Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 108

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс:180/2017/0109/Э

 

     Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга           Н.Энхзул 

Улсын яллагч                                      Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан

     

    Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хурх овогт Чүлтэмсүрэнгийн Ч.Б-д холбогдох 201723000155 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

   Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1963 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шуга зургийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо, Ногоон талбайн 06-15 тоотод оршин суух, урьд 2009 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй гэх, Хурх овогт Ч.Б 

 

      Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

      Шүүгдэгч Ч.Б нь 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Наран багийн нутагт иргэн М.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

         Хохирогч М.Б мөрдөн байцаалтад өгсөн: “... манай ажил 24 цаг үүрэг гүйцэтгээд 48 цаг амардаг. ... тэр өдөр Ч.Б ээлжинд гарч байсан. Би хоол хийх гэтэл Ч.Б тогоогоо цэвэрлээгүй урьд нь хоолны үлдэгдэлтэй нь тэр чигээр нь хаячихсан байхаар нь би түүнд “тогоогоо цэвэрлээд өг” гэж хэлсэн. Тэгэхэд Ч.Б зурагт үзээд хэлж байгаа үгийг тоохгүй байсан. Би хэд хэдэн удаа хэлсэн. Тэгсэн Ч.Б уурлаад босоод ирхэд нь би зөрүүлээд цааш нь түлхтэл эргэж хараад  гурилын мод аваад миний толгойны ар дагз руу хажуу талаас 1 удаа цохиход миний тогойноос цус гарсан. Би уурлаад галын үнс буулгадаг нарийн төмрийг аваад Ч.Бийн толгой руу 1 удаа цохисон. Тэгтэл ээлжийн ахлагч Энхбаатар бид 2-ыг салгаад гадаа гар гээд гаргасан. Гадаа гарсан хойно Ч.Б намайг тэвэрч аваад үүдний цемэнтэн хавтан дээр дарж унагаагаад гараараа миний нүүр лүү цохисон... би Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт 2017.05.11-ний өдөр компьютер томографийн зураг авахуулахад баруун нүдний ухархай хугаралтай байна, хагалгаанд орох шаардлагатай гэсэн бичиг өгсөн... намайг зодсон Ч.Б миний хохиролыг бүрэн барагдуулсан. Надад гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-19 тал/, 

         Гэрч Я.Энхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “... Б нь Ч.Б ийг шанаа тус газар руу нь 2-3 удаа цохисон. ... тэгтэл Б галын дэгээ төмрөөр Ч.Бийн толгой руу цохисон чинь Ч.Б толгойгоо барьж авч сууж байгаад босч ирээд Бтай зууралдаад авсан. Тэгж байгаад Бы цээжин хэсгээс нь тэвэрч өргөөд унагаасан чинь Бы нүүр нь цус болчихсон, хамраас нь цус гоожиж байсан. Тэгээд Быг Б бид 2 суганаас нь сугадаж харуулын байр руу оруулаад сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21-22 тал/, 

        Шүүгдэгч Ч.Б ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг: “... Б уурлаад тогоо шанагаа тачигнуулаад байхаар нь бид 2 хоорондоо мрагалдаж байгаад намайг заамдаад байсан. Над руу төмөр бариад дайрахаар нь би өөрийгөө хамгаалж унагаасан гэсэн мэдүүлэг / ХХ-ийн 42-44 тал/,              

        Шинжээчийн дүгнэлт: 2017.06.06-ны өдрийн 2017.187 

             1. М.Б биед баруун талын гайморовын хөндийн урд хана болон баруун нүдний ухархайн доод ханын ясны хэлтэрхий бүхий хугарал, ба гадна хэсэг дотогш цөмөрсөн мөн гайморовын хөнздийн дээд, доод гадна ханануудын хугарал, баруун хацар яс бяцарсан хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шинээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх дурьдагдсан гэмтлүүд хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь тус бүртээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр 10% алдагдана. /хх-ийн 27 тал/,  

 

           Гэрэл зургийн үзүүлэлтүүд /13-15 тал/,

           Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 тал/,

           Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 47-48 тал/, 

           Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 тал/ зэрэг болно.

 

           Шүүгдэгч Ч.Б нь 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Наран багийн нутагт иргэн М.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Бы мэдүүлэг, 187 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

             Хохирогч М.Б нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, эмчилгээний зардал болон учруулсан хохиролоо бүрэн барагдуулсан гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

           Шүүгдэгч М.Б нь өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлөх боломжтой тул шүүх хуралдаад өмгөөлөгчгүй оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

  ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Хурх овогт Ч.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ажлын 8 цагийг нэг хоногийн хугацаагаар тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УЯНГА