Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ/433

 

М.Бид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Бадрал,

шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор М.Бид холбогдох 2110000001240 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            О овгийн Мийн Б, 1996 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ -ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт -тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч М.Б нь -ажиллаж байхдаа 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “согтуу хүн машин цохисон” гэсэн зөрчлийн шинжтэй мэдээллийг хүлээн авч зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай - дугаартай тогтоол үйлдсэний дараа 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хохирогч С.Мт “торгуулийн мөнгө юу болсон бэ, би өөрөө хувиасаа төлчихсөн тул чи надад яаралтай өгөх хэрэгтэй байна” хэмээн түүний эрх зүйн мэдлэг бага байдлыг далимдуулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж 2020 оны 8 дугаар сарын 8-ны өдөр -ны байранд байхдаа Хаан банк дахь өөрийн - дугаарын дансаар 80.000 төгрөгийг авсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О овогт Мийн Бийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Бийг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Бид мэдэгдэж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М.Бийн үйлдсэн хэргийг зөв зүйлчлэн, хуулийн дагуу шийдвэрлэж, ял шийтгэл оногдуулсан. Хэдийгээр хуулийн дагуу шийдвэрлэсэн боловч М.Б нь өөрийн орон байр байхгүй. Эхнэр Д нь группэд байдаг. Бага насны 1 хүүхэдтэй, өрх гэрээ тэжээн амьдралаа авч явдаг хүн нь М.Б юм. Иймд энэ залуу гэр бүлийн цаашдын амьдралд тус үзүүлж, 15.000 нэгжээр торгох ялыг хуульд зааснаар 10.000 нэгж болгон өөрчилж өгнө үү. Өнөөдөр ажлаа хийж байсан бол төлбөрийн асуудлыг төлөх асуудлаа шийдээд явна. Өнөөдөр М.Бийг цагдаагийн албанаас халах асуудал яригдах гэж байна. Хэрвээ ажлаасаа халагдах юм бол торгуулийн асуудлын хувьд улам хүндэрнэ. Иймд торгуулийн ялыг 10.000 нэгж болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...М.Бийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. Учир нь, ямар нэг байдлаар хэн нэгнээс шан харамж авсан зүйл байгаагүй. Гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол үйлдсэнийхээ дараа хүнээс мөнгө нэхсэн асуудал нь залилж байгаа үйлдэл юм. Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Бид 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Шүүгдэгч нь гэм буруугийн асуудлаар маргаж байсан учир шүүх дээрх ялыг оногдуулсан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч М.Б нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт хороо хариуцсан цагдаагаар ажиллаж байхдаа 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “согтуу хүн машин цохисон” гэсэн зөрчлийн шинжтэй мэдээллийг хүлээн авч, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай - дугаартай тогтоол үйлдсэний дараа 2020 оны 8 дугаар сарын 8-ны өдөр -ны байранд байхдаа Хаан банк дахь өөрийн - дугаарын дансаараа С.Маас торгуулийн мөнгө гэж 80.000 төгрөгийг авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Мын “...Би тэр өдөр жаахан архи уучихсан байсан ба ... цагаан өнгийн “Аванте Экс Ди” маркийн ... машины урд гупер руу нь өшиглөсөн ч машин нь үнэндээ зүгээр байсан юм. Тэгтэл нөгөө машины жолооч цагдаа дуудаад, ... цагдаа ирээд намайг ... Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү авч явсан. ...Очиход ... “100.000 төгрөгөөр торгуулах юм байна” гэж хэлсэн. ...Надад ямар нэгэн баримт өгөөгүй. Цагдаагийн алба хаагчтай анх уулзсанаас хойш 7 хоногийн дараа түүний - /Б/ гэсэн дугаараас ... над руу залгаад торгуулийн “мөнгө юу болсон бэ, би өөрөө хувиасаа төлчихсөн тул чи надад яаралтай өгөх хэрэгтэй байна” гэж хэлсэн. ...Очиж уулзахад 100.000 төгрөгийн торгуулийг тухайн үед данс руугаа шилжүүлэн авч байсан. Мөнгийг манай эхнэр өөрийн Хаан банк дахь - тоот данснаас шилжүүлсэн. Сүүлд эхнэрээс асуухад “Б” гэсэн нэртэй данс руу шилжүүлсэн байсан. Б байцаагч намайг Зөрчлийн тухай хуульд зааснаар олон нийтийн газар танхайрсан гэж торгоно гээд байхаар нь би эхнэрээрээ шилжүүлүүлсэн. ...” /1хх 224-226/,

гэрч П.Хгийн “...Манай нөхөр ... М над руу залгаад “... нэг зөрчил гаргасан, цагдаа намайг торгоно гэнэ, 100,000 төгрөгийн торгууль” гэж надад хэлсэн. ...Цагдаатай нь утсаар ярихад ... “танай нөхөр зам гарч байгаад зөрчил гаргасан” гэх утгатай юм хэлсэн. Тэгэхээр нь би ... Б гэж цагдаагийн өөрийнх нь Хаан банкны данс руу өөрийн - дугаартай данснаас байсан 80.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /2хх 4-5/,

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа И.Бийн 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн илтгэх хуудас /1хх 11-21/, Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан материал /1хх 96-104/, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн - дугаартай албан бичиг, хавсралт /1хх 106-107/, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн -дугаартай тушаалаар М.Бийг албан тушаалд томилсон тухай тушаал /1хх 172-173/, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсээс явуулсан албаны шалгалтын танилцуулга /1хх 90-93/, Хаан банк дахь М.Бийн - дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 183-186/, П.Хгийн - дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 187-189/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба М.Бийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.Бийн бусдыг залилан мэхлэхдээ албан тушаалын байдлаа ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Бийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Бийг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэгийн “торгуулийн ялыг 10.000 нэгж болгон хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                      Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ