| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмон |
| Хэргийн индекс | 182/2024/03188/И |
| Дугаар | 182/ШШ2024/02411 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 182/ШШ2024/02411
| 2024 оны 05 сарын 28 өдөр | Дугаар 182/ШШ2024/02411 | Улаанбаатар хот |
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ************ давхарт байрлах, ************ны нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд З******** эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х**********нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн "Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай" А-153 дугаар тушаалаар Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч Банкны эрх хүлээн авагч томилогдон ажиллаж байна.
Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Хадгаламж банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны зарим актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлж Хадгаламж банкны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч Пүрэвдорж овогтой Болдсайхан, хамтран зээлдэгч Галбадрах овогтой З******** нарт олгосон чанаргүй зээл хамаарч байна.
Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу З******** эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байгаа болно.
Зээлдэгч нар нь Хөвсгөл аймаг дахь Монгол шуудан банкны 110-р салбарын 8-р төвтэй 2008 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 3Г1 148/31 дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн Б 14231 дугаартай Барьцааны гэрээг тус тус, байгуулан 4,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,5 хувь, жилийн 30 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэн авч ашигласан бөгөөд тус гэрээний дагуу хамтран зээлдэгч З******** РД:РЙ92021311 нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, ззэлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д заасны дагуу зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээ баталж гарын үсэг зурсан байна.
Үндсэн зээлдэгч П.Болдсайхан /РД:РЙ76080611/ нь 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон.
2008 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 3Г1148/31 дугаартай Зээлийн гэрээний 4.2.13-т зээлдэгч З********тэй хамтран зээлдэх бөгөөд энэхүү хамтран зээлдэгч нь иргэний хуульд зааснаар зээлдэгчийн хүлээх бүх үүргийг нэгэн адил хүлээж биелүүлэх үүрэгтэй гэж заасан.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй. Зээлийн гэрээний хугацаа дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкийг илтэд хохироож байна. Зээлдэгчийн үндсэн зээл болон зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл:
1,040,857, зээлийн хүүний үлдэгдэл 320,738, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 64,569, нийт үлдэгдэл 1,426,165 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Улсын бүртгэлийн лавлагаагаар хариуцагч З******** нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багийн Мандал, сант 2 дугаар гудамжны 13 тоотод бүртгэлтэй болох нь тогтоогдож Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 155/Ш32024/01405 дугаартай захирамжаар хариуцагч нь хаягандаа амьдардаг бүртгэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд, зээлдэгч З******** эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Хадгаламж банк ХХК дах Банкны эрх хүлээн авагчийн ажлын албаны нэхэмжлэлтэй З******** эрэн сурвалжлах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Итгэмжлэл, зээлийн гэрээ, зээл хүүний төлбөрийн хуваарь, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, балансын гадуурх дансны хуулга, А153 Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал, А157 Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал, А-114 Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал, А-116 Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал, А-172 Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал, А-15 Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал, А-214 Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал, А-216 Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал, А-30 Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал, А-28 Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал, А-258 Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал, А-202 Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал, А-205 Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал, А-190 Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал, монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээ, Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 сарын 02-ны өдрийн 155/ШЗ2024/01405 дугаар захирамж, /хх 4-29/ зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х**********нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн З******** эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд Х**********нь ************ давхарт байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч З********ийн оршин суух хаяг тодорхойгүй улмаас 1,426,165.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
Хэрэгт Хадгаламж банк ХХК, З******** нарын хооронд байгуулсан 2008 оны 01 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар З******** нь хүсэлт гаргагч Хадгаламж банк ХХК дах Банкны эрх хүлээн авагчийн ажлын албаны нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байна.
3. З******** нь зээлийг хүсэлт гарган авч байх үедээ Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багийн Мандал, сант 2 дугаар гудамжны 13 тоот хаягт оршин суудаг гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн тухайн хаягаар үүргийн гүйцэтгэлийн шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүх З********ийн оршин суугаа газрын хаягаар ажиллагаа явуулсан хэдий ч тэрээр дурдсан хаягтаа оршин суудаггүй, түүний оршин суугаа газар тодорхойгүй үндэслэлээр Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 сарын 02-ны өдрийн 155/ШЗ2024/01405 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан байна.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З********ийн оршин суугаа газар тодорхойгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний оршин суух хаягийг олж тогтоох ажиллагаа явуулах үүргийг харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дах хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116.,118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан З******** /РД:/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар З******** эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Хадгаламж банк ХХК дах Банкны эрх хүлээн авагчийн ажлын алба, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдэхийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Нэхэмжлэгч Х**********нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН