Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 112

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс:180/2017/0113/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                   Н.Энхзул

Улсын яллагч                                        Т.Баярмаа 

Шүүгдэгчийн өмгөөлөгч        П.Амаржаргал

Шүүгдэгч                                                Д.Н нарыг оролцуулан

     

 Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Д.Н холбогдох 1739000090002 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн  хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, 1-30 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Урьд 1. 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар,

2. 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.3, 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн гэх Боржигон овогт Д.Н 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Н нь 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар Өлзийтийн 16-01 тоот хашаанд байсан иргэн Н.Энхбаатарын эзэмшлийн 30-78 ХЭЗ улсын дугаартай мотоциклийг хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Н.Энхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Оюунбаатарын болон эхнэр Эрдэнэчимэгийн хамтаар 23 цаг өнгөрөөгөөд ирсэн чинь манай найз Оюунбаатарын Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 16-01 тоот хашааны хаалга нь онгорхой Оюунбаатарын гэрийн урд байсан 30-78 улсын дугаартай улбар шар өнгийн мотоцикль маань хулгайд алдагдсан” Би Насан Очир гэдэг хүнийг сэжиглэж байна. Өнөөдөр Насан Очир гэх залуу намайг найз Оюунбаатарын гэрт байж байхад согтуу байсан ба тэр хүн Оюунбаатарын хашаан дотор байж байгаад удахгүй миний мотоцикль алга болсон  гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/, 

 

Гэрч Д.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн үед зүс таних Насан-Очир гэх залуу манай гэрт орж ирээд бид нартай мэндэлчихээд гэрээс гараад явсан. Тухайн үед Насан-Очирыг манай гэрт байж байхад нөхөр болон Энхбаатар бид нар бүжиг рүү явна гэж ярьж байсан. Бид 21 цагийн үед бүжгэнд яваад орой 23 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд манай гэрийн хашааны хаалга онгорхой хулгай орсон юм шиг байсан. Тэгээд хашаанд ороод харахад найз Энхбаатарын 30-78 ХЭЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 тал/ 

 

Гэрч М.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 08 цагийн үед манай гэрт Насан-Очир “Хүлэг” нэртэй улсын дугааргүй мотоцикль унаж ирээд надаар янзлуулаад 12 цагийн үед явсан. Орой 20 цаг өнгөрөөгөөд Насан-Очир манай гэрт согтуу ирэхээр нь “унаж явсан мотоциклоо яасан юм гэж асуухад цэнгэлдэхийн ойролцоо цагдаад хураалгасан би зугтаагаад явж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 тал/ 

 

Гэрч Д.Доржпүрэвийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 18-02 тоотод байх хашаа руугаа ороход манай гэрийн гадаа 30-78 ХЭЗ улсын дугаартай улбар шар өнгийн мотоцикль байсан. Гэр лүүгээ ороход багийн найз Насан-Очир архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай манай гэрт унтаж байсан. Шөнө манай гэрт цагдаа нар ирээд Насан-Очир болон гэрийн гадаа байсан улбар шар өнгийн мотоциклийг аваад явсан  гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

 

Шүүгдэгч Д.Н ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Тухайн үед аймгийн наадам болж байсан би өөрийн эзэмшлийн улсын дугааргүй мотоциклийг согтуугаар унаж яваад цагдаад саатуулагдаад эрүүлжүүлэх байранд байж байхдаа айсандаа тэндээс зугтаад, зугтаж явахдаа Энхбатын хашаа руу ороод хашааных нь урд байсан мотоциклийг хулгайлж аваад явсан. Тэгээд сангийн аж ахуйн тэнд цагдаад баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Айсандаа л зугатах гээд хүний мотоциклийг хулгайлсан. Хохирогчид мотоциклийг нь буцаагаад өгсөн. Надад гаргах гомдолгүй гэсэн бичгээ хийж өгсөн гэсэн мэдүүлэг,

 

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл / хх-ийн 12 тал / 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-ийн 13 тал /

Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 6-7, 10-11 тал /

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 34 тал /

Шийтгэх тогтоолын хуулбарууд / хх-ийн 41-71 тал / зэрэг болно. 

 

Шүүгдэгч Д.Н нь 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар Өлзийтийн 16-01 тоот хашаанд байсан иргэн Н.Энхбаатарын эзэмшлийн 30-78 ХЭЗ улсын дугаартай мотоциклийг хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Энхбаатарын мэдүүлэг, гэрч Д.Эрдэнэчимэг, М.Отгонбаатар, Д.Доржпүрэв нарын мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Д.Н нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч прокуророос зүйлчилсэн зүйлчлэлд маргаангүй, эргэлзээтэй, нэмж шалгуулах нотлох баримтгүй гэсэн болно.

 

Хохирогч Н.Энхбаатар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Д.Н бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нийг 300 /гурван зуун/ цагийн  нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ажлын 8 цагийг нэг хоногийн хугацаагаар тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Н-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Л.УЯНГА