Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2024/02402

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2024/02402

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* хаягт байрлах, Х******** ХХК /РД:*****/ -ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х******** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г******* нь манай компанитай 2022 оны 07-р сарын 29-ний өдөр Ш-БЗГ/2022-52023 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийг сарын 2,55%-ийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч Г******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Samsung Galaxy s22 Ultra 256GB Black SM-S908BZKGSKZ загварын гар утсыг "Пи Си Молл" ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн.

Зээлдэгч Г******* нь Ш-БЗГ/2022-52023 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 02-р сарын 05-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 4,658,643.47 төгрөг төлөх байснаас нийт 225,000 төгрөг төлж, 4,433,643.47 төгрөгийг зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 518 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээ дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Г******* нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээ дангаар цуцлах эрхтэй. Манай компанийн зүгээс Г*******, Баянзүрх дүүрэг, 27-р хороо дунд дарь эх 11 гудамж 2061а тоот оршин суух хаягаар нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч энэ хаяг дээр бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй нь тогтоогдож 101/Ш32023/23667 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Г******* бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийж байгаа, Г******* нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байгаа, иймд гэрээний үүргээ шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Г******* эрэн сурвалжлах шийдвер гаргаж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Х******** ХХК-ийн нэхэмжлэлтэй Г******* эрэн сурвалжлах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Барьцаат зээлийн гэрээ, Зээл эргэн төлөлтийн хуваарь, Барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, нэхэмжлэл, мэдэгдэл, өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, харилцагчийн анкет, зээлийн хүсэгчийн өргөдөл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 сарын 13-ны өдрийн 101/ШЗ2023/23667 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, /хх3-22/ зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Х******** ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн Г******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Х******** ХХК нь Чингэлтэй дүүрэг, 04 дүгээр хороо, бага тойруу, 6, 07 тоот хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь тус байгууллагын ***** регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч Г*******ын оршин суух хаяг тодорхойгүй улмаас 5,085,100.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.

Хэрэгт Х******** ХХК, Г******* нарын хооронд байгуулсан 2022 оны 07 сарын 29-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар Г******* нь хүсэлт гаргагч Х******** ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байна.

3. Г******* нь зээлийг хүсэлт гарган авч байх үедээ Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, дунд дарь эх 11 гудамж, 1061а тоот хаягт оршин суудаг гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн тухайн хаягаар үүргийн гүйцэтгэлийн шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүх Г*******ын оршин суугаа газрын хаягаар ажиллагаа явуулсан хэдий ч тэрээр дурдсан хаягтаа оршин суудаггүй, түүний оршин суугаа газар тодорхойгүй үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 сарын 13-ны өдрийн 101/ШЗ2023/23667 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан байна.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г*******ын оршин суугаа газар тодорхойгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний оршин суух хаягийг олж тогтоох ажиллагаа явуулах үүргийг харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116.,118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан *****Г******* /РД:******/-ийг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г******* эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт Х******** ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН