Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/272

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Э.Сумъяажав

Улсын яллагч Д.Оюунбилэг

Хохирогч Д.А-

Шүүгдэгч С.А-ийг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А-т холбогдох эрүүгийн 1738000000092 тоот хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, С.А-,

Шүүгдэгч С.А- нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баянцагаан дэлгүүрийн урд Д.А-тай маргалдсаны улмаас Д.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч С.А- нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баянцагаан дэлгүүрийн урд Д.А-тай маргалдсаны улмаас Д.А-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

            Хохирогч Д.А-гийн: “...2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 18 цаг өнгөрч байхад Бүрэн худалдаа үйлчилгээ худалдааны төвийн урд талд юм авах гээд явж байтал манай машин миний хажуугаар өнгөрөөд явсан. Тэгтэл манай нөхөртэй явалддаг С.А- гэдэг хүүхэн манай машин руу суух гээд 2 тийшээ хараад явж байхаар нь би очоод юу болж байгаа юм бэ чи зайл айл гэр үймүүлээд өдий насны хүн байж ямар сонин хүн бэ гэхэд С.А- надад хандаж яадаг юм бэ? Чам шиг юм гээд нүүр нүдгүй үсдээд зодож эхэлсэн. Миний духны гол хэсэгт гараараа 3-4 удаа цохисон. Хөлний шилбэ хэсэг рүү 3-4 удаа өшиглөсөн. Зүүн гар хэсэгт гараараа базаж, мушгиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р тал/,

            Гэрч Х.Д-н: “...2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянцагаан дэлгүүрийн зах талын зам дээр манай эхнэр Д.А-, миний таних бүсгүй С.А- 2 барилцаад авсан зогсож байсан. Надтай уулзах гээд С.А- ирэхэд нь маний машинд суух гэж байна гэж Д.А- нь ойлгоод зодоон болсон. Намайг ирэхэд Д.А-, С.А- нар нь бие биенийгээ цохиод хөл рүүгээ өшиглөлцсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,

            Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 614 дугаартай

            - Доржпүрэвийн Д.А-гийн биед зүүн шуунд цус хуралт, зүүн сарвууны хуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учирсан байна.

            - Хатуу мохоо зүйлийн нэг биш удаагийн үйлчлэлээр үүсгэгднэ.

            - Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

            - Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

            - Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 22-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч С.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч С.А- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 28-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.А-ээс хохирол төлбөрт шинжээчийн дүгнэлтийн төлбөр 8.000 төгрөг гаргуулж хохирогч Д.А-д олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 1738000000092 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч С.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.А-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.А- нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор улсын орлогод оруулахыг үүрэг болгосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зїйлийн 497.1-т зааснаар С.А-ээс 8.000 /найман мянга/ тєгрєг гаргуулж хохирогч Д.А-д олгосугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.АРИУНЖАРГАЛ