Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 109

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                

          Хэргийн индекс: 180/2017/0110/Э

    

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга              Д.Мөнхцэцэг,

Улсын яллагч    Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч   А.Э нарыг  оролцуулан

 

Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ходого овогт А.Э холбогдох эрүүгийн 173900050012 дугаартай хэргийг 2017оны 09 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хэнтий аймгийн Мөрөн суманд 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Булагийн 5-00 тоотод оршин суух,  улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ходого овогт А.Э 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч А.Э нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт 37-73 улсын дугаартай Т.Витз маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” мөн дүрмийн  1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөнөөс иргэн Д.Э баруун хөлөн дээгүүр гарч эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт  болон хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

Хохирогч Д.Э мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр миний дэлгүүр орох гээд таксигаар хүргүүлээд, таксинаас буугаад дэлгүүр орохоор алхаж явтал гэнэт нэг шар өнгөтэй 37-73 УБЕ улсын дугаартай машин миний баруун хөлийн тавхайн зах ирмэг дээр гараад зогсчихсон. Би хүүе та нар хөл дээр гараад зогсчихлоо ш дээ гэж орилсон. Тэр машин ухрах үйлдэл хийсэн. Эрдэнэсувд гэх эмэгтэй жолоодсон явсан байсан. Би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд хэмжилт хийгээд явсан. Хөлний тавхай яс цуурч хугарсан, хөл хавагнаж, хавдсан, алхаж чадахгүй, гэр зуураа явж чадаж байна гэсэн. Анх хөл маш их өвдөж байсан, эмчилгээний зардал 2,000,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/, Миний бие 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр авто осолд орсон ба эмчилгээний төлбөр 2,000,000 төгрөгийг А.Э авч хохиролгүй болсон тул гомдолгүй гэсэн хүсэлт /хх-ийн 17 тал/, 

 

Гэрч С.Гантогтохын мөрдөн байцаалтад өгсөн: “... Миний дэлгүүрийн гадаа машинаа байрлуулаад байж байтал хажуу талд Д.Э 37-73 УБЕ улсын дугаартай машинтай байж байсан. Нэг танихгүй хүн өөр машинаас буугаад машины урдуур орсон. Тэр хүн та нар хөлөн дээгүүр гарчихлаа ш дээ гэж орилж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 тал /,

 

Шүүгдэгч А.Э мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... тэр өдөр манай нөхөр согтуу байсан  учир би аргагүй эрхэнд жолоо барьсан. ... миний дэлгүүр рүү орох гэтэл нэг тээврийн хэрэгсэл зогсоод хөдөлсөн. Түүний оронд орох гэтэл уг тээврийн хэрэгслээс буусан хүний хөлөн дээгүүр гарчихсан байсан гэсэн мэдүүдэг /хх-ийн 36-37 тал/,

                            

Шинжээчийн дүгнэлт: 2017.07.26 № 2017.073 Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан акт: 1. Д.Э биед баруун хөлийн шивнүүр ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цусан хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 24 тал/ 

2017.08.18-ны өдрийн Замын цагдаагийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Болдоогийн дүгнэлт:  

37-73 УБЕ улсын дугаартай автомашины жолооч А.Энь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” мөн дүрмийн  1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байна. /хх-ийн 50 тал/, 

 

 Шүүгдэгч А.Э нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт 37-73 улсын дугаартай Т.Витз маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” мөн дүрмийн  1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөнөөс иргэн Д.Э баруун хөлөн дээгүүр гарч эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Э мэдүүлэг, 073 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Д.Э нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, эмчилгээний зардал болон учруулсан хохиролоо бүрэн барагдуулсан гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Э нь өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлөх боломжтой тул шүүх хуралдаад өмгөөлөгчгүй оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна. 

Шүүгдэгч А.Э нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байх тул шүүх түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ: 

 

1. Шүүгдэгч Ходого овогт А.Э Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Э 01 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар автомашин жолоодохыг 2 жилийн хугацаагаар хориглож, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай. 

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

5. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Э-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УЯНГА