Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/404

 

Б.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Март,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын өмгөөлөгч М.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Д.Мартын гаргасан давж заалдах гомдлоор Б.Ад холбогдох 2107000970217 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Т овгийн Бгийн А, 1980 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт -тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

            Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Г” гэх газарт - улсын дугаартай “N” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас - улсын дугаартай “N” загварын тээврийн хэрэгслийн доор иргэн М.Бийг унтаж байхад нь Б.А нь хөдлөхдөө дайрч амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Т овогт Бгийн Аг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн түрийтэй бакалан гутал, хиртэж бохирлогдсон цагаан өнгийн даавуун хос хөлийн ороолт, хиртэж бохирлогдсон улаан өнгийн фудволк, ногоон эрээн хагас ханцуйтай нимгэн цамц, ногоон өнгийн алчуур, өнгийн маск, саарал өнгийн бэлтгэлийн сул өмд, ягаан өнгийн дотуур өмд, хөх өнгийн дотоож, эрээн хос оймс, ногоон өнгийн босоо захтай нимгэн куртик, бинтэнд дээж болгон авсан цус мэт зүйл 2 ширхэг, бинтэнд дээж болгон авсан цус мэт зүйл 1, шар ногоон өнгийн бариултай хайч, 0,75 литрийн хараа нэртэй архины шил зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлэхээр, 1 ширхэг сидиг хэрэгт хадгалахаар, Б.Агийн “ВС” ангиллын - дугаартай жолоочийн үнэмлэхийг Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлэхээр, - дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг хууль ёсны эзэмшигчид нь шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Д.Март давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Б.Ад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, үйлдсэн гэмт хэргийнхээ хохирол, хор уршгийг ухамсарласан, арилгасан, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзэлгүй шийдвэрлэсэн. Мөн Б.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 1.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хор уршгийг төлсөн” мөн хуулийн 1.3 дэх хэсэгт “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байхад анхан шатын шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй гэж шийтгэх тогтоолдоо дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Б.Агийн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн багасгаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Би олон нялх хүүхэдтэй, эхнэр маань бие муутай бөгөөд айлын ганц тулдаа ар гэрээ авч явж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны Б.Бын өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо хохирогчийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн буруутай үйлдлээс болж осол гарсан гэжээ. Анхан шатны шүүх уг дүгнэлтийг үндэслэлгүй, хохирогч буруутай гэж үзэх үндэслэл алга гэж тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс ял хөнгөрүүлэх талаар ямар нэг санал, гомдол хэлээгүй. ...” гэв.

            Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг тохирсон гэж үзэж байна. Б.Агийн хувьд энэ хэргийг согтуугаар үйлдсэн. Хүний амь насыг мөнгөөр үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Д.Мартын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Г” гэх газарт - улсын дугаартай “N” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас - улсын дугаартай “N” загварын тээврийн хэрэгслийн доор иргэн М.Бийг унтаж байхад нь Б.А нь хөдлөхдөө дайрч амь насыг хохироосон болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын “...А ... ирээд “аав чинь өнгөрсөн байна” гэхээр нь би ... “Г” нэртэй газар иртэл Аы гэрээс баруун хойно 20-с 30 метрийн зайтай талийгаач газар хэвтсэн, цээж нүцгэн бие нь хөхөрсөн, ташаанаас нь цус гоожсон байдалтай, цээжний эргэн тойронд нь гүн хөхрөлттэй, баруун духнаас нь баруун шанаа хүртлээ нэлээн гүн хөхрөлттэй, баруун чихний урд талдаа нэлээн гүн шархтай байдалтай, доод уруулын баруун хэсэг нь сэтэрсэн 2 гар нь цус болсон, толгойн орой хэсэгт нь юмаар хатгасан юм уу гэмээр цоорсон байдалтай А хажууд нь зогсож байхаар нь би шууд эмнэлэг рүү залгахад надаас байгаа байдал шинж тэмдгүүдийг нь асуугаад зүрхний цохилтыг нь асуухаар нь зүрх нь цохилохгүй, судас мэдрэгдэхгүй байна гэдгийг хэлэхэд “нас барсан байна, шууд цагдаад дуудлага өг” гэж хэлсэн. ...” /1хх 41/,

гэрч В.Бгийн “...Өглөө ... 10 цагийн үед талийгаач руу залгахад “Улаанбаатар хотод тэжээлийн үйлдвэр дээр байна, мөнгө төгрөгөө тушаасан, тэжээлээ ачих гээд хүлээгээд байж байна” гэхээр нь утсаа тасалсан. ...Өглөө босоод иртэл талийгаач ирээгүй ... 11 цагийн үед залгахад мөн адил холбогдохгүй ... байхаар нь орхисон. Тэгээд 18 цагийн үед ... утас дуугарахаар нь аваад ярихад АБийн бие муу байна, ... улаан байшингийн ард ... хүрээд ир” гэхээр нь ... яваад очтол талийгаач газар, дээшээ хараад хэвтсэн байдалтай хажууд нь А, талийгаачийн хүү Б, дүү П нар байсан. Тэгээд би Агаас “... чи зүгээр гэрээс дагуулаад гарсан биз дээ, ... яагаад хамт явчихаад дагуулаад гэрт нь авчираад өгөөгүй юм” гэсэн чинь энд үлдээсэн юмаа, би орхиод явсан юм” гэхээр нь би талийгаачийн биеийг хараад эмнэлэг болон цагдаа дууд гээд зогсож байтал удалгүй цагдаа нар ирсэн. ...” /1хх 43/,

гэрч Г.Сын “...Баачка, А нарын хамт архи уугаад зогсож байсан чинь манай хүү А ... “...А Баачка хоёрыг яв” гэсэн тэр хоёр машинтайгаа хөдлөөд явсан. ...Тэгсэн орой ... манай хүү А “Баачка ах нас барсан байна, ... манай гэрийн хойно цагаан хашааны ард байна. Би цагдаад дуудлага өгсөн” гэж хэлсэн. ...” /1хх 45/,

гэрч М.Чын “...Би городокын “Г” гэх газарт ... өглөө босоод гараад харахад ... А гэх танил залуугийн цагаан өнгийн микроавтобус шиг автомашин нь үерийн далангийн шаварт суучихсан байсан. Надтай хамт байсан Д ах машиныг шавраас татаж гаргасан. ...Өдөрхөн 14 цагийн орчимд ... нөгөө шаварт суусан автомашин байсан. ...” /1хх 58/,

гэрч Ж.Оын “...Өглөө 9 цагийн үед А над руу залгаад “шаварт суучхаад арай чүү нэг юм гарлаа, ... одоо очноо” гэж хэлээд тасалсан. ...Гэр рүүгээ явж байтал Агийн микро Аы гэрийн хажуухнаас зам руу орж яваа харагдсан ба ... А машинаасаа буугаад надаас түрүүлээд гэр рүү орсон. ...Миний утас дуугарахаар нь авахад А ... “Б ах сонин болчхож, А байна уу” гэхээр нь ... утсаа өгөхөд А цаанаас нь “энэ Б ах сонин болчихож, бараг явчихсан юм шиг байна” гэж хэлэхэд А тэр дороо босоод шууд гараад машинаа унаад яваад өгсөн. ...” /1хх 55-56/,

гэрч П.Нын “...Би хүргэн Ад миний эзэмшилд байдаг - - улсын дугаартай “Н” маркийн тээврийн хэрэгслээ 2021 оны 6 дугаар сарын эхээр хоёр бяруугаар бартер хийж зарсан. Би хоёр бяруугаа заалгаад авсан. Одоо ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй. - - улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч надаар яваа болохоос бүрэн гүйцэд А руу шилжсэн. Нэрээ шилжүүлэх гээд зав гарахгүй явсаар өнөөдрийг хүрсэн. ...” /1хх 70/,

гэрч С.Аы “...Б.А, М.Б хоёр манай гэрийн гаднаас хөдлөөд дахиад шаварт суусан байсан. Тэр хоёр машинтайгаа шавраас гарах гэж оролдож хэсэг хаазалж байгаад 5 орчим минутын дараа машинаа унтраагаад чимээгүй болчихсон. Тэгээд би 10 орчим минутын дараа ... хартал Б.А, М.Б хоёр машин дотроо унтаж байх шиг байсан. 12 болж байхад ... машины зүг хартал М.Б машины зүүн талын урд талын суудлаас буугаад газар хэвтэж байсан. ...Тэгээд 2 цаг 30 минутын орчимд тэр мотокицольтой хүн буцаж ирээд тэр машины урд талд нэг хүн ёстой сайхан унтаж байна, халуун наранд хэцүүдэж байгаа байх гэж хэлчихээд хүйтэн цай уучихаад яваад өгсөн. ...17 цаг орчим болж байхад ... намайг гарахад Агийн машин байхгүй болчихсон, Б ах унтаж байгаад босох гээд ирээд А гээд дуудаад байсан. ...18 цаг 30 минут орчим ... гэр рүү явах замдаа Б ахыг хартал нуруун дээр нь ялаа шавчихсан байх шиг байхаар нь би бараг нас барчихсан юм шиг байна гэж сэжиглээд хүүхдүүдтэй явж байгаа болохоор мэдээгүй юм шиг хажуугаар нь аяархан яваад ажиглатал амьсгалахгүй байх шиг байсан. ...” /1хх 61/,

гэрч Ж.Гийн “...Эхнэртэйгээ ... Аы гэрийн хажуугаар явж байтал Аы гэрийн ард, ... 200 орчим метр зайтай хүн доошоо хараад хэвтсэн, нуруу нь цус болчихсон хэвтэж байхаар нь “юун хүн юм бол согтуу хүн л хэвтэж байна” гэж бодоод зөрсөн. ...А гэрийнхээ гадаа зогсож байхаар нь очоод “энэ хэн хэвтэж байгаа юм” гэхэд “Бийг байх, түрүүн Атай архи ууж байсан” гэхээр нь “нуруу нь цус болчихсон, ямар ч хөдөлгөөнгүй байна даа” гэхэд А сандраад “цагдаад мэдэгдье” гээд цагдаагийн хэлтэс рүү залгахаар нь би ... хөдөлсөн. ...” /1хх 66/,

гэрч Ж.Оын “...14 цагийн ... Аы гэрийн араар гараад явтал нэг цагаан микро шиг машин зогссон, нэг хүн машины урд гуперийн доор сүүдэрт нь унтаж байгаа харагдсан. ...Нэг цаг орчим болсон байх, буцаад хажуугаар нь гараад явахад яг тэр байрандаа нөгөө машин зогссон доор нь нөгөө хүн унтаж байхаар нь Аы гэрээр ороод “танай хойно машин зогссон, урд нь хүн унтаж байна” гэхэд “архи уусан хүмүүс юмаа, тэгж байгаад босоод явах байлгүй” гэхээр нь ... гэр рүүгээ явсан. ... /1хх 68/,

шинжээч С.Ты “...Хэсэг хугацаа гэж хариулсан нь цаг хугацааны хэмжигдэхүүнээр үнэлэх боломжгүй учраас хэсэг хугацаа гэж хариулсан. Дээрх гэмтлүүдийг аваад тодорхой буюу хэсэг хугацаанд ухамсарт үйлдэл хийх, ярих боломжтой. Архи хоол боловсруулах замаар орж ходоодонд орсноос эхлээд цусанд 40-60 минутад шимэгдэж 96-180 минутад цусанд дээд хэмжээндээ хүрэх бөгөөд харин биеэс ялгарч гарах хугацаа нь согтууруулах ундааны хэмжээ, шинж чанараас хамаарч өөр өөр байдаг. Уусан спиртийн 90 хүртэлх хувь нь элгэнд задарч үлдсэн 10 орчим хувь нь өөрчлөгдөхгүй хэвээр шээс, хөлс, амьсгалаар гадагшилдаг. Задлан шинжилгээгээр талийгаачийн хэсэг газрын үзлэгт толгойн зулайн баруун талд хуйханд босоо байрлалтай зураасан хэлбэрийн 5см урттай хар хүрэн өнгийн тав тогтсон зулгаралт, духны баруун тал, баруун шанаанд 10х5см хар хүрэн өнгийн тав тогтсон зулгаралт, баруун чихний урд талд 5x1 см хар хүрэн өнгийн тав тогтсон зулгаралт гэмтлүүд байсан ба эдгээр нь амь насанд аюулгүй, мөн зам бусад гэмтлүүдтэйгээ нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. Талийгаачийн цогцост баруун 3, 4, 5, 6 дугаар хавирганы суганы шугамаарх шууд хугарал, зүүн 2, 3, 4, 5 дугаар хавирганы шууд бус хугарал, баруун уушгины уналт, цээжний хөндийд цус хуралдалт, зүүн өгзгөнд шарх, толгойн хуйх, нүүр, цээж, баруун мөр, нуруу, бүсэлхий, баруун бугалга, баруун шуу, зүүн ташаа, баруун өгзөг, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдсон ба гэмтэлүүд нь хөдөлгөөнтэй мохоо зүйлийн дарах, шахах, шахагдах үед бүгд нэг цаг хугацаанд үүсгэгдэх буюу тээврийн хэрэгслийн эд ангиудаас үүссэн байх боломжтой. Учир нь, тээврийн хэрэгсэл нь өргөн учраас хүний биеийн толгой, цээж хэсэгт нэг зэрэг нэг хүчээр үйлчлэх боломжтой. ...” /1хх 159/,

Б.А яллагдагчаар өгсөн “...Анх бид хоёр Гордокоос 1 шил хараа 0.5 литрийн архи авч ууж дуусгаад дахиад 0.5 литрийн Хараа нэртэй архи аваад ууж дуусгаад орой 22 цагийн үед дахиад 0.5 литрийн Хараа нэртэй хоёр шил архи аваад тэрийгээ уугаад машиндаа хоносон. Ингээд маргааш өглөө 6 цагийн үед босоод 1 шил 0.5 литрийн хараа нэртэй архиа уугаагүй унтсан байсан болохоор тэрийгээ уугаад дэлгүүр онгойхоор нь дахиад 0.75 литрийн хараа нэртэй архи авсан. Тэгээд тэр архиа задлаад ууж байснаа санаад байдаг тэрнээс хойш архиндаа согтоод юу болсон талаар мэдэхгүй байж байгаад нэг сэртэл ганцаараа машин дотор байж байхаар нь шууд хөдлөөд гэртээ очоод унтаж байтал утас дуугараад сэртэл А залгаад ... ярихад талийгаачийг нас барсан гэдгийг хэлсэн. Аы гэрийн гадна очоод 0.75 литрийн хараа нэртэй архийг задалсан. Тэгээд хэзээ Аы гэрийн хойно очсоноо мэддэггүй. Тэгээд нэг сэртэл Аы гэрийн хойно машин дотроо унтаж байхаар нь хартал талийгаач байхгүй байхаар нь гэр рүүгээ явсан гэж бодоод машинаа асаагаад хөдлөөд гэр рүүгээ явсан. Би хөдлөхдөө ойр орчмыг хараагүй, шууд хөдөлсөн. Жолоочийн эсрэг талын хаалга онгорхой би өөрөө жолоон дээрээ сууж байсан. Тэгээд машинаасаа буулгүй шууд хаалгаа татаж хаагаад хөдөлсөн. ...” /1хх-173/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаач нь олон хавирганы хугарлын улмаас цээжний хөндийд цус хуралдаж, баруун уушиг унаж /агааргүй болж/ нас баржээ. Талийгаачийн цогцост баруун 3, 4, 5, 6 дугаар хавирганы суганы шугмаар шууд хугарал, зүүн 2, 3, 4, 5 дүгээр хавирганы шууд бус хугарал, баруун уушгины уналт, цээжний хөндийд цус хуралдалт, зүүн өгзгөнд шарх, толгойн хуйх, нүүр, цээж, баруун мөр, нуруу, бүсэлхий, баруун бугалга, баруун шуу, зүүн ташаа, баруун өгзөг, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь цээжний урд болон хажуу талаас дарах, шахах, шахагдах үед бүгд нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Талийгаач нь дээрх цээжний битүү гэмтлийн улмаас үхэлд хүрчээ. Талийгаач нь дээрх гэмтлийг аваад хэсэг хугацааны дараа нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 1,0 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байсныг үгүйсгэхгүй. Талийгаачийн цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай байна. ...” гэсэн 53 дугаартай дүгнэлт /1хх 78-79/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын “...Шинжилгээнд ирүүлсэн Эрээн хагас ханцуйтай цамц 125мм татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралт, эрээн хагас ханцуйтай цамц 1x1 мм, 1х2мм, саарал өмд 7х9мм дулаан илчийн үйлчлэлээр гарсан хуучин түлэгдэлт, эрээн хагас ханцуйтай цамц 90мм татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт, эрээн хагас ханцуйтай цамц 10x10 мм, улаан хагас ханцуйтай цамц 5х2мм, хөх дотоож З0хЗ0мм, 15х15мм эдэлгээний явцад цооролт, саарал бэлтгэлийн өмд 25мм, ногоон алчуур 20мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин зүсэлт, ягаан дотуур өмдөнд гарсан 15х10мм гогдогдон татах хүчний үйлчлэлээр гарсан гогдолт гэсэн тус тус гэмтлүүдтэй байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад гарсан гэмтлүүдийг 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр үүссэн эсэхийг криминалистикийн шинжилгээний арга аргачлалаар тодорхойлох боломжгүй. ...” гэсэн 1969 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх91-92/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б А 41 нас эр” гэж хаягласан цусанд спирт илрээгүй. ...” /1хх 92/ гэсэн 3319 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын “...Шинжилгээнд ирүүлсэн №1, №2 дугаартай 1.5мл-ийн 2 ширхэг тюбэнд хийсэн эдэд эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. №1, №2 дугаартай 1.5мл-ийн 2 ширхэг тюбэнд хийсэн эдэд илэрсэн ДНХ-ийн тогтоц нь талийгаач М.Бийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” /1хх 151-152/ гэсэн 3242 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Налайх дүүргийн Цагдаагийн газрын “...Налайх дүүргийн 5 дугаар хороо, “Г” нэртэй газар 2021 оны 7 дугаар сарын 8 ны өдөр М.Б, Б.А нар нь - - улсын дугаартай “Н” маркийн тээврийн хэрэгсэл дотор архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж унтсан гэх үйлдэлд амь хохирогч М.Б нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Улмаар М.Бийг тээврийн хэрэгслийн доор сүүдэрлээд унтаж байхад нь Б.А нь тээврийн хэрэгслийг жолоодоод хөдлөхдөө дайрч амь насыг нь хохироосон гэх үйлдэлд нь тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чигөөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна. ...” гэсэн 6 дугаартай мөрдөгчийн магадлагаа /1хх 160/,

Техникийн шинжээчийн “...Зам тээврийн осол болсон газар нь автомашин явахыг хориглосон газар биш байна. Замын хөдөлгөөнд оролцогчийг автомашинаар дайрсан үйлдэл нь зам тээврийн осол мөн. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг гэж заасан байна. Н маркийн - улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд “замын хөдөлгөөнд оролцогч” гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг гэж заасан. Талийгаач М.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” заалтыг зөрчин автомашин дор хэвтсэн нь аюултай нөхцөл байдал бий болгосон гэж үзэж байна. Зам тээврийн осол гарах болсон үндсэн шалтгаан нь автомашинтай явж байхдаа архи хэрэглэсэн явдал юм. Н маркийн - улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалт, талийгаач М.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “27.2. г/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон. Дүгнэлт гарах явцад хэрэгт ач холбогдол бүхий өөр илэрсэн зүйлгүй болно. ...” гэсэн 202144 дугаартай шинжээчийн дүгнэлт,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 5-16/, - Улсын дугаартай автомашинд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 155-156/, эд мөрийн баримтаар тооцсон баримтын фото зургийн үзүүлэлт /1хх 140-141/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба Б.Аг согтуугаар - улсын дугаартай “N” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн М.Бийг тээврийн хэрэгслийн доор унтаж байхад нь дайрч амь насыг хохироосон үйлдлийг бодитой тогтоож, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Д.Март “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж тус тус заасан бөгөөд уг заалт нь шүүхэд эрх олгосон заалт юм.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зохих заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээнд хамаарч байх тул шүүх уг хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн явдал болохгүй.

Нөгөөтээгүүр, шүүгдэгч Б.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон, хор уршгийн хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Харин шүүгдэгч Б.Агийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байдал /тээврийн хэрэгслийн жолоочтой хамт согтууруулах ундаа хэрэглэсэн/, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлоос нөхөн төлсөн, цаашид гарах гэм хорын хохирлын нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлэн тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчлөх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Д.Мартын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Д.Мартын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                      М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ