Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс:180/2017/0111/Э

 

          Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

     Нарийн бичгийн дарга                  Н.Энхзул

     Улсын яллагч                                        Ц.Цэен-Ойдов

     Шүүгдэгч                                                О.Б нарыг оролцуулан

     

        Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорчид овогт О.Б холбогдох 1739000080008 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын  хамт, Хэнтий аймгийн Бэрх тосгоны Хөдөө хэсэгт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Хорчид овогт О.Б 

 

      Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

      Шүүгдэгч О.Б  нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 07-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны хөдөө хэсэгт оршин суух иргэн С.Бат-Отгоны хоттой хониноос 6 тооны хонь хулгайлж 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

      Хохирогч С.Б мөрдөн байцаалтад өгсөн: “... би 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Бэрхээс гараад гэртээ ирэхэд манай эхнэр Ш.Эрдэнэчимэг 2017 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө хоттой хонийг маань хүмүүс баруун зүгт хөөж гэрээс холдуулаад дотроос 4 тооны хонийг барьж авч хөлнүүдийг хүлж хэвтүүлээд зөөж байх үед очиж хашгирахад 1 мотоцикльтой 2 хүн авч явах гэж байсан хонио хаяад зугтаасан гэж хэлсэн. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд баривчилгаанд 12 хоногийн хугацаатай явсан. Энэ үйл явдал болсны дараа маргааш өглөө нь хонь ямаагаа тоолоход нөгөө хөл нь хүлээтэй байсан 4 тооны хониноос гадна дахин 2 тооны хязаалан насны эр хонь дутаж байсан. Манайх урьд нь хонь ямаагаа ганц нэгээр алддаг байсан. Хонь хүлээтэй байсан газраар явахад эрэгтэй хүний саарал өнгийн шорт байхаар нь халаасыг нь ухаж үзэхэд Б.Бошоол гэсэн нэртэй Батноров суманд болсон МУ-ын заан Барамсайн нэрэмжит барилдаанд барилдах эрхийн бичиг байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/, О.Б, Б.Отгонбат нар нь надад учруулсан 6 тооны хонины хохирол 580,000 төгрөгийг төлж барагдуулсан тул гомдолгүй гэсэн тухай тодорхойлолт /хх-ийн 47 тал/,  

 

       Иргэний нэхэмжлэгч А.Энхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “... Бошоолыг Бэрх хотын төвд төрсөн эгч Б.Мөнгөнтовчийн гэрт нь буулгаж өгчихөөд тэнд байж байтал Б.Бошоолын төрсөн дүү Б.Отгонбат нь та мотоциклоо өгчих хөдөө яваад айлаас идэх ямаа аваад ирье гэж гуйхаар нь өгөөд явуулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 тал/,

 

       Гэрч Ш.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 02 цагийн орчимд гэрийн урд талд малын хашааны баруун талд хураагаад хотлуулж хонуулсан хонь, ямаа байхгүй байсан. Гэтэл манай гэрээс баруун зүгт 1 км хүрэхгүй зайд гэрлээ асааж явж байгаад унтарсан. .. би гэрт ороод унтаж байсан Б.Эрдэнэбаатар, П.Баярчимэг нарыг сэрээсэн. ... Баярчимэг бид 2 “хөөе та нар хонь хулгай хийж байгаа юм уу” гэж хашгиртал хүлээтэй хонийг газар хаячихаад мотоцикльтойгоо зугатаагаад явчихсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/, 

 

    Гэрч П.Баярчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... бид гуравыг очиход хонь ямаа үргээд явчихсан  Эрдэнэбаатар хонийг эргүүлсэн. Эрдэнэчимэг бид 2 нөгөөл хөл хүлээтэй хонины ойролцоо очиж газар хэвтээд ажиглаж байтал нөгөө мотоцикльтой 2 хүн өнөөх хөл нь хүлээтэй хонийг мотоцикль дээрээ голдоо дүүрч явах гэтэл бид 2 яахаараа хонь хулгайлдаг юм гэж хашгирахад зугатаагаад явчихсан. Тэгээд урьд шөнийн газар өглөө очиход 3 тооны хонь хөл хүлээтэй хэвтэж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/, 

 

      Гэрч Б.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “... өглөө тэр газраар очиход 3 тооны хонь хөл хүлээтэй хэвтэж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/ ,

 

     Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол, яллагдагч Б.Отгонбат нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас хүрээгүй, өсвөр насных тул яллагдагчийн үйлдсэн хэргийг тусгаарлан мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэсэн тухай  /хх-ийн 5 тал/, 

 

     Эд хөрөнгө битүүжлэх тухай тогтоол, тэмдэглэл / хх-ийн 9-11 тал / 

     Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 12 тал / 

     Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 45 тал / 

     Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 66 тал / зэрэг нотлох баримтууд болно. 

 

           Шүүгдэгч О.Б  нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 07-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны хөдөө хэсэгт оршин суух иргэн С.Бат-Отгоны хоттой хониноос 6 тооны хонь хулгайлж 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Бат-Отгоны мэдүүлэг, гэрч Ш.Эрдэнэчимэг, П.Баярчимэг, Б.Эрдэнэбаатар нарын мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

         Хохирогч С.Б нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

                                                            

ТОГТООХ НЬ:

  

1. Шүүгдэгч Хорчид овогт О.Б-г бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-г 240 /хоёр зуун дөчин/ цагийн  нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх өнгийн даавуун оосор, гутлын хар үдээс, 28 см урттай нарийн хар сур зэргийг устгаж,  мөрдөн байцаагчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 002993 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн 35-31 ХЭЗ улсын дугаартай Хайрхан маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч А.Энхбаатарт  буцаан олгосугай.  

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Л.УЯНГА