Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/403

 

 

Д.Г, Б.Т, Э.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батсайхан,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Нямдорж,

шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Б.Адалбек,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Тийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Г, Б.Т, Э.Э нарт холбогдох 2008027721541 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. О овгийн Дгийн Г, -өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

2. Х овгийн Бгийн Т, -өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, судлаач мэргэжилтэй, - ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй боловч -тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

3. Б овгийн Эийн Э, -өдөр Булган аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, цэргийн байнгын тэтгэвэрт, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

Шүүгдэгч Д.Г, Э.Э, БТ нар нь бүлэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-ын 1 дэх хэсгийн 1.6-д заасан ховор амьтан буюу нас гүйцсэн хүрэн баавгай /эр бодгаль/-ын түүхий эд болох арьс, толгойг 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр - тээвэрлэсэн, 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд - тоотод хадгалж, хүрээлэн буй орчинд 6.500.000 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Г, Б.Т, Э.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Тэд холбогдох гэмт хэргээс “ховор амьтны түүхий эд болох хүрэн баавгай арьс, толгойг тээвэрлэсэн” гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Г, Э.Э нарыг бүлэглэн хууль бусаар ховор амьтны түүхий эд болох хүрэн баавгай арьс, толгойг тээвэрлэсэн, шүүгдэгч Д.Г, Э.Э, Б.Т нарыг бүлэглэн хууль бусаар ховор амьтны түүхий эд болох хүрэн баавгай арьс, толгойг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 1 жил 4 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар, Э.Эыг Булган аймгийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 1 жил 4 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар, Б.Тийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Э.Э, Б.Т нарт тус бүр оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гас 2.166.667 төгрөг, Э.Эаас 2.066.667 төгрөг, Б.Тээс 2.166.666 төгрөг тус тус гаргуулж, төрийн сан (Байгаль орчин, аялал зуучлалын яамны Байгаль орчин, уур амьсгалын сан)-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Э.Э нар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.Гас 1.750.000 төгрөг, Э.Эаас 1.750.000 төгрөг тус тус гаргуулж, улсын төсөвт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардал буюу шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн 150.000 төгрөгийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн Д.Гас 50.000 төгрөг, Э.Эаас 50.000 төгрөг, Б.Тээс 50.000 төгрөг тус тус гаргуулан Экологийн цагдаагийн албанд олгож, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэрэгт 4 ширхэг сарвуу болон 1 ширхэг толгой бүхий хүрэн баавгайн /эр бодгаль/ арьс 1 ширхгийг зохих хэрэгцээнийх нь дагуу ашиглуулахаар Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Д.Г, Э.Э, Б.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэргийн нотлогдсон байдал талаас нь дүгнэхдээ хэт яллах талыг барьсан, нотлох баримтад тулгуурлан үнэн зөв дүгнэлт хийгээгүй, “баавгайн арьсыг хадгалсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагч Д.Гын мэдүүлэг, яллагдагч Э.Эын мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж дүгнэсэн нотлох баримтыг бүрэн гүйцэд талаас үнэлж дүгнээгүй, эргэлзээтэй зөрүүтэй мэдүүлгүүд байсаар байтал гэм буруутайд тооцож байгаа нь хууль зөрчиж байна. Учир нь, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад яллагдагч Д.Г, Э.Э нар нь “...анхнаасаа баавгайн арьс гэдгийг мэдээгүй, мэдэх боломж байгаагүй, шуудайтай, цүнхтэй зүйл олоод Б.Т рүү утсаар ярьж “хөдөөнөөс юм ирсэн юмаа, хадгалах амбаар сав байна уу” гэж асуусны дагуу Т хадмынхаа хашааг зааж өгсөн. ...” гэж мэдүүлдэг. Гэтэл шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “Тийг эхнээсээ баавгайн арьс гэдийг мэдэж байсан” гэж таамгаар дүгнэсэн нотлох баримтад тулгуурлан хэргийг шийдэлгүйгээр надад ял шийтгэлийг хүчээр халдааж миний эрхийг хохироож байна. Мөн энэхүү баавгайг хэн алсан, хаанаас авчирсан, олсон, хэнээс хэн худалдаж авсан эсэхийг тогтоож шалгаагүй байж зөвхөн хадгалсан гэдгээр нь яллаж байгаа нь ойлгомжгүй. Гэмт хэргийн эх сурвалж, санаа зорилго зэргийн нарийн шалгаж тогтоогоогүй, үнэхээр миний бие хадгалсан байсан бол надад ямар нэгэн санаа зорилго байх байсан, худалдаж авах ч юм уу, зарж борлуулахаар завдах ч юм уу гэдэг талаас нь огт шалгаж тогтоогоогүй, дүгнэлт хийлгүйгээр яллаж байгаад гомдолтой байна. Миний бие Монголын Залуучуудын холбоонд ажил хөдөлмөр эрхэлдэг, шүүхээс ял шийтгэл оногдуулсантай холбогдуулан цаашид ажлын шаардлагаар хөдөө гадаа явах, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүсч миний эрх зүйн байдлыг маш ихээр дордуулж байна. Иймд 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолын Ө.Тэд холбогдох хэсгийг хүчингүй болгож намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Б.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Б.Тийг гэм буруутайд тооцож зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Анх эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа баавгайн арьсыг тээвэрлэсэн, хадгалсан гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх гэм буруутайд тооцохдоо тээвэрлэсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хадгалсан гэх зүйлчлэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг эс зөвшөөрч байна. Шийтгэх тогтоолд гэмт хэргийн нотлогдсон байдлаас дүгнэлт хийхдээ гэрчүүдийн мэдүүлэг болон бусад холбогдох нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь тогтоогдож байна гэсэн. Өмгөөлөгчийн зүгээс гэм буруутайд тооцсон эх сурвалж болох гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй гэж үзэж байна. Энэ хэрэгт анх Б.Тийг яллагдагч, сэжигтнээр татаагүй, гэрчээр оролцуулж анхан шатны шүүх хуралдаан нэг удаа болсон байдаг. Энэ үед Д.Г мэдүүлэг өгөхдөө хоёр янзаар мэдүүлдэг. “Т байгаагүй”, “Т баавгайн арьс гэдгийг мэдээгүй, зөвхөн айл зааж өгсөн” гэдэг. Шүүхээс яллагдагчаар татаж шалга гэсэн захирамж гарсны дараа Д.Г өгсөн мэдүүлэгтээ “анхнаасаа баавгайн арьс гэдгийг мэдэж байсан” гэдэг. Э.Э мэдүүлэгтээ “анх Г бид хоёр олсон, Т шуудайтай зүйл олоход байгаагүй” гэж өгсөөр байхад шүүхийн шийтгэх тогтоолд дурдахдаа Б.Тийг Д.Г, Э.Э нартай хамт явж, баавгайн арьсыг олсон, мэдсэн гэдэг байдлаар дүгнэснийг гэрчийн мэдүүлэг зөрүүтэй, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй гэж үзэж гомдол гаргасан. Нөгөө талаар шүүх Б.Тэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ял шийтгэл оногдуулахдаа хэт нэг талыг барьсан. Хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг анхаарч үзээгүй орхигдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч нь давж заалдах гомдолдоо “надад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн. Өмгөөлөгчийн хувьд Б.Тэд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. Энэхүү ялыг биелүүлэх гэхэд ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал бий болж байгаа. Тухайн санкци нь зорчих эрхийг хязгаарлах ялаас гадна таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, хувийн байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Б.Адалбек тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үздэг учир энэ хэрэг дэх зарим ноцтой алдаануудын талаар тайлбар хэлье. Тодруулбал, энэ хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр цагдаа Д, З гэсэн хоёр хүн хашаанд нэвтрэн орж, амбаарт байгаа баавгайн арьсыг гаргаж ирсэн байдаг. Ингэхдээ гэрч Гиматай уулзаж “танайд баавгайн арьс байгаа юм байна” гэж хэлээд амбаараас тус арьсыг шууд гаргаж ирсэн. Бусдын орон байранд нэвтрэх, үзлэг, нэгжлэг хийх гэж байгаа бол холбогдох журмыг баримтлах ёстой байсан. Гэтэл энэ журам алдагдсан. З нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнийг дуудсан байдаг. Хэргийн 11 дэх хуудсанд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг З өөрөө гаргасан болж бүртгэгдсэн байхад цагдаагийн байгууллагаас хариу өгөхдөө өөр хүнд өгсөн байдаг. /хх 15/ З гэх хүн нь гомдол, мэдээлэл гаргаж, гэрчээр асуугдсан байж энэ хэрэгт өөрөө гэрчийг асуусан. Тухайлбал, хэргийн 41 дэх хуудсанд З нь У гэх гэрчийг асуусан. Харин хэргийн 215 дахь хуудсанд З өөрөө гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Гэмт хэрэг гарсан талаарх гомдлыг хэнээс авсан талаар Згаас асуухад “гудамжинд байсан нэг хүнээс авсан” гэж мэдүүлдэг ч тухайн хүнээ олж чаддаггүй. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд “энэ хэрэгт гүйцэтгэх ажиллагаа явуулсан байж болзошгүй, хэрэв гүйцэтгэх ажиллагаа явуулсан бол тогтоолоо хэрэгт хавсаргах ёстой. Хаанаас, ямар мэдээлэл авч бусдын хашаанд нэвтрэх болсон талаар шалгаж тогтоогоогүй байна” гэж маргаж оролцсон. Д.Г гэх хүний мэдүүлгээр хэргийг нотолсон. Гэтэл яллагдагч өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй. Э.Э 2-3 жилийн дараа “энэ хүн надаас салахгүй юм байна” гээд шүүх хуралдаанд хамт явснаа мэдүүлж, хэргээ хүлээсэн. Шүүгдэгч Б.Т “хамт явсан хүн энэ мөн үү” гэж зургийг нь үзүүлэхэд танихгүй байсан. “Энэ хүн хамт яваагүй, энэ хүн Гтай хамт юм авчирсан хүн биш” гэж мэдүүлсэн. Э.Э хэргээ хүлээсэн ч шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөр хэрэг хүлээсэнд тооцохгүй. Өөр нотлох баримт байгаа эсэхийг шалгаж тогтоох ёстой байсан. Б.Тийг цагаатгах үндэслэлтэй бол Э.Эыг мөн цагаатгах үндэслэлтэй. Д.Г зөрүүтэй мэдүүлгийг удаа дараа өгсөөр Э.Эыг ийм байдалд хүргэсэн. Эдгээр алдааг одоо засах боломжгүй ч хяналт тавих прокурор цаашид анхаарч ажиллах ёстой. Харин давж заалдах гомдлын тухайд, гэрчийн мэдүүлэг зөрүүтэй гэж байгаа нь үндэслэлтэй. ...” гэв.

            Прокурор Б.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Г, Э.Э нар нь бүлэглэж Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-ын 1 дэх хэсгийн 1.6-д заасан ховор амьтан болох хүрэн баавгайн түүхий эд болох арьс, толгойг 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр -УБЛ улсын дугаартай “Х” маркийн автомашинаар тээвэрлэсэн, улмаар Д.Г, Э.Э, Б.Т нар нь бүлэглэж дээрх хүрэн баавгайн түүхий эдийг 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд -тоотод байрлах байшингийн амбаарт хадгалсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Тухайн хадгалж байсан баавгайн арьс, гавлын ясны талаарх мэдээллийг Экологийн цагдаагийн албаны эрүүгийн цагдаагийн мөрдөгч З, Д нар илрүүлж, өөрсдөө холбогдох цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүнд мэдэгдэж, хэргийн газрын үзлэг хийж, арьс, савар, гавлын яс зэрэг түүхий эдийг хурааж авсан. Энэ ажиллагааг тухайн үед хойшлуулшгүйгээр явуулсан. Өөрөөр хэлбэл, тухайн ажиллагааг хийгээгүй бол тухайн эд зүйл устаж, үрэгдэх үндэслэл бий болсон тул хойшлуулшгүйгээр хийж, прокурор мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тогтоол гаргаж, хууль ёсны ажиллагаа явуулсан. Энэ ажиллагаанаас улбаалж тухайн -тоот хашааны эзэмшигчээс тодруулж, мэдүүлэг авсан. Харин үзлэг хийх ажиллагааны явцад тухайн хашааг хариуцсан хүн Гима байсан. У буюу хашааны эзэн байгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тухайн ажиллагааг явуулахдаа хөндлөнгийн хоёр гэрч оролцуулж болохоор хуульд заасан. Мөрдөгч нарын зүгээс хөндлөнгийн хоёр гэрч болох Баярхүү, Мэндбаяр нарыг оролцуулж, үзлэг хийсэн. Энэ ажиллагааг хэрхэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдсан ажиллагаа бөгөөд үүнийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Тухайн хашааны эзэд болох хүмүүс баавгайн арьсыг хэн авчирсан талаар гэрчийн мэдүүлэг өгөхөд Б.Т авчирсан болох нь тогтоогдсон. Тухайн үед -тоот хашаанд Б.Т нь Д.Г, Э.Э нараас тусдаа очсон. Өөрөөр хэлбэл, Д.Г, Э.Э руу ярьж “Х” маркийн автомашинаар зөөе, хүрээд ирээч гэж Б.Тийг дуудсан үйл баримтын талаар шүүгдэгч нар өөрсдөө мэдүүлсэн. Тэдний мэдүүлэг хоорондоо эрс зөрүүтэй байдаггүй. Өөрсдөө арьсыг аваачиж тавьсан, хэн, яаж аваачсан, хэн хэнээсээ энэ асуудлын талаар мэдсэн, баавгайн арьс болохыг мэдсэн, эсхүл мэдээгүй гэх асуудлын талаар мэдүүлэг өгсөн. Д.Г өмнө 4 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд эхний мэдүүлгээ өгөхөөсөө өмнө “цагдаагаас дуудаж байна, юу гэж мэдүүлэг өгөх вэ, яаж мэдүүлэхээ тохирчихъё, чи арьсыг олсон бол, тэгээд ийм байдлаар мэдүүлэг өгчих” гэж ярьснаас болж мэдүүлгийн зөрүү гарсан. Гэхдээ шүүх мөрдөн байцаалтын явцад гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлээгүй болохыг давж заалдах шатны шүүх харгалзан үзнэ үү. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ойлгомжтой, тодорхой, биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ёстой. Энэ хэргийн шийтгэх тогтоолыг үзэхэд хэргийн үйл баримтыг нотлох баримтад үндэслэж, дүгнээд, ямар нотлох баримтыг нөгөөгөөс нь илүүд үзсэн талаараа дурдаж, өмгөөлөгчийн санал хүсэлтийг яагаад хүлээж авахгүй байгаа, энэ нь ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж няцаагдаж байгаа талаар дүгнэлтээ хийж, шүүгдэгч нарын хувийн байдлыг хүртэл тодруулсан. Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд үндэслэлтэй шийдвэр гаргасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Тийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.Г, Э.Э нар нь бүлэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-ын 1 дэх хэсгийн 1.6-д заасан ховор амьтан буюу нас гүйцсэн хүрэн баавгай /эр бодгаль/-ын түүхий эд болох арьс, толгойг 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр - тээвэрлэсэн, Д.Г, Э.Э, Б.Т нар 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд - тоотод хадгалж, хүрээлэн буй орчинд 6.500.000 төгрөгийн бодит хохирол учруулсан болох нь:

гэрч Д.Гы “...Хамаатны дүү У намайг Сонгинохайрхан дүүргийн Хайрханы 1-122 тоот хашаа байшинг хараад өгөөч ... гэхээр нь харж байгаа. Тэгтэл экологийн цагдаагаас хоёр энгийн хувцастай цагдаа нар ирээд “танай гэрт баавгайн арьс байгаа мэдээлэл ирсэн” гээд манай дүүгийн байшингийн арын агуулахад ороод 4 савартай, хар хүрэн үстэй баавгайн хатсан арьс, гавлын яс зэргийг гаргаж ирээд цагдаагийн бүрэлдэхүүнийг дуудсан. ...” /1хх 38/,

гэрч Ц.Уын “...Тухайн үед цагдаагаас залгахад мэдсэн тэгээд өөрийн төрсөн дүү Ц.Э руу залгаж асууж тодруулсан. ...Тэгтэл түүний найз залуу Б.Т гэх залуугийн авчирсан хүрэн баавгайн арьс, сарвуу, гавлын яс юм шиг байна лээ. ...Яг жинхэнэ эзэн нь гэж Б.Тийн хамаатны ах байдаг гэж Э надад утсаар хэлсэн. ...” /1хх 42, 219/,

гэрч Ц.Эгийн “...2020 оны өвөл гадуур Ттэй машинд хамт явж байхад хамаатны ах нь гэх хүн Т рүү залгахад, ярьж дууссаны дараа надаас “манай хамаатны ах нэг юм тавих хэрэгтэй гэнэ, эгчийнд чинь аваачаад тавьчих уу” гэхээр нь ... “тэг” гэж хэлсэн. ...2020 оны 9 дүгээр сард цагдаа нар эгчийн гэрээс арьс хураасны дараа ... эгчийн гэрт баавгайн арьс аваачиж тавьсан талаар мэдсэн. ...” /1хх 44-46/,

Д.Гын яллагдагчаар өгсөн “...Миний үеэл Т над руу яриад “гэрт байсан баавгайн арьсыг цагдаа нар очоод хураачихлаа, та цагдаа дээр очоод мэдүүлэг өгөөч” гэхээр нь “за” гэсэн. Ингээд юу гэж хэлэх талаараа ярилцаад “нэг баавгайн арьс олоод Тийн хадмын хашаанд аваачаад тавьсан” гэж хэлэхээр тохиролцсон. Тийм учраас цагдаа дээр ирээд арьсыг олсон гэж хэлсэн. Т ... надаас гуйхаар нь би цагдаа дээр очоод мэдүүлэг өгөхдөө “эзэнгүй баавгайн арьс олоод, би хадмынх нь гэрт аваачсан юм” гэж мэдүүлэг өгсөн. ...Цэргийн танил Э надтай уулзаад “нэг баавгайн арьс байна, яах уу” гэхээр нь “наад баавгайн арьс чинь хэл ам дагуулна, бөөн юм болно, зарж үрж болохгүй” гэхэд одоо “яах юм вэ” гээд байхаар нь Ттэй утсаар холбогдоход “манай хадмын хашаа байгаа” гэхээр нь би тэнд өөрийн машинтай аваачиж тавьсан. ...Т зарж, үрэх гэж байгаад цагдаад баригдсан юм шиг байна. ...Мөн Тийн хашаанд үлдээгээд болохгүй бол зохих газарт нь өгөөрэй гэж Эад хэлсэн. ...” /1хх 4-5/,

Д.Гын дахин яллагдагчаар өгсөн... Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө зарим нэг зүйлийг тодорхой хэлээгүй орхигдуулсан. Цагдаагийн байгууллагаас анх намайг дуудаж мэдүүлэг авах үед баавгайн арьс, толгойг олсон гэж мэдүүлэг өгсөн. Би мэдүүлэг өгсний дараа Этай утсаар холбогдож “би ганцаараа баавгайн арьсыг олсон гээд хэлчихсэн шүү, чамайг энэ хэрэгт байгаагүй гээд мэдүүлэг өгсөн, чи яах юм вэ” гэхэд “за за, би ойлголоо, эргээд холбогдъё” гэж хэлсэн. Түүнээс хойш хэсэг хугацаанд чимээгүй болсны дараа Э руу би залгахад гар утасны дугаараа авахгүй өөдгүй зан гаргасан. ...Э 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр над руу ... залгаад “би хөдөөнөөс ирчихсэн байгаа, надад баавгайн арьс байна, үүнийг тавьчих газар байна уу” гэхээр нь Т гээд хамаатны дүү рүү залгаад “танай хашаанд нэг юм аваачаад тавьчихъя болох уу” гэхэд “тэг” гээд эхнэрийнх нь хамаатны хашаанд Эын хамтаар аваачиж тавьсан. Анх мэдүүлэг өгөх үедээ Эын арьс болох талаар хэлээгүй юм тухайн үед намайг олсон гээд хэлчих гэж Т хэлэхээр нь тэгж хэлсэн. Э хаанаас авсан хэнээс авсан алсан эсэх талаар юу ч яриагүй. ...” /1хх 128-129/,

Д.Гын дахин яллагдагчаар өгсөн “...Хилийн цэргийн 0286 дугаар ангид хамт ажиллаж байсан Э гэдэг хүн 2020 оны 3 дугаар сард цагаан сарын дараа над руу гар утсаар яриад “цүнхтэй арьс байгаа, тавьчих газар байна уу” гэхээр нь ... очсон. Би тойрог дээр очиход Э ганцаараа цүнх барьчихсан ... “үүнийг тавьчих газар байна уу” гэж асуусан. Би хамаатны дүү Т рүү залгаад “хадмынх чинь хашаатай билүү, ... хөдөөнөөс ирсэн хүний цүнхтэй юм тавьчихъя” гэхэд “тэг” гэж хэлсэн. Баянхошуунаас Этай хөдлөөд ... Тийг аваад хадмынд нь очсон. ...Хашаа байшинд очоод ... Э, Т хоёр тэр цүнхтэй юмыг оруулсан. “Арьсыг тавьчихлаа” гээд бид гурав удалгүй тэндээс гарсан. ...2020 оны 9 дүгээр сард цагдаагаас намайг дуудсан. ...Т над руу яриад “цагдаа нөгөө арьсыг чинь хураачихлаа, цагдаа таныг дуудаад мэдүүлэг авах байх, би сонгуулийн ажилтай явна, та олсон барьсан гэдэг ч юм уу, аргалж байгаад мэдүүлэг өгөөдөх, би ажилд томилогдох гээд байгаа” гэхээр нь цагдаа дээр ирж худлаа мэдүүлэг өгсөн юм. Э над руу анх залгахдаа цүнхтэй юм тавьмаар байна гэж хэлсэн. Ингээд би очоод уулзахад “арьс” байсан. Тэрний дараа айлд аваачиж тавихад баавгайн арьс болох талаар мэдсэн. Би баавгайн арьс гэдгийг мэдээд Т рүү дараа залгаад “наад арьс чинь асуудал болно шүү, тэр өгдөг газар байвал тэр газарт нь өгөөрэй, цагдаад өгөөрэй гэдэг утгаар ...” гэж хэлсэн. ...Хүрэн баавгайн арьс гэдгийг Т мэдэж байсан, хамгийн сайн мэдэж байгаа. ...Э анх арьс үзүүлэхдээ “гавал нь арьстайгаа үргэлж” гэж надад хэлж байсан. Цагдаад хураагдсаны дараа би харахад гавал нь арьснаасаа салсан байна. Тэгэхээр Т тэр арьсыг өвчиж салгасан байх гэж бодож байгаа. ...” /1хх 229-230/,

Д.Гын дахин яллагдагчаар өгсөн “...Тухайн үед Э нь цүнхтэй зүйлийг надад үзүүлээд үүнийг айлд тавимаар байна гэж хэлсэн юм, үүний дагуу би Т рүү утсаар ярьж байгаад гэрээс нь Э бид хоёр очиж авсан. Тэгээд Сонгинохайрхан дүүрэгт байх тэр хашаанд аваачиж тавьсан. Баавгайн арьс байсан гэдгийг сүүлд цагдаа нар шалгаж мэдсэн. ...” /2хх 126/,

Д.Гын шүүгдэгчээр өгсөн “...Этай уулзсан, цүнхтэй зүйлээ бариад машинд суусан. ...Тэгээд Тийнд очсон. ...Би “юу байгаа юм” гэхэд “баавгайн арьс байгаа, тэгж байгаад авна” гэсэн. ...Т цүнхтэй зүйлсийг задалж үзсэн гэсэн. ...Баавгайн арьсыг хориотой гэж мэднэ. ...Тийн хашаанд тавьснаас хойш 2-3 хоногийн дараа ... бие өвдөөд босч чадахгүй байсан тул Тийг “учрыг нь ол” гэж гуйсан. ...Эыг утсаар ярихад “баавгайн арьсаа ав, авахгүй бол зохих газарт өгнө” гэж хэлсэн. ...Тухайн үед Т “сонгуулийн ажилтай, намайг очоод баавгайн арьс олсон” гэж мэдүүлэг өгчих гэсэн. ...Би Эын талаар мэдүүлсэн. ...” /2хх 31-33/,

Б.Тийн яллагдагчаар өгсөн “...Г ах миний гар утас руу залгаад ... “гэр хороололд байдаг таньдаг айл байна уу, юм аваачиж тавьчихаад удахгүй авъя. ...” гэхээр нь “тэгье, Сонгинохайрхан дүүрэгт манай хадмынх байдаг шүү дээ” гэж хэлсэн чинь ... Г ах ... ирээд, ...тухайн үед Г ах нэг настайвтар, танихгүй хүнтэй явж байсан. Ингээд Уын гадаа очиход машиныхаа араас шуудайтай зүйл гаргаж ирээд “байшингийн амбаарт хийчихгүй юу гэж хэлсэн. Тухайн үед Г ах хамт явсан хүнийхээ хамтаар амбаар руу оруулах гээд орсон. ...” /2хх 158-159/,

шүүгдэгч Б.Тийн шүүх хуралдаанд өгсөн “...Би тухайн хадам эгчийн байшинд юм тавиулахад арьс гэдгийг мэдсэн. Харин баавгайнх гэдгийг мэдээгүй. ...” /2хх 12-14/,

шүүгдэгч Э.Эын “...Би тэр цүнхтэй зүйлийг ... олоод өшиглөж үзэхэд арьс болохыг мэдсэн. ...Тэгээд найз Гыг дуудаж, машинд нь хийгээд, Гын дүүгийн заасан газарт хамт очиж үлдээсэн. ...” /2хх 12-14/ гэсэн мэдүүлгүүд,

Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн амьтны хатаасан сарвуу бүхий бүтэн арьс, гавал яс нь шинжилгээнд тэнцэх ба хүрэн баавгайн нэг бодгаль амьтныг болохыг тодорхойлов. Шинжилгээнд ирүүлсэн амьтны арьс, сарвууны морфологи хэмжээнээс үзэхэд бие гүйцсэн, эр бодгалийнх байна. Шинжилгээнд ирүүлсэн амьтны арьс, сарвууны морфологи хэмжээг гавал ясны хэмжээтэй харьцуулж үзэхэд нэг бодгалийнх байна. Шинжилгээнд ирүүлсэн арьсанд хэд хэдэн нүх байгаа нь буудаж агнасан байх боломжтой байна. Агнасан гэх хугацаа 2019 оны хавраас намрын улиралд хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн гавал ясны зөөлөн эд хатаж, хуршсан байна. Арьсыг давсаар шүүрдэж хатаасан байна. Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д зааснаар ховор зүйл. Мөн хүрэн баавгай нь Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын хоёрдугаар хавсралтад бүртгэгдсэн байдаг. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар хүрэн баавгайн эр бодгаль 6.500.000 төгрөг байна. ...” 01/260 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 52/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 11/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 19-23/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Д.Г, Э.Э нарыг бүлэглэн хууль бусаар ховор амьтны түүхий эд болох хүрэн баавгай арьс, толгойг тээвэрлэсэн, шүүгдэгч Д.Г, Э.Э, Б.Т нарыг бүлэглэн хууль бусаар ховор амьтны түүхий эд болох хүрэн баавгай арьс, толгойг хадгалсан гэм буруутай үйлдлүүдийг бодитой тогтоож, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Тийн “ховор амьтны түүхий эд болох хүрэн баавгай арьс, толгойг тээвэрлэсэн” гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн анхан шатны дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Тэд холбогдох гэмт хэргээс “ховор амьтны түүхий эд болох хүрэн баавгай арьс, толгойг тээвэрлэсэн” гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Г, Э.Э нарыг бүлэглэн хууль бусаар ховор амьтны түүхий эд болох хүрэн баавгай арьс, толгойг тээвэрлэсэн, шүүгдэгч Д.Г, Э.Э, Б.Т нарыг бүлэглэн хууль бусаар ховор амьтны түүхий эд болох хүрэн баавгай арьс, толгойг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Шүүгдэгч Д.Г, Э.Э, Б.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2-т “...амьтан...гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна, Монгол Улсын ан амьтан төрийн өмч мөн” гэж зааснаас үзэхэд ан амьтан бол үндэсний баялаг бөгөөд ан амьтдын нөөц болон нөхөн сэргэх чадвар, экологийн ач холбогдлоор нь нэн ховор, ховор, агнах нөөцтэй гэж ангилдаг байна. Шүүгдэгч нар нь тархац нутагтаа тоо толгой нь цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй “ховор” амьтны эдийг хадгалсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Д.Г, Э.Э, Б.Т нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдлийн оролцоо, хувийн байдал зэрэгт шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Гд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 1 жил 4 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял, Э.Эад Булган аймгийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 1 жил 4 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял, Б.Тэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх, шүүгдэгч Б.Тийн “...Гэмт хэргийн эх сурвалж, санаа зорилго зэргийн нарийн шалгаж тогтоогоогүй, үнэхээр миний бие хадгалсан байсан бол надад ямар нэгэн санаа зорилго байх байсан, худалдаж авах ч юм уу, зарж борлуулахаар завдах ч юм уу гэдэг талаас нь огт шалгаж тогтоогоогүй, дүгнэлт хийлгүйгээр яллаж байгаад гомдолтой байна. Шийтгэх тогтоолын Ө.Тэд холбогдох хэсгийг хүчингүй болгож намайг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Хавтас хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г “Б.Т нь баавгайн арьс болохыг мэдэж байсан” талаар удаа дараа мэдүүлсэн ба энэ нь гэрч Ц.У, Ц.Э нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон.

Түүнчлэн шүүгдэгч нар цүнхэд байх зүйлийг арьс болохыг мэдэж байсан талаар тодорхой мэдүүлдэг бөгөөд тухайн “арьс” ямар амьтных, түүний шинж чанар, зориулалт, хэрэгцээт байдал зэргийг анхнаасаа ухамсарлаж мэдсэн, ухаарсан буюу ухамсарт оюун санаа, сэдэлт зорилгоор тийнхүү санаатай нэгдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдээр хариуцуулан хор уршгийг арилгуулахаар хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирлын хэмжээг тусгахдаа “шүүгдэгч нарын үйлдэл нь амьтныг агнасан, барьсантай адилтган үзэх үйлдлийн шинжид хамаарахгүй байх тул хор уршигт хамаарах нөхөн төлбөр буюу зардлыг Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хоёр дахин өсгөж тогтоох үндэслэл, үйл баримт хангалтгүй” гэж дүгнэн Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.25, 37.1 дүгээр зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцогдох 6.500.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.”, 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.”, 37.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна.” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаар ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгох бөгөөд уг тодорхойлолтыг аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулахаар байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцогдох хэмжээг хоёр дахин өсгөх байдлаар хохирлыг өсгөж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулан Төрийн санд олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, мөн Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гас 2.166.667 төгрөг, Э.Эаас 2.066.667 төгрөг, Б.Тээс 2.166.666 төгрөг тус тус гаргуулж, Төрийн сан (Байгаль орчин, аялал зуучлалын яамны Байгаль орчин, уур амьсгалын сан)-д олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гас 4.333.334 төгрөг, Э.Эаас 4.233.333 төгрөг, Б.Тээс 4.333.333 төгрөг тус тус гаргуулан Төрийн сан (Байгаль орчин, аялал жуучлалын яамны Байгаль орчин, уур амьсгалын сан)-гийн 100900013040 тоот дансанд оруулсугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ