Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 161

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л-гийн нэхэмжлэлтэй,

 хариуцагч С-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/01248 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С-д холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэг 4.850.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М-н гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л-, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Л- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэн С2.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ хийж зээлдүүлсэн. Мөн 02 дугаар сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөг зээлдүүлсэн. Зээлийн хүүд 02 дугаар сарын 14-ний өдөр 250 000 төгрөг, 03 дугаар сарын 10-ны өдөр 100.000 төгрөг тус тус авсан. Үүнээс хойш хүү болон үндсэн мөнгөө төлөөгүй бөгөөд мөнгөө авах талаар удаа дараа шаардсан боловч одоохондоо мөнгөгүй, боломжгүй байна. Говьд том бизнес эрхэлж байгаа мөнгө ороод ирэхээр бүгдийг нь төлчихөнө, санаа зоволтгүй гэж явсаар 8 сар болсон. Харин 9 сарын 3-ны өдөр 2.000.000 төгрөг төлсөн. Үүний 1.000.000 төгрөгийг сүүлд авсан 1.000.000 төгрөгийн үндсэн төлбөрт тооцож, 1.000.000 төгрөгийг зээлийн хүүний төлбөрт тооцсон. Одоо үндсэн зээлд 2.500.000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 1.100.000 төгрөг, алданги 1.250.000 төгрөг, нийт 4.850.000 төгрөгийг иргэн С-ас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Л-гийн нэхэмжлэлтэй С-д холбогдох зээл, зээлийн хүү, алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдэрлэх ажиллагаанд оролцож байна. Л- нь зээлийн гэрээний ард гэрээний сунгалт гэсэн хэсгийг сүүлд буюу шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө надаар гарын үсэг зуруулан авсан бөгөөд миний бие нөхөж бичээгүй хоосон хэсэг дээр гарын үсгүүд зуруулсан. Тэрхүү хэсгийг ашиглаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Барьцаат зээлийн гэрээ гэх 1 000 000 төгрөгний зээлийг миний бие авсан бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бэлнээр нэхэмжлэгчид өгч хаалгасан. Энэ талаар гэрээний дор Л- бичилт хийж гэрээг хаасан болно. Гэтэл хаасан атлаа төлөөгүй мэтээр бичсэн байна. Миний бие үндсэн мөнгө 2.500.000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэж байна гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/01248 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч С-ас 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.100.000 /хоёр сая нэг зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92 550 /ерэн хоёр мянга таван зуун тавин/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч С-ас 58 950 /тавин найман мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М давж заалдсан гомдолдоо:

Энэхүү хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас нийт 2.750.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү 2.750.000 төгрөгийн 1.250.000 төгрөгийн алдангийн төлбөрт гаргуулахаар заасан байна. Үүнээс 250.000 төгрөгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шүүхэд хариуцагч талаас гаргасан хариу тайлбарт 2.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа талаар тодорхой тусгасан. Гэтэл шүүх алданги 1.250.000 төгрөгийг тооцохдоо буруу тооцож илүү 250.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 250.000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа тул Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/01248 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд байгаа 2.750.000 төгрөг гэснийг 2.500.000 төгрөг гэж, 2 дахь заалтын 58.950 төгрөг гэснийг 54.950 төгрөг гэж тус тус өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн гүйцэт үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Л- нь хариуцагч С-ас зээлийн гэрээний үүрэгт 4.850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч С- нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд зохигчид 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулан 2.500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй нэг сарын хугацаатай, мөн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэг сая төгрөгийг 1 сарын хугацаатай тус тус зээлсэн, зээлдүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч Л- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 01 дүгээр сарын 13, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээнүүдэд үндэслэн тодорхойлжээ.

Анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 2 сая төгрөгийн үлдэгдэл 1 сая төгрөгийг 2018 оны 01 дүгээр саын 13-ны өдрийн 2.500.000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс хасч, үндсэн 1.500.000 төгрөг, алданги 1.250.000 төгрөг, нийт 2.750.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л-д олгохоор шийдвэрлэсэн нь буруу байна.

Шүүх гэрээний сунгалтыг гэрээний нэг адил анх үйлдсэн хэлбэрээр гэрээний хугацаа дуусахаас өмнө байгуулах бөгөөд гэрээнд заасан нөхцөл хэвээр байгаа эсэх, өөрчлөгдсөн бол хэрхэн яаж өөрчлөгдсөн болох, хүү тохирсон бол хэмжээг тодорхой тусгах ёстой бөгөөд талууд тохиролцон гарын үсэг зурсан байх ёстой.

Гэтэл нэхэмжлэгчийн тайлбараар зээлийн гэрээний сунгалтыг хугацаа хоцорч байгуулан, хамгийн сүүлчийн сунгалтанд хоёр гэрээний үнийн дүнг нэгтгэж тооцсон нь буруу гэсэн дүгнэлт хийж зээлийн гэрээний хүү тооцож нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлүүдэд нийцжээ.

Мөн анхан шатны шүүхийн хариуцагчийн хүүнд төлсөн мөнгө, үндсэн зээлд төлсөн 2 сая төгрөгийг зээлийн хоёр гэрээний үндсэн зээл, гэрээний хугацаанд төлөх хүүнд тооцон хасч тооцсон нь үндэслэлтэй боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцохдоо алдаа гаргасныг зөвтгөх нь зүйтэй байна.

Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1.500.000 төгрөг алдангийг 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцоход 750.000 төгрөг бөгөөд хариуцагч талын 250.000 төгрөг илүү төлүүлсэн гэсэн гомдлын хүрээнд мөн зээлийн гэрээний 10 хувийн хүү нь банкны зээлийн хүүтэй харьцуулахад хэт өндөр байгаа зэрэг байдлуудыг харгалзан шүүхийн шийдвэрээс 250.000 төгрөгийг хасч өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/01248 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч С-ас 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.100.000 /хоёр сая нэг зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэснийг “... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч С-ас 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.350.000 /хоёр сая гурван зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэж,

Шийдвэрийн 2 дугаар заалтыг “... хариуцагч С-ас 58 950 /тавин найман мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л-д олгосугай ...” гэснийг “...хариуцагч С-ас 54.950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л-д олгосугай ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.БАТТӨР

ШҮҮГЧ                                                           С.УРАНЧИМЭГ