Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2021/0121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Г.Ц*******                        

          Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар 

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэгч Г.А*******гийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 20040649 дугаар шийдвэрийг илт хууль бусад тооцон хүчингүй болгож, тус компанийн Гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Х******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ц******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...М******* *******” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Ц******* би 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандан “М******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Белорусь улсын иргэн В.К.К*******ыг чөлөөлж Г.Ц*******ын томилсон тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг бүртгүүлэхээр өргөдөл гаргасныг улсын байцаагч Г.А******* хянаад улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан болно.

Улсын байцаагчийн 200406049 дугаар шийдвэр үндэслэлгүй бөгөөд хуульд нийцээгүй гэж үзэж байгаа тул "М******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захирал Белорусь улсын иргэн В.К.К*******ыг чөлөөлж Г.Ц*******ыг тус компанийн гүйцэтгэх захирлаар бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Хурлын шийдвэрийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

 Улсын бүртгэгчийн 200406049 дугаар шийдвэр дараах үндэслэлээр илт хууль бус гэж үзэж байна. Үүнд: 50 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал В.К.К*******т хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах санал, шаардлагыг албан ёсоор мэдэгдсэн эсэх, хүлээн авсан, эсэх нь нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ. Улсын бүртгэгчийн 200406049 дугаар шийдвэрт дараах үндэслэлээр үгүйсгэгдэнэ

 1. “М******* ******* ”ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Ц******* нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах шийдвэр гаргаж хурлын зарыг хувьцаа эзэмшигч Белорусь улсын иргэн В.К.К*******т компанид бүртгэлтэй хаягаар нь шуудангаар хүргүүлсэн болно.

 2. Компанийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т заасны дагуу Компанийн үнэт цаас эзэмшигч нь өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг болон эзэмшиж байгаа үнэт цаасны хэмжээ /тоо/-г үнэт цаас эзэмшигчдийн бүртгэл хөтлөх этгээдэд мэдээлэх, түүнчлэн эдгээрт орсон өөрчлөлтийг тухай бүрд нь мэдэгдэх үүрэг хүлээнэ. Гэтэл В.К.К******* өөрийн оршин суугаа хаягийн өөрчлөлтөө компанид мэдэгдээгүй, 2016 оноос хойш компанитайгаа холбогдоогүй болно. Миний хувьд В.К.К*******ын хаяг өөрчлөгдсөн эсэхийг мэдэгдээгүй, мэдэх боломжгүй болно. Иймд Компанийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.6-д " Хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 45.4-т заасны дагуу нэр , оршин суугаа газрын хаягийн өөрчлөлтөө тухай бүрд нь үнэт цаас эзэмшигчдийн бүртгэл хөтлөх эрх бүхий байгууллага , эсхүл компанид мэдэгдээгүй улмаас тухайн хувьцаа эзэмшигчид энэ хууль, компанийн дүрэм болон Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон мэдээллийг хүргээгүйн хариуцлагыг компани хэлээхгүй” гэж заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хувьцаа эзэмшигчид хүргүүлсэн гэж үзнэ.

 3. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гаргасан нь Компанийн дүрмийн 7.1 гүйцэтгэх удирдлагыг хоёр орны иргэдээс ээлжлэн 2 жилийн хугацаатайгаар томилохоор зааж, урьдчилан шийдвэрлэсний дагуу компанийн хувийн үйл ажиллагаа хангах зорилгоор зайлшгүй шаардлагын улмаас хүндэтгэн үзэх шалтгаанаар гаргаж байгаа шийдвэр, авч байгаа арга хэмжээ юм.

 4. Улсын бүртгэлийн шийдвэрт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дах заалтад “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад тогтоомжид заасан шаардлага хангаагүй” гэж заажээ. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар Гүйцэтгэх захирал В.К.К*******ыг нөгөө нэг хувьцаа эзэмшигч Г.Ц*******аар солих асуудлыг хэлэлцсэн ба үүсгэн байгуулах бичиг баримтад ямар нэг өөрчлөлт оруулаагүй юм.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн дутууг улсын бүртгэгч тодруулаад нэмж төлүүлээгүй өргөдлийг хүлээн авсан бөгөөд дөрөв нь нөхөн төлсөн болно.

 Улсын бүртгэгчийн энэхүү шийдвэрт дээд шатны байгууллагад нь хандан гомдол гаргасан боловч гомдлыг хангахаас татгалзсан хариу авсан болно.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“М******* Хайндс” ХХК 2 хувьцаа эзэмшигчтэй. Г.Ц******* нь нь 50 хувийн хувьцаа эзэмшигч. В.К.К******* нь монгол байхгүй байгаа. Иймд гүйцэтгэх удирдлагынхаа өөрчлөлтийг албан ёсоор бүртгүүлж чадахгүй байгаа. Компанийн дүрэмдээ 2 жилээр солигдож гүйцэтгэх удирдлагаар явна гэж тодорхойлсон байдаг. В.К.К******* нь 2008 онд тушаал гаргаад Г.Ц*******ыг гүйцэтгэх удирдлагаараа томилоод эрх үүргээ шилжүүлсэн байгаа. В.К.К******* нь өөр ажил алба эрхэлж байсан ба гүйцэтгэх захирал солигдох үед нутаг руугаа явсан. Г.Ц******* бид зөвлөлдөөд Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7-д заасан журмыг баримтлан хувьцаа эзэмшигчдийн хурал зарлаад зарыг нь компанид бүртгэлтэй хаягаар В.К.К*******т хүргүүлсэн боловч буцаж ирсэн. Хурлыг зарласан учир хийгээд хойшлуулаад 20 хувийн ирцтэйгээр хоёрдох удаагаа хийж гүйцэтгэх удирдлага солих асуудал яригдсан ба тогтоол гарсан. Компанийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т заасныг баримталсан. Хувьцаа эзэмшигч нь хаягаа бүртгүүлэх үүрэгтэй ба шинэ хаягаа бүртгүүлээгүй ба олох боломжгүй байсан. Иймд гүйцэтгэх удирдлагаа өөрчилж бүртгүүлэх өргөдөл гаргасан.

Бүртгэгч нь албан ёсоор мэдэгдэл хүргүүлсэн эсэх нь эргэлзээтэй байна гэсэн. Мэдэгдэл хүргүүлэх хүлээн авах тухайд Монгол улсын шуудангаар албан ёсоор хүргүүлсэн. Мөн тэмдэгтийн хураамж дутуу төлөгдсөн байна гэсэн. Тэмдэгтийн хураамжийг нөхөн төлсөн байгаа. Мөн үүсгэн байгуулах баримт бичиг шаардлага хангаагүй гэсэн байна. Компанийн гүйцэтгэх удирдлага өөрчлөх асуудал нь үүсгэн байгуулах баримт бичигтэй холбоогүй юм. Мөн холбогдох хуулийн заалт зөрчсөн гэх үндэслэлээр бүртгээгүй. Энэ нь В.К.К*******ыг хувьд эрх ашгийг нь хөндөх зүйл байхгүй. Манай компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр нь хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир холбогдох байгууллагад шилжүүлсэн. В.К.К*******ыг тухайд эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн асуудал хөндөхгүй. Зөвхөн гүйцэтгэх удирдлагын хувьд гаргасан шийдвэрийн дагуу өөрчилж байгаа юм.

Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шийдвэрийг хувьцаа эзэмшигч Г.Ц******* гаргасан. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана” гэж зааны дагуу хуралдаан зарласан. Мэдэгдэл хүлээж авах тухайд хуулийн дагуу явсан ба Компанид бүртгэлтэй хаягаар нь хүргүүлсэн.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н******* шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2113503 тоот регистрийн дугаартай "М*******" ХХК нь 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр үүсгэн байгуулсан ба өнөөдрийн байдлаар улсын бүртгэлд Монгол улсын иргэн Г.Ц******* 50, Орос улсын иргэн Viktar Kavaliоu 50 хувийн хувьцааг тус тус эзэмшиж, гүйцэтгэх захирлаар Орос улсын иргэн Viktar Kavaliou улсын иргэн В.К.К******* бүртгүүлсэн байна .

2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр улсын бүртгэлд гүйцэтгэх удирдлага өөрчлөх уг бүртгэлд хувьцаа эзэмшигчдийн хуралд 50 хувийн хувьцаа эзэмшигч Орос асуудлаар хандсан байна.

 Иймд Компанийн тухай хуулийн 60.1.Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 1.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана. 64.1-д “Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-өөс тогтоосон бүртгэлийн өдрөөр тасалбар болгон компанийн үнэт цаас эзэмшигчдийн бүртгэлийг хөтлөх эрх бүхий этгээд гарган тухайн хурал зарласан этгээдэд хүргүүлнэ.”, 59.4. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна гэж тус тус заасан.

Иймд гүйцэтгэх захирал хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах санал шаардлага гаргасан эсэх нь тодорхойгүй мөн хувьцаа эзэмшигч хурал зарлаж хурлын зарыг хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй ба хувьцаа эзэмшигчдийн хурал бүрэлдэхүүнээр хуралдаж шийдвэрлэсэн шийдвэр гаргаагүй байх тул улсын бүртгэлд бүртгэх нь “бүртгэл үнэн зөв байх” зарчимд нийцэхгүй юм. Хууль зөрчсөн үйлдэл харагдахгүй байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Компанийн дүрэмд заасан 2 жил гэж байгаа боловч Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.7-д “компанийн дүрэмд заасан бусад тохиолдолд” гэж заасныг зөрчсөн байна. Компанийн хувьцаа эзэмшигчийн хурлыг хэн зарлах вэ гэдэг асуудал байна. Гүйцэтгэх захирал нь В.К.К******* гэдэг хүн байгаа учир ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах ёстой. Гүйцэтгэх захирал нь байхгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчид нь 2 удаа хувьцаа эзэмшигчдийн хурал зарлаад тус хүнд мэдэгдэл хүргүүлсэн зүйл байхгүй, сонсох ажиллагаа явуулсан нь нотлох баримтаар нотлогдохгүй байгаа. Тус Компанийн албан ёсны хаяг нь УБ, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Оросын холбооны байр гэх хаягаар байгууллагынхаа хаягаар хүргүүлж байна гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                   ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Ц*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч, “М*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Ц******* тус шүүхэд хандаж “Улсын бүртгэгч Г.А*******гийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 20040649 дугаар шийдвэрийг илт хууль бусад тооцон хүчингүй болгож, тус компанийн Гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж өгнө үү“ гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Компанийн тухай хуулийн 61.7-д заасны дагуу тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаж, зарыг Беларусь улсын иргэн В.К.К*******т компанид бүртгэлтэй хаягаар нь шуудангаар хүргүүлсэн,...хаягийн өөрчлөлтөө компанид мэдэгдээгүй, 2016 оноос хойш холбогдоогүй,...Компанийн дүрмийн 7.1-д хоёр орны иргэд ээлжлэн 2 жилийн хугацаатай гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэхээр заасан...тул Гүйцэтгэх удирдлагыг Г.Ц*******аар солих асуудлыг хэлэлцсэн, улсын тэмдэгтийн хураамжийг нөхөж төлсөн тул Улсын бүртгэгчийн татгалзал хууль бус...” гэж тодорхойлон маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл “М******* *******” ХХК нь 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлд Монгол улсын иргэн Г.Ц******* 50%, Оросын холбооны улсын иргэн Виктор К******* 50% хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн, Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байх ба тус компанийн Гүйцэтгэх удирдлагыг ОХУ-ын иргэн Виктор К******* хэрэгжүүлдэг, уг бүртгэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хүчин төгөлдөр лавлагаа болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандаж УБ-05 маягтаар К******* В.К-ийг Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн болон  Ц*******ыг Гүйцэтгэх захирлаар томилсон өөрчлөлтийг бүртгүүлэхээр хандаж, уг хүсэлтдээ Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар,  2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөр огноолсон, “М*******” ХХК-ийн Гүйцэтгэх захирал К******* В.К-д “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагт хуралдуулах, хурлаар Компанийн Гүйцэтгэх захирлыг өөрчлөх асуудлыг хэлэлцүүлэх” санал гэх баримт, мөн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолсон Компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хуралдуулах тухай шийдвэр гэх баримт, 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөр огноолсон, Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөр огноолсон Хурлын зар, мөн оны 3 дугаар сарын 30-ны өдрөөр огноолсон Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, мөн өдрөөр огноолсон Гүйцэтгэх захирал К******* В К-ийг энэ өдрөөс албан тушаалаас чөлөөлж Гомбын Ц*******ыг тус компанийн Гүйцэтгэх захирлаар томилсон Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг тус тус хавсаргасан болох нь тогтоогдов.

Уг хүсэлтийг хариуцагч захиргааны байгууллага хүлээж аваад 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 20040649 дугаар “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай” шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18.1.1, 18.1.2, Компанийн тухай хуулийн 34, 60.1, 61.1, 61.2, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлээ “...50 хувийн хувьцаа эзэмшигч, гадаадын иргэн В.К К*******т хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг албан ёсоор мэдэгдсэн эсэх, хүлээн авсан эсэх нь нотлогдоогүй, улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн” гэж тайлбарлан, зөрчлийг арилгасны дараа дахин хүсэлт гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 4.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх” 19 дүгээр зүйлийн 19.4-т “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна”, 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”,  18.1.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”, 18.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй”, Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд “Компанийн энгийн хувьцаа эзэмшигчийн эрх”, 60 дугаар зүйлийн 60.1-д “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана”, 61.1-д “Дараах тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна”  61.2-т “Энэ хуулийн 61.1.2-т заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д гаргах эрхтэй” гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл нэхэмжлэгч нь Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргахдаа хуульд заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн, тухайлбал ОХУ-ын иргэн В.К.К*******т компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах санал, хурлын зарыг хуулиар тогтоосон журмын дагуу хүргээгүй, компанид бүртгэлтэй албан ёсны хаягийн дагуу шуудангаар хүргүүлсэн гэх боловч ийнхүү хүргүүлсэн нь хангалттай нотлогдоогүй тул энэ үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв

Нэхэмжлэгч нь тус компанийн дүрэмд зааснаар Монгол улсын иргэн Г.Ц******* бүртгүүлэх үндэслэлтэй гэж маргаж байх боловч тус компанийн дүрмийн Долдугаар зүйлийн “Удирдлага” хэсгийн 1-д “Хамтарсан компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхий захирлаар толгойлуулсан захиргаа гүйцэтгэнэ. Ерөнхий захирал ба түүний орлогчийг хоёр орны иргэдээс ээлжлэн 2 жилийн хугацаатайгаар зөвлөлийн хурлаас томилно” гэж, мөн хэсгийн 2-т “Ерөнхий захирал нь хамтарсан компанийн дүрэм, зөвлөлийн хурлын шийдвэрээр олгосон эрх хэмжээний хүрээнд ганцаар захирах зарчмын үндсэн дээр зохион байгуулна” гэж тус тус зааснаас үзвэл энэ нь Компанийн гүйцэтгэх захирлыг шууд ээлжлүүлэн томилно гэж ойлгогдохгүй байх ба харин ч Ерөнхий захирал нь компанийн үйл ажиллагааг ганцаар захирах зарчмаар явуулахаар тогтоосон гэж үзэхээр байна.

Энэ тохиолдолд “М*******” ХХК-ийн Гүйцэтгэх захирлыг дээрхи дүрмийн хүрээнд 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Ц*******аар шууд өөрчлөн бүртгэх боломжгүй, энэ үйл ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 60.1, 61.1-д заасан журмаар зохицуулагдана.

Нөгөө талаар нэхэмжлэгч нь ОХУ-ын иргэн В.К.К******* 2016 оноос хойш холбоо харилцаагүй болсон гэж тайлбарласан боловч өөрийнхөө эзэмшлийн компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх боломжийн хүрээнд холбогдох эрх бүхий байгууллагуудад хандаж гомдол, хүсэлт гаргаж байгаагүй, ОХУ-ын иргэн В.К.К*******ыг нэгэнт Монгол улсад байхгүйг мэдсээр атлаа түүнд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Монгол улс дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын байр “М*******” ХХК, Захирал К******* В.К гэсэн хаягаар шуудан хүргүүлсэн боловч уг хаяг нь ОХУ-ын иргэн К******* В.К-ийн хаяг биш харин “М*******” ХХК-ийн албан ёсны хаяг болох нь тогтоогдсон болно.

Иймд  “М*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг тогтоосон журмын дагуу ОХУ-ын иргэн К******* В.К-д хүргүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул энэ шалтгаанаар улмын бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараахь тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”-оор тус тус заасан.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хариуцагчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 20040649 дугаар “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай” шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр бөгөөд энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан “улсын бүртгэл үнэн зөв байх” зарчимд нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Улсын бүртгэгчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй, уг эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул түүнийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.

Түүнчлэн хариуцагчийн татгалзсан шийдвэрийг шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн тул тус компанийн Гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Ц*******аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 19.4.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18.1.1, 18.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Ц*******аас гаргасан, “Улсын бүртгэгч Г.А*******гийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 20040649 дугаар шийдвэрийг илт хууль бусад тооцон хүчингүй болгож, тус компанийн Гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж өгнө үү“ гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.ДУЛАМСҮРЭН