Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 122

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхжаргал

Хохирогч Н.О ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр

Шүүгдэгч Я.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хадныхан овогт Я.С холбогдох 201715000118   дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хадныхан овогт Я.С

Шүүгдэгч Я.С нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 22-23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 82-63 БНХ улсын дугаартай “Субару Форестер” маркийн автотээврийн хэрэгслийг жолоодон хот хоорондын хатуу хучилттай асфальтан замд Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийг чиглэн явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна; 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчиж, халтиргаа, гулгаатай замд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс зам тээврийн осол гаргаж, ослын улмаас тус автотээврийн хэрэгслээр зорчиж явсан О.М ын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Я.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “… Би 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн орчим Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу явж байгаад Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэрт баруун гуанзнаас 10 км зайд зам тээврийн осол гаргасан. Машинд 3 том хүн, 1 хүүхэд явсан. Машинд явсан О.М хүүгийн амь нас эрсдсэн нь миний буруугаас болсон. Их харамсаж гашуудаж байна. Би хохиролд 11726280 төгрөг төлсөн. Хохирлын өмнөх зардлуудыг бүрэн барагдуулсан байгаа. Харин нэмэлтээр өгсөн баримттай сая танилцсан. Сүүлд нэхэмжилсэн хохирлыг төлнө. Миний буруу…” гэв.

           Хохирогч Н.О  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “… Би талийгаач О.М аав нь байна. 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би эхнэр хүүхэд хоёроо Баянхонгор аймаг руу нийтийн тээврийн автобусанд суулгах гэж “Драгон”-ы вокзал дээр ирсэн. Гэтэл Баянхонгор аймгийн нийтийн тээврийн автобус явчихсан байсан. Тэгээд жижиг машин хайхад Я.С гэдэг жолоочтой таарч эхнэр хүүхдээ 16 цагийн орчим энэ машинд суулгасан юм. 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн оройн 22 цагийн орчим манай эхнэр Т.О над руу утсаар ярьж, осолд орчихлоо гэж хэлсэн. Тэгээд би ах дүү нартаа хэлж Улаанбаатар хотоос шөнийн 12 цагийн орчим Өвөрхангай аймаг руу гарч, үүрийн 5 цагт Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв эмнэлэгт ирэхэд хүүхдийн минь биеийн байдал их хүнд байсан. Ингээд 2017 оны 05 дугаар сарын 7-ны шөнө хүүхэд маань Өвөрхангай аймгийн эмнэлэгт өөд болсон. Хүүхдээ Баянхонгор аймаг руу 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нутаг руугаа авч явсан. Ингээд 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр талийгаачийн газарт нь явж 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүүхдээ нутагтаа нутаглуулсан…” гэв.

            Хохирогч Н.О ын мөрдөн байцаалтанд өгсөн: “… Би эхнэр Т.О хүү О.М нарын хамт Улаанбаатар хотын Налайх дүүргийн 7 дугаар хороо 9-13 тоотод оршин суудаг юм. Би өөрөө Улаанбаатар хотын “АПУ” ХК-д сантехникчээр ажилладаг. эхнэр Т.О  нь гэртээ хүү О.М хардаг байсан. 2017 оны 05 дугаар сарын  04-ний өдөр эхнэр, хүүхдээ Баянхонгор аймаг руу явуулахаар Улаанбаатар хотын Драгон дээр ирсэн. Манай эхнэр Т.Онь хүү О.М Баянхонгор аймаг руу өвөө, эмээ дээр нь хүргэж өгөхөөр явж байсан юм. Драгон дээр 14 цаг өнгөрөгөөд ирсэн. Эхнэр хүүхдээ автобусаар явуулна гээд ирэхэд 14 цагаас явдаг Баянхонгор аймгийн автобус явчихсан байсан. Тэгээд автобус явчихсан болохоор Баянхонгор аймаг руу явах жижиг тэргэнд суулгахаар болсон. Драгон дээр Баянхонгор аймгийн дугаартай машин байхаар нь очоод уулзтал зүс харсан Баянхонгор аймгийн залуу байсан, нэрийг нь мэдэхгүй сайн танихгүй ч зүс л харж байсан залуу баисан. Тэгээд тэр залуугаас Баянхонгор аймаг руу явах уу гэхэд тэр залуу “..одоо явлаа, хоолонд орчихоод гарлаа…” гэсэн. Тэр залууг хоолонд орчихоод гарна гэхээр нь би эхнэр хүүхэдтэйгээ ч гэсэн хоолонд орчихоод гарч  ирэхэд жолооч нь нэг залуугийн хамт машин дотроо бид нарыг хүлээгээд сууж байсан.  Тэгээд намайг эхнэр хүүхдээ суулгахад тэр машин хөдөлсөн. Намайг эхнэр хүүхдээ суулгаж өгчихөөд машин руугаа явж байхад манай эхнэр хүүхдийн суусан машин хөдлөөд явж байсан. Машинд манай эхнэр хүүхдээс гадна жолооч болох залуу, жолооч залуугийн хажууд нэг ах дөрвүүлээ хөдөлсөн. Тэр машиныг “Драгон” дээрээс хөдлөхөд ойролцоогоор 15 цаг л өнгөрч байсан байх. Гэхдээ би цаг хараагүй. Машин нь хөдлөөд Улаанбаатар хотоос гараад явж байна гээд эхнэр Т.О над руу залгасан. Замдаа явж байгаад эхнэр Т.О над руу замдаа явж байгаа талаар залгаж хэлсэн. Гэхдээ хэдэн цагийн орчимд залгасан, хаана явж байгаа талаар залгаж хэлснийг би одоо санахгүй байна. Тэгээд орой 23 цагийн орчимд эхнэр Т.О над руу залгаад “...Өвөрхангайн нутаг осолд орчихлоо…” гэж хэлсэн. Эхнэр Т.О ах, эгч нар нь бүгдээрээ мэдсэн байсан. Тэгээд би Налайх дүүргээс гараад эхнэр Т.О ах эгч нартай нь хамт Улаанбаатар хотод уулзаад шөнийн 00 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос гарсан. Өвөрхангай аймгийн төвд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн өглөөний 07 цагийн орчимд ирсэн. Намайг ирэхэд манай хүү О.М нь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ухаангүй эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байсан. Тэгээд 3 хоноод 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн орой 23 цаг өнгөрч байхад нас барсан.  … Намайг уулзахад тэр залуугаас архи согтууруулах ундааны ямар нэгэн зүйл үнэртээгүй. “SUBARU Forester” маркийн автомашин байсан. Улсын дугаарыг тухайн үед харж л байсан, одоо бол санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

Гэрч Т.О мөрдөн байцаалтанд өгсөн: “… Би нөхөр Н.О , хүү О.М хамт Улаанбаатар хотын Налайх дүүрэгт амьдардаг юм. Тэр өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би хүү О.М ыг Баянхонгор аймагт амьдрах хадам аав Нацагдорж, хадам ээж Тунгалаг нар дээр аваачиж өгөхөөр Баянхонгор аймаг руу явсан. Улаанбаатар хотын Драгон дээрээс манай нөхөр Н.О  хүү бид хоёрыг Баянхонгор аймаг руу явах жижиг автомашинд суулгаж өгсөн. 14 цагийн автобусаар явах гэж байтал автобус явчихсан байсан болохоор жижиг машинд суухаар болсон юм. Манай нөхөр Баянхонгор аймгийн дугаартай автомашины жолоочтой очиж уулзаад хүү бид хоёр тэр машинд суугаад явахаар болсон. Жолооч нь хоол идчихээд гарна гэсэн болохоор нөхөр Н.О , хүү О.М бид гурав ч гэсэн хоол идчихээд гараад иртэл жолооч нь нэг эрэгтэй хүний хамт машиндаа суусан байсан. Хажууд нь суусан эрэгтэй жолоочийг бодвол арай настай хүн байсан. Тэгээд хүү бид хоёрыг машинд суухад тэр машин хөдөлсөн. Бид нар Драгон дээрээс 16 цаг жаахан өнгөрөөгөөд л хөдөлсөн байх. Хүү бид хоёрын сууж явсан автомашины улсын дугаарыг тухайн үед санаж л байсан юм. Одоо мартсан байна, ямар ч байсан “SUBARU Forestor” маркийн автомашин байсан. ... Арын суудал дээр би хүүгийнхээ хамт 2-лаа суугаад Улаанбаатар хотоос 4-лээ гарсан. Замдаа явж байгаад би зогсоогоод хүүхдээ бие засуулаад, Сансар дээр ирээд дэлгүүрээс ус аваад хөдөлсөн. Улаанбаатар хотоос гарахдаа жолооч нь хажуудаа сууж байгаа хүнтэйгээ “...би ахтай ярилаа. Баянхонгор, Өвөрхангай аймгийн зам шуургатай эвгүй байгаа гэнэ...” гэж хэлж байсан. Тэгтэл хажууд нь сууж явсан хүн нь “Онцгой байдал зарласан юм уу” гэж асуухад жолооч нь “...үгүй юм шиг байна...” жолооч нь “... 23 цаг гэхэд л Баянхонгор аймгийн төв орчихмоор байна...” гээд яриад байсан. Тэгээд нилээн хурдтай явсан. Нэг харахад л автомашины милл нь 120 гарчихсан яваад байсан. Сансраас хөдлөөд зогсолгүй явсаар байгаад Өвөрхангай аймаг дээр зогссон. Би жолоочид нь “Өвөрхангай аймаг дээр хоол идэх үү” гэхэд жолооч нь “...хоол идэхгүй, одоо орохын хооронд хэрэггүй биз дээ” гэсэн. Өвөрхангай аймагт ирэхэд 21 цаг л өнгөрч байсан байх гадаа харанхуй болчихсон байсан. Тэгээд Өвөрхангай аймагт дөнгөж орж ирээд клонктой дэлгүүрийн гадаа зогссон. Дэлгүүр лүү жолоочийн хажууд сууж явсан ах нь ороод ус ундаа аваад гарч ирж байгаа харагдсан. Тэгээд Өвөрхангай аймгийн төвөөс гараад хэдэн км явсныг мэдэхгүй байна  утасны сүлжээ орж гараад байсан. Ямар ч байсан баруун гуанз нилээн өнгөрсөн байсан. Тэгээд машин нь явж байгаад хоёр тийшээ дайвалзаад цас, мөсөн дээр шарваад байсан. Тэгэхээр нь би сандраад машиных нь миллийг хальт хартал 100 гарчихсан байсан. Яг хэдтэй явж байсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан 100 гарчихсан байсан. Машин дайвалзах үед хажууд нь сууж явсан хүн орилоод хүүе ээ хурдаа хурдан багасгаач ээ болиоч ээ” гээд л орилоод байсан. Машинд суугаад хүүхдээ тэврээд явахад тухгүй хүүхэд уйлаад байсан болохоор хажуудаа тавиад толгой доор нь юм ивээд унтуулсан байсан юм. Тэгээд л би сандраад хүүхдээ тэврэх гэтэл юу юугүй машин нь өнхөрчихсөн. Тэгээд сандраад хүүхдээ тэврээд авах гэтэл машин өнхөрч байсан болохоор манай хүүхэд ийш тийшээ шидэгдээд надад баригдахгүй байсан. Тэгээд л машин нь дээшээ хараад замын хажуу руу унасан. Аль тал руу нь унасныг би санахгүй байна. Машин нь дээшээ хараад унахад манай хүү цонхоор нь шидэгдсэн бололтой машины баруун талд гадаа доошоо хараад хэвтэж байсан. Тэгээд би машины баруун талын хойд талын цонхоор гараад хүүгээ аваад “...миний хүү миний хүү...” гээд хашхираад тэврэхэд миний хүү уйлаагүй, гүнзгий амьсгалаад байсан. Машины баруун талын хойд талын цонхны шил нь хагарчихсан байсан юм. Манай хүү О.М амьсгалаад байх шиг байхаар нь би хүүгээ ухаантай байна гэж бодсон. Hүүp толгой хамар амнаас нь нил цус гарсан байсан. Утасны сүлжээ барихгүй орж гараад байсан болохоор би жолоочийн утсыг аваад өөрийн ээж болох Ж руу ярьсан. Дараа нь нөхөр Н.О  руу осолд орсон талаар хэлсэн. Тэгээд хүүхдээ тэврээд зам дээр гараад машин хартал аль аль талаасаа машин ирэлгүй 20-30 минут хүлээсэн. Тэгээд Улаанбаатар хот руу явж байгаа Баян-Өлгий аймгийн Фаз нэртэй автобусанд машины жолооч, хүүгийнхээ хамт суугаад колонк дээр буугаад клонкоос таксидаад Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр ирсэн. Эмнэлэгт ирэхэд манай хүү О.М нь ухаангүй байсан. Тэгээд эрчимт эмчилгээний тасагт ухаангүй байж байгаад 4 дэх хоног дээрээ нас барсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 88-90 дүгээр хуудас/,

Гэрч А.Л мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн эхнэр Найгалмаагийн дүү болох Я.С-ын хамт Улаанбаатар хот руу япон хэлний дамжаанд сурахаар явсан. Явахдаа 82-63 БНХ улсын дугаартай, Subaru Forester маркийн автомашинтай явсан. Улаанбаатар хотод очиход япон хэлний дамжаа нь хүнээ бүртгээд дууссан байхаар 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймаг руу буцахаар болсон. Тэгээд үдээс хойш Баянхонгор аймаг руу явахаар Драгон дээр Я.С, С найз С нарын хамт ирсэн. Хэдэн цагт ирснийг мэдэхгүй, цаг хараагүй. Тэгээд хоол идэхээр гуанзанд ороод сууж байтал Я.С гаднаас орж ирээд “...Баянхонгор аймаг руу нэг хүн цуг явъя гэж байна...” гэж байсан. Тэгээд бид нар хоол идчихээд С ажил руугаа яваад Я.С бид хоёрыг машиндаа сууж байтал цуг явна гэсэн хүмүүс нь ирээд цонх тогшоод “...ачаагаа хийе...” гэсэн. Тэгээд машинд хүүхдтэй хүүхэн суулгаад цуг ирсэн эрэгтэй нь явсан. Тэгээд Я.С машинаа бариад, би жолоочийн хажуугийн урд талын суудал дээр суугаад, арын суудал дээр Т.О хүүхдийнхээ хамт суусан. Тэгээд Драгон дээрээс хөдөлсөн. Хэдэн цагт хөдөлснийг мэдэхгүй байна, би цаг хараагүй. Драгон дээр хүлээж байсан хүнээсээ юмаа авчихаад хөдлөөд шууд Баянхонгор аймаг руу гарсан. Явж байгаад замдаа нэг зогссон. Тэгээд Сансар дээр ирээд бие засцгаагаад Т.О дэлгүүр орчихоод Сансар дээрээс хөдөлсөн. Сансар дээр ирэхэд гадаа харанхуй болоогүй байсан. Тэгээд Сансраас хөдлөөд замдаа зогсолгүй шууд Өвөрхангай аймагт орж ирсэн. Өвөрхангай аймагт орж ирээд “Их богд” гэх дэлгүүрийн гадаа зогсоод би хүүхдүүддээ чихэр аваад би “...манайхаан хоолонд орох уу...” гэхэд Я.С “...яасан ч яахав...” гэхэд Т.О нь “...ойрхон юм чинь гүрийчихье...” гэсэн. Тэгээд би дэлгүүрээс авсан тортой юмаа хойд талын цонхон дээр тавиулахаар эргээд хартал хүүхэд нь зүүн талын хаалга руу /миний сууж байсан суудлын ард толгойгоо харуулчихсан унтаж байсан. Т.О өөрөө гар утсаараа оролдоод сууж байсан. Намайг “Их богд” гэх дэлгүүр лүү ороход худалдагч нар нь хоорондоо “...23 цаг болох гэж байна, дэлгүүрээ хаая...” гээд яриад байсан. Тэгэхээр нь би “...23 цаг л болох гэж байгаа юм байна...” гэж бодсон. Би өөрөө бол цаг хараагүй. Гадаа харанхуй болсон байсан. Тэгээд “Их богд” дэлгүүрийн гаднаас хөдлөөд машиндаа хуучин байрлалаараа суугаад явсан. Тэгээд явж байгаад Морины шүтээний цаахна талд машин нь шарваад замын зүүн гар тал руу дээшээ хараад унасан. Машин унасан хойно харахад Т.О нь хүүхдээ тэвэрчихсэн орилж хашхираад Я.С хажууд нь зогсож байсан. Машин нь ертөнцийн зүгээр баруун урд зүг рүү дээшээ харсан байдалтай байсан. Миний сууж явсан талын /зүүн гар талын/ цонхнууд нь хагарсан байсан. Я.С ирээд жолоочийн талын арын /баруун талын хойд талын/ хаалгыг онгойлгоод намайг гаргасан. Тэгээд машинаас намайг гараад ирэхэд Т.О  нь надад хүүхдээ өгөөд Я.С ын хамт сүлжээ хайхаар явсан. Тэгээд тэр хоёрыг зам дээр утсаар яриад байж байхад баруун талаас автобус ирсэн. Тэгээд тэр автобусыг зогсоогоод Я.С, Т.О хүүхэдтэйгээ суугаад явсан. Би машин дээр нь үлдсэн. Тэгээд намайг машин дээр байхад цагдаа нар ирээд үзлэг хийсэн...” /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

Гэрч П.Ж-н мөрдөн байцаалтанд өгсөн: “… 2017 оны 05 дугаар сарын 04-ний оройн 22 цагийн үед надад манай охин болох Т.О утсаар залгаад Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу жижиг тэргээр явж байгаад Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт аваарт орчихлоо гэж хэлсэн. Надад болохоор сүлжээнд орж ирээд залгаж байна гэж хэлсэн. Тэгэхээр тэд нар 22 цагаас өмнө осолд орсон байсан байх. Тухайн үед машиныг жолоодож явсан жолооч, манай охин хүүхэдтэйгээ /О.М /, бас нэг хүн нийт 3 том, 1 хүүхэд явж байсан гэсэн. Тэгээд миний хүүхдийн бие нь зүгээр үү гэж хэлэхэд манай охин Т.О  би зүгээрээ харин О.М  ухаангүй байна гэж хэлээд утсаа салгасан юм. Би Тунгалаг руу дүү чинь осолд орсон байна чи утсаар яриадах гэж хэлсэн юм. Тэгээд эндээс Тунгалаг Өвөрхангай аймаг руу гараад тэр шөнө очсон өөр надад мэдэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 98 дугаар хуудас/,

Гэрч Т.Тунгалагийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 05 дугаар сарын 04-ний орой найз болох Т.О ийн гэрт хүнтэй утсаар яриад сууж байхад дүү болох Т.О  надад утсаар залгасан байсан юм. Тэгээд би түүний залгасан дуудлагын харчихаад буцаад дүү рүүгээ залгах гээд сууж байхад ээж Жавзандулам над руу залгаад Т.О  Улаанбаатар хотоос наашаа Баянхонгор аймаг руу явж байгаад зам тээврийн осолд орсон байна чи залгаадах гэж хэлсэн юм. Тэгэхлээр нь би буцаад Т.О  рүү залгахад Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг явах замдаа Өвөрхангай аймгийн газар нутагт осолд орсон байна гэж хэлээд учир зүггүй уйлаад байсан юм. Тэгэхээр нь би түүнд за миний дүү жоохон тайвшир эгч нь эргээд залгая гэж хэлсэн юм. Тэгээд би анх залгаж холбогдсноос хойш ойролцоогоор 30-40 минутын дараа залгасан юм. Тухайн үед өөр машинд суугаад Өвөрхангай аймгийн эмнэлэг рүү явж байна гэж хэлсэн. О.М  ухаангүй байна гэж уйлаад байсан юм. Тэгээд тус өдрийн 23 цагийн үед найз болох Батсайханы машинаар Баянхонгор аймгийн төвөөс Өвөрхангай аймаг руу гараад Өвөрхангай аймгийн төв рүү шөнийн 02 цаг өнгөрч байхад яваад очсон.  Тэнд яваад очиход Өвөрхангай аймгийн эмнэлгийн төвийн эрчимтэй тасалгаанд О.М ыг оруулж хэвтүүлсэн байсан юм. Манай дүү Т.О  өөрөө О.М ыг сахиад сууж байсан юм. Тэгээд юу болсон талаар түүнээс асуухад Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу замын унаагаар /жижиг тэргээр/ явж байсан юм. Тэгээд хотоос гараад Өвөрхангай аймгийн газар нутгаар явж байгаад осолд орсон гэсэн. Осолд орсон шалтгааныг болохоор тухайн үед халтиргаа, гулгаатай замд хурдаа хэтрүүлж явснаас болж осолд орсон гэж хэлсэн. Манай дүү Т.О ийн хүүхэд нь болох О.М ын хамт тээврийн хэрэгслийн хойд талын суудалд зорчиж явсан юм шиг байгаа юм. Тэгсэн манай дүү хэсэг зүүрмэглэхэд хальт ийм зүйл сонсогдсон гэсэн тээврийн хэрэгслийн урд зорчиж явсан хүнээс новшоо хэлээд байхад чинь хурдаа хасаач ээ гэж хэлсэн гэсэн. Тэгээд л нэг мэдэхэд машин онхолдсон байсан гэсэн. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч Улаанбаатар хотоос гарахаасаа эхлээд маш хурдтай явж байсан гэсэн. О.М ын зүүн талын шанааны хэсэг нь баахан зүсэгдсэн байдалтай байсан. Т.О  болохоор машины шилэнд зүсүүлсэн гэж хэлж байсан. Зүсэлтийн хэмжээ нь нэлээн том байсан. Тухайн үед нийт 3 том хүн 1 хүүхэд явж байсан гэсэн. Бид нарыг очиход тэнд тухайн тээврийн хэрэгслийн туслах жолооч талд сууж явж байсан залуу болон жолоодож явсан жолооч нь бас байсан юм. Би тэгээд тэр жолоочоос чи ийм халтиргаа гулгаатай замд хурдаа тохируулж явахгүй яасан бэ гэж асуухад харин тиймээ л гэж хэлсэн. Маргааш нь дүүгээсээ юу болсон талаар асуухад О.М ыг машины гадна талд хэвтэж байхад авсан гэсэн юм. Мөн машин дайвалзахад О.М  машин дотор байсан зүйлсүүдийг мөргөж байсан гэж хэлсэн. О.М ыг аль цонхноос гадагшаа шидэгдэж гарсныг нь мэдэхгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 99-100 дугаар хуудас/,

Гэрч Д.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тухайн өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орой би хүүхдийн жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байсан.  Намайг ажил дээр байхад яаралтай тусламжийн сувилагч болох Б.Б над руу утсаар яриад “...ослын улмаас гэмтсэн хүнд хүүхэд ирлээ...” гэхээр нь яаралтай түргэн тусламжийн өрөөнд очиход зүүн талын шанаанд нь шил шигдчихсэн, нүүр хэсэг нь цус болчихсон, ухаангүй хүүхэд байсан. Хүүхдийг үзэхэд ухаангүй, орчинд харьцаагүй, захад пульсгүй, сатураци 53 процент байсан. Ямар ч амьсгал байхгүй байсан учраас хиймэл амьсгаа хийсэн. Тэгэхээр нь хүүхдийн хувцасыг тайлаад хамгийн түрүүнд судсаар нь натри 250 граммыг хийгээд, өвчин намдаах аналгин демадрол судсаар хийж эрчимт эмчилгээний эмч Б орж ирсэн байсан болохоор цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавьж шаардлагатай эмчилгээнүүдийг хийсэн. ... Гэмтлийн гаралтай тархины хүнд гэмтэл гэсэн онош тавьсан. О.М  гэх хүүхдийг хүлээн авсны дараа зохих эмчилгээг яаралтай хийгээд тархийг нь компьютерт харахад тархины гавал яс ар дагз хэсгээрээ салсан, 2-3 газар хугаралтай, салсан хэсгээрээ тархины эд гадагш юүлэгдэх хандлагатай, тархмал цус хуралт, няцрал ихтэй байсан. ЭХО-д харж хэвлийг шалгахад хэвлийд ажиглагдах сул шингэн байгаагүй. Рентгенд хавирга болон цээжний гэмтлийг шалгах гэсэн боловч хүүхдийн биеийн байдал маш хүнд байсан учраас ээж Т.О т нь танилцуулж эрчимт эмчилгээний тасагт хүргэж зохих эмчилгээг хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101 дүгээр хуудас/,

            Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “… Би тухайн өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах тасагт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгээд оройн 23 цаг 30 минутын орчимд гаднаас ээж нь хүүхдээ тэвэрчихсэн орж ирсэн. Хүүхдийг нь үзэхэд нүүр шалбараад цус болчихсон, толгой нь хагарчихсан, ухаангүй байдалтай байсан. Хүүхдийг ухаангүй болохоор нь жижүүр эмч болох Д.Т эмчийг дуудаад хүүхдийн эмчийг ирж байх хооронд нь хүүхдийн зүүн гар, баруун хөл хоёрт уян зүү тавьсан. Тэгээд Д.Т эмч орж ирж үзээд цээжний массаж хийж амбуудаж амьсгал өгөх зэрэг сэхээн амьдруулах үйл ажиллагаа хийсэн. Тэр хооронд бусад жижүүр эмч нарыг дуудсан байсан болохоор дуудсан эмч нар орж ирсэн. Тэгээд шаардлагатай бүх эмчилгээг хийсэн. Сэхээний эмч цагаан мөгөөрсөн хоолойд нь амьсгалын гуурс тавьж зохих эмчилгээг хийж эхэлснээс хойш 10 гаран минутын дараа амьсгал бага зэрэг орж ирсэн, гэхдээ хүүхэд ухаангүй хэвээрээ байсан. Яаралтай хийвэл зохих эмчилгээнүүдийг хийж шинжилгээ хийлгэн сэхээний тасагт шилжүүлсэн. Тэгээд би хүлээн авах руу буусан. Ахиж тэр хүүхэд эмчилгээ хийгээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 102 дугаар хуудас/,

Техникийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №127 дугаартай: “... 1. 82-63БНХ улсын дугаартай Subaru Forester маркийн автомашин жолоодож явсан Я.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм журам зөрчсөн байх үндэслэлтэй. 2. 82-63БНХ улсын дугаартай Subaru Forester маркийн автомашин жолоодож явсан Я.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 9 дүгээр бүлгийн 1 дүгээр заалт “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа, ачаа замын болон цаг агаарын нөхцөл. хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...” гэснийг, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3б дахь заалт “...Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3. Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Б 2017 оны 05 дугаар арын 05-ны өдөр гаргасан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна. 4. 82-63БНХ улсын дугаартай Subaru Forester маркийн автомашин жолоодож явсан Я.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 714801 дугаартай В.С.Е ангилалын үнэмлэхтэй байна. Лавлагааны хуулбарыг хавсаргав. 5. Зам тээврийн осол гарах үед уг тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. 6. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан тээврийн хэрэгслийн мөр нь тормозны мөр биш автомашины шарвалтын мөр учраас хурдыг тогтоох боломжгүй байна. 7. Шарвалтын мөрөөр хурдыг тогтоох боломжгүй учраас осол болохын өмнө 82-63 БНХ улсын дугаартай Subaru Forester маркийн автомашин нь хэдэн км/цагийн хурдтай явж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. 8. 82-63 БНХ улсын дугаартай Subaru Forester маркийн автомашины дугуй нь осол гарахаас өмнө нь буюу осол гарсаны дараа хагарсан эсэхийг тогтоох боломжгүй байна. 9. Тухайн зам тээврийн осол нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 1 дүгээр заалтыг зөрчиж явснаас гарсан байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 124 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаартай: “... О.М -н цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр духны ясны заадасны 2 ухархай руу орсон хугарал, зулай ясны цөмөрсөн хугарал, баруун чамархай яс, зүүн чамархай ясны салсан хугарал, тархины няцралт, уртавтар тархины шаантагласан цус харвалт, хуйхны цус хуралт, зүүн шанаа, хацар, чихний дэлбэнгийн зулгаралт, зүүн шанаа, чамархай хэсгийн мэс заслын оёдолтой шарх, 2 нүдний зовхи, ахар сүүлний хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь тархины гэмтлийн улмаас нас барсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 129-131  дүгээр хуудас/,

            Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 154 дугаартай: “... Т.О ийн биед тархины доргилт, хуйх, цээжний баруун хэсгийн зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэтэл байх магадлалтай. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 104 дүгээр хуудас/,

            Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 155 дугаартай: “... А.Л биед баруун дал мөрний хэсгийн цус хуралт, баруун мөр, нурууны зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэтэл байх магадлалтай. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 109 дүгээр хуудас/,

            Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 157 дугаартай: “... Я.С ын биед ар нурууны хэсгийн зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэтэл байх магадлалтай. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 118 дугаар хуудас/,

Монгол улсын шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4816 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн “Я овогтой С нас 27 нас эр РД: ВЙ90081111” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт. /хх-ийн 114 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8 дугаар хуудас/,

Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-13 дугаар хуудас/,

Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14, 21 дүгээр хуудас/,

Хураан аван тогтоол, тэмдэглэл /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 23 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол тэмдэглэл /хх-ийн 24-25, 42-43 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

Зам тээврийн осолд тогтоосон акт схем зураг /хх-ийн 121-122 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол...” /хх-ийн 183 дугаар хуудас/,

Шүүгдэгч Я.С ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн165-166, 176 дугаар хуудас/,

Шүүгдэгч Я.С ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 164 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Я.С ыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 160-161, 163, 185-186 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Я.С нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 22-23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 82-63 БНХ улсын дугаартай “Субару Форестер” маркийн автотээврийн хэрэгслийг жолоодон хот хоорондын хатуу хучилттай асфальтан замд Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийг чиглэн явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна; 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчиж, халтиргаа, гулгаатай замд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс зам тээврийн осол гаргаж, ослын улмаас тус автотээврийн хэрэгслээр зорчиж явсан О.М ын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.О ын “… 2017 оны 05 дугаар сарын  04-ний өдөр эхнэр, хүүхдээ Баянхонгор аймаг руу явуулахаар Улаанбаатар хотын Драгон дээр ирсэн. ... Тэгээд намайг эхнэр хүүхдээ суулгахад тэр машин хөдөлсөн. ... Машинд манай эхнэр хүүхдээс гадна жолооч болох залуу, жолооч залуугийн хажууд нэг ах дөрвүүлээ хөдөлсөн. ... Орой 23 цагийн орчимд эхнэр Т.О  над руу залгаад “...Өвөрхангайн нутаг осолд орчихлоо…” гэж хэлсэн. Эхнэр Т.О иин ах, эгч нар нь бүгдээрээ мэдсэн байсан. Тэгээд би Налайх дүүргээс гараад эхнэр Т.О ийн ах эгч нартай нь хамт Улаанбаатар хотод уулзаад шөнийн 00 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос гарсан. Өвөрхангай аймгийн төвд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн өглөөний 07 цагийн орчимд ирсэн. Намайг ирэхэд манай хүү О.М  нь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ухаангүй эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байсан. Тэгээд 3 хоноод 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн орой 23 цаг өнгөрч байхад нас барсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62/, гэрч Т.О ийн “… Өвөрхангай аймгийн төвөөс гараад хэдэн км явсныг мэдэхгүй байна утасны сүлжээ орж гараад байсан. Ямар ч байсан баруун гуанз нилээн өнгөрсөн байсан. Тэгээд машин нь явж байгаад хоёр тийшээ дайвалзаад цас, мөсөн дээр шарваад байсан. Тэгэхээр нь би сандраад машиных нь миллийг хальт хартал 100 гарчихсан байсан. Яг хэдтэй явж байсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан 100 гарчихсан байсан. Машин дайвалзах үед хажууд нь сууж явсан хүн орилоод хүүе ээ хурдаа хурдан багасгаач ээ болиоч ээ” гээд л орилоод байсан. Машинд суугаад хүүхдээ тэврээд явахад тухгүй хүүхэд уйлаад байсан болохоор хажуудаа тавиад толгой доор нь юм ивээд унтуулсан байсан юм. Тэгээд л би сандраад хүүхдээ тэврэх гэтэл юу юугүй машин нь өнхөрчихсөн. Хүүхдээ тэврээд авах гэтэл машин өнхөрч байсан болохоор манай хүүхэд ийш тийшээ шидэгдээд надад баригдахгүй байсан. Тэгээд л машин нь дээшээ хараад замын хажуу руу унасан. Аль тал руу нь унасныг би санахгүй байна. Машин нь дээшээ хараад унахад манай хүү цонхоор нь шидэгдсэн бололтой машины баруун талд гадаа доошоо хараад хэвтэж байсан. Би машины баруун хойд талын цонхоор гараад хүүгээ аваад “...миний хүү миний хүү...” гээд хашхираад тэврэхэд миний хүү уйлаагүй, гүнзгий амьсгалаад байсан. ... Манай хүү О.М  амьсгалаад байх шиг байхаар нь би хүүгээ ухаантай байна гэж бодсон. Hүүp толгой хамар амнаас нь нил цус гарсан байсан. Утасны сүлжээ барихгүй орж гараад байсан болохоор би жолоочийн утсыг аваад өөрийн ээж болох Жавзандулам руу ярьсан. Дараа нь нөхөр Н.О  руу осолд орсон талаар хэлсэн. Тэгээд хүүхдээ тэврээд зам дээр гараад машин хартал аль аль талаасаа машин ирэлгүй 20-30 минут хүлээсэн. Тэгээд Улаанбаатар хот руу явж байгаа Баян-Өлгий аймгийн Фааз нэртэй автобусанд машины жолооч, хүүгийнхээ хамт суугаад колонк дээр буугаад колонкоос таксидаад Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр ирсэн. Эмнэлэгт ирэхэд манай хүү О.М  нь ухаангүй байсан. Тэгээд эрчимт эмчилгээний тасагт ухаангүй байж байгаад 4 дэх хоног дээрээ нас барсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 88-90/, гэрч А.Л “... “Их богд” дэлгүүрийн гаднаас хөдлөөд машиндаа хуучин байрлалаараа суугаад явсан. Тэгээд явж байгаад Морины шүтээний цаахна талд машин нь шарваад замын зүүн гар тал руу дээшээ хараад унасан. Машин унасан хойно харахад Т.О  нь хүүхдээ тэвэрчихсэн орилж хашхираад Я.С хажууд нь зогсож байсан. Машин нь ертөнцийн зүгээр баруун урд зүг рүү дээшээ харсан байдалтай байсан. Миний сууж явсан талын /зүүн гар талын/ цонхнууд нь хагарсан байсан. Я.С ирээд жолоочийн талын арын /баруун талын хойд талын/ хаалгыг онгойлгоод намайг гаргасан. Машинаас намайг гараад ирэхэд Т.О  нь надад хүүхдээ өгөөд Я.Сын хамт сүлжээ хайхаар явсан. Тэгээд тэр хоёрыг зам дээр утсаар яриад байж байхад баруун талаас автобус ирсэн. Тэгээд тэр автобусыг зогсоогоод Я.С, Т.О  хүүхэдтэйгээ суугаад явсан. Би машин дээр нь үлдсэн. Намайг машин дээр байхад цагдаа нар ирээд үзлэг хийсэн...” /хх-ийн 93-94/, гэрч П.Ж “… 2017 оны 05 дугаар сарын 04-ний оройн 22 цагийн үед надад манай охин болох Т.О  утсаар залгаад Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу жижиг тэргээр явж байгаад Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт аваарт орчихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 98/, гэрч Т.Т “... 2017 оны 05 дугаар сарын 04-ний орой  ээж Ж над руу залгаад Т.О  Улаанбаатар хотоос наашаа Баянхонгор аймаг руу явж байгаад зам тээврийн осолд орсон байна чи залгаадах гэж хэлсэн юм. Тэгэхлээр нь би буцаад Т.О  рүү залгахад Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг явах замдаа Өвөрхангай аймгийн газар нутагт осолд орсон байна гэж хэлээд учир зүггүй уйлаад байсан юм. ... Тэнд очиход Өвөрхангай аймгийн эмнэлгийн төвийн эрчимтэй тасалгаанд О.М ыг оруулж хэвтүүлсэн байсан. Манай дүү Т.О  өөрөө О.М ыг сахиад сууж байсан юм. Тэгээд юу болсон талаар түүнээс асуухад Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу замын унаагаар /жижиг тэргээр/ явж байсан юм. Тэгээд хотоос гараад Өвөрхангай аймгийн газар нутгаар явж байгаад осолд орсон гэсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 99-100/, гэрч Д.Т-н “... Тухайн өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орой би хүүхдийн жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байсан. Намайг ажил дээр байхад яаралтай тусламжийн сувилагч болох Б.Б над руу утсаар яриад “...ослын улмаас гэмтсэн хүнд хүүхэд ирлээ...” гэхээр нь яаралтай түргэн тусламжийн өрөөнд очиход зүүн талын шанаанд нь шил шигдчихсэн, нүүр хэсэг нь цус болчихсон, ухаангүй хүүхэд байсан. Хүүхдийг үзэхэд ухаангүй, орчинд харьцаагүй, захад пульсгүй, сатураци 53 процент байсан. Ямар ч амьсгал байхгүй байсан учраас хиймэл амьсгаа хийсэн. Тэгэхээр нь хүүхдийн хувцасыг тайлаад хамгийн түрүүнд судсаар нь натри 250 граммыг хийгээд, өвчин намдаах аналгин демадрол судсаар хийж эрчимт эмчилгээний эмч Бат-Ундрал орж ирсэн байсан болохоор цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавьж шаардлагатай эмчилгээнүүдийг хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101/, гэрч Б.Б “… Би тухайн өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах тасагт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Оройн 23 цаг 30 минутын орчимд гаднаас ээж нь хүүхдээ тэвэрчихсэн орж ирсэн. Хүүхдийг нь үзэхэд нүүр шалбараад цус болчихсон, толгой нь хагарчихсан, ухаангүй байдалтай байсан. Хүүхдийг ухаангүй болохоор нь жижүүр эмч болох Д.Т эмчийг дуудаад хүүхдийн эмчийг ирж байх хооронд нь хүүхдийн зүүн гар, баруун хөл хоёрт уян зүү тавьсан. Тэгээд Д.Т эмч орж ирж үзээд цээжний массаж хийж амбуудаж амьсгал өгөх зэрэг сэхээн амьдруулах үйл ажиллагаа хийсэн. Тэр хооронд бусад жижүүр эмч нарыг дуудсан байсан болохоор дуудсан эмч нар орж ирсэн. Тэгээд шаардлагатай бүх эмчилгээг хийсэн. Сэхээний эмч цагаан мөгөөрсөн хоолойд нь амьсгалын гуурс тавьж зохих эмчилгээг хийж эхэлснээс хойш 10 гаран минутын дараа амьсгал бага зэрэг орж ирсэн, гэхдээ хүүхэд ухаангүй хэвээрээ байсан. Яаралтай хийвэл зохих эмчилгээнүүдийг хийж шинжилгээ хийлгэн сэхээний тасагт шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 102/, Техникийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №127 дугаартай дүгнэлт /хх-ийн 124/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаартай дүгнэлт /хх-ийн 129-131/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 154 дугаартай дүгнэлт /хх-ийн 104/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 155 дугаартай дүгнэлт /хх-ийн 109/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 157 дугаартай дүгнэлт /хх-ийн 118/, Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8/, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-13/, Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14, 21/, Хураан аван тогтоол, тэмдэглэл /хх-ийн 20-21/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 23/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол тэмдэглэл /хх-ийн 24-25, 42-43/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-28/, Зам тээврийн осолд тогтоосон акт схем зураг /хх-ийн 121-122/, Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол...” /хх-ийн 183/, Шүүгдэгч Я.С-ын мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Я.Сыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Я.Сад эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Я.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт 11.726.280 төгрөг төлсөн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Я.Сын В.С.Е ангиллын №714801 дугаартай жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, №01205465 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдлэгч Я.Сад буцаан олгож, хэрэгт шүүгдэгч Я.Сын өмчлөлийн 82-63 БНХ улсын дугаартай Субару Форестор маркийн автомашиныг битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн, 49-02 БНА улсын дугаартай УАЗ-315140 маркийн автомашин битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөн байцаагчийн “эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,

Шүүгдэгч Я.С нь хохирогч Н.О , иргэний нэхэмжлэгч Т.О  нарт 6.730.050 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 22-ныг хүртэлх хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурьдаж, хохирогч Н.О  нь шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлөөгүй тохиолдолд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлээ. 

Шүүгдэгч Я.Сад авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хадныхан овогт Я.С-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Хадныхан овогт Я.С-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын  хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Хадныхан овогт Я.С  оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьчдилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Я.С ыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.С  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрүүгийн  хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.С оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч Я.С нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт 11.726.280 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

8. Шүүгдэгч Я.С нь хохирогч Н.О , иргэний нэхэмжлэгч Т.О  нарт 6.730.050 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 22-ныг хүртэлх хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурьдаж, хохирогч Н.О  нь шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлөөгүй тохиолдолд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Я.С-ын В.С.Е ангиллын №714801 дугаартай жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  шилжүүлж, №01205465 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Я.С буцаан олгож, шүүгдэгч Я.Сын өмчлөлийн 82-63 БНХ улсын дугаартай “Субару Форестор” маркийн автомашиныг битүүмжилсэн 2017.06.13-ны өдрийн, 49-02 БНА улсын дугаартай “УАЗ-315140” маркийн автомашин битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөн байцаагчийн  эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг тус тус  хүчингүй болгосугай. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Я.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   М.МАНДАХБАЯР