Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Б.Цолмон |
Хэргийн индекс | 182/2023/05322/И |
Дугаар | 182/ШШ2024/02079 |
Огноо | 2024-05-09 |
Маргааны төрөл | Даатгал, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2024/02079
|
|
|
2024 05 09 182/ШШ2024/02079
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О***** /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б**** ХК /РД:/-д холбогдох
Даатгалын нөхөн төлбөрт 95,977,241 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Х.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна.
Даатгуулагч Т.О***** нь 2023 оны 02 сарын 8-ны өдөр "Б****" ХК-тай "Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ" байгуулж **** УБЕ улсын дугаартай ********* арлын дугаартай Toyota Land Cruiser Prado 150 маркийн тээврийн хэрэгслийг даатгуулсан.
Иргэн А.Өлзийсайхан нь 2023 оны 07 сарын 3-ны өдөр **** УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчиж "Б****" ХК-ийн даатгасан **** УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан.
Дээрх зам тээврийн ослын улмаас даатгалын зүйлд учирсан хохирлын үнэлгээг 2023 оны 07 сарын 20-ны өдөр "Б ХХК нь 95,977,241 төгрөг болохыг тогтоосон.
Даатгуулагч Т.О***** нь 2023 оны 08 сарын 3-ны өдөр Б****" ХК-д хандаж гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгохыг хүссэн.
Гэвч "Б****" ХК нь 2023 оны 08 сарын 18-ны өдрийн 1С-18129 тоот албан бичгээр тухайн зам тээврийн улмаас даатгалын зүйлд учирсан хохирлыг "Даатгалын гэрээнд заагдаагүй тухайн багцад хамаарахгүй эрсдэлийн улмаас учирсан хохирол" гэх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн.
Ингэхдээ тухайн зам тээврийн ослыг судлан акт тогтоосон эрх бүхий этгээдийн 2023 оны 07 сарын 03-ны өдрийн "Зам тээврийн осол дээр тогтоосон акт", 2023 оны 07 сарын 25-ны өдрийн "Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл" зэрэг баримтаар тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэн, даатгалын гэрээний "Даатгалын эрсдэл, нэмэлт хамгаалалт, үйлчилгээ" хүснэгтийн 1 дэх мөрөнд байх "Зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн даатгалын зүйлд хохирол учрах" гэсэн заалтыг мушгин гуйвуулан тайлбарлаж татгалзах үндэслэлээ тодорхойлжээ.
Тодруулбал, тухайн даатгалын зүйл буюу даатгуулагчийн **** УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг "зам дээр" байх үед "тээврийн хэрэгслийн хөдөлгөөний" улмаас хохирол учирсан болохыг Хан-Уул Дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн а/а А.Г 2023 оны 7 сарын 3-ны өдрийн "Зам тээврийн осол дээр тогтоосон акт"-ын тусгай тэмдэглэл хэсэг, мөн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Ч 2023 оны 7 сарын 25-ны өдрийн "Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж, зорчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл"-ийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал хэсэгт тус тус "А.Ө**** жолоочтой амины эзэмшлийн Тоёота Хааяс маркийн **** УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь МУ-ын ЗХД-ын 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зорчиж Б.Б жолоочтой Тоёота Ланд круйзер прадо 150 маркийн **** УБЕ улсын дугаартай.......тээврийн хэрэгслүүдийг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь фото зураг, холбогдогч, хохирогч нарын мэдүүлэх, гар хүсэлт зэргээр тогтоогдож байна" хэмээн тодорхойлжээ.
Гэтэл даатгагч "Б****" ХК-ийн 2023 оны 08 сарын 18-ны өдөр 1С-18129 тоот албан бичгээр тухайн даатгалын зүйлд хохирол учирсан үйл явдал нь даатгалын зүйл зогсоол-д байх үед болсон гэх үндэслэлээр "даатгалын гэрээгээр хамгаалагдсан эрсдэл биш" гэж үзсэн нь:
Нэгдүгээрт, эрх бүхий байгууллага болох Замын цагдаагийн газрын дүгнэлт, тодорхойлолт, актыг эрс үгүйсгэсэн шинжтэй;
Хоёрдугаарт, нэг үйл явдлыг хоёр өөр эрх зүйн үр дагавар бүхий агуулгаар мушгин гуйвуулж тайлбарласан шинжтэй байна.
Өөрөөр хэлбэл, тухайн үйл явдал нь зам тээврийн осол гаргасан этгээдийн хувьд "зам тээврийн осол боловч мөргүүлсэн этгээд буюу хохирогчийн хувьд "зам тээврийн осол биш" гэж ойлгогдохоор хоёр өөр эрх зүйн үр дагавар үүсэх боломжтой байдлаар тайлбарласан нь даатгалын гэрээний холбогдох зохицуулалтыг илтэд мушгин гуйвуулж тайлбарласан байна. (Тодруулбал, зам тээврийн осол гэх эрх бүхий этгээдийн тогтоосон уйл баримт нь хохирогчийнхоо хувьд "зам тээврийн осол биш" байх боломжгүй)
Үүнээс гадна даатгуулагч Т.О***** нь уг тээврийн хэрэгслийг "А*****" ХХК-тай байгуулсан 2023 оны 1 сарын 19-ий өдрийн № тоот Зээлийн гэрээ"-ний дагуу "Т" ХХК-аас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон иргэний хуульд заасны дагуу фидуцийн гэрээ байгуулж тус "А*****" ХХК-ийн өмчлөлд түр хугацаагаар шилжүүлсэн.
Уг гэрээг байгуулах явцад зээлдэгчээс тавьсан шаардлагын дагуу тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдахдаа тус компанийн ажилтан З.Мөнхсайханы [email protected] цахим шуудангийн хаягаас 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цаг 55 минутад миний өөрийн *********** хаягт илгээсэн "Re; Бүрдүүлэх материал" гэх агуулгатай "даатгалын мэдээлэл илгээлээ" гэсэн өгүүлбэр бүхий цахим шуудангийн хавсралт Даатгал танилцуулга.jpg файлаар хүлээн авсан мэдээлэлд үндэслэн "Стандарт багц гэх даатгалын бүтээгдэхүүнийг сонгон төлбөрийг 2023 оны 02 сарын 08-ны өдөр 1,408,000 төгрөг шилжүүлэн "Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ"-г байгуулсан болно.
Энэхүү даатгуулагч надад ирсэн 2023 оны 01 сарын 18-ны өдрийн цахим шуудангийн хавсралт файлд байх даатгалын танилцуулгаас үзэхэд бидний сонгосон "Стандарт нөхцөл"-өөр хамгаалагдсан эрсдэл, нөхөн төлбөр олгох хувь нь "Зам тээврийн ослын үед хохирол учрах эрсдэлээс 100 хувь", "зогсоолд байх үед бусдын санаандгүй үйлдлээс хохирол учирсан бол 50 хувь" тус тус байсан.
Дээрхээс өөр байдлаар даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө болон гэрээ байгуулагдсанаас хойш Даатгагч "Б****" ХК-аас даатгуулагч надтай холбогдож даатгалын нөхцөл, татгалзах нөхцөл, зам тээврийн осол болон зогсоол талбайд байх үеийн эрсдэлийн тодорхойлолт, тайлбар, ялгааг тайлбарлаж танилцуулж байгаагүй, үүнтэй холбоотой ямар нэг бичиг баримтад гарын үсэг зуруулаагүй болно.
Харин талуудын хооронд "Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ" байгуулагдсан болохыг нотлох баталгааг миний бие 2023 оны 02 сарын 09-ны өдөр "А*****" ХХК-ийн ажилтан З.Мөнхсайханаар дамжуулж өөрийн ажиллаж буй компани болох Монгол улс, Улаанбаатар хот 210620а Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2 Сэнтрал Тауэр, 8-р давхар хаягт байлах "Ю**** ХХК-ийн байранд, ресепшнээр дамжуулан хүлээн авсан болно.
Гэвч даатгагч "Б****" ХК-иас өмнө нь над руу илгээж байсан танилцуулгад дурдсанаас өөр агуулга бүхий буюу Стандарт нөхцөл-өөр хамгаалагдсан эрсдэл, нөхөн төлбөр олгох хувь нь "Зам тээврийн ослын үед хохирол учрах эрсдэлээс 80 хувь", "зогсоолд байх үед бусдын санаандгүй үйлдлээс хохирол учирсан бол 0 хувь" гэх агуулга бүхий ямар нэг гарын үсэг зурагдаагүй, тамга тэмдгээр баталгаажаагүй даатгалын гэрээ гэх баримтыг ирүүлсэн байсныг Даатгуулагч миний бие нөхөн төлбөрийн хүсэлтдээ татгалзсан хариу авах үедээ мэдлээ.
Өөрөөр хэлбэл даатгагчийн татгалзлын үндэслэл болж буй даатгалын гэрээ нь даатгуулагч надтай байгуулагдаагүй даатгалын гэрээ байх бөгөөд уг гэрээний зохицуулалтуудыг, эрсдэл бүрийн ялгаа, нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдийг даатгагчаас надад тайлбарлаж, таниулсан зүйлгүй болно.
Энэ нь Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 03 сарын 11-ний өдрийн 114 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Даатгалын зах зээлийн ёс зүйн журам"-ын 3.3.3-д "Даатгагч, даатгалын зуучлагчийн ажилтан болон даатгалын төлөөлөгч нь даатгуулагчидтай даатгалын гэрээ байгуулахдаа тэдний эрх, үүргийн талаар тайлбарлаж, нөхөн төлбөр олгох болон олгохгүй байх нөхцөлийг мэдэгдэх, гэрээний ач холбогдлыг нь танилцуулах, хэрэв даатгалын тохиолдол гарсан талаар үйлчлүүлэгч хандсан бол зөвлөх, туслах зэргээр мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх" гэж заасныг,
мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт "Даатгалын багц дүрэм"-ийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ийн 7.2.2.в-д үйлчлүүлэгчээс даатгалын гэрээний эрх үүрэг, нөхөн төлбөр олгох болон олгохгүй нөхцөл, хязгаарлалт, ямар төрлийн даатгалын эрсдэлээс хамгаалагдах, даатгалын тохиолдол үүссэн үед хэрхэн арга хэмжээ авах, даатгалын гэрээний хугацаа дуусах, сунгах, цуцлах нөхцөл зэргийг ойлгосон эсэхийг тодруулсан асуулгын хуудсыг бөглүүлж, баримтжуулан хадгалах" гэж заасныг тус тус зөрчсөн байжээ.
Түүнчлэн Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д "Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөл"-ийг стандарт нөхцөл гэж үзэхээр заасан.
"Б****" ХК болон даатгуулагч бидний хооронд байгуулсан гэрээний хэвшсэн хэлбэр, хэрэглэгчид санал болгож байгаа арга зам, гэрээ байгуулах санал гаргагчийн үйл ажиллагааны онцлог зэргээс уг гэрээ нь бүхэлдээ стандарт нөхцөл бүхий гэрээ мөн билээ.
Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д "стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлах"-aap зохицуулсан байдаг.
Иймд даатгалын тохиолдол буюу даатгалын зүйлд хохирол учруулсан үйл явдлыг "Зам тээврийн осол биш" хэмээн тайлбарлаж байгаа нь даатгагч байгууллага болох "Б****" ХК нь даатгалын гэрээний эрх үүрэг, нөхөн төлбөр олгох болон олгохгүй нөхцөл, хязгаарлалт, ямар төрлийн даатгалын эрсдэлээс хамгаалагдах, даатгалын тохиолдол үүссэн үед хэрхэн арга хэмжээ авах, даатгалын гэрээний хугацаа дуусах, сунгах, цуцлах нөхцөл зэргийг ойлгосон эсэхийг тодруулсан асуулгын хуудсыг бөглүүлж, баримтжуулан хадгалах үүргээ биелүүлээгүй атлаа, стандарт нөхцөлөөр байгуулагдсан гэрээний заалтыг энгийн логик түвшинд ойлгож болох нөхцөлөөс өөрөөр тайлбарласан байна гэж үзэхээр байна.
Тодруулбал, уг даатгалын гэрээнд "Зам тээврийн осол" гэх эрсдэлийг тодорхойлохдоо "зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн даатгалын зүйлд хохирол учрах" гэснээс үзэхэд уг "зам тээврийн осол гэх" эрсдэл үүсэхийн тулд:
Нэгдүгээрт: даатгалын зүйл зам дээр байх;
Хоёрдугаарт, ямар нэг (даатгуулагчийн өөрийн эсхүл гуравдагч этгээдийн аль алиных нь хөдөлгөөн байх боломжтой) тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас даатгалын зүйлд хохирол учрах тус тус гэсэн хоёр үндсэн нөхцөлийг шаардсан байна.
Үүнээс үзэхэд тухайн даатгалын зүйлд хохирол учруулсан үйл явдал нь дараах байдлаар
Даатгалын гэрээний эрсдэл хэсгийн 1 дэх заалтаар тодорхойлсон "Зам тээврийн осол"-ын хоёр үндсэн нөхцөлийг дараах байдлаар хангаж байна. Үүнд:
Авто замын тухай хуулийн 4.1.1-д ""авто зам" гэж тээврийн хэрэгсэл зорчиход зориулан барьсан замын байгууламж бүхий хатуу, хайрган хучилттай зам, гудамж, засаж, сайжруулсан болон ердийн хөрсөн замыг" ойлгохоор заасан бөгөөд уг заалтаас үзэхэд "Авто зам" гэх ойлголтод тухайн тээврийн хэрэгсэл зорчих боломжтой бүхий л төрлийн замыг ойлгохоор байх бөгөөд уг ойлголтод замын байгууламж гэх ойлголт багтсан байна.
Мөн уг хуулийн 16.1 дэх хэсэгт Авто зам нь дараах хэсгээс бүрдэнэ:
16.1.1.зорчих хэсэг;
16.1.2.замын хөвөө;
16.1.3.замын байгууламж;
16.1.4.авто замын зурвас газар;
16.1.5. хяналт тавих зурвас газар;
16.1.6.авто замын тусгайлсан эгнээ
гэж тодорхой заажээ.
Түүнчлэн, Авто замын тухай хуулийн 4.1.11-д ""замын байгууламж" гэж бүх төрлийн гүүр, тавилан, гүүрэн гарц, унадаг дугуй болон явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчиход зориулсан зам, ус зайлуулах хоолой, шуудуу, хонгил, замын хөдөлгөөнийг зохицуулах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай төхөөрөмж, авто замын зурвас газарт байгаа төлбөр авах цэг, авто зогсоол болон бусад байгууламжийг" хэлэхээр заасан байдаг.
Эдгээр заалтуудаас үзэхэд тээврийн хэрэгсэл зорчих боломжтой бүхий талбай нь тээврийн хэрэгслүүд байнгын хөдөлгөөнтэйгөөр орших зориулалттай эсэхээс үл хамааран Авто замын тухай хуульд зааснаар "Зам" хэмээх ойлголтод хамаарахаар байна.
Энгийн логик ойлголтын түвшинд үүнийг тайлбарлавал тээврийн хэрэгсэл нь зогсоолд зогсож байхдаа ч замын хөдөлгөөнд оролцож байдаг бөгөөд тухайн зогсоолд орж зогсох, буцаж гарахын тулд заавал хөдөлгөөн хийх зайлшгүй шаардлагатай гэх агуулгаар ойлгох боломжтой байна. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл нь зориулалтын зогсоолд байхдаа ч бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өртөх боломжтой байдаг тул "Зам" хэмээх ойлголтод хамаарах талбайд байдаг бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулдаг "замын хөдөлгөөн"-д оролцож байдаг болно.
Түүнчлэн осол гаргагч нь зогсоолд зогсох үедээ ч замын хөдөлгөөний дүрмийг баримтлах шаардлагатай болох нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18-д ""замын зэргэлдээх нутаг дэвсгэр" гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө" гэж зааснаас тодорхой харагддаг.
Эдгээр зохицуулалтуудаас үзэхэд тухайн даатгалын зүйлд хохирол учирсан үйл явдал нь:
Нэгдүгээрт: Зам дээр болсон (Автозамын тухай хуулийн 4.1.11, 16-р зүйл); Хоёрдугаарт: гуравдагч этгээдийн буюу А.Өлзийсайханы **** УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн бий болжээ.
Өөрөөр хэлбэл даатгуулагчийн тээврийн хэрэгсэл зөвхөн тухайн цаг мөчид хөдөлгөөнд оролцоогүй байсан нь зам дээр байсныг үгүйсгэхгүй бөгөөд гуравдагч этгээдийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн-ий улмаас Зам тээврийн осолд өртөн хохирол учирсан гэж үзэхээр байна.
Энэ нь эрх бүхий этгээд болох Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч А.Г, байцаагч Б.Ч нарын "Зам тээврийн осол дээр тогтоосон акт", "Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл" гэх баримт бичгүүдээр тогтоогдож байна.
Түүнчлэн даатгуулагч Т.О***** би "Зам тээврийн ослын улмаас учирсан хохирол"-ыг 100 хувь уг "Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ"-ээр хамгаалагдсан эрсдэл гэж ойлгон "Б****" ХК-тай даатгалын гэрээ байгуулсан бөгөөд "зогсоолд байх үеийн эрсдэл" гэх ойлголт нь "тухайн зогсоолд байх үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдээгүй бусад байдлаар гуравдагч этгээдийн санаандгүй үйлдлийн улмаас учирсан хохирлыг ойлгоно" (гэхдээ тус эрсдэл нь 50 хувь хамгаалагдсан) хэмээн тус тус ойлгож даатгалын гэрээ байгуулсан бөгөөд гэрээний зүйл заалтыг өөрөөр ойлгох талаар Б****" ХК-аас ямар нэгэн байдлаар танилцуулж тайлбарлаагүй болно
Б****" ХК-аас ийнхүү даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөр олгох үүргээсээ татгалзсантай холбогдуулан миний бие Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд тус асуудлаар гомдол гаргасан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 9 сарын 25-ны өдрийн 9/3722 тоот албан бичгээр хариу ирүүлсэн бөгөөд уг албан бичигт дурдсанаар 2023 оны 10 сарын 02-ны өдрийн дотор Даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул нөхөн төлбөр олгохыг "Б****" ХК-д даалгаж шийдвэрлэсэн байна. Гэтэл тус компаниас өнөөдрийг хүртэл нөхөн төлбөрийг олгох эсэх асуудлаар бидэнд тодорхой хариу ирүүлээгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Даатгалын гэрээг танилцуулах үүргээ биелүүлээгүй атлаа даатгалын гэрээнд заасан эрсдэлүүдийг илт буруугаар мушгин гуйвуулж тайлбарлах замаар нөхөн төлбөр олгохоос татгалзсан "Б****" ХК-ийн шийдвэр нь үндэслэлгүй байх тул уг шийдвэрийг Даатгалын тухай хуульд заасны дагуу хянаж, **** УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 95,977,241 төгрөгийн нөхөн төлбөрийг олгохыг "Б****" ХК-д даалгаж өгнө үү. гэв.
2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч Т.О нэхэмжлэлтэй "Б****" ХК-ийн хариуцагчаар оролцож буй иргэний хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Даатгуулагч Б.Б болон Т.О***** нар "даатгуулагч" гэх/ нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр "Б****" ХК /цаашид "даатгагч" гэх/ -тай Тээврийн хэрэгслийн даатгалын стандарт гэрээ байгуулж Toyota Land Cruiser Prado J150 маркийн **** УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулсан.
Даатгуулагч нь "2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Комфорт плазагийн гадаа зогсоолд байршуулсан байсан Land Cruiser Prado 150 маркийн **** УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Toyota Hiaсе маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж мөргөн хохирол учруулсан" хэмээн нөхөн төлбөр олгохыг хүсжээ.
Даатгалын гэрээ болон холбогдох баримтуудыг судлан үзсэний үндсэн дээр нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.
Учир нь, Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт "даатгалын гэрээнд заагдаагүй, тухайн багцад хамаарагдаагүй эрсдэлийн улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй" гэж заасан.
Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа "стандарт багц"-ыг сонгож, гэрээний 2 дугаар зүйлд заасан тухайн хайн багцад хамаарагдах эрсдэлүүд болох "Зам тээврийн осол, Байгалийн эрсдэл, Ахуйн осол, Галын эрсдэл, Мал, амьтны полов, Жолоо шилжүүлэх үеийн эрсдэл, Шилний хохирол" зэрэг эрсдэлүүдээс хамгаалж даатгуулсан байна.
Тодруулбал, Гэрээний 2 дугаар зүйлийн 2.8 дахь хэсэгт "Тээврийн хэрэгсэл зогсоолд байх үед гуравдагч этгээдийн санаандгүй үйлдлийн улмаас учруулсан хохирол: Стандарт багц-0%" гэж заасанчлан тээврийн хэрэгслийг зогсоолд байх үед гуравдагч этгээдээс хохирол учруулах эрсдэл нь стандарт багц бүхий даатгалын гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэл байна.
Тухайн ослын гэм буруутай этгээд болох А.Ө нь даатгуулагчийн тээврийн хэрэгслийг зогсоолд байх үед мөргөсөн болох нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн замын хөдөлгөөний зохицуулагч А.Ганбаярын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн "Зам тээврийн осол дээр тогтоосон акт", "Даатгалын нэгдсэн шуурхай албаны үзлэгийн тэмдэглэл", ослын газрын гэрэл зургууд болон даатгуулагчийн мэдүүлэг зэргээр тогтоогддог.
Иймд, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзан шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, итгэмжлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 01 сарын 19-ний өдрийн №Автомашины зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2023 оны 06 сарын 22-ны өдрийн 01/2942 А***** ХХК-ийн хүсэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, кассын орлогын ордер, автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт, фото зургууд, 2023 оны 08 сарын 18-ны өдрийн №IC-18129 Б**** ХК-ийн даатгалын нөхөн төлбөрийн тухай, 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 9/3722 Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын нөхөн төлбөрийн тухай, Б**** ХК-ийн Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний танилцуулга, 2023 оны 09 сарын 14-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2023/ дугаар захирамж, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ хавсралт баримт, /хх4-34, 47, 108,/
4. Хариуцагч талаас гаргасан нотлох баримт: Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар, 2023 оны 08 сарын 18-ны өдрийн № Б**** ХК-ийн даатгалын нөхөн төлбөрийн тухай, № Хамтын ажиллагааны гэрээ, № Хамтын ажиллагааны гэрээ, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, баримт, баталгаа, /хх37-38, 43, 71-106/
5. Шүүхээр бүрдүүлсэн нотлох баримт: Үзлэгийн тэмдэглэл, А.Ө****гийн 2023 оны 07 сарын 03-ны өдрийн хохирол барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэсэн гар бичмэл, 2023 оны 09 сарын 14-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2023/16236 дугаар захирамж, 2023 оны 11 сарын 29-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2023/22201 дугаар захирамж, 2023 оны 12 сарын 14-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШТ2023/00786 дугаар тогтоол /хх114-117, 119-121, 127-131/ зэрэг баримтууд бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т.О***** хариуцагч Б**** ХК-д холбогдуулан Даатгалын нөхөн төлбөрт 95,977,241 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж хураамж төлсөн, зогсоол дээрх осол нь зам тээврийн осол тул нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж, хариуцагч татгалзлыг зогсоолын осол нь гуравдагч этгээдийн учруулсан хохирол тул нөхөн төлбөрт хамаарахгүй гэж маргаж байна.
2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Т.О***** нь даатгуулагч талыг, хариуцагч Практикал даатгал ХХК нь даатгагч талыг төлөөлөн 2023 оны 02 сарын 08-ны өдөр нэг жилийн хугацаатай даатгалын гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр А***** ХХК-иас зээлээр худалдан авсан УБЕ улсын дугаартай, Тоёото прадо 150 маркын суудлын тээврийн хэрэгслийг даатгуулан, хураамж төлж, даатгагч гэрээний дагуу даатгалаар хангахаар тохиролцож, эрх бүхий этгээдүүд гарын үсгээр баталгаажуулсан байна.
Талуудын гэрээний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд заасан Даатгалын гэрээний харилцаа үүссэн байх ба Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцсэн байна.
Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна, хуульд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.
Дээрх гэрээний зүйл нь даатгуулагчийн эд хөрөнгө байх ба талууд гэрээг бичгээр байгуулснаар тухайн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Талууд гэрээний зүйлийг В ангиллын тээврийн хэрэгсэл гэж тодорхойлсон бөгөөд даатгалын эрсдэлүүдийн 1 дүгээрт зам тээврийн осол буюу зам тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн даатгалын зүйлд учирсан хохирол гэж 8 дугаар зүйлд Бусдын санаандгүй үйлдэл буюу тээврийн хэрэгсэл зогсоолд байх үед гуравдагч этгээдийн санаандгүй үйлдлийн улмаас даатгалын зүйлд хохирол учрах гэж тус тус тусгажээ.
Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, хугацаа, хураамж зэргийн талаар маргаагүй харин даатгагдсан тээврийн хэрэгслийг зогсоолд байршуулсан үед учирсан тохиолдлыг даатгалын эрсдэл мөн эсэх талаар маргасан.
2023 оны 07 сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим нэхэмжлэгч Т.О***** өөрийн эзэмшлийн **** УБЕ улсын дугаартай, тоёото прадо 150 маркын суудлын тээврийн хэрэгслийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Говийн замд дагуу байрлах тээврийн хэрэгслийн зогсоол дээр байршуулсан үед нь иргэн Б.Ө**** 3466 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж тухайн зогсоол дээр байсан нэхэмжлэгч болон бусад иргэдийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь Зам тээврийн осол дээр тогтоосон акт, тухайн зам тээврийн осол гаргасан жолооч Б.Ө****г Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл ногдуулсан баримтаар тогтоогдож байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд "Зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж зааснаар жолооч Б.Ө****гийн зөрчлийг зам тээврийн осол гэж үзэхээр байна.
Хэдийгээр даатгалын зүйл болох тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн зогсоол дээр байрлаж байсан хэдий ч тухайн осол нь зам тээврийн осол болох талаар хуулиар зохицуулжээ.
Хариуцагч тал уг зам тээврийн ослыг гэрээний 8 дугаар зүйлд заасан Бусдын санаандгүй үйлдэл буюу тээврийн хэрэгсэл зогсоолд байх үед гуравдагч этгээдийн санаандгүй үйлдлийн улмаас даатгалын зүйлд хохирол учрах гэсэн хэсгийг үндэслэл болгосон хэдий ч энэ нь зам тээврийн ослоос бусад зүйлд хамаарахаар байна.
Иймд нэхэмжлэгч даатгалын нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж дүгнэлээ.
3. Б**** ХХК нь А***** ХХК-тай 2023 оны 06 сарын 01-ний өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр даатгуулагчийн худалдан авсан даатгалын зүйлд учирч болзошгүй аливаа эрсдэлээс үүдэн гарах хохирлыг даатгалын гэрээнд заасны дагуу даатгуулагчид эсвэл даатгалын гэрээнд заасан этгээдэд нөхөн төлөх ажиллагааг зохицуулсан байх ба энэхүү гэрээг үндэслэн Т.О*****, хариуцагч Б**** ХХК-ийг сонгож даатгалын гэрээ байгуулсан болохыг дурьдах нь зүйтэй.
Түүнчлэн даатгуулагч Т.О***** тээврийн хэрэгслийг даатгахдаа стандарт багцыг сонгож, хураамжид 1,408,000 төгрөг төлсөн байх ба талуудын байгуулсан гэрээнд зам тээврийн ослын эрсдэлийн стандарт багц нь 100 хувь нөхөн төлбөр төлөхөөр заажээ.
Нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг БанХас ХХК-иар үнэлүүлсэн тухайн байгууллага нь хохирлыг 95,977,241 төгрөгөөр үнэлснээр шаардлага гаргасан, хариуцагч тал үнэлгээний талаар маргаагүй тул тухайн үнэлгээний үнийн дүнг үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.О***** нь уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг зам тээврийн осол гаргасан жолооч Б.Өлзийсайханаас шаардаж харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч энэ нь даатгалын нөхөн төлбөрийн шийдвэрлэхэд хамааралгүй тул энэ талаар гаргасан тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
4. Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар хариуцагч Б**** ХК-иас даатгалын нөхөн төлбөр 95,977,241 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.О*****д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн төлсөн 637,836 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б**** ХК-иас 637,836 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.О*****д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН