Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 138

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох 1728000550057 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын төв, Үсэгтийн 5-9 тоотод эхнэр Ц.Д биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын төв, Үсэгтийн 5-9 тоотод эхнэр Ц.Д биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б.Б холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бнь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхийг шүүх хангасан болно.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын төв, Үсэгтийн 5-9 тоотод эхнэр Ц.Д биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар нотлогдсон байна. Үүнд:

            Хохирогч Ц.Д... “2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр сумын төвд би гэртээ амарч байх үед 21 цагийн орчимд хөдөөнөөс манай нөхөр Б.Б согтуу гэртээ ирсэн. Нөхрөө ирэхээр нь би орноосоо босож хоолыг нь халааж шинээр цай чанаж өгсөн. Б.Б усанд ормоор байна гэхлээр нь би ус халаах санаатай ус буцалгагч дотор байсан цайгаа юүлж байхад Батмөнх намайг, чи хүнд өгдөг цайгаа юүлж байгаа юм уу, чамтай унтаж байгаа хүмүүсээс түрүүчээс нь үхэж байгаа шүү гэж надад агсан тавьсан. Би уурлаж би хэнтэй унтаж хэвтсэн юм хэлээдэх гэхэд намайг ор луу түлхэж унагаагаад миний нүүр лүү гараараа нэг удаа цохьсон. Миний нүүр бадайрч өвдөж хамарнаас их цус гарч би орилж хашгиран уйлахад илүү гэрт унтаж байсан манай дунд хүү Баттүвшин гаднаас орж ирээд аавыгаа татаж надаас холдуулсан. Би хүү Баттүвшингээ цагдаа дуудаад ир гээд явуулсан. Баттүвшинг цагдаа дуудах гээд явахад нь би араас нь гэрээс гарч 2 гэрийн хооронд гадаа суусан. Удалгүй Баттүвшин Энхболд цагдааг дагуулаад ирсэн. Цагдааг ирэхэд би цагдаатай хамт гэрт орсон. Б.Б зугтаагаад явчихсан байсан. Цагдаа манай хүүтэй хамт Бг хашааны ойр хавиар хайгаад олоогүй. Энхболд цагдаа эргэж ирээд намайг дагуулж яваад эмнэлэгт хүргэж өгөөд Б хайж олохоор явсан. Намайг эмчид биеэ үзүүлж эмчилгээ хийлгэж дуусаад эмнэлэг дээр сууж байхад цагдаа эргээд ирсэн. Энхболд цагдаа надад гомдол санал байгаа эсэх талаар асуухад нь би өөрийн нөхөр Б гомдол гаргахаа хүлээнэ гэж хэлсэн. Манай нөхөр дараа нь эргэж ирээгүй чигээрээ зугтаагаад алга болчихлоор нь хэсгийн төлөөлөгчийг суманд ирэхэд нь би төлөөлөгчтэй уулзаж өргөдөл гаргасан. Миний зүүн талын нүд хавдаж хөхөрсөн байсан. Мөн хамарнаас цус их гарсан. Надад хөнгөн гэмтэл учирсан байсан. 2017 оны 3 дугаар сард хамгийн сүүлд надад агсан согтуу тавьж миний зүүн гарын булчинг галын дэгээгээр цохиж гэмтэл учруулж байсан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад хандаагүй. Б архи уучихсан согтуу үедээ хэн нэгэн хүнтэй санаанаасаа зохиож бодон хардаж агсан согтуу тавьж хэрүүл маргаан өддөг. Тухайн үед миний зүүн гарын булчин дээр улайж зураасан мөр гарсан байсан. Одоо миний зүүн гарны булчин дээр ямар нэгэн гэмтлийн ул мөр байхгүй. Тухайн үедээ л улайж улайлт нь арилсан байсан. 2017 оны 03 дугаар сард Батмөнх намайг галын дэгээгээр зүүн гаранд цохиход хажууд ямар нэгэн хүн байгаагүй. Оныг нь яг санахгүй байна шинэ гэр бүлийн 500000 төгрөг өгдөг үеэр Б бид хоёр гэр бүлээ батлуулсан. Б хамт амьдраад 22 жил гэр бүлээ батлуулаад 12 орчим жил болж байна. Би тухайн үед 22 жил хамт амьдарсан нөхрөө бодохоос гадна, 3 хүүхдээ бодоод өргөдөл гомдол гаргаж шалгуулмааргүй санагдсан. Би Б жаахан айлгая, ухаараг гэж бодож л өргөдөл гаргасан байсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-21 дүгээр хуудас/

Гэрч Б.Энхболдын... “2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 00 цаг 20 цагийн орчимд Баттүвшин өөрийн биеэр ирж манай аав Батмөнх ээжийг зодчихлоо гэсэн дуудлага өгсөн. Уг дуудлагийн дагуу Бгэрт очиход Д хүнд зодуулсан байдалтай хамарнаас нь цус гарсан зүүн нүд орчим хэсэг нь хавдсан хөхөрсөн байдалтай гэрийнхээ гадаа байсан. Дзодсон гэх Б нь зугтаагаад явсан байсан. Д юу болсон талаар асуухад нөхөр Б согтуугаар хэрүүл өдөж байгаад зодсон гэж хэлсэн. Д авч явж сумын эмнэлэгт хүргэж эмчид үзүүлсэн. Д зодсон гэх Б олохоор Б аав, ээжийн гэрт нь очиход Б байхгүй байсан ба Б аав ээж нь мэдэхгүй гэсэн. Тэгээд Б очиж болох найз Батхүү, Болдсайхан нарын гэрт очиход байхгүй байсан. Эмнэлэг дээр эргэж очоод Д уулзахад Д нүүр, хамар, амаа цэвэрлүүлчихсэн байсан. Сумын их эмч Маамуугаас эмчийн тодорхойлолт гаргуулж аваад Д маргааш өглөө ирж уулзаарай гээд эмнэлэгт нь амраагаад явсан. Анх дуудлагаар очиход Дн нүүр хамар ам нь цус болчихсон зүүн талын нүд орчим хэсэг нь хавдаж хөхөрсөн байсан. Өөр гэмтэл ажиглагдаагүй. Д болон хүү Баттүвшин нарын хэлснээр нөхөр Б нь согтуугаар зодож гэмтэл учруулсан гэсэн. Маргааш нь өглөө нь Б сурахад сумын төв дээрээс олоогүй тул сумын төвөөс зайдуу байдаг Ганзориг, Нэргүйбаатар гэх айлуудаар орж сурахад тэр айлуудаар бас ирээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

Гэрч Б.Батүвшингийн... “2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр цагийг нь мэдэхгүй байна гадаа харанхуй болсон байсан. Би тухайн үед илүү гэрт унтаж байхад хажуу гэрт ээж хашгирч орилох чимээ сонсогдсон. Тэгээд гэрт юу болов гээд ороод очиход ээж орон дээр хэвтчихсэн аав гараараа дарчихсан ээжийг зодсон байдалтай зогсож байсан. Би аавыг татаж ээжээс салгахад ээжийн нүүр нь битүү цус болж зүүн талын нүд нь хавдсан хувцас нь их цус болсон байсан. Би тэгээд гарч гүйн цагдаагийн байранд очиж цагдааг дуудаад дагуулаад эргээд гэртээ ирэхэд аав зугтчихсан байсан. Аав одоог болтол хаана яваа нь мэдэгдэхгүй байгаа. Би аавыг хөдөөнөөс ирэхээс нь өмнө илүү гэрт унтахаар орсон байсан. Тиймээс аавыг хэр согтуу байсныг нь мэдэхгүй байна. Ааваас архи үнэртэж байсан. Ээж архи уугаагүй байсан. Ээжийн зүүн талын нүд нь хавдаж хөхөрсөн, хамарных нь уг хэсгийн зүүн талд томбойж хавдсан байсан. Миний харсанаар аавын биед ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Аав ээжийг зодох үед гэрт аав, ээж хоёр л байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

Гэрч Т.Маамуугийн... “2017 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 01:00 цагийн үед намайг гэртээ байж байхад сумын цагдаа Энхболд миний 88168024 дугаарын гар утас руу залгаад сумын төв дээр хүн үзүүлэх гэсэн юм хүрээд ирэхүү гэхээр нь эмнэлэг дээр очиход, Ц.Д гэх эмэгтэй эмнэлэгт хүргэгдэж ирсэн байсан. Би уг хүнийг анхан шатны үзлэг хийхэд зүүн нүдний зовхи хавдсан, хамарнаас цус гарсан, толгой өвдөж байна гэсэн зовиуртай байсан. Би үзэж дуусаад дараагийн эмчилгээг хийсэн. Д гэх хүнд өөр ямар нэг шарх, гэмтэл байгаагүй. Манай нөхөр архи уугаад согтуу ирээд зодсон гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

          Шүүгдэгч Б.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн... “2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сэврэй сумын Нурууны араас сумын төвд байдаг гэртээ архи уусан согтуу ирсэн. Суман дээр ирэхдээ бас архи уусан байсан гэртээ ирэхэд эхнэр хоол хийчихээд унтаж байсан. Намайг ирэхэд эхнэр босож аягатай хоол авч өгсөн. Би өөрөө цай халааж уучихаад ус халаагаатах, усанд ормоор байна гэхэд манай эхнэр чадахгүй өөрөө халаахгүй юу пизда минь архи ууж ирчихээд яах гээд байгаа юм бэ гэсэн. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэр над руу нэг юм аваад шидчих шиг болсон. Тэгээд юу болсныг мэдээгүй би түүний нүүр лүү гараа цохьсон. Тэгсэн түүний хамраас нь цус гарсан. Тэр босоод гэрээс гараад явсан зөрөөд хүүхэд ороод ирсэн хүүхэд эхнэрийн араас нь явсан. Би гэрээс гараад ирэхэд хүн байгаагүй. Тэгэхээр нь хойшоогоо айхдаа явсан. Ууланд очиж унтаж байгаад Нурууны араар явж байгаад аймгийн төвд ирсэн. 2017 оны 10 дугаар сарын эхээр сумын цагдаа ирээд намайг аваад явсан. Би эхнэрийнхээ нүүр лүү нь нэг л удаа цохьсон. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би согтуу байсан үедээ хэрүүлээс болж түүнийг цохьсон манай эхнэр ч муухай ааштай, сүүлийн үед манай найз нөхөд ч гэрээр орж ирэхээ байгаад юм л бол хэрүүл маргаан болдог болсон. Би өмнө нь эхнэрээ зодож цохиж байгаагүй. Харин хэрүүл маргаан болж байсан. Манай эхнэрийн ааш нь хачин муухай болчихоод байгаа юм. 2017 оны 03 дугаар сард эхнэр бид хоёр хоорондоо маргалдсан тэгэхдээ тэгж их сүртэй зүйл болоогүй хэрэлдээд өнгөрсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/... “8 дугаар сарын 15-нд хөдөөнөөс ирээд 1 шил архи нэмж уугаад гэртээ согтуу орж ирээд эхнэрээ ус халаагаатах гэсэн чинь өөрөө халаа гэсэн. Эхнэрээ орон дээрээс босоод ирэхээр нь нэг удаа цохьсон чинь хамраас нь цус гарсан” гэв.

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №410 дугаар дүгнэлт:

1. Ц.Д биед хамар ясны хугарал, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтэл тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна./хх-ийн 35 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-12 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байх тул түүний гэмт үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт нь хууль ёсны бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1 дэх хэсэгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Б согтуугаар өөрийн гэртээ эхнэр Ц.Д бие эрх чөлөөнд шууд санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлтдээ...” би хувиараа гагнуур хийж орлого олдог учир улсын яллагчийн оногдуулж байгаа нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахгүйгээр, хуульд заасан торгох ялыг оногдуулж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь: шүүгдэгч Б.Б эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа орлого олдог гэх боловч түүнийг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй, арилжааны банкуудын лавлагаанд “ Капитрон, Капитал, Хас, Голомт, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд тус тус  харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэггүй, ХААН банкинд 5594030087 дугаартай харилцах данстай боловч одоогоор 926,00 төгрөгийн үлдэгдэлтэй, Төрийн банкинд 210900016672 дугаартай харилцах данстай боловч 0 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэжээ. Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн засаг даргын тодорхойлолтод “Б.Б нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй нь үнэн болно” гэх  зэрэг нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгчид торгох ял оногдуулах нь хувийн байдалд нь тохирохгүй гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч Б.Б хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, түүний хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэж, улсын яллагчийн шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн 1728000550057 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 27 дугаар хуудас/

Б.Б иргэний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээний хуулбарыг нотариатоор батлуулсан хуулбар /хх-ийн 58 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Хохирогч Ц.Д эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь  гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохиролд тооцогдох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ хийлгэх болон бусад зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршиг боловч хохирогчийн зүгээс төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             З.ТӨМӨРХҮҮ