| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03233/И |
| Дугаар | 182/ШШ2024/02661 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 182/ШШ2024/02661
2024 06 10 182/ШШ2024/02661
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: байрлах МХС ХХК /РД:......./-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **** ХХК /РД:...../, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
МХС ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд **** ХХК-д холбогдуулан Кабелийн худаг, суваглал түрээслэх гэрээний төлбөрт 5,190,217 төгрөг, алданги 2,203,155 төгрөг нийт 7,393,372 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр **** ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Шүүгчийн захирамжид ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж тус тус заасныг дурдах нь зүйтэй гэж тодорхойлсон.
Иймд **** ХХК-ийн хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул **** ХХК болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд И Сонг Уг-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч МХС ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хонгорзул нь биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хүсэлт гаргагчийн эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн байна.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1 Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/419 тоот дугаартай Итгэмжлэл, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн LD 17/64 тоот Кабелийн худаг, сувагчлал түрээслүүлэх гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ......... дугаар захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
3.2 Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШЗ2024/09337 дугаар нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас **** ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг шаардсаны дагуу тус газраас **** ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг ирүүлж хэрэгт авагдсан.
Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч МХС ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **** ХХК /РД:...../, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
1. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэл шаардлагыг ...**** ХХК-аас гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахад тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ......... дугаар захирамжаар __________ гэх хаягт бүртгэлгүй бөгөөд оршин байдаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэж Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. **** ХХК нь өр төлбөртэй, түүний оршин байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлаж байна.
3. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Хүсэлт гаргагчийн тайлбар, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн LD 17/64 тоот Кабелийн худаг, сувагчлал түрээслүүлэх гэрээгээр **** ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
3.2. Шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.
Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШЗ2024/09337 дугаар нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас **** ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг шаардсан ба Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн **** ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд __________ гэх хаягт бүртгэлтэй гэжээ.
3.3. **** ХХК нь __________ гэх хаягт оршин байдаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ......... дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т тус тус зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **** ХХК /РД:...../, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Хүсэлт гаргагч МХС ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **** ХХК /РД:...../, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **** ХХК /РД:...../, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч МХС ХХК / утас: ****/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч МХС ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА