Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/448

 

 

 

 

           2022           4            28                                    2022/ДШМ/448

 

П.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сайнхүү,

шүүгдэгч П.Эийн өмгөөлөгч О.Анхбаяр,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,     

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 25-ны дөрийн 2022/ШЦТ/872 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Эрдэнэзаяагийн бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 16 дугаартай прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч П.Эд холбогдох 2106037950732 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.     

П.Э нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хил хамгаалах ерөнхий газрын хажуугийн “МТ” шатахуун түгээх станцын орчимд хохирогч М.Згийн эзэмшлийн самсунг галакси эс-21 загварын гар утсыг “гар утсыг чинь худалдаж авна, үзье” гэж хэлж, улмаар 2.279.600 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси эс-21 загварын гар утсыг авч зугтааж, илээр, хүч хэрэглэхгүйгээр авч, дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах зөрчил илрэв. Үүнд:

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд эрх хасах ял байхгүй бөгөөд,

хавтаст хэргийн 10 дугаар талд хохирогч М.Згоос мэдүүлэг авахдаа хүчингүй болсон хууль сануулж мэдүүлэг авсан,

мөн хавтаст хэргийн 13 дугаар талд мөрдөгч Д.М гэрчээр Чээс мэдүүлэг авахдаа хүчингүй болсон хууль сануулж мэдүүлэг авсан,

мөн хавтаст хэргийн 15 дугаар талд мөрдөгч Д.М мөн л эрх хасах ялтай зүйл ангийг сануулж гэрчээр П.Эээс мэдүүлэг авсан,

мөн хавтаст хэргийн 17 дугаар талд мөрдөгч А.Б мөн л эрх хасах ялтай зүйл ангийг сануулж гэрчээр Эаас мэдүүлэг авсан,

мөн хавтаст хэргийн 19 дүгээр талд хүчингүй болсон зүйл ангийг сануулж гэрчээр Д. Эаас мэдүүлэг авсан байна,

мөн хавтаст хэргийн 21 дүгээр талд хүчингүй болсон зүйл ангийг сануулж гэрчээр П.Энхжингээс мэдүүлэг авч, мэдүүлгийн тэмдэглэл дээр мөрдөгч Б.Мгийн гарын үсэг байхгүй байна.

Мөн хавтаст хэргийн 23 дугаар талд гэрчээр Г.Мээс мэдүүлэг авахдаа хүчингүй болсон хууль сануулсан. Мөрдөгч Ө гарын үсгээ зураагүй. Байцаалтын тэмдэглэл дээр мөрдөгч Мгийн нэр байгаа бөгөөд хууль сануулсан мэдүүлэг дээр нь Ө гэж байна.

Хавтаст хэргийн 24 дүгээр талд гэрчээр С.Мээс мэдүүлэг авахдаа хүчингүй болсон хууль сануулсан. Байцаалтын тэмдэглэл дээр мөрдөгч Мгийн гарын үсэг зурагдаагүй,

хавтаст хэргийн 25 дугаар талд гэрчээр С.Мээс мэдүүлэг авахдаа хүчингүй болсон хууль сануулсан,

хавтаст хэргийн 26 дугаар талд гэрчээр С.Мээс мэдүүлэг авахдаа хүчингүй болсон хууль сануулсан. Байцаалтын тэмдэглэл дээр мөрдөгч Мгийн гарын үсэг зурагдаагүй,

хавтаст хэргийн 29 дүгээр талд таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, таньж олуулах ажиллагааг хийхдээ зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заавал биечлэн таньж олуулах ажиллагаа явуулна гэсэн байна. Таньж олуулах ажиллагаа хийхдээ хууль зөрчсөн гэж шүүгдэгчийн өмгөөлөгч санал гаргасан хүлээн авах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт: “...мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж бэхжүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч П.Эд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж, П.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор М.Эрдэнэзаяа бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд,

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд “Нотлох баримт”-ын талаар тодорхойлон, хуульчилсан.

Мөрдөгч хохирогчоос 1 удаа, нэр бүхий 4 гэрчээс 7 удаа мэдүүлэг авахдаа хуулийн хүчин төгөлдөр бус санкцийг сануулсан гэж үзээд, уг асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж шүүгч дүгнэжээ.

Мөрдөгч нь хохирогч, гэрчээс мэдүүлэг авах тодорхой төрлийн мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгэхдээ хууль сануулж, энэ талаар баталгааны хуудаст гарын үсэг зуруулах ажиллагаа, мөн мэдүүлэг авах гэсэн 2 төрлийн ажиллагааг нэг цаг хугацаанд гүйцэтгэж байгаа.

Уг 2 төрлийн ажиллагааны үр дүнд гэрчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг гэх мэт нотлох баримтуудыг цуглуулдаг.

Харин гэрч, хохирогчид хууль сануулсан талаарх баталгаа нь нотлох баримт болохгүй байтал, шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд алдаатай гэж үзнэ.

Нөгөө талаас гэрч, хохирогчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн зохицуулалттай болохыг сануулж байгаагаас бус харин баталгааны хуудас гэсэн хэвлэмэл хуудсыг сануулахгүй байгаа болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт шүүгчийн захирамжийн 3 дугаар талын 2 дахь догол Мд бичсэнчлэн “заавал биечлэн таньж олуулах ажиллагаа явуулна” гэж тодорхойлсон хууль зүйн зохицуулалт байхгүй атал, хуульд тусгагдаагүй хэм хэмжээг шүүгчийн захирамжид тоочиж бичээд, түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ.

2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 872 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар хэргийг буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 гэж хуульд байхгүй заалтаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, эсхүл 1, 2 дахь хэсгийн аль нь болох нь ойлгомжгүй байгаа нь тус хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 872 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Ц.Сайнхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасныг нотлох баримт гэдэг. Үүнд баримт мэдээлэл, гэрч, хохирогчийн мэдүүлэг зэрэг нь нотлох баримтад хамаардаг. Анхан шатны шүүх нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ хууль зөрчсөн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авах журмыг зөрчсөн нь үндэслэлгүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Хохирогч, гэрч нарт хууль сануулахдаа хүчингүй болсон хууль сануулсан гэх үйлдэл нь хохирогчийн эрхийг зөрчсөн зэрэг хууль зүйн үр дагавар үүсгээгүй. Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт шүүгчийн захирамжийн 3 дугаар талын 2 дахь догол Мд бичсэнчлэн “заавал биечлэн таньж олуулах ажиллагаа явуулна” гэж тодорхойлсон хууль зүйн зохицуулалт байхгүй атал хуульд тусгагдаагүй хэм хэмжээг шүүгчийн захирамжид тоочиж бичээд, түүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ. Шүүгчийн захирамжаар хэргийг буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 гэж хуульд байхгүй заалтаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, эсхүл 1, 2 дахь хэсгийн аль нь болох нь ойлгомжгүй байгаа нь тус хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд прокурор М.Эрдэнэзаяагийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

            Шүүгдэгч П.Эийн өмгөөлөгч О.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжид техникийн шинжтэй, алдаатай бичсэн хэдэн зүйл байх нь байгаа. Гэхдээ прокурорын зүгээс залруулга хийлгэх санал гаргаж болох байсан. Зөвтгүүлэх хуулийн зохицуулалт байсаар байхад эсэргүүцэлдээ үндэслэл маягаар оруулж байгаа нь тохиромжгүй санагдаж байна. Шүүгдэгчийн гэм буруутай байдал нь зөвхөн хохирол төлбөр төлж, хэргээ хүлээн зөвшөөрснөөр дүгнэгдэж байгаа мэт харагдаж байна. Хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нотлох баримтын чанараа алдчихаад байна. Хүний эрхийг дээд зэргээр хангах ёстой. Прокурор өөрийнхөө үйл ажиллагаанд эргэж дүгнэлт хийхгүй байна. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээлгэх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд П.Эд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. ...” гэж, 2 дахь хэсэгт “...Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэж тус тус хуульчилсан.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос мэдүүлэг авахдаа “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж, дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. ...”, 2 дахь хэсэгт “...Бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорих долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэсэн хууль сануулсан /хх 10, 13, 15, 17, 19, 25/ буюу “...гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж. ...” гэсэн хууль сануулсан нь буруу байна.

Гэрч, хохирогчид худал мэдүүлэхгүй байх талаар сануулж, баталгаа гаргах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой төдийгүй мөрдөгч нь гэрч, хохирогчид худал мэдүүлсэн тохиолдолд хүлээх эрүүгийн хариуцлагыг үнэн зөв тайлбарлаж өгч, баталгаа гаргуулах ёстой.

Түүнчлэн мөрдөгч гэрч, хохирогчоос мэдүүлэг авахдаа гарын үсэг зурж баталгаажуулаагүй /хх 21, 23, 24, 26/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “...Тэмдэглэлд ажиллагаа явуулсан, тэмдэглэл хөтөлсөн албан тушаалтан гарын үсэг зурна. ...” гэх хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

Хавтас хэргийн 29 дэх талд гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл авагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “...Таньж олох хүнийг түүнтэй гаднах байдлаараа адил төстэй хоёроос дээш хүний хамтаар таньж олуулах гэж байгаа хүнд харуулна. Таньж олуулахын өмнө таньж олох хүнийг бусад хүний дунд дуртай байрлалаа эзлэхийг хэлж, тэмдэглэлд тусгана. ...”, 8 дахь хэсэгт “...Тусгайлан хүмүүс бэлдэхгүйгээр олон хүн цугларсан газар таньж олох хүн байгаа эсэхийг гэрч, хохирогч, яллагдагчид харуулж таньж олуулж болно. ...”, 9 дэх хэсэгт “...Энэ зүйлийн 7, 8 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулах боломжгүй дараахь тохиолдолд гэрэл зураг, эсхүл дууны, эсхүл дүрсний, эсхүл дуу-дүрсний бичлэг ашиглан таньж олуулж болно. ...” гэж заажээ.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.5 дугаар зүйлийн 7, 8 дахь хэсэгт заасан таньж олуулах ажиллагааг явуулах боломжгүй байсан талаар баримт хэрэгт авагдаагүйн дээр яагаад гэрэл зураг ашиглан таньж олуулах ажиллагаа явуулсан талаар тэмдэглэлд тусгаагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан дээрх зөрчлүүдийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/872 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/872 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр” прокурор М.Эрдэнэзаяагийн бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.ДАРЬСҮРЭН

 

                                  ШҮҮГЧ                                                              М.ПҮРЭВСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ