Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2024/02381

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 27 182/ШШ2024/02381

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М****** /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч******* /РД:/-т холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт гар утасны үнэ 660,000 төгрөг, плитканы үнэ 100,000 төгрөг, олох байсан орлого 200,000 төгрөг, нийт 960,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.М******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь өөрийн эзэмшлийн гар утсыг худалдахаар хариуцагч Т.Ч*******т санал гаргахад тэрээр зах зээлийн ханш нь 300,000-350,000 төгрөг байна гэсэн. Ингээд бид ярилцаад би гар утсаа 300,000 төгрөг худалдах, хариуцагч Т.Ч******* төлбөрийг 10 дугаар сард 150,000 төгрөгөөр 2 хувааж төлөхөөр тохиролцоод гар утсыг аваад явсан.

Үүний дараа би теди худалдааны төв дээр очиж зах зээлийн ханшийг судалтал худалдсан гар утасны үнэ 660,000 төгрөгийн үнэтэй байсан тул Т.Ч*******аас утсаа буцааж авахыг шаардсан боловч өгөөгүй. Иймд гар утасны үнэ 660,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Миний бие нь түц ажиллуулдаг, Т.Ч******* нь өндөгтэй талх зардаг бөгөөд миний индукцин плиткаг түр хэрэглэхээр авч яваад эргүүлж өгөөгүй. Иймд плит..г 100,000 төгрөгөөр үнэлж байгаа тул гаргуулж өгнө үү.

Хариуцагч Т.Ч*******ын дээрх үйлдлийн улмаас цагдаагийн байгууллагаар шалгуулахаар өргөдөл гаргасан боловч иргэний шүүхэд ханд гэсэн улмаар түүний үйлдлийн улмаас миний бие орлого олох боломжоо алдсан гэж үзэж байна. Иймд олох байсан орлого 200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нийт 960,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна гэв.

 

2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Т.Ч******* миний бие Г.М****** гэх хүнээс А14 гар утсыг 300,000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ би утасны мөнгө болох 300,000 төгрөгийг төлж барагдуулсан тул одоо өр байхгүй. Мөн түүнээс авсан индукцин плиткыг хэрэглээгүй буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Үүнээс болж орлого алдагдсан гэж үзэхгүй тул нэхэмжилж буй 960,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх3-4, 13/

4. Хариуцагч талаас гаргасан нотлох баримт: Хариу тайлбар /хх19/

5. Шүүхээр бүрдүүлсэн баримт: Т.Ч*******ын 5832099019 тоот Хаан банкны дансны 2023 оны 10 сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 сарын 31-ийг өдрийг дуусталх хугацааны хуулга /хх34-37/ зэрэг баримтууд бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.М****** хариуцагч Т.Ч*******т холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт гар утасны үнэ 660,000 төгрөг, плитканы үнэ 100,000 төгрөг, олох байсан орлого 200,000 төгрөг, нийт 960,000 төгрөг гаргуулах агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байх ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

 

2023 оны 10 сарын үед нэхэмжлэгч Г.М****** өөрийн эзэмшлийн А14 маркын гар утсыг 300,000 төгрөгөөр худалдах санал гаргасныг хариуцагч Т.Ч******* хүлээн зөвшөөрснөөр талуудын хооронд аман хэлцэл байгуулагдсан байна.

 

Иргэний хуульд эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсан гэж тооцох бөгөөд талууд гар утасны үнийг 300,000 төгрөг, төлбөрийг 2 хувааж төлөх мөн тухайн эд зүйлийг худалдан авагчид шилжүүлэн өгснөөр талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхээр байна.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Талууд гэрээний зүйл болох утасны үнэ 300,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сард 2 хуваан төлөхөөр тохиролцсон бөгөөд хариуцагч Т.Ч******* 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 30,000 төгрөг, 10 сарын 06-ны өдөр 60,000 төгрөг, нийт 90,000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байх тул үлдэх 210,000 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй байна.

3. Мөн 2023 оны 10 дугаар сард нэхэмжлэгч Г.М****** нь өөрийн эзэмшлийн 100,000 төгрөгийн үнэ бүхий индукцин плиткыг хариуцагч Т.Ч*******т үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлсэн, хариуцагч Т.Ч******* уг эд зүйлийг хүлээн авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иймд талуудын хооронд эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах хэлцлийн харилцаа үүссэн ба уг гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Хариуцагч нь тухайн эд зүйлийг хүлээн авсан, зориулалтын дагуу ашиглаагүй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн эхний шаардлагаар буцааж өгөх үүрэгтэй байх тул энэ талаар гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

3. Харин талуудын хооронд үүссэн хэлцлийн улмаас нэхэмжлэгч Г.М****** нь олох байсан орлого гэж тодорхойлж 200,000 төгрөгийн шаардлага гаргасан боловч энэ нь бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 339 дүгээр зүйлийн 339.1-д зааснаар хариуцагч Т.Ч*******аас гар утасны үнэ 210,000 төгрөг, 100,000 төгрөгийн үнэ бүхий индукцин плиткаг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.М******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 650,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ч*******аас улсын тэмдэгтийн хураамжид 9,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.М******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН