Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 117

 

      

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Хохирогч Т.П ,

Шүүгдэгч О.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаан хошуу овогт Оргодолын Маналд холбогдох эрүүгийн 1726000000001 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаан хошуу овгийн О.М

Шүүгдэгч О.М  нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр 155-01 тоотод иргэн Т.П ын нуруу зүүн гуя хэсэгт төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.М  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Энэ хэрэг явдал анх нохойноос болж үүссэн юм. Манайх нэг нохой хашаанд орж ирэхээр нь хоололчихоод байдаг байсан. Тэгсэн нэг өдөр тэр хашаан дотор үхчихсэн байсан. Нохой алж байсан буутай хүнийг С.Г дагуулаад яваад байсан тул би С.Г “нохой алуулж чадсан юм чинь сэгийг нь зайлуул” гэж хэлсэн. Тэгсэн чинь С.Г алх бариад, эхнэр нь төмөр бариад над руу дайрсан. Тэгэхээр нь би С.Г эхнэр Т.П аас төмрийг нь аваад гуян дундуур нь нэг удаа цохиод авсан. Хүний биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна…” гэв.

Хохирогч Т.П  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Нохойн дээрээс болж хэрэлдсэн. Өвгөн амбаарынхаа дээврийг хадаад, би цай чанаад сууж байтал О.М  гаднаас шазуур зуугаад орж ирсэн. О.М  шүүхэд өгсөн мэдүүлэгтээ С.Галсаншийлэг бид хоёрыг өөрийг нь элбээд нүдсэн гэсэн шахуу зүйл ярьж байх шиг байна. Энэ буруу яриад байна. Би гомдолтой. Энэ хүн орж ирээд С.Г алхаар хоёр удаа цохиод намайг энэ төмрөөр хоёр удаа цохьсон. С.Галсаншийлэгийг ч бас цохьсон. Одоо ч миний бие муу байна. Одоо эмнэлэгт тариа хийлгүүлэх гээд явж байна. Надад хохирол төлбөрт юу ч өгөөгүй. Би 275.000 төгрөг нэхэмжилж байна. Гэхдээ би хохирлын баримт бүрдүүлдэг гэж мэдээгүй. Надад гаргаж өгөх баримт байхгүй. Би их гомдолтой байна...” гэв.

Хохирогч Т.П ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “…2017 оны 07 дугаар сарын 06-ны орой гэртээ байж байтал манай гудамжинд байдаг О.М  согтуу орж ирээд манай нохойг буудчихсан байна энийгээ зайлуул гэж уурлаад агсараад барьж явсан төмрөөрөө миний нуруу болон хөл рүү цохиод авсан. Тэгсэн манай нөхөр С.Г намайг хорих гээд ирсэн чинь шууд барьж байсан алхыг нь булааж аваад манай нөхрийн зүүн талын чих рүү нь цохьчихоод гараад явсан. Удалгүй буцаж орж ирээд манай нөхрийг блокны хагархайгаар цохиод авахаар нь би цагдаа дуудлаа шүү гэсэн чинь гараад явчихсан. О.М  танхай балмад хүн байна лээ. Манай нөхөр бид хоёрыг занаад байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч С.Г хэрэг бүртгэлтэнд өгсөн: “… 2017 оны 07 дугаар сарын 06-ны орой гэртээ байж байтал манай гудамжинд байдаг О.М  согтуу орж ирээд “манай хашаанд нохой буудчихсан байна. Энийгээ зайлуул” гэж хэлээд манай эхнэр Т.П ыг барьж авсан төмрөөрөө цохьсон. Би амбаарын дээвэр янзалж байсан тул алх барьчихсан очиход миний алхыг булааж аваад толгой руу нэг удаа цохьчихоод та нарыг ална гэж дайрч байснаа хашаанаас гараад явсан. Удалгүй О.М  блокны хагархай барьчихсан орж ирээд миний нуруу руу цохиод агсам тавиад байхаар нь эхнэрийг цагдаа дууд гэж хэлсэн чинь хашаанаас зугтаагаад явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаартай: “…Т.П ын биед зүүн гуяны цус хуралт, нуруу, зүүн гуяны зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгийн  2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах...” тухай тогтоол /хх-ийн 27 дугаар хуудас/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 8 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 09 дүгээр хуудас/,  

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгийн  2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаартай “... Эд мөрийн баримтыг хураан авах...” тухай тогтоол /хх-ийн 10 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,

Шүүгдэгч О.М ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Шүүгдэгч О.М ын ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/,

Шүүгдэгч О.М ыг яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч О.М  нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр 155-01 тоотод иргэн Т.П ын нуруу зүүн гуя хэсэгт төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Хохирогч Т.П ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Энэ хүн орж ирээд С.Г-г алхаар хоёр удаа цохиод намайг энэ төмрөөр хоёр удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг. хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.П ын “…2017 оны 07 дугаар сарын 06-ны орой гэртээ байж байтал манай гудамжинд байдаг О.М  согтуу орж ирээд “манай нохойг буудчихсан байна, энийгээ зайлуул” гэж уурлаад агсараад барьж явсан төмрөөрөө миний нуруу болон хөл рүү цохиод авсан. Тэгсэн манай нөхөр С.Г намайг хорих гээд ирсэн чинь шууд барьж байсан алхыг нь булааж аваад манай нөхрийн зүүн талын чих рүү нь цохьчихоод гараад явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/, гэрч С.Г “…2017 оны 07 дугаар сарын 06-ны орой гэртээ байж байтал манай гудамжинд байдаг О.М  согтуу манайд орж ирээд “манай хашаанд нохой буудчихсан байна. Энийгээ зайлуул” гэж хэлээд манай эхнэр Т.П ыг барьж явсан төмрөөрөө цохьсон. Би амбаарын дээвэр янзалж байсан тул алх барьчихсан очиход миний алхыг булааж аваад толгой руу нэг удаа цохьчихоод та нарыг ална гэж дайрч  байснаа хашаанаас гараад явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаартай дүгнэлт /хх-ийн 14/, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгийн  2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах...” тухай тогтоол /хх-ийн 27/, Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 8/, Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 09/, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгийн  2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаартай “... Эд мөрийн баримтыг хураан авах...” тухай тогтоол /хх-ийн 10/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/, шүүгдэгч О.М ын хэрэг бүртгэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч О.М д холбогдох хэргийн хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч О.М д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч Т.П  нь гэм хорын хохиролд эмчилгээ хийлгэсэн эм тарианы мөнгө  гэж 275.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нотлох баримтгүй байх тул хохирогчийн нэхэмжилсэн 275.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Хохирогч нь хэлэлцэхгүй орхисон хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Шүүгдэгч О.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

            Шүүгдэгч О.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдолтой гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн 127 см урт, 4 см өргөн нэлэнхүйдээ зэвэнд идэгдсэн төмөр 1 ширхэгийг устгаж,

Шүүгдэгч О.М д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Улаан Хошуу овогт О.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Улаан Хошуу овогт О.М-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч О.М д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг  ялыг 3 сарын хугацаанд тус бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч О.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдолтой гэсэн хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурьдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн 127 см урт, 4 см өргөн нэлэнхүйдээ зэвэнд идэгдсэн төмөр 1 ширхэгийг устгасугай. 

7. Хохирогчийн нэхэмжилсэн 275.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурьдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М д  авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.М д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МАНДАХБАЯР