Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/02513

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 04 182/ШШ2024/02513

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  С***** /ИБД:/,

Хариуцагч: А***** /РД:/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.С*****, өмгөөлөгч Б.Б,

Хариуцагч Ү.А*****, өмгөөлөгч Д.Э,

Гэрч М.Г, С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие хариуцагч Ү.А*****т 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийн өмчлөлийн УНГ 39-09 улсын дугаартай форд маркийн тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээг амаар байгуулж, 65.000.000 төгрөгөөр тохирч худалдсан болно. Миний зүгээс тус өдөр машиныг түүнд хүлээлгэн өгч мөн өмчлөх эрхийг өөрийн нэрээс шууд хариуцагчийн нэр рүү шилжүүлсэн. Ү.А***** нь машиныг авсан өдөр урьдчилгаа 35.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 30.000.000 төгрөгийг 7 хоногийн дотор төлж барагдуулахаар тохирсон. Гэтэл Ү.А***** нь урьдчилгаа 35,000,000 төгрөгийг цувуулан төлж, үлдэгдэл 30.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсан боловч Ү.А***** нь би худалдаж аваагүй, өөр хүнд авч өгсөн, үлдэгдэл мөнгийг чинь өгч чадахгүй гэдэг боловч одоо хүртэл өөрөө эзэмшиж, ашиглаж байна. Иймд Ү.А*****ээс тээврийн хэрэгслийн үлдэгдэл 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Б.С***** гэх хүн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ надтай уулзаж амаар тохиролцоод худалдах худалдан авах гэрээ хийж машинаа зарсан гэж бичсэн байна. Миний хувьд Б.С***** гэх хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй. Машиныг Гантулга гэх миний нэр рүү шилжүүлж өгч байсан ба бидний хооронд ямар нэгэн гэрээ хийгдээгүй. Би БНСУ-ын иргэн Ю****** нь гэх хүнтэй хамтран амьдарч байсан ба тэрээр Баагий буюу Б***** гэх хүнтэй хамтран бизнес эрхэлдэг бид нэг нэгнээ маш сайн таньдаг гэж хэлж байсан.

Б***** нь машин зардаг ба гаалиар орж ирсэн Форд маркийн машин зарах гэж байгаа чи очоод үзээд ав, үнэ хөлсийг яриад тохирсон гэж хэлсэн.

Ингээд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэрийг нь мэдэхгүй нэг залуугаас Баянзүрх дүүргийн автотээврийн газарт ирж Форд маркийн автомашиныг шууд миний нэр рүү шилжүүлж өгсөн. Ю****** нь машины төлбөрийг Хаан банкны 5032507744 тоот Г****** гэх хүний данс руу шилжүүл гэхээр нь 2022 оны 12 сарын 05-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 10.000.000 төгрөг, 2022 оны12 сарын 06-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 10.000.000 төгрөг, 2022 оны 12 сарын 09-ны өдөр 5000.000 төгрөг нийт 25.000.000 төгрөгийг мөн С.Б*****ийн данс руу 5,000,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Машины төлбөр нийт 35,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 30,000,000 төгрөгийг Ю****** бэлнээр төлсөн. Иймд С***** машины төлбөрийг нэхэмжлэх эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн Прокурорын 2023 оны 10 сарын 30-ны өдрийн 3788 дугаар тогтоол, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, мэссенжэр чат /хх2-5, 38, 40-43,/

4.Хариуцагч талаас гаргасан нотлох баримт: Хариу тайлбар, Ү.А*****ийн дансны хуулга, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл /12-28, 33-34, 174/

5.Шүүхээр бүрдүүлсэн баримт: 2024 оны 03 сарын 13-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, 3909УНГ тээврийн хэрэгслийн лавлагаа, 3909УНГ тээврийн хэрэгслийн бүртгэл, лавлагаа, 2023 оны 08 сарын 14-ний өдрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, мэссенжэр чат, 3909УНГ тээврийн хэрэгслийн лавлагаа, хувийн хэрэг /хх58-65, 88-90, 104-109, 116-173/ зэрэг баримтууд бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.С***** хариуцагч Ү.А*****т холбогдуулан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Ү.А*****т 65,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг худалдахаар тохирч, түүнд тээврийн хэрэгслийг шилжүүлж өгсөн, 35,000,000 төгрөгийг хүлээн авсан, үлдэх 30,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж

Хариуцагч татгалзлын үндэслэлээ Б.С*****тэй гэрээ байгуулаагүй, гэрээний үнэ 65,000,000 төгрөг гэж тохироогүй, Ю****** -оос тээврийн хэрэгсэл худалдаж авсан тул түүний шилжүүл гэсэн дансанд 35,000,000 төгрөг төлсөн, үлдэх 30,000,000 төгрөгийг түүнд бэлнээр төлсөн, Б.С*****д төлөх үүрэггүй гэж маргаж байна.

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байх ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.С***** нь 1FM5K8F86GGC79088 арлын дугаар бүхий, форд маркийн цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгслийг 2022 оны 02 сарын 19-ний өдөр Алтанбулаг боомтоор УБ транс ХХК-ийн мэдүүлгээр нэвтрүүлж,

улмаар уг 1FM5K8F86GGC79088 арлын дугаар бүхий тээврийн хэрэгслийг 2022 оны 12 сарын 06-ны өдөр Ү.А*****т шилжүүлж 39-09 УНГ улсын дугаараар бүртгүүлсэн, тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч Ү.А***** эзэмшиж байгаа болох нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг болон тээврийн хэрэгслийн бүртгэлээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 195.1.Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч тал нь тухайн тээврийн хэрэгслийг 2022 оны 12 сарын 04-ний өдөр нийтэд 68,000,000 төгрөгөөр худалдахаар санал гаргасан болох нь Үнэгүй.мн сайтад байршуулсан зарын мэдээллээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг амаар буюу бичгээр байгуулж болох бөгөөд хөдлөх эд хөрөнгийн худалдах гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигддаггүй ба харин эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсан гэж заажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичмэл баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр гэрээний талууд болох Б.С*****, Ү.А***** нарын хооронд гэрээний гол нөхцөл болох тээврийн хэрэгслийн үнийг 65,000,000 төгрөг гэж тохиролцож, урьдчилгаа 35,000,000 төгрөгийг нэг сарын дотор, үлдэх 30,000,000 төгрөгийг 2023 оны 02 сарын эхээр буюу цагаан сараас өмнө төлөхөөр тохиролцож, худалдан авагч тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд авсан болох нь

гэрч М.Г миний бие нь БНСУ-аас тээврийн хэрэгсэл оруулж ирэхдээ эхнэр Б.С*****гийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийдэг, 1FM5K8F86GGC79088 арлын дугаар бүхий, форд маркийн цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгслийг 2022 оны 02 сарын 19-ний өдөр Алтанбулаг боомтоор оруулж ирээд, Үнэгүй.мн дээр 68,000,000 төгрөгөөр худалдахаар зар тавьсан байсан...найз С.Б***** нь энд нэг солонгос нөхөр монгол эхнэртэйгээ машин сонирхож байна гэхээр нь үзүүлээд 65,000,000 төгрөгөөр худалдахаар Ү.А*****тэй тохирч, түүний нэр дээр машинаа шилжүүлж өгсөн, урьдчилгаа 25,000,000 төгрөгийг би өөрийн дансаар, 10,000,000 төгрөгийг С.Б*****ын дансаар авсан...Ү.А***** нь машины үлдэгдэл 30,000,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй...солонгос хүнтэй огт гэрээ хэлцэл хийгээгүй...Ү.А*****тэй ярилцаж тохирсон гэх,

гэрч С.Б*****ын манай дэлгүүрээр солонгос нөхөр байнга үйлчлүүлдэг байсан, найз Г****** машинаа зарахаар зар тавьсан бөгөөд энэ талаар солонгос нөхөр болон Ү.А*****т хэлсэнГ****** 65,000,000 төгрөгөөр машинаа зарна гэж байна гэж Ү.А*****т хэлэхэд зөвшөөрөөд 35,000,000 төгрөгийн урьдчилгаанд өгөөд үлдэх төлбөрийг 2023 оны цагаан сараас өмнө өгөхөөр тохиролцсонтухайн үед би найз Г******даа найдвартай хүмүүс юм шиг байна гэж хэлсэнэнэ машин бол солонгос хүний машин биш Г******** машин, төлбөрөөс Ү.А***** миний дансанд 10,000,000 төгрөг шилжүүлэхээр нь би Г****** руу шилжүүлсэн гэх мэдүүлэг,

хариуцагч Ү.А***** гэрч Г******** дансанд 25,000,000 төгрөг, гэрч С.Б*****ын дансанд 10,000,000 төгрөг төлсөн талаар Хаан банкны дансны хуулга, тээврийн хэрэгслийн бүртгэлийн баримтаар мөн хариуцагч Ү.А*****ийн тээврийн хэрэгслийн үнээс 35,000,000 төгрөгийг төлсөн, 30,000,000 төгрөг бэлнээр төлсөн гэх тайлбараар гэрээний зүйлийн үнэ 65,000,000 төгрөг болох нь тогтоогдож байна.

Дээрх үйл баримтаар Б.С*****, хариуцагч Ү.А***** нарын хооронд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний үнэ 65,000,000 төгрөг болохыг талууд тохиролцсон, хариуцагч гэрээний зүйлийг өөрийн эзэмшилд авснаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч Б.С***** тээврийн хэрэгслийн үлдэх үнэ 30,000,000 төгрөгийг хариуцагч Ү.А*****ээс шаардах эрхтэй, хариуцагч Ү.А*****т уг гэрээний үнийн үлдэгдэл 30,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

3. Харин хариуцагч Ү.А***** нь БНСУ-ын иргэнээс уг тээврийн хэрэгслийг худалдан авсан, түүний шилжүүл гэсэн дансанд 35,000,000 төгрөг төлсөн, түүнд 30,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх тайлбарыг бичгийн нотлох баримтаар нотлоогүй бөгөөд энэ нь хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн баримт буюу эрүүгийн хэргээс хуулбарласан цахим захидал нь монгол хэлээр бичигдээгүй, гар утсанд хийсэн үзлэгийн ажиллагаагаар тухайн захидал нь галигласан байх тул нотолгооны ач холбогдолгүй болно.

5.Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ү.А*****ээс тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.С*****д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ү.А*****ээс 307,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.С*****д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОН