.О холбогдох эрүүгийн 1726000150005 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овгийн А.О

Шүүгдэгч А.О  нь 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэн В.Г  цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч А.О  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчим толгой шийр хуйхлаад сууж байсан. Тэгтэл араас сүүдэр шиг юм босоод ирэх шиг болохоор нь хутгаар дүрчихсэн юм. Би хийсэн  хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 100.000 төгрөг төлсөн” гэв.

Хохирогч В.Г  мөрдөн байцаалтанд өгсөн: “…2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр би сонгууль өгөх гэж Тарагт сумаас ирсэн. Тэгээд би өөрийн төрсөн эгч В.Э гэрт очсон ингэхдээ бол өмнө нь би хадам аавындаа ганц шил архи уусан байсан ба дахиад нэг шил архи уучих санаатай тэднийд очсон юм. Намайг очиход О  гэрийнхээ гадаа хашаан дотроо толгой шийр хуйхлаад сууж байсан. Би очоод мэнд мэдэхэд надтай дугараагүй тэгэхээр нь би та яагаад дугарахгүй байгаа юм бэ гэхэд О  “чам шиг юмтай дуугарах зав алга би эхийгээ алдчихсан байна” гэхээр нь би уурлаад “би ч гэсэн адилхан эхийгээ алдсан хүн” гээд өмнөөс нь алхаж очиход шууд миний өмнөөс гартаа барьж байсан хутгаараа чичсэн тэгэхээр нь би арагш ухраад биеэрээ зайлахад миний цээж хэсэг рүү хутга нь орчих шиг болсон. О  хутгаа барьчихаад чичигнээд зогсоод байхаар нь дахиад хутгалчих вий гэж бодоод нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохьсон. Тэгсэн О газарт унахаар нь би хоёр удаа бөгсөн хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд гэрээс нь манай эгч В.Эрдэнэтулга гараад ирсэн миний цээжнээс хутгалсан хэсгээс нь цус гарч байхаар нь би тэднийхээс яваад өгсөн. Тэгээд эмнэлэг дээр очсон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-20 дугаар хуудас/,

Гэрч В.Э мөрдөн байцаалтан өгсөн: “…2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн үед нөхөр бид хоёр гэртээ байсан. Тухайн үед манайх хонь гаргасан байсан ба би гэрт гэдэс чанаж байсан. Харин манай нөхөр гадаа толгой шийр хуйхална гээд газ, хутга аваад гарсан юм. Тэгээд удалгүй байж байтал манай нөхөр О  намайг дуудахаар нь би гараад очиход манай дүү Г газарт уначихсан цээжнээс нь цус гарчихсан байхаар нь “би яасан бэ юу болчихов” гэхэд Г “та нарт буруу байхгүй шүү” гээд цээжээ дараад байсан. Тэгэхээр нь би эмнэлэг аваад явах гэхэд “үгүй би явахгүй, энэ хөнгөн шарх” гээд зөрөөд байсан. Тухайн үед нөхөр бид хоёр айж сандраад яахаа мэдэхээ больчихсон байсан. Дараа нь манай нөхөр О  надад Г согтуу ирээд надтай маргалдаад намайг цохих гээд далайхаар нь би сандраад гараа өргөх шиг болсон чинь миний гарт барьж байсан хутганд орчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд толгой хуйхалж идэх гэсэн биш гай боллоо гээд байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.О ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “…2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн үед намайг хашаандаа дэлгүүрийнхээ урд талд малын толгой шийр хуйхалж байхад манайд манай эхнэрийн дүү Г  ирсэн. Миний ээж өнгөрөөд 7 хонож байсан. Г  ээжийг өнгөрсөн талаар мэдээгүй байсан. Г  “чи надтай мэндэлсэнгүй” гэхээр нь би “манай удмынхан “гашуудалтай үед мэндэлдэггүй юм” гэхэд Г  миний бөгсөн хэсэг рүү өшиглөхөөр нь би босоод ирсэн тэгэхэд Г  гараараа далайхаар нь би цочиод гартаа байсан хутгаараа хатгачих шиг болсон. Тухайн үед миний баруун талын гарт хутга, зүүн талын гарт газ байсан юм. Г  миний зүүн гар талд байсан. Тэгээд хүүе гээд босгосон чинь гэнэт зүүн талын энгэрээс нь цус нэвтрээд гараад ирсэн. Тухайн үед юу болоод өнгөрснийг мэдээгүй гэнэт л ийм юм болчихсон байсан. Би эхийгээ алдаад санаа сэтгэл тогтворгүй, барьсан тавьснаа мартаад их хэцүү байдалд байсан юм. Түүнээс надад Г г хутгалах санаа бодол байгаагүй…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч В.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “…Би тэр өдөр гэртээ байж байхад миний төрсөн эгч Эрдэнэтулга над руу утсаар яриад “Г г манай нөхөр хутгалчихлаа хүрээд ир” гэж хэлэхээр нь Эрдэнэтулга эгчийн гэрт очиход түүний нөхөр О , Г  ахыг хутгалчихсан байхаар нь эмнэлэг рүү дагуулж явсан. Тухайн үед Г  ахын цээжнээс нь нэлээн их цус гарчихсан байсан. Ингээд эмнэлэг дээр очиж цээжнийх нь зүсэгдсэн хэсэгт оёулчихаад өөрийнхөө гэр лүү дагуулж явсан юм. Г  ахыг гэртээ дагуулж оччихоод хоол цай хийж өгч түүнийг идүүлсэн юм. Тэгээд л манай гэрээс гараад явсан…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-32 дугаар хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаартай: “… В.Г  биед цээжний зүүн хэсэгт хутгалагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хурц иртэй үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаан үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 7182 дугаартай: “… Шинжилгээнд ирүүлсэн “Өвөрхангай А.О  ” гэж хаягласан цусанд 2.4 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 2.4 промилли спирт нь дунд зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7 дугаар хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.О ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Шүүгдэгч А.О ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.О ын яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 47-49 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч А.О  нь 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, 34 дүгээр гудамжны 02 тоотод иргэн В.Г  цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч В.Г  “…Би очоод мэнд мэдэхэд надтай дугараагүй тэгэхээр нь би “та яагаад дуугарахгүй байгаа юм бэ” гэхэд О  “чам шиг юмтай дуугарах зав алга би эхийгээ алдчихсан байна” гэхээр нь би уурлаад “би ч гэсэн адилхан эхийгээ алдсан хүн” гээд өмнөөс нь алхаж очиход шууд миний өмнөөс гартаа барьж байсан хутгаараа чичсэн тэгэхээр нь би арагш ухараад биеэрээ зайлахад миний цээж хэсэг рүү хутга нь орчих шиг болсон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-20/, гэрч В.Эрдэнэтулгын “…Дараа нь манай нөхөр О  надад “Г  согтуу ирээд надтай маргалдаад намайг цохих гээд далайхаар нь би сандраад гараа өргөх шиг болсон чинь миний гарт барьж байсан хутганд орчих шиг боллоо” гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/, гэрч В.Гантулгын “…Би тэр өдөр гэртээ байж байхад миний төрсөн эгч Эрдэнэтулга надруу утсаар яриад “Г г манай нөхөр хутгалчихлаа хүрээд ир” гэж хэлэхээр нь Эрдэнэтулга эгчийн гэрт очиход түүний нөхөр А.О , В.Г  ахыг хутгалчихсан байхаар нь эмнэлэг рүү дагуулж явсан…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-32/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаартай дүгнэлт /хх-ийн 36/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 7182 дугаартай дүгнэлт /хх-ийн 40/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12/, шүүгдэгч А.О ын хэрэг бүртгэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Боржигон овогт А.О т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч А.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч А.О  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 100.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй болохыг тус тус дурьдаж,         

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай,  нийт урт 25.5 см, ажлын хэсгийн урт 14 см урт хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Шүүгдэгч А.О т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт А.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт А.О ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч А.О т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд тус бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч А.О  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 100.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй болохыг тус тус дурьдсугай.    

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн хар өнгийн бариултай,  нийт урт 25.5 см, ажлын хэсгийн урт 14 см урт хутга 1 ширхэгийг устгасугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О т  авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МАНДАХБАЯР