| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 182/2019/01436/и |
| Дугаар | 1436 |
| Огноо | 2019-12-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 1436
Ч.Т-гийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 10 сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/01855 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ч.Т-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т ХХК--д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай маргаантай хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Т- нь 2011 оны 01 сарын 03-ны өдөр Хадгаламж банкны /хуучнаар/ удирдлагаас санал тавьсны дагуу Хаан банкнаас Хадгаламж банкны баруун хүрээ тооцооны төвд захирлын албан тушаалд шилжин орсноос хойш мэргэжлээрээ Хадгаламж, Төрийн банкинд үр бүтээлтэй ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа идэвх санаачлагатай, хариуцлагатай хандаж, өдөр тутмын ажил, үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн. Мөн удирдлагаас өгсөн үүрэг, даалгавруудыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, ажлын алдаа дутагдал, хариуцлага алдаж байгаагүй. Ийнхүү ажлын амжилт, идэвх санаачилга, үр бүтээлийг минь үнэлж Хадгаламж банкнаас улирлын төлөвлөгөөг давуулан биелүүлж, удаа дараа шагнуулж байсан. Ажиллаж байх хугацаанд үр бүтээлтэй сайн ажилласан учраас Баруун хүрээ тооцооны төвөөс Дөчин мянгатын тооцооны төвийн үйл ажиллагааг сайжруул, хэмээн 2014 оны 4 сарын 14-ний өдрийн Б/637 дугаар тушаалаар шилжүүлэн ажиллуулсан. 2015 оны 10 сарын 02-ны өдрөөс 2015 оны 12 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд байгууллагатай харилцан тохиролцож, жирэмсэн байсан учир 2 сарын цалингүй чөлөө авч байсан. Ингээд үргэлжлүүлэн төрөхийн өмнөх хүүхэд асрах чөлөө буюу жирэмсний амралтаа авсан. 2016 оны 01 сарын 21-ний өдөр хүү Б.Хангай төрсөн бөгөөд хүүхдээ төрүүлсний дараа хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу ажилдаа орох тухай өргөдлөө 2018 оны 01 сарын 22-ны өдөр Төрийн банкны төв салбарын хүний нөөцийн мэргэжилтэнд гаргаж өгсөн. Хүний нөөцийн мэргэжилтэн н.Алтанзул таны хүүхэд асрах хугацааны чөлөө олгосон тушаал гараагүй байна, таны 2 сарын чөлөө авсан тушаал гарсан байна гэсэн хариуг өгсөн. Тэгээд ажил олгогч хүүхэд асрах чөлөөг 2018 оны 7 сарын 24-ний өдрийн Б/1185 дугаар тушаалаар нөхөж гаргасан. Уг тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Ч.Т- нь 2018 оны 7 сарын 19-ний өдөр бичгээр хүсэлт гаргасан болгож, 2018 оны 3 сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 сарын 02-ны өдрийг дуустал хүүхэд асрах чөлөө олгосугай гэсэн утга бүхий тушаалыг нөхөж, гаргасан нь хууль бус гэж үзэж байна. Мөн Ч.Т- нь 2018 оны 9 сарын 24-ний өдөр дахин ажилдаа орох тухай өргөдөл гаргасан боловч хариуцагч нь байхгүй гээд өгсөнгүй, Туяад өөрт нь шаардлага хангахгүй хэлбэрээр байгаа. Хүн ажилдаа оръё гэж хүсээд байхад хүүхэд асрах чөлөө өгсөн нь ойлгомжгүй, түүнчлэн 2019 оны 01 сарын 21-ний өдөр чөлөөний хугацаа дууссан, түүнээс хойш Ч.Т-г ажилд нь авсан, чөлөөлсөн ямар нэгэн тушаал гаргаагүй. Харин 2019 оны 4 сарын 12-ны өдөр хуулийн хэлтсийн захирал Амарсанаа Ч.Т-г дуудан уулзаад түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэл болгон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай мэдэгдлийг бичгээр өгсөн. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар Ч.Т-гийн ажил, албан тушаал хадгалагдаж байх ёстой. 2015 оны 9 сарын 28-ны өдрийн А/347 тоот 40 мянгат тооцооны төвийг татан буулгасан тушаал шийдвэрээ Ч.Т-д танилцуулаагүй. Энэ тушаалаас нь үзвэл татан буугдах биш өөр нэгжтэй нэгтгэсэн гэж харагдаж байна. Энэ үеэс Ч.Т-д сарын өмнө мэдэгдэх ажиллагааг хийх байсан. Ч.Т-г ажилд авсан тушаал шийдвэр байхгүй байхад түүний нийгмийн даатгалын шимтгэлийг 2019 оны 4 сарыг дуустал төлсөн байгаа. Иймд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, Ч.Т-г ажлаас халсан тул түүнийг 40 мянгат тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 5 сарын 17-ны өдрийн Б/742 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 106 дугаар зүйлийн 106.2 дах заалтыг тус тус үндэслэн Ч.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 5 сарын 14-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох, хуульд заасны дагуу өөр ажил олж өгөхтэй холбоотойгоор ажлын байр санал болгохыг хүний нөөцийн газарт даалгаж шийдвэрлэсэн. Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2015 оны 9 сарын 28-ны өдрийн А347 тоот зарим нэгжийг татан буулгах нэгтгэх, өөрчлөх тухай тушаалаар Ч.Т-гийн ажиллаж байсан Дөчин мянгат тооцооны төвийг татан буулгаж, блансыг Чингэлтэй дүүрэг салбарт нэгтгэснээр Ч.Т-гийн ажиллаж байсан Дөчин мянгат тооцооны төвийн захирал гэх албан тушаал Төрийн банкны бүтцэд байхгүй болж, орон тоо хасагдсан. Үүнийг Ч.Т- тухайн үед өөрөө мэдсэн, тийм ч учраас цалингүй чөлөө авч, үргэлжлүүлэн жирэмсний амралтаа авсан. Тэрээр ажилд орох тухай өргөдөл гаргасан зүйл огт байдаггүй. Сүүлд нөхөж гарсан тушаал бол Ч.Т- өөрөө цалинтай ээж хөтөлбөрт хамрагдах зорилгоор хүсэлтээ гаргаж, тушаалаа нөхөн гаргуулж авсан байдаг. Ингээд Ч.Т-гийн хүүхэд 3 нас хүрсэн учир бид 2019 оны 4 сарын 12-ны өдөр гүйцэтгэх захирлын 2015 оны 9 сарын 28-ны өдрийн А/347 тоот зарим нэгжийг татан буулгах, нэгтгэх, өөрчлөх тухай тушаалаар 40 мянгат тооцооны төвийг татан буулгасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэн, тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 1 сарын дараа ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт зааснаар мэдэгдэж, мэдэгдлийг Ч.Т-д гардуулан өгсөн. Ингээд мэдэгдлийн хугацаа дууссан тул 2019 оны 5 сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарч, Ч.Т-д гардуулан өгсөн. Б/742 тоот тушаалд өөр ажил олж өгөхтэй холбоотойгоор ажлын байр санал болгохыг Хүний нөөцийн газарт даалгаж шийдвэрлэсний дагуу Ч.Т-д харилцааны менежерийн ажил, албан тушаалд ажиллахыг санал болгосон боловч хүлээн авахаас татгалзсан байдалтай байна. Ч.Т- нь 2018 оны 01 сарын 22-ны өдөр, 2018 оны 9 сарын 24-ний өдрүүдэд ажилдаа орох талаар өргөдөл гаргасан гэж хэлээд байгаа боловч уг өргөдөл нь манайд байхгүй, нэхэмжлэгч өөрөө уг тайлбараа нотолж баримтаа өгсөнгүй. Тиймээс ийм өргөдөл гаргаж байсан гэдэг нь худлаа гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт тус тус зааснаар Т ХХК--нд холбогдох дөчин мянгат тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Ч.Т-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Т- нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... дээрх тушаалын талаар нэхэмжлэгч Ч.Т- тухайн үедээ мэдсэн гэх хариуцагч талын тайлбар үндэслэлтэй байх бөгөөд тэрээр жирэмсэн байсны улмаас 2015 оны 10 сарын 02-ны өдрөөс цалингүй чөлөө авч ...” гэсэн байдаг. Гэтэл Ч.Т- би Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2015 оны 9 сарын 28-ны өдрийн А/347 дугаартай “Зарим нэгжийг татан буулгах, нэгтгэх, өөрчлөх тухай” тушаалыг тухайн үед мэдээгүй, энэ талаар Ч.Т-д мэдэгдсэн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэн дээрх дүгнэлтийг өгч, нэхэмжлэгчийг буруутгах агуулгаар дүгнэлт хийж, хэт нэг талыг барьж, нотлох баримт дээр үндэслэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Хэрэв дээрх тушаалын талаар Ч.Т-д үнэхээр мэдэгдсэн юм бол Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил, албан тушаалыг нь хэвээр хадгалах нөхцөл байдал үүсэхээс өмнө, Ч.Т-д чөлөө өгөлгүй байж байгаад ажлаас чөлөөлөх асуудлаа шийдвэрлэлгүй, чөлөөтэй байх хугацаанд нь ажлаас чөлөөлсөн болохыг шүүх анхаарч үзсэнгүйд гомдолтой байна. Учир нь Ч.Т- би Т ХХК--ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 10 сарын 02-ны өдрийн Б/1265 тоот тушаалаар 2015 оны 10 сарын 02-ны өдрөөс 2015 оны 12 сарын 02-ны өдөр хүртэл 2 сарын хугацаанд цалингүй чөлөөтэй байсан болно. Үүний дараа үргэлжлүүлээд жирэмсний болон амаржсаны амралт эдлэн, хүүхэд асарч байгаад 2018 оны 01 сарын 22-ны өдөр ажилдаа эргэн орохоор болсон боловч ажил олгогч нь үндэслэлгүйгээр ажилд аваагүй, ажилд нь томилсон талаарх баримт /тушаал/ байхгүй, ажил олгогчийн зүгээс холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг 2019 оны 5 сар хүртэл чөлөөтэй байсан хугацаанд төлж байсан хэмжээгээр төлсөөр ирсэн, мөн чөлөөний хугацаа дууссан гэж үзсэн бол хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд зааснаар ажил олгогч ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх ёстой байтал тэрхүү үндэслэлээр чөлөөлөөгүй байдаг. Энэ бүгдээс харахад Ч.Т- миний чөлөө үргэлжилж байсан болохыг харуулж байна. Өөрөөр хэлбэл, чөлөөтэй байсан болно. Гэтэл анхан шатны шүүх нь дээрх тушаал, шийдвэр гарах үед Ч.Т- нь чөлөөтэй байсан байна гэж дүгнэсэн атлаа дүгнэлттэйгээ нийцэхгүйгээр хуулийг тайлбарлан хэрэглэж, эсрэг шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зүйл заалтыг ноцтойгоор зөрчиж байна. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... тодруулбал дээрх цаг хугацаанд нэхэмжлэгч Ч.Т- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байсан байх боловч байгууллага өөрийн эрх хэмжээ, эрх бүхий этгээдийн шийдвэрийн үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар Дөчин мянгат тооцооны төвийг татан буулгаж байгаа үед Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан хориглосон зохицуулалтууд хамаарахгүй болно” гэж хуулийг хариуцагчид ашигтайгаар буруугаар хэрэглэн тайлбарласан. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад аж ахуйн нэгж байгууллага татан буугдах тохиолдолд ажил үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдах боломжгүйг зохицуулсан болохоос тухайн аж ахуйн нэгж, байгууллагын салбар нэгжийг татан буулгах тохиолдлыг зохицуулаагүй болохыг шүүх анхаарч үзэлгүй, хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил албан тушаалыг хэвээр хадгалах ёстой. Өөрөөр хэлбэл, хэдийгээр бүтэц, зохион байгуулалт хийх эрх нь тухайн хуулийн этгээдийн болон ажил олгогчийн эрх ч гэсэн дээрх тохиолдолд бол ямар ч үндэслэл байлаа гэсэн тухайн ажил албан тушаал алга болохгүй байж байх үүрэгтэй. Энэ бол хуулиар ажил олгогчид өгсөн үүрэг. Гэтэл ажил олгогч нь Ч.Т-г жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байхад нь бүтцийн өөрчлөлт хийж ажил, албан тушаалыг үгүй хийж, энэхүү үндэслэлээр ажлаас халсан нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчиж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл чөлөө дуусаагуй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй ...” гэсэн байдаг. Ч.Т- миний хувьд ажилдаа орохоор удаа дараа ажил олгогчид хандсан боловч ажил албан тушаалд нь эргүүлэн томилох нь байтугай ажлаас халсан тул ажилдаа эргэн орохоор шүүхэд хандсан болно. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл чөлөө дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байна. Гэтэл Төрийн банк нь дээрх зүйл, заалтад заасан орон тоог хасаагүй, ажилтны тоог цөөрүүлээгүй атлаа Ч.Т-г ажилд нь аваагүй нь хуулийг ноцтойгоор зөрчсөн байхад анхан шатны шүүх энэхүү хуулийн зүйл заалтыг хэрэглэлгүй шийдвэрлэсэн нь хууль бус байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ч.Т- нь хариуцагч Т ХХК--д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Ч.Т- нь 2014 оны 7 сарын 01-ний өдөр хариуцагч Т ХХК--ийн Хүний нөөцийн газрын захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулан, “Дөчин мянгат тооцооны төвийн захирлын албан тушаалд ажиллаж байгаад тус компанийн захирлын 2019 оны 5 сарын 17-ны өдрийн Б/742 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, Т ХХК--ийн гүйцэтгэх захирлын тушаал зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 18, 27, 30-р тал/
“Дөчин мянгат тооцоо”-ны төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа нэхэмжлэгч Ч.Т- нь 2015 оны 10 сарын 02-ны өдрөөс 2015 оны 12 сарын 02-ны өдөр хүртэл цалингүй чөлөө авч, үргэлжлүүлэн жирэмсний амралтаа авсан болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ. /хх-ийн 133-р тал/
Хариуцагч Т ХХК--ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 9 сарын 28-ны өдрийн А/347 дугаар тушаалаар “Дөчин мянгат тооцооны төв”-ийг татан буулгаж, балансыг Чингэлтэй дүүрэг салбартай нэгтгэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хариуцагч Т ХХК- нь нэхэмжлэгч Ч.Т-д 2019 оны 4 сарын 12-ны өдөр мэдэгдэж, 2019 оны 5 сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. /хх-ийн 39, 45, 46-р тал/
Иймд нэхэмжлэгч Ч.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй байх тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч Ч.Т-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасантай тус тус нийцжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо салбар, нэгж татан буугдсан талаар тухайн үед мэдээгүй, мэдэгдсэн талаар хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй гэх боловч ажил олгогч нь нэхэмжлэгч Ч.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:
1.Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/01855 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ С.ЭНХТӨР
Г.ДАВААДОРЖ