Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 117

 

 

 

 

 

 

 

А.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъян, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 882 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаар магадлалтай, А.М-д холбогдох 1808003020565 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Т овогт А-ны М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завших” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.М-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгий хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 4 сар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой заалтад өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.М-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.М- гаргасан гомдолдоо “Анхан шатны шүүх намайг албан тушаалын байдлаа ашигласан гэж ялласныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие “У” ХЗХ болон “Г” ХХК-д тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа захирлын тушаал, ажлын байрны тодорхойлолтод бэлэн мөнгөтэй харьцах, кассын орлого авна гэсэн заалт байхгүй бөгөөд кассын орлого авч байсан нь албан тушаалын хувьд биш итгэл хүлээлгэж даалгасан хийлгэж байсан ажил юм.

Холбогдох хууль тогтоомжид нягтлан бодогч нь албан тушаалын хувьд бэлэн мөнгөтэй харьцах албан тушаалтан биш гэж заасан байдаг. Энэ нь гэрч Л.Э-ий мэдүүлгээр нотлогдоно. Иймээс албан тушаалын байдлыг ашигласан гэж хүндрүүлснийг өөрчилж, миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргаж өгөхийг хүсье. “У” ХЗХ-д хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч уг хохирлын дүнг үнэн зөв гаргаагүй.

Тухайлбал ажлын байрны түрээсийн төлбөрт төлөгдсөн 4,500,000 төгрөг, компанийн нэр дээр бүртгэлтэй автобусны смарт карт цэнэглэгч төхөөрөмжийн эргэлтэд оруулсан 400,000 төгрөгийг миний учруулсан хохиролд оруулан тооцсон байна. Энэхүү асуудалтай холбоотойгоор “У” ХЗХ-ны захирал Д.Ч болон “” ХХК-ийн холбогдох албан тушаалтнаас гэрчийн мэдүүлэг авч, түрээс авч байсан холбогдох материалыг гаргуулж судлуулах хүсэлтэй байна.

Мөн хоршоонд миний нэр дээр байгаа 585,000 төгрөгийн хадгаламжийг хохирлоос хасаж тооцуулмаар байна. Миний бие өрх толгойлсон эмэгтэй бөгөөд тархины наалдангаас үүдэлтэй зүрхний цусан хангамжийн дутагдал буюу зүрхний хэм алдагдалтын улмаас даралт тогтворгүй байна. Эх маань харвалт өвчний улмаас эмчийн байнгын хяналтад орсон, охин маань 2017 онд МҮИС-д элсэн орсон боловч сургалтын төлбөрийн улмаас чөлөө авсан. Намайг цагдан хоригдсоноор ар гэрийнхэн маань орлогогүй болж амьдрал нь хүндхэн байна. Эдгээр нөхцөл байдал болон хохирол төлбөр төлөх боломжийг харгалзан эрх зүйн байдлыг минь дээрдүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъян хэлсэн саналдаа “Шүүгдэгч А.М- нь “У” ХЗХ болон “Г” ХХК гэх хоёр компаниас мөнгө завшсан хэрэгт холбогдсон. “Г” ХХК-ийн хохирлоос тодорхой хэмжээгээр төлөөд явж байгаа. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн. Хохирогчийн зүгээс ч гэсэн хохирол төлбөр төлөөд явж байгаа гэдгийг мэдэгдсэн. “У” ХЗХ нь Нийслэлийн Засаг даргын дэргэд байгуулагдсан хадгаламж зээлийн хоршоо юм байна гэж ойлгосон. Энэ хадгаламж зээлийн хоршооны удирдлагаар ажиллаж байсан хүмүүс хуулиар давхар эрхлэх боломжгүй ажлыг давхар эрхэлж байсан учраас нэг хэсэг удирдлагагүй байх үед нь А.М нягтлан бодогчоор нь ажиллаж байхдаа өөр дээр нь төвлөрсөн кассны орлогоор орж ирсэн мөнгө хөрөнгийг өөртөө төвлөрүүлэн хэрэглэж, өр зээлдээ ашигласан гэдэг. “У” ХЗХ-ны удирдлагуудтай уулзаж, хохирол мөнгийг нь барагдуулъя гэж хайж үзэхэд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон, өр зээлийг нь хаана хариуцаж байгаа нь тодорхойгүй байдаг. Санхүүгийн зохицуулах хорооноос лавлагаа авахад тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон гэсэн тайлбар өгдөг. “Г” ХХК-тай хохирлыг нь барагдуулах талаар тохиролцоод явж байгаа. А.М-ын хувийн байдал нь нэг охинтой, хөгжлийн бэрхшээлтэй ээжтэйгээ цуг амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй.  Цагдан хорих 461 дүгээр байгууллагаас өмгөөлөгч миний нэр дээр А.М-ын зүрх судасны хэм алдагдалтай, зүрхний өвчтэй гэсэн эрүүл мэндийн тодорхойлолтыг ирүүлсэн байгаа. А.М-ын ар гэрт хохирлыг нөхөн төлөх боломжтой хүн байхгүй. А.М нь нягтлан бодогчоор багагүй хугацаанд ажиллаж, тодорхой хэмжээнд мэргэшсэн, цагдан хоригдохоос өмнө “Б” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан. А.М-ын хувийн байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “А.М-д холбогдуулж 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “У” ХЗХ, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Г” ХХК-иас тус тус мөнгө завшсан гэх гэмт хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан. Анх аудитын шалгалтын дүгнэлт хоёр байгууллагад хийгдсэн. “У” ХЗХ-нд нийт 44,796,281 төгрөг, эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр баримтаар хасагдсан нийт 12,382,965 төгрөг, мөн 5,000,000 төгрөг хасаж, нийт 27,413,316 төгрөг болж хасагдаж тооцогдсон. “Г” ХХК 7,206,000 төгрөгийн аудитын дүгнэлт гарч, эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр 6,987,739 төгрөг гарсан. Шинжээчийн дүгнэлт гарах явцад А.М-ын хохирол төлбөрөөс баримттай зүйлүүдийг хасаж тооцсон байгаа. Давж заалдах шатны шүүх албан тушаалын байдлаа ашиглан гэдэгт 2014 оноос 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх үйлдлийг үргэлжилсэн үйлдэл байна, мөн тухайн байгууллагад эрхэлж байгаа ажлын хүрээнд буюу нягтлан бодогчоор ажиллаж байсны хувьд хаягдал ном авах хувь хүн, байгууллага, дэлгүүрийн худалдагч орлогыг бэлнээр өгч, шинэ гишүүдэд олгох зээлийг хариуцан, зээлдэгч нартай хоршоог төлөөлөн ажиллаж байсан ба тэрээр ийнхүү ажиллахдаа орлогын болон зээлийн эргэн төлөлтийн мөнгөө бэлнээр болон өөрийн хувийн дансаар шилжүүлэн авах, хоршооны банкин дахь харилцагч заасан гүйлгээний утгад тодорхойгүй мөнгө шилжүүлэн авч, байгууллагын кассанд буцаан тушаалгүйгээр өөрийн хувийн хэрэгцээнд хэрэглэх зэргээр албан тушаалын байдлаа ашиглаж, итгэмжлэн өгсөн бусдын хөрөнгийг завшсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Ийм учраас хэрэгт шалгагдаж, нотлогдвол зохих зүйлүүд шалгаж тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүх А.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй учраас анхан болон дав заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.М-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан ба давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч А.М нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллажж явуулдаг “Г” ХХК-д тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хаягдал ногооны борлуулалтын болон дэлгүүрийн орлогыг бэлнээр авч, кассанд тушаалгүйгээр 6,987,739 төгрөг,

мөн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “У” хадгаламж зээлийн хоршоонд 2014 оны 08 дугаар сараас 2017 оны 05 дугаар сар хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байхдаа зээлдэгч нарын зээлийн эргэн төлөлтийн мөнгийг бэлнээр болон өөрийн дансаар авах, “У” хадгаламж зээлийн хоршооны харилцах данснаас өөрийн хувийн харилцах данс руу шилжүүлэн авах зэргээр 27,413,316 төгрөг, нийт 34,401,055 төгрөгийг завшсан нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан ба давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.М-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоожээ.

Шүүгдэгчийн хувьд завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч хэрэгт цугларсан ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт тэдгээрийн үндсэн дээр гүйцэтгэж байсан албаны чиг үүрэг болон бусдын эд хөрөнгийг хариуцах болсон үндэслэл, эд хөрөнгийг зувчуулсан арга зэргээс үзэхэд эдгээр нь албан тушаалын байдалтай нягт холбоотой болох нь тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, А.М нь “Г” ХХК болон “У” хадгаламж зээлийн хоршоонд тус тус нягтлан бодогчоор ажиллаж байх үедээ албан тушаалын эрх, үүргийн дагуу байгууллагын бэлэн мөнгө, бараатай харьцах боломж гарч энэ байдлыг ашиглан тэдгээрийг завшсан нөхцөл байдал нотлогдсон тул завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуульд заасан хорих ял хөнгөрүүлэн оногдуулах тухай Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдгийг хохирлын дүнтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө өөрт байгаа болон боломжит хугацаанд даруй нөхөн төлөхөө нотлох баримтаар шүүхэд нотолж, итгэл үнэмшил төрүүлэхийг ойлгоно.

Харин шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Н.Жамъянгийн шүүх хуралдаан дээр гаргасан “шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх, өөр төрлийн ял оногдуулах” тухай саналыг судлан үзэхэд шүүгдэгчийн хувьд төлбөр төлөх боломж хязгаарлагдмал, орлогын тодорхой эх үүсвэргүй байх тул түүнийг учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэж, хорих ялыг нь хөнгөрүүлэх боломжгүй байна.

Түүнчлэн завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн тохиолдолд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч А.М-д тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээнд дүйцэхээр ял шийтгэсэн нь түүний гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 882 дугаар шийтгэх тогтоол, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.М-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН