Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/318                  

 

  

Г.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Мөнхзаяа,

шүүгдэгч Г.Б,  

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2109000001412 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

................... овгийн Г.Б, ............................................. төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ................................ тоотод оршин суух, /РД:............................../;

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан тус шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1050 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн торгох ялын хэмжээг 900.000 төгрөгөөр тогтоосон,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 58 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан;

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, “Зуслан” супермаркетын орчим хохирогч Б.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүр толгой хэсэгт нь цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, хацар, зүүн дээд зовхи, хүзүү, зүүн бугалга, өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Бгийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 20 хоногийн хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож /320:8=40/ 40 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялын эдлэх хэмжээг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.О нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Б миний бие 2020 оны 1 дүгээр сарын 30-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 58 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 20 хоногийг хугацаанаас өмнө тэнсэн харгалзаж сулласан. Миний бие тэнсэн харгалзах ялтай байх хугацаанд дахин гэмт хэрэгт холбогдож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор 40 хоногийн хорих ялаар шийтгэгдсэн, миний бие холбогдсон гэмт хэрэгт оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд миний урьд өмнө үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан ялаас үлдсэн 1 жил 2 сар 20 хоногийн ял нь Өршөөлийн хуульд хамрагдсан байдаг. ... Иймд миний үйлдсэн уг гэмт хэргийн ялыг Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Я.Мөнхзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ялыг дүйцүүлэн солино. Шүүгдэгч нь хянан харгалзан хугацаанд байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүхээс ялыг нэмж нэгтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дах хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаа, 7.3, 7.6, 8.6 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах болон 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байдаг. Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, “Зуслан” супермаркетын орчим хохирогч Б.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүр толгой хэсэгт нь цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, хацар, зүүн дээд зовхи, хүзүү, зүүн бугалга, өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Оийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Зуслан супер маркетад өглөө 09 цаг 20 минутад ажил дээрээ ирээд ажлаа хийгээд байж байхад, 18 цагийн ... үед гаднаас 2 жилийн өмнө уулзаж байсан залуу Г.Б орж ирээд дэлгүүрээс юм авч байгаад надад хандаж “ярих зүйл байна, гараад уулзъя” гэж хэлсэн. ... Г.Б уурлаад намайг үсдээд чирж эхэлсэн, тэгээд цээж болон нүүр рүү цохьсон. Миний хамарнаас цус гараад, ... шороо овоолсон газар руу чирээд зодоод байсан, чирээд явж байхад миний гар утас дугараад кассан дээр суудаг эгч даргын утсаар яриад “намайг хаана байна” гэсэн. Би хариуд нь “туслаарай” гэж орилоход эгч “хаана байгаа юм бэ” гэж асуухад Г.Б миний утсыг аваад шидсэн. Тэгээд цаашаа намайг чирээд дахиад зодож эхэлсэн, гартаа чулуу атгаж байгаад толгой руу нилээн хэдэн удаа цохиод би гараараа хаахад гаран дээр цохиод байсан. Намайг зодож байхад хажуугаар машин явахад би “туслаарай” гэж орилход ам дараад газарт хэвтүүлсэн, тэр машин гэрлээ тусгаж байгаад яваад өгсөн. ...” /хх 14-15/,

Г.Бгийн яллагдагчаар өгсөн ... Би уулзаж байгаад намайг 2-3 удаа алгадахаар нь зүүн гарын бугуйнаас нь татаад эргэж харахаар нь баруун гараараа, дараа нь нөгөө талаас нь 1 удаа алгадсан. ... ” /хх 6/ гэсэн мэдүүлгүүд,

Б.Оийн биед тархи доргилт, зүүн хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, хацар, зүүн дээд зовхи, хүзүү, зүүн бугалга, өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 24-25/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 31-32/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Бгийн хохирогч Б.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Г.Б “...миний урьд өмнө үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан ялаас үлдсэн 1 жил 2 сар 20 хоногийн ял нь Өршөөлийн хуульд хамрагдсан байдаг. ... Иймд миний үйлдсэн уг гэмт хэргийн ялыг Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 2021/ХМШЗ/58 дугаартай шүүгчийн захирамж /хх 98/-аар Г.Бд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 20 хоногийн хорих ялыг хугацааны өмнө сулласан байх бөгөөд тэрээр хяналт тогтоосон хугацаанд дахин гэмт хэрэг үйлджээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаа, 7.3, 7.6, 8.6 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах болон 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т ..., Дээрэмдэх/Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс 5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь 5 жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж тус тус зааснаас үзэхэд Г.Бд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 20 хоногийн хорих ял нь Өршөөлийн хуульд хамрагдахгүй байна.

Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Бгийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 20 хоногийн хорих ялд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 40 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялын эдлэх хэмжээг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                       

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР