| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 182/2019/00940/и |
| Дугаар | 2132 |
| Огноо | 2019-12-18 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2132
Б.О-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 10 сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01863 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С яам, Нт холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: У төслийн нэгж,
Гэрээнээс учирсан хохирол 20 072 727 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг
Хариуцагч Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.А
Хариуцагч С-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г
Хариуцагч Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Б
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С-ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 5 сарын 04-ний өдрийн А/130 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсаны дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 4 сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/00769 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 6 сарын 29-ний өдрийн 1523 дугаар магадлалаар талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэн, гэрээний хугацаа 2016 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх талаар гэрээний 3.1 дэх хэсэгт заасан ба гэрээний хугацаа дууссан боловч нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж байсныг ажиллуулагч эсэргүүцээгүй тул Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсэгт зааснаар гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Мөн Улсын Дээд шүүх нь хариуцагч 2016 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр муу буюу F үнэлгээ авсан тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд энэ талаар заагаагүй байхаас гадна хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийн үнэлгээгээр F үнэлгээ авсан нь гэрээ дуусгавар болох үндэслэл болох талаар гэрээний 8 дугаар зүйлд тухайлан тохиролцоогүй хэмээн хариуцагчийн ажлаас халсан тушаал нь хууль бус байсан талаар дүгнэсэн. Иймээс С-ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А/130 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй тул учирсан хохирлоо Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.6 дах хэсэгт гэрээг цуцалснаас үүсэх хохирлыг мөн хуулийн 227 дугаар зүйлд зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн гэж үзэн учирсан хохирлоо хариуцагчаас шаардаж байгаа болно. Б.О- миний бие 2017 оны 5 сарын 04-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөж, хариуцагчтай байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ 7 сар 18 хоногийн өмнө хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр цуцлагдсан тул учирсан хохирлыг нэг сарын хөлсний хэмжээгээр тооцож, 20 072 727 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгаа болно. Иймд гэрээг хугацаанаас өмнө хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр цуцлагдсанаас учирсан 20 072 727 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч С-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О- нь 2014 оны 11 сарын 10-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл дээр худалдан авалтын мэргэжилтний албан тушаалд ажиллахдаа Сангийн сайдын 2015 оны 7 сарын 10-ны өдрийн 196 тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах эдгээр хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын дагуу хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилласан. Хөлсөөр ажиллах гэрээний үндэслэх хэсэгт Иргэний хууль, Сангийн сайдын батлагдсан дээрх журмыг үндэслэл болгож, гэрээнд заасан эрх, үүрэг, нөхцөлийг харилцан тохиролцож байгуулсан байдаг. Гэрээний 8.1.2-т зааснаар захиалагч гэрээг цуцлах шийдвэр гаргасан, 8.21 дэх хэсэгт ажилтан гэрээгээр хүлээн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй, шалтгааныг захиалагч хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гэрээг захиалагчийн санаачилгаар цуцлах болохыг Б.О-тэй харилцан тохиролцож гэрээг байгуулсан байна. Тухайн жилийн ажлын үнэлгээгээр Б.О- нь 59 хувийн үнэлгээтэй буюу муу үнэлгээ авсан нь журмын 16.11 дэх хэсэгт заасны дагуу гэрээг дуусгавар болгох үндэслэл болох ба тухайн ажлын байранд цаашид ажиллуулах шаардлагагүй гэж үзэн Нийслэлийн Засаг даргаас 2017 оны 02-01/424 дугаартай албан бичгээр ажлаас чөлөөлүүлэх хүсэлт ирүүлсний дагуу холбогдох материалыг судлан үзэж, С-ны Төрийн нарийн бичгийн даргад олгогдсон эрх хэмжээний дагуу 2017 оны 5 сарын 04-ний өдрийн А130 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Дээрх тушаал нь бүрэн эрхийн хүрээнд хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Холбогдох нотлох баримтыг тус шүүхэд хянан шийдвэрлэсэн Б.О-ийн нэхэмжлэлтэй, Н, С-анд холбогдох хавтаст хэргээс татан авч үзлэг хийлгэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хэрэгжүүлэгч байгууллагаар Н ажилладаг болно. Төслийн хувьд Монгол Улсын С-ны сайдын 2015 оны 7 сарын 10-ны өдрийн 196 дугаар тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг болно. Уг журмын 10 дугаар зүйлд төсөл хэрэгжүүлэгч байгууллагын чиг үүргийг тодорхойлж, 10.1.21-д төслийн зохицуулагч, санхүүгийн мэргэжилтэн, худалдан авах ажиллагааны мэргэжилтний хөлсөөр ажиллах гэрээг сунгах, цуцлахдаа С-наас зөвшөөрөл авсны үндсэн дээр шийдвэрлэх гэж заасан бөгөөд худалдан авалтын ажилтныг чөлөөлөх хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 02-01/424 тоот албан бичгээр С-анд хүргүүлсэн болно. Санхүүгийн болон худалдан авалт хариуцсан ажилтнуудыг С- томилж, чөлөөлөгдөг байхаар журмын 9.1.7-д зохицуулсан байдаг. Уг журмын 16 дугаар зүйлийн 16.6-т заасны дагуу тус төслийн бүх ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээг гурвалсан хэлбэрээр байгуулж, ажилладаг бөгөөд журмын 16 дугаар зүйлийн 16.7 дах хэсэгт заасны дагуу гэрээг 1 жилээс илүүгүй хугацаагаар байгуулдаг болно. Аливаа гэрээ нь тухайн хуанлийн жилийн эцсээр дуусгавар болохоор журмын 16.7 дах хэсэгт заасан. Иймд хөлсөөр ажиллах гэрээний хугацаа нь дууссан Б.О-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтээ С-анд хүргүүлж шийдвэрлүүлсэн болно. Хөлсөөр ажиллах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2016 оны 12 сарын 31-ний өдрөөр дууссан тул иргэн Б.О-ийг худалдан авалтын мэргэжилтний ажлаас чөлөөлж, гэрээ дуусгавар болсон. Хөлсөөр ажиллах гэрээ нь гэрээний хугацаа дууссанаар дуусгавар болдог гэрээ болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заажээ. Б.О-тэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотой шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байгаа болно. Иймд иргэн Б.О-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч ямар бодит хохирол учирсан талаар баримт ирүүлээгүй байна. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт хөлсөөр ажиллагч гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ мөн хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл хөлсөөр ажиллагч тохиролцсон ажил үйлчилгээ хийж гүйцэтгэснийхээ төлөө хөлс авах бөгөөд нэхэмжлэгчид уг хөлсийг ажиллуулагч төлсөн. Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсэгт зааснаар Гэрээний хугацаа дууссаныг ажиллагч тал нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заажээ. Гэрээний хугацаа дууссаны дараа нэхэмжлэгчийн зүгээс гэрээ сунгах талаар ямар нэгэн хүсэлт бичгээр болон амаар гаргаж байгаагүй. Б.О-тэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан тул иргэн Б.О-т төслийн зохицуулагчийн 131 тоот мэдэгдэл хүргүүлж, түүнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсон. Хөлсөөр ажиллах гэрээ нь гэрээний хугацаа дууссанаар дуусгавар болдог гэрээ болно. Иймд Б.О-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н-аас 20 072 727 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.О-т олгож, хариуцагч С-анд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 000 төгрөгөөс төлбөл зохих 258 314 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 686 төгрөгийг буцааж, хариуцагч Н-аас 258 314 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.О-т тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэсэн заалтыг үндэслэж нэхэмжлэлээ гаргасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч ямар бодит хохирол учирсан талаар баримт ирүүлээгүй байхад шүүх хохирол учирсан гэж үзэж нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “хөлсөөр ажиллагч гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт “гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл хөлсөөр ажиллагч тохиролцсон ажил үйлчилгээ хийж гүйцэтгэснийхээ төлөө хөлс авах бөгөөд нэхэмжлэгч ямар ч ажил үйлчилгээ үзүүлээгүй байж хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01863 тоот шийдвэрийг хүчингүй болгож, иргэн Б.О-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч С-, Нт холбогдуулан гэрээг хугацаанаас өмнө хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр цуцалснаас учирсан хохиролд 20 072 727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Н-ын 2014 оны 11 сарын 10-ны өдрийн Б/132 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.О- нь Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн худалдан авалтын менежерээр томилогдон, 2015 оны 10 сарын 01-ний өдөр С-ны Төрийн нарийн бичгийн даргатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаад, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 5 сарын 04-ний өдрийн А130 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгджээ. /хх-ийн 4, 21, 80-81-р тал/
Нэхэмжлэгч Б.О- нь дээрх А130 дугаар тушаалыг эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 769 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлсэн байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1523 дугаар магадлалаар ажлаас чөлөөлсөн А130 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүйгээр цуцалснаас учирсан хохиролд нийт 26 972 727 төгрөгийг хариуцагч Н-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн 1853 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээр шаардсан 6 900 000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэжээ. /хх-ийн 6-11, 12-16, 17-20-р тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин тогтоох шаадлагагүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.О-тэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацааг 2017 оны 5 сарын 04-ний өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл буюу 7 сар 18 хоног гэж үзэх үндэслэлтэй тул дээрх хугацаанд олох байсан орлогыг 26 972 727 төгрөгөөр тодорхойлсноос 6 900 000 төгрөгийг хасаад үлдэх 20 072 727 төгрөгийг хариуцагч Н-аас гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгож, хариуцагч С-анд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ. /хх-ийн 12-20 дугаар тал/
Хариуцагч Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо хохирол учирсан талаар баримт ирүүлээгүй, мөн ямар ч ажил үйлчилгээ үзүүлээгүй байж хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэх боловч Б.О-тэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан ажиллуулагчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй болох нь дээрх магадлал, тогтоолоор тогтоогдсон байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01863 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах
хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Г.ДАВААДОРЖ