Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2016/0196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н******* овогт Б*******ийн Х******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Гааль, татварын ерөнхий газрын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ...Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/399, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/420 дугаар тушаалын Б.Х******* надад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох захиргааны акт гаргахыг зохих албан тушаалтанд даалгаж, албан тушаал бууруулсан цалингийн зөрүү, сахилгын шийтгэлтэй холбогдуулан 2015 оны 3 ба 4 дүгээр улиралд авбал зохих 1.182.264 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х*******, түүний өмгөөлөгч С.Х*******, хариуцагч Гааль, татварын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Х******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч С.Х******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Б*******ь овогтой Х******* миний бие Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаар тушаалаар Дорноговь аймгийн Замын-Үүд дэх гаалийн газрын даргаар томилогдож төрийн захиргаа, аймаг сумын мэргэжлийн болон мэргэшлийн удаа дараагийн шалгалтаар 76-79 балл буюу ажлыг нэн сайжруулах шаардлагатай С үзүүлэлттэй хам олон, бие бүрэлдэхүүнийг хүлээн авч ажилласан.

Миний бие Замын-Үүд дэх гаалийн газрын даргаар ажилласан хугацаандаа гаалийн байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн хууль тогтоомжийн хүрээнд болон дээрхи шалгалтын удирдамж зөвлөмжийг хэрэгжүүлэхийг зорилт болгон үйл ажиллагаа явуулж ирсэн. Үүний үр дүнд тухайлбал, 2015 онд үндэсний болон Дорноговь аймгийн аудит болох архивын, Засгийн газар болон аймгийн Засаг даргын санхүү, хөрөнгө оруулалтын зарцуулалтын, Авилгатай тэмцэх газрын бүсийн, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх дотоод аудит, хяналт дүн шинжилгээ, мониторингийн газрын шалгалтуудаар хангалттай буюу ажлыг сайжруулах, ******* балл бүхий В үнэлгээтэй ажилласан юм.

Гэтэл ажил, албан үүргийн чанарын өсөлттэй эрхэлж байсан үүрэгт ажлаас минь Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/420 дугаар тушаалаар чөлөөлж, уг тушаалын 2 дугаар хавсралтаар Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилогдсон бөгөөд миний бие ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Энэхүү тушаалд заасан Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.4, 8.3.5, Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.10 дах заалтууд нь зөвхөн Гаалийн ерөнхий газрын даргад тушаал гарах эрх олгосон заал байна. Гаалийн ерөнхий газрын дарга тушаал гаргах эрхтэй боловч гаргаж байгаа тушаал, шийдвэр нь хуульд нийцсэн байх ёстой.

Түүнчлэн захиргааны үйл ажиллагаа нь хууль эрх зүйн үндэслэлтэй, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж оролцоог хангасан байх зэрэг зарчмыг баримтлаагүй бөгөөд надад урьдчилан мэдэгдээгүй, зөвшилцөөгүй, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т Батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох гэсэн заалтыг удирдлага болгоод, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх байгууллага болон харьяа гаалийн газар хороодын зохион байгуулалтын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан ажлаас чөлөөлсүгэй гэсэн тушаалыг гаргасан байна.

Тухайн цаг мөчид Гаалийн байгууллагын системийн хэмжээнд орон тоо, бүтцийн өөрчлөлт огт хийгдээгүй байсан юм.

Уг бүтэц орон тооны өөрчлөлт хууль эрх зүйн хүрээнд Гаалийн системд хийгдсэн байсан бол хууль тогтоомжоор заагдсан хугацаанд албан бичгээр мэдэгдэж гаалийн дотоод сүлжээнд тавигдсан байх ёстой атал уг шаардлага хангагдаагүй нь хууль, дүрмээ зөрчсөн байна.

Гаалийн газрын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөл орлоо гэхэд Замын-Үүд болон бусад газар, хороодын даргын орон тоо байх ёстой залгамжит албан тушаал мөн.

Тухайлбал, миний эрхлэн хашиж байсан Замын-Үүд дэх гаалийн газрын даргын албан тушаалын зэрэг дэв, орон тоо, төсөвт цалин нь батлагдсан албан тушаал юм. Иймээс миний дараа томилогдсон хүн түр орлон гүйцэтгэгч гэх томьёоллоор үргэлжлүүлэн ажиллаж байна.

Б.Х******* надад хууль ёсны дагуу манай газарт болон надтай зөвшилцөөгүй, мэдэгдэлгүйгээр ...зохион байгуулалтын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан үүрэгт ажлаас чөлөөлсөн гэх нэрийдлээр хууль бусаар тушаал бууруулан томилсонд гомдолтой байна.

Би төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан зөрчил, дутагдал гаргаагүй, төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчөөгүй, ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй учир үүрэгт ажлаас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах тохиолдолд шалгуур байх ёстойг хуульчилсан. Би албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо биелүүлж ажилласан, миний ажил, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшин төрийн албан тушаал эрхлэх шаардлагыг хангаагүй талаар хэн ч дүгнээгүй байхад ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулсан нь намайг хохироосон, нэр төрд харшилсан хууль бус тушаал, шийдвэр гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Гаалийн байгууллагын хэмжээнд албан тушаалтан болон гаалийн байцаагч нарыг өөрчлөх, сэлгэн ажиллуулах, ажлаас чөлөөлөх, халах явдал хэрээс хэтэрч байна. Миний бие төрийн алба, албан үүргийг чиглэл, чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн удирдах албан тушаалтны нэг байсан бөгөөд Гаалийн ерөнхий газрын дарга О.Г*******ын удаа дараагийн ёс зүйгүй авирлалт, бодит баримтад тулгуурлаагүй албан ёсны эсэх нь тодорхой бус мэдэгдэл, хууль харшилсан тушаал шийдвэрийг үл тэвчин, эс зөвшөөрч эрх зүйн тогтсон хэм хэмжээний хүрээнд илэрхийлж ажилласандаа хавчлага, шахалтанд өртөж, улмаар орон тоо, бүтцийн өөрчлөлт нэрийдлээр хашиж байсан албан тушаалаас чөлөөлсөнийг хууль бус гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Б.Х******* 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

...Замын-Үүд дэх гаалийн газрын даргаар ажиллаж байхдаа үндсэн цалин 821.216 төгрөг авч байсан бол эдүүгээ 724.633 төгрөг авч байна. Үүний зөрүү нь 96.383 төгрөг болно.

Замын-Үүд дэх гаалийн газрын даргаар ажиллаж байхад цалингийн хууль ёсны нэмэгдлүүд нийлбэр дүнгээр 777.965 төгрөг бол эдүгээ 507.243 төгрөг авч байна. Үүний зөрүү нь 270.722 төгрөг болно.

Эдгээрийн нэг сарын нийлбэр 96.383+270.722=367.105 төгрөг. Үүнийг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлэн тооцож шүүхийн шийдвэр гарах өдрөөр тасалбар болгон надад нөхөн олгох тухай шийдвэр гаргаж өгнө үү.

Мөн Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/6194, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1443 дугаар албан бичгүүдийг тус тус үндэслэж, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/399 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, уг сахилгын шийтгэлтэй холбогдуулан 2015 оны 3 ба 4 дүгээр улиралд авбал зохих 591.132х2=1.182.264 төгрөгийг нөхөн олгох тухай шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч Гааль, татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Пүрэв нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/420 дугаар Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.4, 8.3.5 дах заалт, 8.4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 16.5.3 дах заалт, Гаалийн тухай хуулийн 271.1.10 дах заалтыг тус тус үндэслэн Б.Х*******ыг Замын-Үүд дэх гаалийн газрын даргаас чөлөөлж, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон.

Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.10-т ...гаалийн албан хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох..., мөн хуулийн 274.3-т Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэж тус тус заасныг удирдлага болгон хуулиар олгогдсон гаалийн удирдах төв байгууллагын даргын бүрэн эрх болон сэлгэн ажиллуулах зохицуулалтын дагуу гарсан шийдвэр нь Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Х******* нь Замын-Үүд дэх гаалийн газрын даргаар ажиллаж байхдаа Гаалийн ерөнхий газрын даргын хууль ёсны тушаалыг хэрэгжүүлэхээс татгалзаж шийдвэрийг зөрчсөн тул түүнд Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/399 дүгээр тушаалаар сахилгын арга хэмжээ авч байсан болно.

Иймд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Х*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Б.Х******* 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л******* нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндсэн цалингийн зөрүү, албан тушаалын зэрэг дэв, хууль ёсны нэмэгдлүүдийн зөрүү болон урамшуулалыг нөхөн олгох асуудал нь шүүхээс тус хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд шийдвэрлэх эрх зүйн үндэслэл бүрдэх болно.

Хэрэв Гаалийн ерөнхий газрын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/420 дугаар тушаалын Б.Х*******ад холбогдох хэсгийг шүүхээс хүчингүй болгосон тохиолдолд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжтой болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Б.Х*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Х*******ыг Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/253 дугаар тушаалаар Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын албан тушаалаас 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөж, мөн өдрөөс эхлэн Замын-Үүд дэх гаалийн газрын даргаар томилсон байна.

Б.Х*******ад Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дах заалт, Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.11 дэх заалт, Гаалийн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.5, 10.1 дэх заалт, Гаалийн ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 28 өдрийн Б/399 дүгээр тушаалаар ...Гаалийн байгууллагын удирдлагын зарчим алдагдуулан, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/387 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган биелүүлэхээс татгалзан эсрэг ажиллагаа явуулсан Замын-Үүд дэх гаалийн газрын дарга Б*******ий Хшигбатын албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай гэж сахилгын шийтгэл ногдуулжээ.

Уг сахилгын шийтгэлийг нэхэмжлэгч эс хүлээн зөвшөөрч 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төрийн албаны зөвлөлд өргөдөл өгсөн байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1443 дугаар албан бичгээр ...Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасан. Гэтэл Сахилгын шийтгэл ногдуулах тухай Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/399 дүгээр тушаалаар Дорноговь аймгийн Замын-Үүд дэх гаалийн газрын дарга Б.Х*******ад үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг үндэслэл болгоогүй байх бөгөөд тус агентлагийн Захиргааны зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэл болгосон байна. Сахилгын шийтгэл ногдуулах тухай Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/399 дүгээр тушаал Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг зөрчсөн байх тул уг тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэж, хариуг Замын-Үүд дэх гаалийн газрын дарга Б.Х*******ад түүгээрээ өгч, дүнг Төрийн албаны зөвлөлд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдье гэж Гаалийн ерөнхий газрын дарга О.Г*******ад хүргүүлсэн байна.

Уг Төрийн албаны зөвлөлийн албан бичгийн хариуг мэдэгдээгүй болох нь тус зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 251 дүгээр албан бичгээр тогтоогдож байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасан санилгын шийтгэлийг ногдуулахаар зохицуулсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1443 дугаар албан бичиг үндэслэл бүхий болжээ.

Мөн Б.Х*******ад сахилгын шийтгэл ногдуулах үед Замын-Үүд дэх гаалийн газарт 156 улсын байцаагч ажиллаж байсан бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хуралдааны 5 дугаар тэмдэглэлд 9 хүнд ээлжийн амралт олгосон нь Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/387, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/405 дугаар тушаал гарах болсон үндэслэл нь улсын төсөв бүрдэхгүй байсантай холбоотой гэх хариуцагчийн тайлбарлыг үгүйсгэж байх тул Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/387 дугаар тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэв.

Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/387 дугаар тушаалыг хүчингүй болгосон холбогдуулан үндсэн цалингийн зөрүү 328.406,4 төгрөгийг Б.Х*******ад олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлэлээ.

Нэхэмжлэгчийг маргаан бүхий 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/420 дугаар тушаалаар Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4, 8.3.5, 8.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.10, Сангийн сайдын 2015 оны 271 дүгээр тушаал, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны А/237 дугаар тушаалыг тус тус үндэслэн Гаалийн ерөнхий газар, дэргэдэх байгууллага болон харъяа гаалийн газар, хороодын зохион байгуулалтын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй нь холбогдуулан Б*******ий Х*******ыг Замын-Үүд дэх гаалийн газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар шилжүүлэн томилж шийдвэрлэсэн байна.

Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/420 дугаар тушаалыг үзвэл Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэж зааснаар хариуцагч нь албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн нэхэмжлэгчийг ажиллаж байсан газраас нь өөр газарт буюу Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар шилжүүлэн ажилуулах тохиолдолд Б.Х*******тай тохиролцсон тохиолдолд шилжүүлэхээр зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл уг заалтаар албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцох буюу түүний санал, хүсэл зоригийнх нь илэрхийлэл ямар байгаа зэргийг харгалзан үзэж байж өөр байгууллагад шилжүүлэн ажиллуулж болох тухайг зохицуулсан байх ба маргааны энэ тохиолдолд нэхэмжлэгчид хариуцагчаас түүнийг өөр газарт шилжүүлэн ажиллуулах гэж байгаа талаар ямар нэг санал авч, түүнтэй тохиролцох арга хэмжээ авалгүйгээр шууд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь түүний хуулиар хамгаалсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөнджээ.

Мөн түүнчлэн төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ, 23 дугаар зүйлийн 23.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно, 23.1.1-д албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, 23.1.2-д үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэж тус тус заасан үндэслэл болох ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, төрийн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэх буюу албан тушаал бууруулах үндэслэл тогтоогдоогүй болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Мөн маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэлдээ Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны А/237 дугаар Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалыг үндэслэсэн байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж зааснаас үзэхэд бодит байдал дээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан Замын-Үүд дэх гаалийн газрын даргын албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа нь Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/237 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтад дурдсанаар тодорхой байх тул маргаан бүхий актын Б.Х*******ад холбогдох хэсэг нь хуульд нийцээгүй байна гэж шүүх үзлээ.

Гаалийн ерөнхий газрын дарга Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.10-д гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаал шилжүүлэх, сэлгэн ажиллуулах шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох гэж зааснаар удирдлагын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Төрийн албаны тухай хуульд заасны дагуу бүтэц орон тооны өөрчлөлтөөр өмнө эрхэлж байсан албан тушаал нь хэвээр хадгалагдаж байхад нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлж, түүнийг өөр газарт зэрэг дэв бууруулан албан тушаалд шилжүүлэн ажиллуулах талаар нэхэмжлэгчтэй тохиролцолгүйгээр эрхэлж байсан албан тушаалаас нь үндэслэлгүйгээр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын дээрх тайлбар зэргээр тогтоогдож байх тул Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/420 дугаар тушаалын иргэн Б.Х*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, өмнө эрхлэж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацаагаар ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн сарын үндсэн цалингийн зөрүү 96.383 /821.016-724633/ төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 03 сарын 17-ны өдөр хүртэлх нийт 5 сарын цалин хөлстэй тэнцэх зөрүү /96.383х5/ 481.915+72.287,25 /төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 123.152,4-108.694,95=14.457,45/+120.478,75 /зэрэг дэвий нэмэгдэл 205.254,0-181.158,25=24.095,75/ +96.382,95 /цолны нэмэгдэл 164.203,2-144.926=19.276,59/ +1.074.461,5 /нэмэгдэл 287.355,6-72.463,3=214.892,3/ нийт 1.845.525 /хорин сая найман зуун дөчин тав мянган таван зуун хорин тав/ төгрөгийг Б.Х*******ад олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1, 27 дугаар зүйлийн 27.2.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Х*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/420 дугаар тушаалын Б.Х*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Х*******ыг өмнө эрхэлж байсан Замын-Үүд дэх гаалийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 1.845.525 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Х*******ад олгосугай.

2.  Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/387 дугаар тушаалыг хүчингүй болгож, цалингийн зөрүү .... төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай

3.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА