Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2024/02409

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2024/02409

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ********* тоот хаягт байрлах, Ү******** ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд У****8 эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ү******** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ү******** ХХК нь У****8т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,796,151 төгрөг гаргуулахаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч этгээдийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй нь Засаг даргын албан бичгээр тогтоогдсон У****8 нь 2021 оны 12 сарын 1 өдөр 10040256 тоот дугаар бүхий зээлийн гэрээ байгуулахдаа хаягтаа оршин суудаг байсан. Гэвч шүүхээс тухайн хаягт оршин суудаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаас шалтгаалан хаяг нь тодорхойгүй хариуцагчийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ү******** ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Баттөгөлдөрийг эрэн сурвалжлах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 142/ШЗ2023/03436 дугаар захирамж, /хх2-9/ зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Ү******** ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн У****8 эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ү******** ХХК нь ********* тоот хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь тус байгууллагын 2075377 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч У****8ийн оршин суух хаяг тодорхойгүй улмаас зээлийн гэрээний үүрэгт 3,796,151 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.

Хэрэгт Ү******** ХХК, У****8 нарын хооронд байгуулсан 2021 оны 12 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар У****8 нь хүсэлт гаргагч Ү******** ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байна.

 

3. У****8 нь зээлийг хүсэлт гарган авч байх үедээ Орхон аймаг, Баян-Өндөр сум, 21 дүгээр баг, Баянтал 9 гудамж, 201 тоот хаягт оршин суудаг гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн тухайн хаягаар үүргийн гүйцэтгэлийн шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүх У****8ийн оршин суугаа газрын хаягаар ажиллагаа явуулсан хэдий ч тэрээр дурдсан хаягтаа оршин суудаггүй, түүний оршин суугаа газар тодорхойгүй үндэслэлээр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 142/ШЗ2023/03436 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан байна.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У****8ийн оршин суугаа газар тодорхойгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний оршин суух хаягийг олж тогтоох ажиллагаа явуулах үүргийг харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116.,118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан Лутбаатарын У****8 /РД:********/-г эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар У****8 эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт Ү******** ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдэхийг Орхон аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН