Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 197

 

“Э ц” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Х.Батсүрэн

Шүүгчид:                   Л.Атарцэцэг

                                    П.Соёл-Эрдэнэ

                                    Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг,

Нэхэмжлэлийн шаардлага: “Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 123/ШШ2017/0035 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0101 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: Ш.Рэнцэндорж, түүний өмгөөлөгч С.Сувдмаа,

Хариуцагч: Р.Батбаяр, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,

Гуравдагч этгээд Д.Даяндэмэд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нар,

Гуравдагч этгээд “У б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Даяндэмэд, хариуцагч Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын өмгөөлөгч Б.Баярмагнай нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 123/ШШ2017/0035 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1, 33 дугаар зүйлийн 33.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0101 дүгээр магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 30 дугаар зүйлийн 30.1, 33 дугаар зүйлийн 33.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8-д заасныг тус тус баримтлан “Э ц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Гуравдагч этгээд “У б” ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Даяндэмэд гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийн тухайд: анхан шатны шүүх “Э ц” ХХК-ийн газар эзэмших хугацааг дуусаагүй гэж буюу газар эзэмших эрхийн хугацааг тооцсон үндэслэлээ Газрын албаны даамлын:

-2001 онд бичиж олгосон гэрчилгээгээр 15 жил;

-2003 онд гэрээг 20 жилээр байгуулсан;

-2007 онд олгосон гэрчилгээрээр 15 жил;

-2008 онд гэрээг 15 жилийн хугацаагаар байгуулсан;

-2015 онд газар эзэмших гэрчилгээг шинээр бичиж олгосон 15 жилийн хугацаа гэснийг тус тус үндэслэн газар эзэмших эрхийг хамгийн сүүлд бичиж олгосон гэрчилгээний буюу 2015 оноос хойш 15 жил газар эзэмших эрхтэй хэмээн дүгнэсэн нь илтэд хууль бус байна.

4. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээр “газрын даамал” гэгч албан тушаалтан газар эзэмших хугацааг гэрээ, эсхүл гэрчилгээг 4 удаа шинэчлэх замаар 4 удаа сунгасан, Газрын даамал газар эзэмших хугацааг сунгах эрх бүхий албан тушаалтан гэж үзсэн нь Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 23 дугаар зүйлийн 23.2.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

5. Тухайлбал, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т сумын газрын даамлын эрх хэмжээг хуульчлан тогтоосны дотор мөн зүйлийн 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох” эрхтэй гэж заасан байна.

6. Хуулийн энэ заалтын дагуу газрын даамал газар эзэмшүүлж ашиглуулах гэрээг байгуулахдаа “Засаг даргын шийдвэрийг үндэслэсэн байхаар” хуульчлан тогтоосон.

7. Эндээс үзвэл “Э ц” ХХК-д газар эзэмшүүлэх хугацааг сунгах бол сумын Засаг дарга захирамж гарган шийдвэрлэх, харин уг шийдвэрийг нь үндэслэн сумын даамал хугацаа сунгасан тухай гэрчилгээнд бичих, гэрээ шинэчлэн байгуулах эрхтэй юм.

8. Хуулийн заалт ийм тодорхой байхад анхан шатны шүүх “сумын даамал бие даан газар эзэмших эрхийн хугацааг сунгах эрхтэй” гэж үзэн хуулийн энэ заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна.

9. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна” гэжээ. Хуулийн энэ заалтын дагуу газар эзэмших хугацааг хэд хэдэн удаа сунгах боломжтой байна. Ингэхдээ дуртай үедээ хэн дуртай нь дахин дахин сунгаж болох эрх олгосон заалт биш юм.

10. Харин анхан шатны шүүх уг хуулийн заалтыг хэрэглэн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ:

- газрын даамал гэрээ, гэрчилгээгээр “Э ц” ХХК-ийн газар эзэмших хугацааг 4 удаа сунгасан гэж үзэж, ингэж сунгахыг зөв гэж үзжээ.

- гэтэл нэхэмжлэгчийн газар эзэмших өмнөх хугацаа нь дуусгавар болоогүй байхад 3-4 жил болоод дахин дахин 15, эсхүл 20 жилээр сунгасан байна /анхан шатын шүүх л ингэж үзсэн/ гэж үзэж байгаа дүгнэлтийн логик болоод хууль зүйн үндэслэл нь эрх зүйн зарчимд нийцэхгүй байна.

11. Анхан шатны шүүх өөрийнхөө дүгнэсэн 3-4 жил болоод 15-20 жилээр сунгасан гэх хууль зүйн факт, түүний үр дагаврыг хэрхэн зөвтгөж байгаа талаар эрх зүйн дүгнэлт огт өгч чадаагүй байна.

12. Анхан шатны шүүхийн дүгнэснээр сумын газрын даамлын 4 дэх удаагийн буюу сүүлд 2015 онд бичиж олгосон гэрчилгээний хугацаагаар газар эзэмших хугацааг сунгасан гэж үзэж, “Э ц” ХХК-ийн газар эзэмших хугацаа дуусгавар болоогүй гэж мөн л хуульд нийцээгүй дүгнэлт гарган нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

13. Учир нь 1992 онд Монгал Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж, улс орон даяар иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлж, гэрчилгээ бичиж олгохдоо гэрчилгээний загвар нь бидний нэрлэж заншсанаар “цагаан гэрчилгээ” нэртэй байсан, үүнээс 1998 оны Газрын тухай хууль батлагдсанаас хойш 1999 оны орчимд нэг удаа /энэ гэрчилгээ нь А4 цаасны хэмжээтэй хэлбэр, загвартай байсан/, 2007 онд нэг удаа /энэ гэрчилгээний хэмжээ багасч А4 цаасыг 2 хуваасаны талтай тэнцэх хэмжээтэй, ногоон өнгийн хээ зурсан загвартай болсон/ тус тус өөрчлөгдсөн болохыг нийтээр мэддэг, энэ талаар гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд тайлбарласан билээ.

14. Ингэж газар эзэмших гэрчилгээний загвар өөрчлөгдсөнөөр аж ахуйн нэгжүүдэд гэрчилгээг шинээр бичиж олгох болсон учраас “Э ц” ХХК-д дээрх онуудад шинээр гэрчилгээ бичиж өгсөн нь илэрхий юм. Үүнийг ч гуравдагч этгээдээс шүүх хуралдаан дээр тайлбарласан.

15. Ингэж аж ахуйн нэгжид гэрчилгээний загвар өөрчлөгдсөн шалтгаанаар гэрчилгээ шинээр өгч байгаа явдал нь захиргааны акт шинээр гарч байгаа хууль зүйн факт огт биш, захиргааны техник ажиллагаа юм.

16. Гэтэл анхан шатны шүүх газрын даамлыг захиргааны акт гаргасан буюу өөрөөр хэлбэл, гэрчилгээ бичиж, газар эзэмших хугацаа сунгасан мэтээр дүгнэж байгаа нь илтэд хууль бус болно.

17. Мөн “Э ц” ХХК-д 2001 онд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээнд газар эзэмших хугацааг 15 жил гэж заасан байхад, гэрээг 20 жилээр байгуулсныг анхан шатны шүүх зөвтгөж байгаа хууль зүйн үндэслэл огт байхгүй байна.

18. Анхан шатны шүүх дээр дурдсан байдлаар Газрын тухай хуулийн холбогдох заалтыг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

19. Анхан шатны шүүх хариуцагчийг “Э ц” ХХК-ийн эзэмших 7/500 кодтой 500 га газартай холбоотой хууль бус ажиллагаа явуулсан гэдэг дүгнэлтдээ:

-Угтаал цайдам сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/193 дугаар захирамжийн үндэслэл буруу;

-уг захирамжаа гарсныг мэдэгдээгүй;

-“хариуцагч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон атлаа ямар учраас “Э ц” ХХК-д 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 71, 02 дугаар сарын 06-ны өдрийн 80 тоотоор “газар эзэмших хугацаа дууссан тул ... дахин хуваарилах болсныг мэдэгдэж байна”, “сунгах хүсэлтээ хугацаанд нь ирүүлээгүй ... 5000 га газрын эзэмших хугацаа дууссан тул газар эзэмших хугацааг сунгах боломжгүй” гэсэн бичиг хүргүүлж байгаа нь ойлгомжгүй” гэжээ.

20 Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээ дуусгавар болгосон шийдвэр, газрыг дуудлага худалдаанд оруулах талаар шийдвэрлэсэн захиргааны актуудад холбогдуулан энэ хэрэгт маргаагүй, харин дуудлага худалдаагаар ялалт байгуулж, газар эзэмших эрх олж авсны дүнд сумын Засаг даргаас “У б” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрийг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан билээ.

21. Угтаал цайдам сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/193 дугаар захирамж нь маргаан бүхий захиргааны акт биш, уг актад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад энэ актад дүгнэлт өгч байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан, талуудын маргаагүй асуудалд үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж байна.

22. Хэдийгээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан зүйлд дүгнэлт өгсөн байгаа боловч уг дүгнэлтийг үндэслэлгуй талаар гуравдагч этгээдээс доорх тайлбарыг өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

23. Хариуцагч Угтаал цайдам сумын Засаг дарга нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 71 дүгээр албан бичиг, 02 дугаар сарын 06-ны өдрийн 80 дугаар албан бичгийг “Э ц” ХХК-д хүргүүлсэн шалтгаан нь уг албан бичгийн агуулгаас бүрэн харагдаж байна.

24. Тодруулбал, хариуцагч буюу захиргааны байгууллагаас “Э ц” ХХК-д газар эзэмших эрх дуусгавар болсон талаар нь мэдэгдсэн албан бичиг хүргүүлснийг, газрыг дахин хуваарилалтад оруулах болсон шийдвэрийнхээ талаар тайлбарласныг, энэ нь уг албан бичиг болон маргааны үйл баримтаас туйлын тодорхой байхад анхан шатны шүүх ойлгохгүй байна гэсэн нь илтэд үндэслэлгүй болно.

25. Харин гуравдагч этгээдийн хувьд захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гаргасан шийдвэрээ танилцуулах, мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн ажиллагаа байсан гэж үзэж байна.

26. Эндээс үзвэл анхан шатны шүүхийн “захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ мэдэгдээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

27. Мөн анхан шатны шүүх Угтаал цайдам сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/193 дугаар захирамжийн үндэслэлд баримталсан Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан тохиолдол байхгүй гэж дүгнэсэн нь маргаан бүхий захиргааны актад хамаарахгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан дүгнэлт тул хууль бус байна.

28. Анхан шатны шүүх “... сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/193 дугаар захирамжийг маргаан бүхий 500 га газрыг дуудлага худалдаагаар худалдах, уг газрыг “У б” ХХК-д эзэмшүүлэх үед батлан гаргасан гэх байдал тогтоогдохгүй байна. ... А/193 дугаар захирамжийг илт хууль бус болохыг зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэлтэй” гэж дүгнэжээ.

29. Энэхүү дүгнэлт нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн хэнд зориулсан тайлбар, үүгээр ямар хууль зүйн үр дагавар илэрхийлж байгаа нь ойлгогдохгүй, уг дүгнэлтийн үр дагавар юу болох нь харагдахгүй байна.

30. Энэ нь нэхэмжпэлийн шаардлагаас хальсан дүгнэлт бөгөөд маргаан бүхий актад ямар хамааралтай болох нь тодорхойгүй тул хууль бус байна.

31. Угтаал цайдам сумын Засаг дарга нь “Э ц” ХХК-ийн газар эзэмших эрх нь дуусгавар болоогүй байхад тухайн газрыг “У б” ХХК-д давхардуулан олгосон Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг зөрчсөн гэжээ.

32. “Э ц” ХХК нь Угтаал цайдам сумын Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаар захирамжаар 7/500 кодтой 500 га газар эзэмших эрх үүссэн байдаг.

33. Улмаар 2001 оны 5 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, уг гэрээнд газар эзэмшүүлэх хугацааг 15 жил байхаар заасан байна.

34 .Энэхүү газрын эрх зүйн харилцаа нь Засаг даргын 22 дугаар захирамж гарснаар үүссэн бөгөөд нэхэмжлэгч уг газар дээр 2000 оноос үйл ажиллагаа явуулж, тариалан тарьснаа зөвшөөрсөн, энэ нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр нотлогдсон тул газар эзэмших 15 жилийн хугацааг уг газар дээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн үеэс буюу 2000 оноос эхлэн тооцох ёстой юм.

35. Дээр дурдснаар газар эзэмших хугацааг Газрын даамал сунгах эрх хэмжээгүй тул “Э ц” ХХК-ийн газар эзэмших хугацааг 2000 онд захирамж гарсан хугацаанаас эхлэн тоолоход 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон байна.

36. Уг нэхэмжлэгч уг эрхээ дуусгавар болсон гэдгээ мэдэж байсан болох нь “Э ц” ХХК-иас 2017 оны 1 дүгээр сард албан бичгээр сумын Засаг даргад хандан “газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлт” гаргаж байснаар нотлогддог юм.

37. Хэрэв нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн дуусгавар 2030 онд дуусна, харин 2016 онд болоогүй гэж үзсэн бол ямар үндэслэлээр “газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтээ” гаргах билээ. Энэ байдлыг шүүх хуралдаанд нэхэмжпэгч тайлбарлаж чадаагүй тул хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Гэтэл мэтгэлцээнээр нотлогдсон үйл баримтад анхан шатны шүүх огт дүгнэлт өгөөгүй маргааныг шийдвэрлэж байгаа нь нотлогдсон байхад хууль бус ажиллагаа болно.

38. Нөгөө талаас Эрх зүйн харилцаан дахь эрх үүсэх, эрх дуусгавар болох 3 үндэслэл байдаг. Үүнд:

39. Хуульд зааснаар үүсч, хуульд зааснаар дуусгавар болдог эрх, гэрээ байгуулснаар үүсч, гэрээнд зааснаар дуусгавар болдог эрх, эрх бүхий этгээдийн шийдвэрээр үүсч, эрх бүхий этгээдийн шийдвэрээр дуусгавар болдог эрх.

40. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох тохиолдлыг хатуу хуульчлан тогтоосон байгаа. Тухайлбал, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” бол газар эзэмших эрх дуусгавар болно гэж заасан байдаг.

41. Газрын тухай хуулиар ийнхүү газар эзэмших эрх дуусгавар болох тохиолдлыг зааж өгснөөр уг тохиолдол бий болвол газар эзэмших эрх хуульд зааснаар дуусгавар болж байгаа юм.

42. Иймд “Э ц” ХХК-ийн газар эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т зааснаар “газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлтээ гаргаагүй тохиолдол” бий болсноор хуульд зааснаар дуусгавар болно.

43. Хуулийн энэ заалтын дагуу “Э ц” ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1 жилийн хугацаатай газар эзэмших гэрээ байгуулж, уг гэрээ дахин сунгагдаагүй тул газар эзэмших гэрээний хугацаа дуусгавар болсон, газар эзэмших эрхийн гэрчилгээнд газар эзэмших хугацааг 15 жил гэж зааснаар уг хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нь дуусгавар болсон гэдгийг дахин тодруулж байна.

44. Учир иймд сумын Засаг дарга газар эзэмших эрхийг захирамжаар дуусгавар болгох нь хууль зүйн бие даасан үр дагавар үүсгэхгүй байсан гэж үзэж болно. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй болох нь нотлох баримтаар нотлогдсон.

45. Сумын Засаг дарга нь нэхэмжлэгч “Э ц” ХХК-ийг Газар эзэмших гэрээгээ дүгнүүлээгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж үзсэн бөгөөд энэ нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шууд дуусгавар болох үндэслэл болоогүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан.

46. Гэтэл анхан шатны шүүх уг тайлбар, гэрээгээ дүгнүүлээгүй нотлох баримтыг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа талаар дүгнэлт өгөөгүй атлаа, “үндэслэлгүй” гэж дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байж, нотлох баримтад тулгуурлах зарчимд нийцээгүй болно.

47. Эцэст нь нэхэмжлэгч болон анхан шатны шүүх аль аль нь яагаад “У б” ХХК-д газар эзэмшүүлсэн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/39 дүгээр захирамж нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа талаар нотолж чадаагүй, мөн шийдвэртээ дүгнэлт өгөөгүй атлаа нэхэмжлэлийг хангасан нь тодорхой бус болно.

48. Давж заалдах шатын магадлалын тухайд: давж заалдах шатны шүүх нь ““Э ц” ХХК-ийг 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0108971, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 000309447 дугаартай шинэчлэн олгосон гэрчилгээ тус бүрт 15 жилийн хугацаатай гэж бичиж олгосон нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд 2001 оны гэрчилгээгээр эзэмшиж буй газар эзэмших эрхийн хугацаа сунгагдсан, өөрчлөгдсөн гэж ойлгогдох нөхцөл байдал үүсгэснийг үгүйсгэхгүй” гэж, “... захиргааны байгууллагаас шинэчлэн олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг анх олгосон хугацаагаар бичиж олгосон нь нэхэмжлэгч хуулийн этгээд өөрийнх нь газар эзэмших эрхийн хугацаа 2016 онд дуусгавар болохгүй гэсэн итгэл, үнэмшилийг төрүүлсэн байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн бус дүгнэлт болсон байна.

49. Учир нь Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийн хугацааг Газрын даамал гэрчилгээг шинэчлэн бичих журмаар сунгах эрх хэмжээгүй, нөгөө талаас аливаа эрх зүйн этгээд хуулийг ойлгоогүй, буруу тайлбарлаж, өөрийнхөөрөө ойлгосон нь түүнийг хууль зөрчих эрх олгох үндэслэл болохгүй юм.

50. Нөгөө талаас давж заалдах шатны шүүхийн дүгнэлтээс харвал шүүх өөрөө “Э ц” ХХК-ийн газар ээмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаагүй байгаа гэдгийг дээрх дүгнэлтээс харагдаж байна. Давж заалдах шатны шүүхийн дүгнэсэн “итгэл, үнэмшил төрүүлсэн” гэдэг нь нотлох баримтаар нотлогдоогүй юм.

51. Давж заалдах шатны шүүх нэг талын тайлбарыг /нотлох баримтын онолоор нэг талын тайлбар дангаар нотлох баримт болохгүй, ялангуяа талуудын тайлбарууд хоорондоо зөрүүтэй байгаа тохиолдолд тайлбарыг нотлох баримтаар үнэлэх ёсгүй/ дангаар нь нотлох баримтаар үнэлсэн буюу нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр “2015 онд гэрчилгээ шинээр олгосноор 15 жил сунгасан гэж ойлгосон” гэх тайлбарыг шүүх дангаар нотлох баримт болгон дүгнэж, “итгэл, үнэмшил төрсөн” гэж байгаа нь илтэд үндэслэлгүй дүгнэлт юм.

52. Цаашид ийм байдлаар шүүхүүд дүгнэлт хийвэл аливаа хэргийн оролцогчид шүүхэд үнэн зөв тайлбар өгөх ач холбогдолгүй, улмаар шаардлагагүй болох, энэ нь шүүхэд шударга ёсыг тогтоох боломжгүй болох үр дагаварт хүргэж байгааг анзаарсангүй.

53. Ийнхүү давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг, хамгаалах зарчимд нийцээгүй” гэж заасныг “захиргаа нэхэмжлэгчид итгэл, үнэмшил төрүүлсэн” гэх бодитой биш, субъектив санаатай хольж хутган тайлбарлаж байгаа нь хууль бус юм.

54. Учир нь захиргааны зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг дахин бичиж олгосноор газар эзэмших эрхийн хугацаа сунгагддаг гэсэн тайлбар таниулгыг “Э ц” ХХК-д хийгээгүй, тэдэнд ямар нэг байдлаар ийм итгэл, үнэмшил төрүүлээгүй, нөгөө талаас Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийг Засаг дарга “шийдвэр” гаргаж сунгадаг хуультай байхад “гэрчилгээнд 15 жил гэж бичсэнээр итгэл төрсөн гэсэн хууль бус итгэл, үнэмшлийн талаар ярьж байгаа нь илтэд хууль бус юм. Давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийг ийнхүү анхан шатны шүүхийн адилаар тайлбарлаж байгаа нь илтэд хууль бус болно.

55. Гуравдагч этгээдийн зүгээс давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар гомдол гаргасан боловч энэ байдалд огт дүгнэлт өгсөнгүй.

56. Иймд, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 123/ШШ2017/0035 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0101 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

57. Хариуцагч Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын өмгөөлөгч Б.Баярмагнай гомдолдоо: ... Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн дараах үндэслэлүүд байна. Үүнд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн захиргааны үйл ажиллагааны хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг үндэслэжээ. Энэ зарчимд үндэслэн нэхэмжлэгчид 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 0108971 дугаартай, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 0003094 дугааруудтай гэрчилгээг шинэчлэн олгох бүрт 15 жилийн хугацаатай гэж бичиж олгож байсан нь нэхэмжлэгчийг гэрчилгээ шинээр олгох бүрт хугацааг сунгаж байгаа мэтээр ойлгогдох нөхцөл байдал үүссэн гэжээ.

58. Нэхэмжлэгч анх 7/500 кодтой газрын гэрчилгээг 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр авахдаа 15 жилийн хугацаатай эзэмшүүлж байгааг мэдсэн. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт иргэн аж ахуй нэгж газрыг 15-60 жил хүртэл хугацаатай эзэмшиж болохоор хуульчилсан. Захиргааны ерөнхий хуулийн итгэл хамгаалах зарчим нь захиргааны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн итгэлийг хамгаалах агууллагатай болохоос хуулийг мэдэхгүй иргэн аж ахуй нэгжээс хуулийг мэдэхгүй тэдний итгэлийг хамгаалах зарчимд тулгуурлаагүй.

59. Гэрчилгээний хэлбэр солигдсон ч гэсэн эзэмших хугацаа өөрчлөгдөхгүй гэдгийг нэхэмжлэгч мэдэх боломжтой байсан. Учир нь Газрын тухай хуульд хугацааг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт “... газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй…” бол газар эзэмших эрх дуусгавар болох талаар хуульчилжээ. Нэхэмжлэгч 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр маргааны зүйл болсон 500 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн гэрчилгээг авсан байдаг. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хуулийн дагуу дуусгавар болно. Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан газар эзэмших эрхийг гэрчилгээг сунгуулах хүсэлтээ гаргаагүй байдаг.

60. Хариуцагч 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр А/193 дугаар захирамжаар “Э ц” ХХК-ний газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ. Энэ захирамжаа нэхэмжлэгчид мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс энэ асуудлаар ямар нэгэн гомдол нэхэмжлэл гаргаагүй байдаг. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргах ёстой гэж дурджээ. Нэгэнт хуулийн дагуу эрх зүйн харилцаа дуусгавар болсон байхад заавал Засаг даргаас захирамж гаргаж дуусгавар болсон эрхийг хүчингүй болгох хуулийн шаардлага байхгүй.

61. Хууль тогтоогч Газрын тухай хуульд газар эзэмших эрхийн гэрчилгээ дуусгавар болох, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар хуулийн 2 өөр зохицуулалтыг хуульчилж өгсөн. Эрх зүйн онолын хүрээнд эрх зүйн харилцаа дуусгавар болох тодорхой үндэслэлүүд байдаг. Үүний нэг хэлбэр хуульд зааснаар газар эзэмших эрх дуусгавар болохыг хуульчилсан. Нэгэнт газар эзэмших эрхийн гэрчилгээ дуусгавар болоход аж ахуй нэгжийн захиргаатай үүсэн харилцаа дуусгавар болно. Хуульд заасныг мэдээгүйгээс болж хариуцлагаас чөлөөлөгддөг зарчим байхгүй. Захиргаа шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг үндэслээгүй, гэтэл нэхэмжлэгч 40 дүгээр зүйлд заасанчлан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэх мэтээр тайлбарладаг.

62. Угтаалцайдам сумын Заса 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/12 дугаар захирамжаар газрын дуудлага худалдаа явуулах тухай 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/39 дүгээр захирамжаар дуудлага худалдааны дүнд шалгарсан аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс дуудлага худалдаа явуулах тухай захирамжид гомдол гаргаагүй энэ нь дуудлага худалдааг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Үүнийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээгүй.

63. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “...Захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана...” гэж заажээ. “Э ц” ХХК нь Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/39 дүгээр захирамжид холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасны дагуу дээд шатны албан тушаалтанд гомдол гаргасан гэх, Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/39 зүгээр захирамжид холбогдуулан дээд шатны захиргаанд гомдол гаргах хугацаа нь 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр, энэ хугацаанд дээд шатны захиргаа гомдлыг шалган шийдвэрлэсэн хариу ирүүлээгүй бол нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор буюу 2017 оны 06 дугаар сарын 20-ны дотор харьяалах Захиргааны анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргана.

64. Гэтэл нэхэмжлэгч 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан уг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч Захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн байна.

65. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0101 дүгээр магадлалыг хүчингүй болгож,  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            66. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад холбогдох Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            67. Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Э ц” ХХК-нд Төв аймгийн Угтаалцайдам сумын нутагт “Манзын ухаагийн урд” гэх байршилд 500 га газрыг газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн, уг захирамжид газар эзэмшүүлэх хугацааг тусгайлан заагаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг 2001 оны 05 дугаар сарын 25-ны өдөр олгохдоо уг гэрчилгээн дээр газар эзэмшүүлэх хугацааг “15 жил” гэж заасан, талууд уг үйл баримттай маргаагүй байна.

            68. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 30 дугаар зүйлийн 30.1-д “... газрыг ... 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “... /Засаг даргын/ газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал ... тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, “Э ц” ХХК-ийн 500 га газар эзэмших эрх нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаар захирамжаар үүссэн, газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг уг захирамж гарснаас хойш нэг жил гаран хугацааны дараа буюу  2001 оны 05 дугаар сарын 25-ны өдөр олгосон нь 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр үүссэн газар эзэмшигчийн эрх, үүргийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. 

            69. Гэхдээ, Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Э ц” ХХК-нд газар эзэмшүүлэх эрх олгохдоо захирамжид хугацаа заагаагүй, 2001 оны 05 дугаар сарын 25-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээнд газар эзэмшүүлэх хугацааг “15 жил” гэж анх заасан тул газар эзэмших эрхийн гэрчилгээний “15 жилийн хугацаа”-г уг гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн тооцож, эрхийн гэрчилгээний хүчинтэй хугацаа 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дууссан гэж үзэхээр байх тул хариуцагч, гуравдагч этгээдийн “ ... “Э ц” ХХК-ийн  газар эзэмших эрх нь 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дууссан” гэх тайлбар үндэслэлгүй.

            70. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “...эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад /гаргана/...”,  37.2-т “... сум .../-ын/ Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж тус тус заасан, нэхэмжлэгч “Э ц” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр хугацаа дуусахаас өмнө, түүнийг хүчинтэй байх  хуульд заасан хугацаанд буюу 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө газар эзэмших эрхийн гэрчилгээний “хугацаа сунгуулах тухай” хүсэлтээ Угтаалцайдам сумын Засаг даргад гаргаагүй, нэхэмжлэгч уг үйл баримттай маргаагүй байна.

71. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, газар эзэмших эрхийн гэрчилгээг 2007 оны 01 дүгээр сарын 05, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус тус шинэчлэн олгосон, ингэхдээ анх газар эзэмших эрх олгосон Угтаалцайдам сумын Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээний “15 жил” гэх хугацааг ямар нэг бичилтийн өөрчлөлт хийлгүй шинэ гэрчилгээнүүдийг олгосон, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “хүсэлт” гаргаагүй, 37.2-т заасан “шийдвэр” гараагүй байхад гэрчилгээг шинэчлэн олгосноор газар эзэмших эрх сунгагдсан гэж үзэх үндэслэлгүй, Газрын тухай хуулийн 39.1.1-д “... /газар эзэмшигч/ газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй /бол газар эзэмших эрх дуусгавар болох”-оор заасан тул нэхэмжлэгч “Э ц” ХХК-ийн 500 га газар эзэмших эрх 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон гэж үзнэ. 

            72. Газар эзэмшигч “Э ц” ХХК нь 2001 оны 05 дугаар сарын 25-ны өдөр олгосон гэрчилгээнд бичигдсэн “15 жилийн хугацаа”-тай маргаагүй, өөрийнх нь газар эзэмших эрх 15 жилийн хугацаатай буюу уг хугацаа 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болно гэдгийг анх гэрчилгээ олгогдсон 2001 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “мэдсэн”, газар эзэмшигчийн хувьд Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн эрх, үүргийг “мэдэх” үүрэгтэй, хуульд заасан үүргээ биелүүлснээр газар эзэмших эрхийг хадгалах боломжтой тул “... газар эзэмших эрх 60 жил хүчинтэй гэж бодож байна, ... гэрчилгээний хугацаа 2007 оны 01 дүгээр сарын 05, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус тус сунгагдсан, ... хугацаа дуусч байгаа талаар сумын Засаг дарга надад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй, шүүхээс эдгээр тайлбаруудыг үндэслэлтэй гэж үзэх нь Газрын тухай хуулийн дээрх заалтуудтай нийцэхгүй юм.

73. Анхан болон давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 34, 37 дугаар зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа, түүнийг сунгах талаарх тусгайлсан зохицуулалтуудыг маргааны үйл баримтуудад холбогдуулан тайлбарлаж хэрэглээгүй, анхан шатны шүүх “... газрын даамал гэрчилгээ олгосон байгаа нь захиргаанаас шийдвэр гарсан гэж үзэх үндэслэлтэй” гэж, сумын Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрхийг “газрын даамал хэрэгжүүлэх эрхтэй” агуулгаар хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэл хамаалах зарчим”-ыг баримталж, “... Засаг даргын гарын үсэг бүхий гэрчилгээ олгосон нь ... эрхийн хугацаа сунгагдсан, өөрчлөгдсөн гэж ойлгогдох нөхцөл байдал үүсгэсэн” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн “... шүүхүүд Газрын тухай хуулийн холбогдох заалтыг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн, ... Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийг Засаг дарга “шийдвэр” гаргаж сунгадаг хуультай байхад “гэрчилгээнд 15 жил гэж бичсэнээр итгэл төрсөн” гэсэн нь үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчим нь...  хуулийг /мэдээгүйгээс үүссэн/ итгэлийг хамгаалах /агуулгагүй/” гэх гомдол үндэслэлтэй байна.

74. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, хариуцагч Угтаалцайдам сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А193 дугаар захирамжаар “... /газар эзэмших эрхийн/ хугацаа дуусахад сунгах хүсэлтээ ирүүлээгүй, ... газрын тухай хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн” гэх үндэслэлээр, “Э ц” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 71 дүгээр албан бичгээр газар эзэмших эрх дуусгавар болсон тухай “Э ц” ХХК-нд мэдэгдсэн, “Э ц” ХХК-иас 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Угтаалцайдам сумын Засаг даргад хандаж, “... 500 га ... газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн дагуу сунгаж өгнө үү” гэх хүсэлт гаргасан, мөн сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 80 дугаартай албан бичгээр “... 500 га ... газрын 15 жилийн хугацаа дууссан тул газар эзэмших эрхийн хугацаа сунгах боломжгүй, ... тухайн газарт зарлагдах дуудлага худалдаанд танай компани оролцох эрхтэй” гэх хариуг өгсөн, мөн сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/12 дугаар захирамжаар маргаан бүхий 500 га газарт газар эзэмших эрхийн дуудлага худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн, уг захирамжийн дагуу зохион байгуулсан дуудлага худалдаанд гуравдагч этгээд “У б” ХХК оролцож, хамгийн өндөр буюу 110 сая төгрөгийн үнэ санал болгосон, Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/39 дүгээр захирамжаар “...дуудлага худалдаагаар ялагч болсон” гэх үндэслэлээр уг 500 га газар эзэмших эрхийг “У б” ХХК-д 15 жилийн хугацаагаар олгожээ.

75. Нэхэмжлэгчээс Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... манай газар эзэмших эрх дуусгавар болоогүй байхад газрыг дуудлага худалдаанд оруулж “У б” ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хууль бус” гэж маргасан, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болсон талаар дээрх байдлаар шүүх дүгнэж байх тул маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хууль болон нэхэмжлэгч “Э ц” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

76. Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлага хангагдаж, маргаан бүхий захиргааны акт хүчингүй болсноор, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол эргэж сэргэх үр дагавар үүсэх учиртай, энэ тохиолдолд, нэхэмжлэгчийн “Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгч “Э ц” ХХК-ийн “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон”-ы улмаас үүссэн хууль зүйн үр дагавар арилахгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа шууд сунгагдах, эрхийн гэрчилгээ эргэж хүчинтэй болох байдлаар нэхэмжлэгчийн “зөрчигдсөн” гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол эргэж сэргэх үр дагавар үүсэхгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх уг асуудлыг анхаараагүй нь мөн буруу болно.

77. Эдгээр үндэслэлээр, хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1,  37.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг тус тус баримтлан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 123/ШШ2017/0035 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0101 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “Э ц” ХХК-ийн “Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд “У б” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА