Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/447

 

 

 

 

       2022           4            28                                    2022/ДШМ/447

 

B /Б/-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нарангэрэл,

хохирогч H/Х/-гийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч B /Б/, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Ж.Гантулга,   

шүүгдэгч B /Б/-гийн орчуулагч Б.Б,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,    

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/556 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч B /Б/, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Ж.Гантулга нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар B /Б/-д холбогдох 2010022960065 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч B /Б/ нь 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ивээл” хотхоны 41б дугаар байрны 1301 тоот ажлын байрандаа Япон Улсын иргэн хохирогч H/Х/-тай “гэрээнд гарын үсэг зураагүй байна” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь “хамрын зүүн хажуу хананы цөмөрсөн зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар, хамрын нуруунд зулгаралт, баруун шуунд шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: B /Б/-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: B /Б/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар B /Б/-д оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, B /Б/-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч B /Б/-с нийт 2.108.000 /хоёр сая нэг зуун найман мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч H/Х/-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 198. 000 /нэг зуун ерөн найман мянга/ төгрөгийг шүүгдэгч B /Б/-с гаргуулан Хан-Уул дүүргийн прокурорын газарт олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлэхийг сануулж, B /Б/-д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч B /Б/ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн
2021/ШЦТ/556 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүгч Б.Батболор нь анхан шатны шүүх хурлын шийдвэр
гаргасны дараа “нотлох баримтад үндэслэн ийм шийдвэр гаргалаа, компаний
захирал хүн байна, 1 сая төгрөг төлчих байлгүй дээ, энэ хэргийн ард өөр асуудал
байх шиг байна, та хоёр нэг нутгийн хүмүүс байна даа учраа ололцоно биз” гэж
албан бусаар зөвлөж байсан. Би эрх зүйч мэргэжилтэй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын өмгөөлөгч, 20 гаруй жил Монгол Улсад ажиллаж өчнөөн зуун сая татвар төлж ирсэн шударга иргэн, надад 1 сая төгрөг байтугай төлөх чадвар байгаа ч ийнхүү зохиомол
нотлох баримт бүрдүүлж өөрийн үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулах
зорилгоор олон хүнийг хамруулсан, Монголын нийгмийн хөгжилд маш сөрөг үр
дагавартай хууль бус үйлдэлтэй эрс тэмцэх болно.

Нэг: Нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд:

1. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны 12960 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Хан-Уул дүүргийн 1 дүгээр хэлтэсийн эрүүгийн тасгийн мөрдөгч Б.Тамир нь 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн тогтоолоор Ө.Сарангэрэл би H/Х/-ийн биед үзлэг хийв... хийсэн цаг 17:01”, 2020.11.08-ны “Мед Травм” эмнэлгийн компьютер томографын шинжилгээгээр “хамрын зүүн хажуу хана 1мм хугаралттай. Нүд чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг ирээгүй, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шаардлагатай.” гэснээ, дүгнэлтдээ “...4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн байна.

2020 оны 11 дүгээр сарын 8 /ням гараг/ маргаан болсон өдөр 16:30-19:00 H/Х/ Хан-Уул дүүргийн 1 дүгээр хэлтэст мэдүүлэг өгч байсан. Тиймээс 11 дүгээр сарын 8-нд мөрдөгчийн тогтоол гаргаад, 17:01-т үзлэг хийлгээд, мөн тэр өдөр “Мед Травм” эмнэлэгт үзүүлээд буцааж ирээд дүгнэлт гаргуулсан гэдэг нь боломжгүй зүйл.

Шинжээч эмч “Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шаардлагатай” гэсэн мөртлөө яагаад 2020 оны 11 дүгээр сарын 9-1З-нд 4 хоног хэвтэж эмчлүүлсэн “Асралт мед” эмнэлгийн эмчийн үзлэгийг хараагүй шууд дүгнэлт гаргаж гэмтлийн зэрэг тогтоож байгаа юм бол. Эсрэгээрээ нүд, чих, хамар, хоолойн нарийн мэргэжлийн эмнэлэг болох “Асралт мед”-ийн үзлэг оношлогоо тогтоогоогүй, шинжээчийн дүгнэлтийн дагуу хамрын хугарлыг эмчилсэн гэсэн 02/120 дугаартай албан бичиг мөрдөгчид өгч батласан байдаг.

2020 оны 11 дүгээр сарын 8-ны “Мед Травм” эмнэлгийн компьютер томографын шинжилгээ нь ямар ч зураг байхгүй, бичгээр хийгдсэн хуулбар цаас л байна. Мөрдөн байцаагч энэ бичгийн үнэн зөв эсэх талаар дүгнэлт гаргасан Мөнхнасан эмчээс мэдүүлэг аваагүй, эх баримт байхгүй байгаа тул дүгнэлт хэзээ, хаана хийсэн нь эргэлзээтэй байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж заасан байна. H/Х/-ийн хамрын зүүн хажуу хана 1мм хугарал нь эд эрхтэний ямар үйл ажиллагааг ямар хугацаанд сарниулаад байгаа нь ойлгомжгүй байна. Хэргийн үед бичигдсэн хэргийн материалд байгаа аудио бичлэг болон фото зургаас H/Х/-гийн хамар, ам, нүд, чихэнд ямар ч гэмтэл зовиургүй байсан нь нотлогдож байна. Тиймээс шинжээчийн дүгнэлт нь хүчин Т бус баримтад үндэслэж нүд, чих, хамар, хоолойн нарийн мэргэжлийн эмчийн үзлэггүйгээр дүгнэлт гаргасан тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна.

2. H/Х/ болон Тийн мэдүүлэг:

Хэргийн оролцогч нэг талын 2 хүний мэдүүлгийг гол нотлох баримт болгон ашиглаж байна. Тэр 2 хүний мэдүүлэг нь хавтаст хэргийн эхэнд ба сүүлд өөр өөр байх ба шүүх хуралд мөн л өөрчлөгдөж байна. Жишээ нь H/Х/ “...намайг 4 хөллөн газар татан унагааж, толгойн ар хэсэг рүү хэд хэд өшиглөсөн...” гэжээ. Т “ ...нэг мэдсэн чинь B /Б/ H/Х/-г 4 хөллөн газар унагааж, толгойн ар хэсэг рүү гараар хэд хэдэн удаа цохиж байхыг хараад салгах гэсэн боловч дийлдээгүй...” гэжээ.

Шүүх хурал дээр H/Х/ “...намайг 4 хөллөн газар унагааж миний нүүр рүү хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэсэн. Энэ мэдүүлгээр H/Х/-гийн гаргуулсан шүүх эмнэлгийн дүгнэлтэнд байгаа хөнгөн гэмтэл нь “хамрын яс хугарсан гэмтлийг” B /Б/ үйлдсэн нь батлагдаж байна гэж нотлох баримт болгоод байна. Хэргийн газарт 3 хүн л байсан, түүний 2 хүн нь нэг тал болж өөр өөр зөрүүтэй мэдүүлэг өгч байхад нотлох баримт гэж үзээд, харин зодоон болоход бичигдсэн аудио бичлэгт ач холбогдол өгөхгүй, хүмүүсийн мэдүүлгийг бодит үнэн бичлэгтэй нийцэж байна уу гэж дүн шинжилгээ хийгээгүй, нэг талын мэдүүлгээр үндэслэл болгож хүчин Т нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй.

3. Дуудлагаар ирсэн П , Б 2 цагдаагийн мэдүүлэг:

Энэ мэдүүлгээр H/Х/ болон Тийн мэдүүлэг нь үнэн зөв байсан гэж нотлох баримтаар тооцож байна. Хэрвээ дуудлагаар ирсэн 2 цагдаа хэргийн газарт анхны үзлэг болох фото зураг, энгэрийн камерийн дүрс бичлэгээ баримт болгож өгсөн бол энэ 2 цагдаагийн мэдүүлгийг нотлох баримт гэж үзэж болно. Хэрвээ хэргийн газар тухайн үед би өөрөө авсан фото зураг байгаагүй байсан бол 2 цагдаагийн “эвдэрсэн эд зүйлс харагдаагүй” гэсэн мэдүүлэгт итгэж болох байсан. Харамсалтай нь 2 цагдаа энгэрийн камерийн бичлэг болон нотлох баримтаа устгасан, мөн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хэлтэст үзлэгийн өрөөнд авсан үзлэгийн зураг хэргийн материалд огт байхгүй, тухайн үед миний авсан фото зургийг үнэлээгүй, бодит байдалтай нийцэхгүй цагдаагийн мэдүүлгийг H/Х/-гийн мэдүүлгийг баталгаажуулах зорилгоор нотлох баримт болгож ашиглаж байгаа нь үнэмшилгүй шаардлага хангахгүй, мөрдөн байцаах ажиллагаа дутуу хийсэн гэж үзэж байна.

Хоёр: Гэмт хэрэг хийх шалтгаан зорилго талаас:

Н.Нарангэрэл прокурор яллах дүгнэлтдээ “...B /Б/ нь өөрийн ажлын байрандаа H/Х/-тай гэрээнд гарын үзсэг зураагүй байна гэх шалтгаанаар маргалдан улмаар хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтаар тогтоогдож байна...” гэжээ.

Гэрээнд гарын үсэг зураагүй байна гэдэг нь санаатай хөнгөн гэмтэл учруулсан шалтгаан болдог бол би 20 жил Монгол Улсад бизнесээ хийж байхад гэрээнд гарын үсэг зураагүй гэж өчнөөн хүнийг санаатай зодсон үйлдэл хийх байсан биз дээ. Тэгээд ч гарын үсэг зурахгүй байхаар нь зодож зуруулдаг, зорилгодоо хүрэхийн төлөө санаатай хөнгөн гэмтэл учруулдаг эрүүл хүн байх уу. Харин H/Х/-гийн хувьд энэ маргаан зодоон болгож надад эрүүгийн ял өгөх зорилго шаардлага байгаа болно.

1. Маргааны шалтгаан нь 2019 оны 6 дугаар сарын 11-нд H/Х/ нь миний нутаг нэгтэй 10 жилийн нэг сургуулийн хамт суралцаж байсан итгэл үнэмшилийг ашиглаж, бусдын хөрөнгийг өөрийн гэж итгүүлж 2 тэрбум төгрөгийн үнэтэй мал аж ахуйн төслөө дагалдах хөрөнгийн хамт надад зараад надаас урьдчилгаа мөнгө авсан мөртлөө 2020 оны 11 дүгээр сарын 8-ны хэрэг маргаан болох хүртэл хөрөнгөө шилжүүлж өгөөгүй, гэрээний үүргээ биелүүлэх сонирхолгүй байсан тул гэрээг болъё гэж өдөөн маргаан үүсгэсэн. Улмаар хуурмаг баримт бүрдүүлж надад эрүүгийн хэрэг үүсгэж гэрээний үүргээс бултах гэсэн гол зорилго байгаа. Дорнод аймгийн Иргэний хэргийн шүүхэд 2021 оны 6 дугаар сард “Монь Ивээл” ХХК-иас H/Х/-д холбогдуулан нэхэмжлэл гарган шүүхийн үйл ажиллагаа явагдаж байна.

2. Бусдын хөрөнгийг дур мэдэн борлуулан ашиг олсон, залилангийн хэргээ нуун дарагдуулах зорилготой байгаа. 2016-2018 оны хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотын хуулийн этгээд “И шинь” компаниас 4.4 сая юаний хөрөнгө оруулалтаар байгуулагдсан мал аж ахуйн төсөл болон холбогдох хөрөнгийг дур мэдэн надад худалдсан. Энэ талаар “И шинь” компани 2021 оны 7 дугаар сард H/Х/-д залилангийн гэмт хэргээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна. Монголд суугаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын элчин сайдын яамаар дамжин Монгол улсын хууль хяналтын байгууллагад хандсан байгаа.

Иймээс нотлох баримтын шаардлага хангаагүй эргэлзээтэй, бодит байдалтай нийцэхгүй мэдүүлэгт үндэслэж мөрдөн байцаах ажил дутуу хийгдсэн баримтуудад тулгуурлан гаргасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/556 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч B /Б/-гийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн B /Б/-д холбогдох эрүүгийн 20100229600665 тоот хэргийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

B /Б/ болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн тал дээр маргадаг ба шүүхээс миний үйлчлүүлэгчийг холбогдуулаад буй эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, шүүгдэгч, гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй, хэргийн нөхцөл байдалд нийцсэн бодит дүгнэлтийг хийгээгүй болно.

Ялангуяа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус хуульчилсан байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийн энэхүү заалтыг хангаж, хэргийн нөхцөл байдлыг бодитоор, гэм буруугийн асуудлыг эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй атлаа гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь үндэслэлгүй болсон. Тухайлбал:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчилсан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн гол онцлог нь хохирогчид гэмтэл учирсан байхыг шаарддаг ба энэхүү гэмтэл нь хуульд нийцүүлсэн арга хэрэгслээр бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдсон байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хууль, Гэмтлийн зэрэг тогтоох тухай журам зэрэгт заасныг үндэслэж гэмтлийн зэргийг тогтоосон “шинжээчийн дүгнэлт” нь гол чухал нотлох баримт болдог.

Гэтэл хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.Сарангэрэлийн гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 12960 тоот дүгнэлт нь эргэлзээтэй бөгөөд тодорхойгүй байна.

Дүгнэлтэд “H/Х/-н биед хамрын зүүн хажуу хананы зөрүүтэй хугарал..” гэмтэл тогтоогдлоо гэж дүгнэсэн байна. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн “Мед Травм” эмнэлгийн толгойн тодосгогч бодисгүй компьютер томографын шинжилгээгээр “хамрын зүүн хажуу хана 1мм орчим зөрүүтэй цөмөрсөн хугаралтай, хамрын таславч урд хэсгээр зүүн тийш мурийсан.../шинэ хуучин гэмтэл болохыг дурдаагүй/” гэж тодорхойлсон байна.

Эндээс харахад шинжээч эмчийн үзлэг болон хэсэг газрын үзлэгээр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэргийн шинж тогтоогдоогүй байна гэж үзэхээр байна.

Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.2-т “эх хувь буюу биет байдлаар эсхүл шинжилгээний шаардлага хангахуйц бусад хэлбэртэй байна” гэж хуульчилсан байдаг ба үүнийг шүүх шийтгэх тогтоолдоо шинжээч эмчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч өөрийн биеэр үзүүлсэн учир биеийн байдлыг нь үзсэн гэх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй болсон.

Учир нь, хохирогч H/Х/-ийн авахуулсан гэх компьютер томографын гэрэл зураг нь хэрэгт эх хувиараа авагдаагүй ба шинжээч эмч тухайн гэрэл зургийг унших эрх байхгүй буюу боломжгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Мөн хохирогчийн хэвтэн эмчлүүлсэн гэх “Асралт мед” эмнэлгийн эзэн н.Галхүү гэгчийг хохирогч H/Х/ болон манай үйлчлүүлэгч B /Б/ нар нь урьдаас таньдаг сайн найз нөхдүүд болох талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг ба энэ талаарх фото зургийг шинжлэн судлуулсан. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхлын хамаарал бүхий этгээдийн эмнэлэгт компьютер томографын зураг авахуулсан, хэвтэн эмчлүүлсэн байгаа нь эргэлзээ бүхий байдлыг бий болгож байхад “өвчний түүх”-ийг шүүх нотлох баримтаар үнэлсэн.

2. Хэрэгт авагдсан, улмаар анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгосон нотлох баримтууд нь үйлдэгдсэн цаг хугацааны хувьд зөрүүтэй бөгөөд эргэлзээтэй байдаг.

Хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тухайн хэрэг учрал болсон асуудлыг харахад 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 17 цаг орчимд болсон ба тухайн өдрөө шүүх эмнэлэгт үзүүлсэн гэж мэдүүлсэн. Шинжээч эмч Ө.Сарангэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт “тухайн өдөр нь ням гариг /2020.11.08-ны өдөр/ байсан би тухайн өдөр жижүүртэй байсан” гэж мэдүүлсэн.

Цагдаагийн байгууллага “Гэмт хэрэг, зөрчлийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл” /1хх-ийн 6 хуудас/-дээр “...2020 оны 11 дүгээр сарын 8-ны 17:54 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэсэн байдаг. Гэтэл Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.Сарангэрэл нь гаргасан дүгнэлтдээ: “Үзлэг хийсэн цаг 17:01” тэмдэглэсэн байна.

Мөн H/Х/ нь хамгийн анх гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх 13/ нь “2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 311 тоот өрөөнд 17:54 минутад эхлэв” гэж тэмдэглэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, Цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл бүртгэгдэхээс өмнө, мөн H/Х/ нь гэрчээр анхны мэдүүлгээ өгөхөөс өмнө буюу хохирогч Цагдаагийн байгууллага дээр ирээгүй байх үед мөрдөгчийн тогтоолоор шинжээчийн дүгнэлт гарсан байна. Ингэхдээ тус дүгнэлт нь H/Х/-ийн авхуулсан гэх толгойн тодосгогч бодисгүй компьютер томографын шинжилгээ /хэзээ авахуулсан нь тодорхойгүй/-т үндэслээд, мөн үзүүлэгчийн биед үзлэг хийж, дүгнэлтийг гаргасан гэдэг нь цаг хугацааны болон хууль зүйн хувьд байж боломгүй зүйл юм.

Гомдолд дурдагдаж буй шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц ноцтой бөгөөд эргэлзээ бүхий байдлуудыг шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн судалсан боловч шийтгэх тогтоолд үүнийг няцаах баримт болон хэрхэн үгүйсгэж буй үндэслэлээ огт дурьдалгүйгээр миний үйлчлүүлэгч B /Б/-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/556 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү.

Цар тахлаас болоод тухайн хурал олон удаа хойшилсон. Миний үйлчлүүлэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж өгнө үү. Учир нь түүний эцгийн бие муу байгаа бөгөөд хилийн хязгаарлалттай байгаа учраас уулзаж чадахгүй байгаа. Миний үйлчлүүлэгчийн таван хүүхэд, компани, эд хөрөнгө нь бүгд Монгол Улсад байгаа учраас оргон зайлах үндэслэл байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч B /Б/-гийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ ШЦТ/556 дугаар шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр давж заалдах шатны гомдол гаргаж байна.

Нэг. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч B-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 1000 /нэг мянга/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсан.

Шүүгдэгч B-гийн гэм бурууг нотолсон гэх эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй баримтыг анхан шатны шүүх үнэлж, хууль зүйн үндэслэлгүй шийтгэх тогтоол гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч B-ийн нэрийг мөрдөн шалгах тодорхой ажиллагаа болох мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоолд Г.Баяраа, Бй, B гэж гурван өөрөөр бичигдэн 1 дүгээр хавтаст хэргийн 35-36 талд нотлох баримтаар авагдсан түүний хувийн баримт бичиг болох Монгол Улсад оршин суух үнэмлэх, паспорт дээр бичигдсэн /B/ гэсэн нэр шүүхийн шийтгэх тогтоолд Бй гэж буруу бичигдсэн байна.

Шүүгдэгчийн нэр шийтгэх тогтоолд өөр бичигдсэн нь анхан шатны шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтын шаардлагыг хангахгүй гарч, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн үйл баримт тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Hashikawa Satoshi/-г 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 17:54 цагт Сатуши нэрээр гэрчээр 1 дүгээр хавтаст хэргийн 13-14 тал, /B/-г 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 17:57 цагт Г.Баяраа нэрээр гэрчээр мэдүүлэг авсан 1 дүгээр хавтаст хэргийн 15-16 тал, гэмт хэргийн дуудлага мэдээлэл 16:34:14 цагт цагдаагийн байгууллагад ирсэн 1 дүгээр хавтаст хэргийн 5 тал, үйл баримт тогтоогддог.

Хохирогч /Hashikawa Satoshi/ 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 17:00 цагаас 19:00 цагийн хооронд цагдаагийн байгууллагад гэрчээр мэдүүлэг өгч байх хугацаанд шинжээчийн 12960 дугаар дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Ө.Сарангэрэл 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 17:01 цагт хохирогчид үзлэг хийж, дүгнэлтийг мөн өдрийн “Мед Травм” эмнэлгийн эмч М.Мөнхнасангийн дүгнэлтийг үндэслэн гаргасан нь шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болж дахин шинжээч томилох нөхцөл байдал бий болж байна.

“Мед Травм” эмнэлгийн эмч М.Мөнхнасан хохирогчийн биед гэмтэл учирсан үйл баримтыг нотлож байгаа компьютер томографын зургийг үндэслэн дүгнэлт гаргасныг тоолгүй, шинжээч эмч Ө.Сарангэрэлийн тодорхойгүй эргэлзээтэй дүгнэлтийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлж шийтгэх тогтоол гаргасан байна.

Хоёр. Хэрэг үйл явдал болсон өдөр /Hashikawa Satoshi/ “Монь Ивээл” ХХК-ийн 10 ширхэг нэр төрлийн эд хөрөнгөд 725.840 төгрөгийн, /B/-ийн Iphone 11 рro mах гар утсыг эвдэж 3.653.910 төгрөгийн нийт 4.379.750 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь “Damno” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон 1 дүгээр хавтаст хэргийн 171-174, 177-180 тал, шинжээчийн 260, 261 дүгээр дүгнэлтээр 1 дүгээр хавтаст хэргийн 183-188, тал, 191-202 тал нотлогддог.

Шинжээчийн дүгнэлт болон гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн мөрдөгч /Hashikawa Satoshi/ -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэл бүхий мөрдөгчийн саналыг, хяналтын прокурор Н.Нарангэрэл үндэслэлгүйгээр хүчингүй болгосон тогтоолд /2 дугаар хавтаст хэргийн 56 тал/ үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргасан байна.

Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд /Hashikawa Satoshi/-ийн хохирогчоор оролцож байгаа эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолын олсон хэсэгт /1 дүгээр хавтаст хэргийн 1 тал/, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хэргийн мөрдөн байцаалтыг харьяаллыг өөрчлөн тогтоолгох тухай хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 45 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын олсон хэсэгт /2 дугаар хавтаст хэргийн 60-61 тал/ түүний нэрийг Сатуши гэж өөр нэрээр бичсэн дээрх тогтоолд үндэслэн явуулсан мөрдөн шалгах ажиллагааны нотлох баримтууд хууль зүйн үр дагавар үүсгэхгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан нөхцөл байдал бий болсон байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/556 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч /B/-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч H/Х/-гийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/556 дугаартай шийтгэх тогтоол үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны шаардлага хангасан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих ёстой байдал бүрэн нотлогдон тогтоогдсон. Б /B/ болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан тайлбар хэлэхэд тухайн шинжээчийн дүгнэлт нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гарсан. Шинжээч эмч Ө.Сарангэрэл нь хохирогчийг өөрөө биет байдлаар үзсэн гэдэг. Шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулсан бөгөөд цаг хугацааны зөрүүтэй байдлын талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ асуулт асуусан. Тэгэхэд шинжээч эмч “Би тухайн үед компьютерынхоо цагийг харсан. Миний компьютерын цаг гацсан байж магадгүй. Гэхдээ Сатоши 11 дүгээр сарын 08-ны өдөр биетээр ирж үзүүлсэн” гэж хариулсан байдаг. Хохирогч мөн удаа дараа “Би очиж үзүүлсэн” гэж мэдүүлдэг. Шинжээч эмчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогддог учраас цаг хугацааны хувьд эргэлзээтэй зүйл байхгүй. Мөн хэрэг болох үед дуудлагаар н.П, н. Б гэх хоёр цагдаа очсон. Энэ хоёр цагдаагаас хууль сануулан гэрчийн мэдүүлэг авсан. Хоёр цагдаа “Тухайн үед H/Х/ гэх хүний хамраас цус гарсан, хамар нь хавдсан байдалтай байсан” гэж 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлдэг. Мөн тухайн хэрэг болсон газар байсан гэрч н.Т удаа дараагийн мэдүүлэгтээ “Сатошигийн биед B /Б/ гэмтэл учруулсан” гэдэг. Хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч гэм буруутай бөгөөд хохирогчид гэмтэл учруулсан нь хангалттай нотлогдон тогтоогддог учраас хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах ямар ч шаардлага байхгүй гэж үзэж байна. Нэр буруу бичсэн асуудал ярьж байна. Галиглаад бичсэн нь байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шинжээчийн дүгнэлтийн цаг хугацаа зөрүүтэй гэх асуудлын хувьд шинжээч эмч Ө.Сарангэрэлийг шүүх хуралдаанд оролцуулж тэрээр мэдүүлэгтээ “Би компьютерын цагийг харсан. 11 дүгээр сарын 08-ны өдөр H/Х/ ирж үзүүлсэн. Би тухайн өдөр жижүүртэй байсан” гэсэн байдаг. Мөн хамар ясны хугарал нь шинэ эсвэл хуучин гэдгийг тогтоогоогүй гэж байна. Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлтэд эдгээр гэмтэл нь шинэ гэмтэл гэдгийг тогтоосон бөгөөд гэмтлийн талаар тодорхой бичсэн байсан. Мөн дүгнэлтийн дээд хэсэгт “Мед Травм” эмнэлгийн томографын бичлэг байх бөгөөд түүн дээр “Баруун талын нүдний ухархай, дотор талын хөндий цөмөрсөн, хуучин хугаралтай” гэж бичсэн байгаа бөгөөд үүнийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс “Эргэлзээтэй байх тул дахин шинжээч томилуулах хүсэлтэй байна” гэж ярьдаг. Гэтэл шинжээч эмч дүгнэлтдээ тухайн хугарлын талаар огт дурдаагүй. Энэ хугарал нь баруун талын нүдний ухархайн дотор хананы хөндий рүү цөмөрсөн, хуучин хугаралтай гэмтэл байгаа юм. H/Х/-гийн зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байгаа. Түүний зүүн нүд нь хавдартай байсан гэдгийг хэргийн газарт дуудлагаар очсон цагдаа нар, гэрч н.Т, н.А зэрэг хүмүүс гэрчилдэг. Тухайн үед хэргийн газарт зөвхөн B /Б/, н.Т, H/Х/ нар байсан. Өлгүүр хугарч, аяга хагарсан зэрэг нь тухайн зодооны үеэр болсон асуудал. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа. Санаатайгаар тухайн эд зүйлийг гэмтээсэн нь тогтоогдоогүй. Гар утсыг нь авч шидсэн үйлдэл байдаг бөгөөд учирсан хохирлын хэмжээ нь 300.000 төгрөгөөс доош байсан учраас Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгуулахаар шилжүүлсэн. Тухайн хэрэг дээр мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлгүүд бүгд ижилхэн, агуулгын хувьд зөрүүтэй мэдүүлэг огт байхгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон байх учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч B /Б/ нь 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ивээл” хотхоны 41б дугаар байрны 1301 тоот ажлын байрандаа Япон Улсын иргэн H/Х/-тай “гэрээнд гарын үсэг зураагүй байна” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь “хамрын зүүн хажуу хананы цөмөрсөн зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар, хамрын нуруунд зулгаралт, баруун шуунд шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

дуудлагын лавлагааны хуудас /1хх 5/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 61-70/, гэрч Б.Бийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 71-89/, H/Х/-гийн өвчний түүх /1хх 203-222/, хохирлын баримтууд /1хх 223-225/, B /Б/-гаас гаргаж өгсөн Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 94-102/, B /Б/-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 103-108/, хавтас хэрэгт хавсаргасан зурагт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 109-116/, B-гаас гаргаж өгсөн флаш дискийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2хх 157/ зэрэг нотлох баримтууд,

“...Х H/Х/-гийн биед хамрын зүүн хажуу хананы цөмөрсөн зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар, хамрын нуруунд зулгаралт, баруун шуунд шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12960 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 23-26/,

хохирогч H/Х/-гийн “...B /Б/ сандлаасаа босож ирээд баруун гараа зангидаж байгаад миний зүүн хацар, нүд, толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Би B /Б/ -гийн үйлдлийг зогсоох зорилгоор 2 гараа дээш өргөн сарвалзсан. Энэ үед B /Б/ миний өмсөж явсан цамц мөрний ар хэсгээс 2 гараараа толгой давуулан барьж байгаад урагш татахад би явган ширээ даван 2 гарын шуу хэсгээрээ газар тулан 4 хөллөн унасан. Зодооны явцад ширээн дээр байсан шилэн аяга газар унаж хагарсан. Хагархайн дээр би шуу хэсгээрээ дарсны улмаас баруун гарын шууг гэмтээсэн. Намайг 4 хөллөсөн байхад толгойн ар хэсэг рүү 3-4 удаа цохисон. Мөн гуталтай хөлөөрөө нүүрэн тус газар руу нэг удаа өшиглөсөн. Энэ үед миний хамарнаас цус гарсан. Би айсандаа 2 гараараа толгойгоо даран хажуу тийш харсан чинь Т “B /Б/ ахаа та яаж байгаа юм бэ” гэж хэлээд араас нь тэврэн авч байгаа харагдахаар нь би боссон. Б намайг “муу п.... ална, Монголд гишгэх газаргүй болгоно гээд зодохоор дайраад байсан. Би өрөөн дотор тойроод зугтаад байсан. Миний биед учирсан гэмтлийг B /Б/ учруулсан. Эмчилгээний зардал 2.211.000 төгрөг дээр нэмж өмгөөлөгчид төлсөн 1.000.000 төгрөг нийт 3.211.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /1хх 11-12, 107-112, 2хх 75-78/,

Гэрч В.Тийн “...B /Б/ өгөхгүй гэж хэлэн сандлаасаа босож баруун гараараа H/Х/-гийн нүүрний зүүн талын хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Нэг харсан чинь H/Х/ доошоо тонгойчихсон газар 4 хөллөсөн байрлалтай байсан. Харин B /Б/ H/Х/-гийн толгойн ар хэсэг рүү гараараа цохиж байхаар нь салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. ... B /Б/-г тавиад харсан чинь H/Х/ анх сууж байсан буйдангийн хажууд хамар, ам, баруун гарын шуу хэсгээс цус гарчихсан зогсож байсан. ... B /Б/ H/Х/-г цохиж зодсоны улмаас хамраас цус гарсан, нүүрний зүүн хэсэг улайж хавдсан, баруун шуунд шарх үүсч цус гарсан байсан. ...” /1хх 21-22, 2хх 80-84/,

гэрч О. Бийн “...Зам ачаалалтай учраас дуудлага хүлээн авснаас хойш 24 минутын дараа буюу 16 цаг 52 минутад очиход 3 эрэгтэй, 1 эмэгтэй байсан бөгөөд 2 эрэгтэй нь хоорондоо маргалдаж байсан. Тухайн 2 эрэгтэй Өвөр Монгол хүмүүс шиг байсан. Өрөөний хойморт байрлах цонхтой хэсэгт арай хөгшөн H/Х/ гэж нэрээ хэлсэн хүн зогсож байсан. H/Х/-гийн зүүн нүд хавдсан, хамар хэсгээс цус гарсан байдалтай байсан. Харин үүд хэсэгт арай залуухан B /Б/ зогсчихсон “чи намайг зодсон, зодоогүй” гэж маргалдаж байсан. B /Б/-ийн биед ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. П юу болсон талаар асуухад H/Х/ “энэ намайг зодсон, гомдолтой байна, цагдаагийн байгууллагад хандана” гэж хэлж байсан. B /Б/ “би ч гэсэн гомдолтой, энэ намайг хэл амаар доромжилж, өөрөө эхлүүлсэн” гэж хэлэн учраа олохгүй хэрэлдээд байсан. ...” /1хх 125-128/,

гэрч Т.Пын “...Арай настай буюу дээгүүрээ бараан өнгийн куртик өмссөн эрэгтэй H/Х/ нь дээгүүрээ цайвар өнгийн цамц өмссөн залуу Өвөр Монгол руу заагаад “энэ хүн намайг зодсон, гомдолтой байна. Өргөдөл өгнө” гэж хэлж байсан. H/Х/-гийн нүүр хэсэг рүү харахад зүүн нүд хавдсан, нүүр хэсгээс нь цус гараад нүүрээ дараад “энэ намайг зодсон, би гомдолтой байна” гэж хэлээд байсан. Харин цайвар цамцтай Өвөр Монгол нь “би бас гомдолтой, намайг гольфийн цохиураар намайг цохисон” гэж хэлж байсан бөгөөд биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ...” /1хх 129-132/,

гэрч С.Агийн “...H/Х/-г танихгүй. Харин B /Б/ нь миний эхнэр Уугангэрэлийн төрсөн дүү Уын нөхөр юм. B /Б/ нь нэг хөгшин, нэг залуу Өвөр Монгол бололтой 2 эрэгтэй хүнтэй гурвуулаа ойрхон зогсчихсон чанга чанга дуугарч маргалдаад байсан. Яг юунаас болсныг мэдэхгүй байна. Харин өрөө эмх замбараагүй, газар шилэн ширээ, аяга хагарсан байдалтай байсан. Намайг гаднаас ороход газар 2 ширхэг гольфийн цохиур хэвтэж байсан бөгөөд хажууд нь B /Б/ болон 2 залуу гурвуулаа маргалдан зогсож байхаар нь бие биенийгээ цохиж магадгүй гэж бодон газраас цохиурыг аваад “та нар больцгоо” гэж хэлэн хамгийн наад захад байсан залууг /В.Т/ цээж хэсэг рүү нь нэг удаа түлхсэн чинь “аллаа” гэж хэлэн чанга хашхирахаар нь “чи битгий сүржигнээд бай” гэж хэлэн нөгөө хоёрыг тус тусад нь суулгасан. Гэтэл гаднаас 2 цагдаа орж ирсэн. ...” /1хх 133-135/,

гэрч Б.Бийн “...B /Б/ гадуур хувцасаа өмсчихсөн, ил харагдах гэмтэл, шархгүй зогсож байсан. Харин өрөө эмх замбараагүй, өрөөний том 2 цонхны баруун талынх нь нэвт хагарсан, сандалны түшлэг эвдэрсэн, газар ус асгарсан, шилэн аяга хагарсан, модон буйдангийн хажууд байсан хувцасны өлгүүр дундуураа 2 хуваагдсан байдалтай гал тогооны хэсэгт хэвтэж байсан. B /Б/-гаас юу болсон талаар асуухад “цагдаа дээр мэдүүлэг өгөхөөр явлаа, зүгээр санаа зоволтгүй” гэж хэлж байсан. ...” /1хх 142-145/,

гэрч П.Уын “...Ажлын өрөөний шалан дээр аяга хагарчихсан, ус буцалгагч газар унаад, жижиг модон сандал, ширээ хажуу тийш харан уначихсан, цонх хагарсан байсан. Ертөнцийн зүгээр урагш харсан 2 цонхны баруун талынх нь хагарсан байсан. Мөн хувцасны төмөр өлгүүр 2 хуваагдан газар унасан. B /Б/-гийн өмсөж явсан ногоон ноолууран цамц урагдсан, баруун гарын шуу хэсэгт шалбарсан байсан. Тухайн үед B /Б/ 2 ханцуйгаа хойш шамлаад надад харуулсан. ...” /1хх 146-148/,

гэрч Н.Мын “...би 13 давхар руу өгсөн чинь 2 цагдаа B /Б/-г аваад гарч байхаар нь юу болсон талаар асуусан чинь B /Б/ “цагдаа руу очно” гэж байсан. Би оффисын өрөөнд орсон чинь ертөнцийн зүгээр урагш харсан 2 том цонхны нэгний шил хагарсан, суудаг модон сандлын нэг нь гал тогооны хэсэг рүү харчихсан, плита шалан дээр хагарсан шил, чихэр, ус буцалгагч унасан байсан. Харин буйдан, сандал хоёрын дунд байдаг дугуй ширээ хажуу тийшээ харчихсан байсан. Ширээний тавцан бөөрөнхий юм. Ширээний хэсгийн ойролцоо аяга, таваг хагарсан шил газраар унасан байсан. Би шууд өрөөнөөс гаран ажил хөөцөлдөөд явсан. Үүнээс хойш хэнтэй нь ч тааралдаагүй. Өрөөнд хэн үлдсэн эсэхийг мэдэхгүй байна. ...” /1хх 149-151/,

гэрч Ө.Эийн “...хэргийн талаар харсан зүйл байхгүй. Харин 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр “Монь Ивээл” ХХК-ийн ажилчдын групп чатад B /Б/  захирал өөрийн хаягнаасаа 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр “Сэргэлэн буюу Hоффисийн өрөөнд ирэн надтай уулзаж байгаад маргалдан улмаар ажлын өрөөний цонхыг хагалж, хувцасны өлгүүр, ус буцалгагч, модон сандалыг эвдэж гэмтээсэн” талаар бичээд, эвдэж гэмтээсэн гэх зүйлийн 10 гаруй зургийг тавьсан байсан. Ямар асуудлаас болж маргалдсан эсэхийг бичээгүй. Цонх хагарсан, ус буцалгагч газар унасан, өлгүүр хугарсан, пилтан шалан дээр хагарсан шил, мөн H/Х/-гийн хамар хэсгээс улаан зүйл гарсан байдалтай сандал дээр суугаад, хажууд нь нэг залуу зогсож байгаа зурагнуудыг тавьсан. Хэрэг учрал болсноос 2-3 хоногийн дараа би нягтлан Гандуламтай уулзах зорилгоор компанийн 1301 тоот ажлын байранд орсон чинь өрөөний урагшаа харсан том цонхны нэг нь хагарсан, өлгүүр хугараад 2 хэсэг болчихсон, шалан дээрх зүйлийг цэвэрлэчихсэн байсан. Үүнээс өөр мэдэх зүйл байхгүй. ...” /1хх 152-154/

шинжээч эмч Ө.Сарангэрэлийн “...Хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, баруун шууны шарх гэмтэлүүд нь тус тусдаа бие даасан хөнгөн гэмтэлд хамаарна. Бусад цус хуралт, зулгаралтууд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хамрын ясны хугарал, таславчийн мурийлт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэл буюу хөлөөр өшиглөх, гараар цохих үед үүсгэгдэнэ. Харин баруун шууны шарх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ирмэгтэй шилний хагархай дээр дарахад үүсгэгдэх боломжтой. ...” /2хх 87-89/,

яллагдагч B /Б/-гийн “...Би H/Х/-г зодоогүй. Харин H/Х/ намайг зодсон. Миний эд зүйлд халдсан. ...Тэгтэл H/Х/ гэрээг надаас булаах гэж дайран зууралдан ноцолдоод байхаар нь би нэг гараараа цээж хэсэг рүү нь түлхсэн. Энэ үед ширээн дээр бичлэг хийж байсан миний гар утсыг шууд авч модон ширээний тавцан рүү хүчтэй савсан. Ширээн дээр байсан буцалсан устай ус буцалгагчийг авч над руу шидэхээр нь би хажуу тийш бултаж цохиулаагүй. Би энэ үед гал тогооны хэсэгт зогсож байсан. Газар унасан байсан миний гар утсыг дахин авч урагшаа харсан 2 том цонхны баруун талын цонхны дотор талыг хагалсан. Цонхны гадна талын шил хагараагүй. Гар утас газар унасан. Т намайг тэвэрчихээд байсан. H/Х/ над руу сандал, хувцасны өлгүүр бариад шидсэн. Энэ болгонд би бултаж байсан бөгөөд нэг цохилтонд нь миний баруун гарын тохой хэсэг оногдсон. ... H/Х/ нь намайг баруун гараараа нүүрний зүүн тал руу 2-3 удаа цохисон. Заамдаж 4 хөллүүлэн унагаж байгаад гуталтай хөлөөрөө өшиглөсөн гэж худлаа мэдүүлж байна. Учир нь, би солгой гартай. Хэрэв зодвол солгой гараараа баруун тал руу нь зодох ёстой. Мөн н.Т миний хажууд зогсож байсан мөртлөө H/Х/-г зодуулна гэж байх уу. ...” /2хх 66-70/ гэсэн мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч  B /Б/-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч B /Б/-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх нь гэмт хэрэг гарсан байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч B /Б/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

 Шинжээч эмч анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...H/Х/-г өөрийг нь үзэж дүгнэлт гаргасан. Би тухайн өдөр жижүүртэй байсан учир үдээс хойш үзлэг хийсэн санагдаж байна. Тухайн үед компьютерын доор гарсан цагийг хараад бичсэн. 1 цаг орчмын зөрүүтэй явдаг байж магадгүй. ...” гэсэн байх ба анхан шатны шүүх “...хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн биед бодит байдлаар хийгдсэн байна. Дээрхээс дүгнэхэд хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээг мэргэжлийн шинжээч гаргасан, шинжилгээний объект буюу хүний биед бодит үзлэгээр хийгдсэн байх бөгөөд шинжилгээний объектын шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлгүй ба шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны гэж үзэн нотлох баримтаар үнэлсэн болно. ...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, эдгээрийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч B /Б/-гийн Монгол Улсад оршин суух үнэмлэх /1хх 35/ дээр түүний нэрийг B гэж бичсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд түүний нэрийг Г.Баяраа, Б гэж өөрөөр бичсэнийг анхааруулж тэмдэглэв.    

Иймд шүүгдэгч B /Б/ болон түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Ж.Гантулга нарын “...нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/556 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/556 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч B /Б/, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Ж.Гантулга нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.ДАРЬСҮРЭН

 

                                  ШҮҮГЧ                                                              М.ПҮРЭВСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ