Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0177

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-иас 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж буй Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1221 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгч нийслэлийн орон сууц, дэд бүтцийн газрын мэргэжиллтэн Ч.О*******, нэхэмжлэгч “*******” ХХК өмгөөлөгч Б.Ц******* нар дараах нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав ... энэхүү гэрээг хүсэл зориг, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөгүй болно ... талууд эвлэрлийн гэрээг байгуулж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс эвлэрлийг баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно. Захирамж хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Засаг дарга гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг сэргээнэ.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нар “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсныг шүүхээс хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68 дугаар зүйлийн 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, гэж заасан.

Шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ”-г ирүүлсэн байх бөгөөд уг гэрээг талууд хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд нийлүүлж байгуулсан нь дээр дурдсан хуулийн заалтуудтай зөрчилдөхгүй байна.  

Нөгөө талаар талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний 1.1-д “Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 150 мянган айл-Орон сууц үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд албаны хүмүүс цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлж, үр дүнтэй хамтран ажиллах зорилгоор 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хийсэн уулзалт түүнээс өгсөн үүрэг даалгавар, чиглэлийг хэрэгжүүлэх зорилгыг үндэслэн эвлэрлийн гэрээг байгуулав”, гэсэн нь нийтийн ашиг сонирхолд эерэг нөлөөлөл үзүүлэхээр байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар уг эвлэрэл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдахгүй байна.  

Уг эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******д “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ж*******гаас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өрийн 215 тоот, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О*******т Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.С*******аас 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/664 тоот итгэмжлэлд тус тус эвлэрэх эрх олгогдсон болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг тус тус баримтлан “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1221 тоот захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

  

 

ШҮҮГЧ                            Н.ДУЛАМСҮРЭН