Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 166

 

 

 

 

 

 

 

 

 

 

 А-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Дд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2019/01224 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:  А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д-д холбогдох,

48.963.405 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, хариуцагч Д, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч  А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баярхишиг овогтой Анхбаяр миний төрсөн эцэг Шарав овогтой Баярхишиг нь 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-24-79 тоот орон сууцыг Дгаас ХХБ-ны зээлээр худалдан авч, байрны зээлээ цаг тухай бүрд нь төлж яваад 2014 оны 10 дугаар сарын 25-нд зуурдаар нас барсан. ХХБ-ны үлдэгдэл зээлийг хүү  А- би үргэлжлүүлэн төлж байгаад 2016 оны 12 дугаар сард бүрэн төлж барагдуулсан. Уг байр нь аав Ж.Баярхишигийн өмчлөлийн байр байсан ба өв залгамжлагчаар би өвлөн үлдэх болсон. Тухайн үед байраа зарсан эзэд нь зарсан байрандаа түр хугацаагаар суухаар аавтай тохиролцож байсан юм билээ. Одоо уг 5-24-79 тоот байраа суллаж авах гэсэн боловч байранд сууж буй хүмүүс байр суллаж өгөхгүй байгаа тул намайг хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцнаас Дг албадан гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч  А- нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:

Хариуцагч Д нь 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-24-79 тоот худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрч. нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна. Миний аав Баярхишигээс 2019.04.04 ны өдөр уг гэрээг үндэслэн 9.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 11-нд 36.000.000 төгрөгийг Д нь өөрийн дансаар шилжүүлэн авсан ба энэхүү баримт Худалдаа хөгжлийн банкны хуулгаар нотлогдож байна. Миний аав төрсөн хүүдээ худлаа хэлдэг хүн биш бөгөөд тухайн үед уг орон сууцыг надад зориулан худалдан авсан гэж надад хэлж байсан ба хүүдээ худлаа хэлээгүй, харин их зөөлөн сэтгэлтэй хүн байсан учир өвчтэй зовлонтой нөхөртэй зээлэнд орон сууцаа алдсан гэх хариуцагчийн зовлон шалтгааныг нь хүлээн авч худалдан авсан орон сууцандаа байлгасан гэж хэлж байсан боловч энэ байдлыг хүү болох миний бие нотолж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Гэвч хэрэг маргааныг үүсгэснээс хойш өөрийгөө болон хайртай аавыгаа гүтгүүлж элдвээр хэлүүлэн байж мэтгэлцэн энэ орон сууцыг авч, өөрийн гал голомгоо бадраах хүсэлгүй байгаа тул нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би аавыгаа хүүдээ худлаа хэлээгүй гэж итгэж байсан хэдий ч Анод банкны зээлд 22.268.222 төгрөгийн төлбөрийн хуудас иртэл аавдаа эргэлзэж байсан, харин одоо эргэлзэх зүйлгүй аав маань уг орон сууцыг худалдан авсан байна гэдгийг нотлох баримтууд хэрэг ирснийг харлаа. Харин миний хувьд орон сууцаа буцаан авах гэж улайран бусдыг гүтгэж байгаа хүний байрны өмчлөгч болох хүсэлгүй байгаа учир сөрөг нэхэмжлэллийн шаардлагыг зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна .

1. 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Орхон аймгийн Баян өндөр сумын Уртбулаг багийн 5-24-79 тоот худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн аав Баярхишигээс дансаар шилжүүлэн авсан 9.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах

2. 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дансаар шилжүүлэн авсан 36.000.000 төгрөгийг хүүтэйгээ 56.882.322 төгрөг болгон төлсөн байдаг ба үүнээс Монгол даатгал ХХК ийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 16.918.917 төгрөгийг хасч 39.963.405 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг гаргаж байна.

Миний бие үндсэн зээл 15.082.063 төгрөг, хүү 4.762.947 төгрөг, нийт 20.271.210 төгрөгийг төлсөн. Аав маань үндсэн зээл 3.792.706 төгрөг, хүү 16.060.423 төгрөг, нийт 19.853.129 төгрөгийг төлөөд нас барсан. Аав мөнгийг төлж байх үед Д нь 245.000 болон 210.000 төгрөгөөр нийт 6.900.000 төгрөгийг төлж байсан баримт хэрэгт ирсэн байна гэжээ.

Хариуцагч Д шүүхэд гаргасан тайлбартаа:

Д би 2008 онд Анод банкнаас 2 дүүгээ Солонгос улс руу явуулахаар бизнесийн зээл аваад явуулсан гэтэл 2 дүү маань 2 сарын дараа баригдаад Монголд ирсэн. Тэр үеийн Анод банкны зээлийн хүү 3.6 хувь буюу зөвхөн сард хүүнд 684 000 төгрөг төлж байсан. Тэгээд Анод банк татан буугдаад зээлээ 2 дүү маань төлөх боломжгүй болсон тул олон сараар төлөөгүй байж байгаад Анод банк нь бүх зээлтэй хүмүүсээ шүүхэд өгөөд төлүүлсэн байдаг. Яг тэр үед Анод банкны зээлийг төлөх гээд яаж төлөх вэ гэж байж байтал манай нэг танил найз манай таньдаг ах эгч хоёр байгаа, ГОК-д ажилладаг. Байрны зээл болгож хэн хэндээ хэрэгтэй шагналаа өгөөд мөн гарах зардлаа хариуцаад болдог юм уулзаад үз гээд очиж уулзахад тохироод Баярхишиг ах Б.Оюунцэцэг эгч хоёр цалингийн зээлтэй байснаа хаагаад хоёр талаасаа зээл хэд хэдийг авахаа тохироод зээл авах болсон. Мөн бид хоёр 12 500 000 төгрөгөөр 2009 онд орж ирсэн машин авсан байснаа зарж зээлдээ хийх гэж байгаа гэсэн. Тэгвэл та хоёр машинаа 9 сая гэж байгаа юм уу бид хоёрт 7 саяаар өгчих. Бид хоёр ялгаагүй зээлийг чинь төлөөд явна гэж тохироод аймгийн захиргааны нэг цонхны нотариат дээр худалдах худалдан авах гэрээ хийж, машин өгөөд ХХБ-аас авсан зээлийг Баярхишиг 17.350.000 төгрөгийг сар бүр 228.953 төгрөгөөр төлөх, манайх үлдсэн 18.650.000 төгрөгийг сар бүр 245.600 төгрөгөөр төлөх болоод тохироод зээлээ авсан. Хэн хэндээ итгээд тэгээд цаашдаа мөнгөө огт төлөөгүй биш 98 000 төгрөгөө хугацаандаа хийж амжаагүй үе байсан ч дараа нь нөхөөд өгөөд яваад байсан. Яагаад гэнэт зээлээ хийж чадахаа байсан гэхээр би өөрөө ажилгүй болоод ажиллаж байсан төслийн маань хугацаа дуусаад 2015 оны 11 сараас нөхөр маань бөөрний архаг дутагдалд орж 2016 оны 03 сараас бөөрний аппаратанд ордог болоод тэр үед Эрдэнэтэд байхгүй гээд Улаанбаатар хотод 7 хоногтоо 750 000 төгрөгөөр аппаратанд мөн 7 хоногт эм түлш 250.000 төгрөгөөр орж байсан. Тэгж байгаад 7 сараас Эрдэнэтэд аппаратанд ордог болж байгаад 2017 оны 3 сард бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Бөөрний донор нь би өөрөө болж 40 гаран сая төгрөг болсон. Мөн тэгж байтал охин маань оюутан болоод зөндөө хүндрэл гарсан. Байрны зээл амь насны даатгалтай байсан учир мөнгө орсон гэж байсан. Гэхдээ үүнийг би энэ хүмүүс авах ёстой л гэж бодож байна нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Д миний бие 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бага хүүтэй зээл судалж явж байхдаа танил М.Гэрэлмаатай таарч түүгээр зуучлуулан Ш.Баярхишиг болон түүний эхнэр Б.Оюунцэцэг нартай танилцан тохирч миний байрны ордер дээр ХХБ-наас орон сууцны зээлээр сарын хүү нь 1.2 хувьтай зээл авахаар болж. Байраа 45.000.000 сая гэж үнэлж урьдчилгаа 20 хувь болох 9.000.000 төгрөгийг би зээл чөлөөлдөг хүнээс түр зээл гартал хүүтэй зээлэн авч байршуулсан. Ш.Баярхишиг, Б.Оюунцэцэг нар нь ХХБ-тай байрны зээлийн гэрээ хийж би өөрийн өмчлөлийн байраа С.Баярхишгийн нэр дээр шилжүүлж банкнаас 45.000.000 төгрөгний зээл гарсан. Зээл гарахтай холбогдон гарсан бүх зардлыг би өөрөө хариуцан төлсөн. Уг гарсан зээлээ 9.000.000 төгрөгийг 20 хувиа байршуулахад өгсөн хүндээ эргүүлэн өгч, ХХБ банкны Д миний дансанд байрны үнэ гэж орсон 36.000.000 төгрөгнөөс Б.Оюунцэцэгэгч Баярхишиг нарт 17.350.000 төгрөг бэлнээр өгч би өөрөө үлдэгдэл 18.650.000 төгрөгийн авч тус тусдаа зээлийн хувиараа салган хийж, тус тусийн зээлээ төлөхөөр тохиролцсон ба Ш.Баярхишиг ахыг нас барахаас өмнө банкны зээлээ бүгд хуваарийн дагуу төлж тохиролцсон ёсоор бидний харилцаа хэвийн үргэлжилж байсан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж миний амьдарч байгаа орон сууцыг чөлөөлүүлж, намайг орон сууцгуй болгуулахаар маргаан үүсгэж, энэ асуудлыг шүүх үнэн шударгаар шийдэх байх гэж бодож явтал ийм нэхэмжлэл гаргахгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэхэд ямарч боломжгүй болсон учир ийнхүү сөрөг нэхэмжпэл гаргаж байна. Мөн хоорондоо тохирсон зээлийн хугацаа дуусаагүй байхад үлдсэн бүх зээлээ хааж хүү  А- нь байрны өмчлөгч болсоноо хэлээгүй байсныг шүүхэд өгсөн хойно нь мэдсэн. Анхнаасаа би өөрийн орон сууцаа талийгаач Ш.Баярхишиг ахад огт худалдаагүй ба зээлийг 2 тал хамт аваад зээлсэн мөнгөө тус тусдаа төлж дуусаад буцаагаад байрны гэрчилгээгээ нэр дээрээ болгуулж авна гэж тохирсон байтал Ш.Баярхишигийн хүү болон эхнэр нь орон сууцны гэрчилгээг  А-ын нэр дээр шилжмэгц надаас орон сууцыг минь авахаар улайрч байна. Иймд 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

Хариуцагч Д нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан тайлбартаа:

Миний бие Д нь одоогийн амьдарч байгаа 5-24-79 тоот орон сууцыг 2004 оны 6 сард Хаан банкнаас байрны зээлээр 60 сарын хугацаатай 5.800.000 төгрөгөөр худалдан авч зээлээ төлж дууссан. Би зээл нэр дээрээ авч өгсөн хүний итгэл алдахгүйн тулд 2011 оны 05 дугаар сараас 2014 оны 09 дүгээр сарын дуустал зээлээ хугацаандаа хийж байсан юм, зээл авснаас хойш эхний 24 сард би 210,000 төгрөгөөр зээлээ төлсөн байгаа энэ нь Б.Оюунцэцэг эгч Булган аймгийн Ингэт суманд байдаг өөрийн ээжийнхээ өвөлжөө, хаваржааг янзлах хэрэгтэй байна. Би эгчдээ ажлын газраас нөгөө хүүгүй өгдөг зээлээсээ 1 сая төгрөг аваад өгөөч гэсэн учир би авч өгөөд тэр зээлийг нь би төлсөн учир миний эхний 24 сарын төлөлтийг 210,000 төгрөг болгож хоорондоо тохирон төлсөн. Мөн зээлээ хугацаандаа хэл амгүй төлөлцөж байсан бөгөөд 2014 оны 6 сарын дундуур Б.Оюунцэцэг эгч залгаад Баяраа ах чинь наадмаар Бугат сумынх нь ойтой юмаа ланд машин авна гээд байгаа юм зээл авах гэсэн байрны зээл өндөр байна гээд байна банк чи зээлээсээ төлөх боломж байна уу гэсэн би тэгэхээр нь хэдийг олж хийх үү гэтэл 12 сая байвал сайн байна гэхээр нь би мөнгө хайж хамаатны ахаасаа мөнгө зээлж 9.800.000 төгрөгийн Ш.Баярхишиг ахын ХХБ ны 407185279 тоот зээлээ хийдэг байсан дансруу хийсэн . Энэ үед би зээлийн үлдэгдэлээ тооцож үзхэд Үндсэн зээлийн үлдэгдэл 3 сая орчим мөн цаашид үлдсэн хугацаандаа бодож үзээд Б.Оюунцэцэг эгчид одоо миний зээлийн төлөлт сард 93.600 болох юм байна дүү нь сар сардаа хийгээд байнаа боломж байвал 2-с 3 жил болоод зээлээ дуусганаа гэж хэлсэн.

 А- удаа дараа гарт ирж дарамталж , Хүүхдийг маань ганцаараа байхад нь айлгаж тогийг салгаж орж ирж зураг дараад хэд хэдэн удаа гарсан байдаг мөн янз бүрийн залуучуудыг дагуулж ирж байр зарна гэж үзүүлээд зарлаад байхаар манай нөхөр бид 2 Ах эгч 2 нь өөрсдөө зар өгье гээд зар өгтөл Анхбаяр танай байр гайгүй юм чинь манай ажлын газрын хүн байр авах гэж байгаа үзүүлье гэхээр тэг гэсэн боловч ирээгүй. Бид 2 ч зар өгсөн боловч зарагдаагүй юм.

2018 оны 2 сард Анхбаяр бага зэргийн халамцуу намайг гэрийн гадаа дэлгүүрийн тэнд дуудаад уулзтал байрны ордер гаргаж харуулаад би авах юмаа авсан шүү одоо яриад байх юм байхгүй гэхээр нь эгчийнхээ ордерийг банк бусд тавиад миний төлөх мөнгийг авчих би тэр зээлээ дараад явъя гэтэл үгүй, мөнгө өгвөл 25-30 сая өгч байж ав гэж хэлсэн. Харин 2017 онд 20 хоногийи чөлөөтэй байсан нөхөрөө хагалгаанд орох үед  А-ын ээж бүх нарийн учир бүгдийг сайн мэдэж байж хүүхдээ ингээд явуулаад байгааг би гайхаж байна .

Би нийтдээ тухайн зээлд

2011-2013 онд 24 сараар *210000=5.040.000 төгрөг

2013-2014 онд 12 сараар *245000= 2.940.000 төгрөг

2014 оны 6 сард 9.800.000 төгрөг

2014 оны 7,8,9, сард 245.000*3=735.000 төгрөг,

Мөн түүнээс хойш бэлэн болон бэлэн бусаар 2.791.700 төгрөг нийт 21.306.700 төгрөг төлсөн. Мөн зээл авахдаа холбогдон гарсан бүх зардлыг би хариуцаж төлсөн. Мөн  А-ыг ажилгүй байхад заримт нэг үед мөнгө асуугаад ээж, аавд битгий хэлээрэй гээд ирэхэд байгаа боломжоороо мөнгө өгч тусалдаг байсан, бага хэмжээгээр тэрийг энэ тооцоондоо оруулаагүй. Тиймээс би  А-ын нэхэмжилсэн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх миний төлсөн дүнгүүд Ш.Баярхишиг ахын ХХБ 407185279 тоот дансны хуулга мөн миний шүүхэд гаргаж өгсөн бэлэн болон бэлэн бусаар  А-т өгсөн баримтуудаар нотлогдоно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2019/01224 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.2.-д заасныг баримтлан хариуцагч 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Д, Ш.Баярхишиг нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ нь хийсэн цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-24-79 тоот Ү-2101003402 улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг  А-ын өмчлөлөөс Дгийн өмчлөлд шилжүүлж, Дгаас 3,955,707 төгрөг гаргуулан  А-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дгийн илүү төлсөн 5 000 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч  А-аас 382 950 төгрөг гаргуулан хариуцагч Дд, 402,632 төгрөг гаргуулан Төрийн санд, хариуцагч Дгаас 78,241 төгрөг гаргуулан  А-т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О давж заалдсан гомдолдоо:

 А-ын аав Ш.Баярхишиг нь 2011 оны 04 дүгээр сарын 08-нд Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-24-79 тоот байрыг орон сууцны зээлд хамрагдаж худалдаж авсан бөгөөд аав нь уг орон сууцны зээлээ сар бүр төлж байгаад үндсэн зээл 3.792.706 төгрөгийг, хүү 16.060.423 гөгрөг, нийт 19.853.129 төгрөгийг төлөөд 2014 оны 10 дугаар сарын 25-нд нас барсан. 2014 оны 11 дүгээр сарын 25-нд үлдсэн зээл болох үндсэн зээл 32.527.180 төгрөгийг хүүгийн хамт төлж барагдуулах болж /аавынхаа оронд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд орж цалингийн зээл авч/ зээлийн төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 13-нд төлж барагдуулсан. Энэ байдлыг хариуцагч Д нь шүүх хуралдаанд үгүйсгээгүй гайлбар гаргадаг буюу нөхөр өвчтэй, хэцүү байсан учир төлөөгүй гэдэг атал шүүх аав Баярхишигийг нас барснаас хойш зээлийн үлдэгдэл 24.830.332 төгрөг толсөн байна гэж буруу дүгнэж, уг зээлээс Монгол Даатгал компанийн төлсөн 16.918.332 төгрөгийг хасч үлдэгдэл зээлийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Анхбаяр нь 24.830.332 төгрөгийг төлсөн бөгөөд Монгол даатгал зээлийн үлдэгдэл 16.918.332 төгрөгмйг төлснийг шүүх буруу дүгнэсэн. Баярхишиг нь орон сууц худалдан авахаар 36.000.000 төгрөг зээлж авсан боловч 32.527.180 гөгрөгийг үлдээгээд нас барсныг Монгол даатгал 16.918.332.  А- 20.271.210 төгрөгийг төлж нийт 37.189.542 төгрөг аавыгаа нас барсны дараа төлсныг шүүх анхаарч шийдвэр гаргаагүй байна.

2.Аав Баярхишиг 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барах хүртэл 19.853.129 төгрөг төлсөн ба үүний үндсэн зээл нь 3.792.706 төгрөг, хүү 16.060.423 төгрөгийг төлсөн байдаг ба үүнээс Д нь 6.900.000 төгрөгийг /46 хх-65хх,183хх- 189хх/ болон 9.800.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хэлцэл хийгч нарын хооронд зээлпйн урьдчилгаа 9.000.000 төгрөг, 36.000.000 төгрөгийн зээлийн төлбөр хувааж төлөх асуудал үүссэн байдаг.Энэ нь Дгийн зарим сард хийсэн 210.000, 245.000 төгрөг Баярхишиг нь Аззаяагийн дансруу 9.000.000 төгрөг хийсэн, уг мөнгийг хийсэн өдөр Анод банкны зээлээ Аззаяа төлсөн зэрэг баримтаар нотлогдож байдаг. Өөрөөр хэлбэл аав Баярхишигээс авсан 9.000.000 төгрөгөө аваагүй гэж мэтгэлцдэг боловч хариуцагч үүнийгээ нотлоогүй, харин 36.000.000 төгрөгөөс хувааж төлсөн гэж мэтгэлцэж байгаа баримтаас Д нь 16.700.000 төгрөг төлсөн нь нотлогдож байгаа байдалд шүүх үнэлэлт өгөөгүй. Аав Баярхишиг амьд байх үедээ үндсэн зээл, хүүгийн хамт төлсөн гэх 19.853.129 төгрөг, урьдчилгаанд өгсөн 9.000.000 төгрөг /85 хх 181, 182хх/ нийт 28.853.129 төгрөгөөс Д 16.700.000 төгрөгийг буцаан төлснийг шүүх анхаарч шийдвэрлээгүй. Д 9.000.000 төгрөгийг Баярхишигээс аваагүй гэдгээ нотлоогүй ба нэхэмжлэгч, хариуцагчийг авсныг Анод банкны хуулбар баримтууд/ 109 хх,110 хх/ болон банкны баримтаар нотолсон байдлыг шүүх анхаарч үзээгүй.

Монгол даатгал буруутай этгээдээс буцаан 16.918.332 төгрөгөө нэхэмжлэх эрхтэй билээ. Гэтэл уг буруутай этгээдийн нэг  А- гэж үзэн, түүний төлсөн мөнгөнөөс, хасч шийдвэр гаргаснаас гадна Дгийн төлбөл зохих мөнгөнөөс  А-ын төлсөн мөнгийг хасч тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй.  А-ыг уг хэлцлийн буруутан гэж үзэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Баярхишиг болон Д нарын хооронд хйисэн худалдах худалдан авах хэлцэл, хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэлд Монгол даатгал компани, Худалдаа хөгжлийн банк,  А- нар ямар ч буруугүй бөгөөд эдгээр байгууллага иргэнийг хохироох хууль зүйн үндэслэлгүй. Б.Аззаяа нь харин ч авсан гэх зээлээсээ 16.700.000 төгрөгийг төлөөд орон сууцаа буцаан авч байгаа нь хэргийн бодит байдалд нийцээгүй бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлийг хийсэн талуудын нэг нь нас барсан нь хэлцэл хийсэн талын өмнөөс бусад этгээд хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь буруу. Уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар буюу банкинд 56.882.332 төгрөгийг төлсөн ба банк нь хэлцлийг үнэн зөв гэж үзэн зээлийг хүүгийн хамт авсан, уг хэлцлийг үнэн зөв гэж үзэн зээлийг хүүгийн хамт төлсөн Монгол даатгал байгууллага,  А- нарт төлсон мөнгийг Д..Аззаяа буцаан өгөх үүрэггэй. Хүчин төгөлдөр бус хэлцлийн хийсэн буруутай этгээд Д болох нь хэргийн нотлох баримтаар нотлогдсон.

Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэгийн шаардлага болох 9.000.000 төгрөг. 39.963.405 төгрөгийг нэхэмжилснээс шүүх хуралдаан дээр Д..Аззаяагийн төлсөн 9.800.000 төгрөгийг хасч шийдвэрлүүлэхээр шаардлагаа бууруулж байгааг анхаарч шийдвэрлээгүй.

Уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт өгсөн авснаа буцаан өгөх нь Иргэний хуулийн 56.5 зааснаар Д орон сууцаа буцаан авах бол урьдчилгаанд төлсөн 9.000.000 төгрөг, худалдах худалдан авсан гэрээний дагуу төлсөн 56.882.322 төгрөг нийт 65.882.332 төгрөгийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд Б.Баярхишигийн Дд төлсөн 9.000.000 төгрөгийг өвлөгч  А-т гаргуулахаар Иргэний хуулийн 56 р зүйлийн 56.5 дугаар заалтыг баримтлан шүүх шийдвэрлээгүй гэж үзэж байх тул нэхэмжлэгч  А-ын нэхэмжлэлтэй Дд холбогдох хэргийн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар 23-ны өдрийн 142/ШШ2019/01224 тоот шийдвэрийг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч  А- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагчаас 48.963.405 төгрөг гаргуулах, Д 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч  А- сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зээлийн хүүнд тооцож төлсөн төлбөр, байрны урьдчилгаа төлбөрийг хариуцагч төлөх ёстой гэх тайлбар гаргаж, хариуцагч Д зээлийн төлбөрт нийт 20.271.210 төгрөг төлсөн тул үлдэгдэл зээлийг төлнө, үүнээс урьд өгч байсан зээл, зээлийн хүү зэрэг мөнгүүдийг хасуулж тооцуулна гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Д, Ш.Баярхишиг нар 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр орон сууц худалдах, худалдах авах гэрээний үндсэн дээр Худалдаа хөгжлийн банкнаас 36.000.000 төгрөгийн зээлийг 14 жилийн хугацаатай, жилийн 13.2 хувийн хүүтэй зээл авч улмаар талууд зээлийн төлбөрийг сар бүр тодорхой хэмжээгээр хувааж төлөхөөр харилцан тохиролцсон, орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууц эзэмшил шилжээгүй, талийгаач Ш.Баярхишигт орон сууц худалдан авах хүсэл зорилго байгаагүй болох нь тогтоогдсон ба энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

            Шүүх 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Д, Ш.Баярхишиг нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ нь хийсэн цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, тус аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-24-79 тоот Ү-2101003402 улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг  А-ын өмчлөлөөс Дгийн өмчлөлд шилжүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

            Харин хариуцагч Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” 38 дугаар зүйлийн 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй өөрөөр хэлбэл орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 9.000.000 төгрөгийг хэнээс зээлсэн, хэзээ буцааж төлсөн талаар нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

            Талийгаач Ш.Баярхишиг нь 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байрны урьдчилгаа 9.000.000 төгрөгийг хариуцагч Дгийн Худалдаа хөгжлийн банкны 40723262 тоот дансанд шилжүүлсэн ба 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр уг мөнгийг хариуцагч бэлнээр хүлээн авсан болох нь тогтоогдсон, үлдэгдэл төлбөр 7.911.415 төгрөгийн 50 хувь болох 3.955.707 төгрөг нийт 12.955.707 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч  А-т олгож шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаар талийгаач Ш.Баярхишиг нь хариуцагч Дгийн өгсөн мөнгийг урьдчилгаа 9.800.000 төгрөг зээлийн үлдэгдэл төлбөрөөс хасч тооцоогүй, тухайн үед зээлийн төлбөрийн талаар талууд тооцоо хийж байгаагүй, банкны зээл авах үед гарах зардлыг хэрхэн хариуцах талаар тохиролцсон нь тогтоогдохгүй байх тул  нэхэмжлэгч  А-ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах боломжгүй юм.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Дгаас нийт 12.955.707 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36.007.698 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ/2019/01224 дугаар шийдвэрийн 2 дугаар заалтыг “...Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-24-79 тоот Ү-2101003402 улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг  А-ын өмчлөлөөс Дгийн өмчлөлд шилжүүлж, Дгаас 3.955.707 төгрөг гаргуулан  А-т олгосугай ...” гэснийг “... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-24-79 тоот Ү-2101003402 улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг  А-ын өмчлөлөөс Дгийн өмчлөлд шилжүүлж, Дгаас 12.955.707 төгрөг гаргуулан  А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36.007.698 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэж,

Шийдвэрийн 3 дугаар заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140.400, 387.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дгийн илүү төлсөн 5.000 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч  А-аас 382.950 төгрөг гаргуулан хариуцагч Дд, 402.632 төгрөг гаргуулан Төрийн санд, хариуцагч Дгаас 78.241 төгрөг гаргуулан  А-т олгосугай ...” гэснийг “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140.400, 387.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дгийн илүү төлсөн 5.000 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч  А-аас 382.950 төгрөг гаргуулан хариуцагч Дд, 402.632 төгрөг гаргуулан Төрийн санд, хариуцагч Дгаас 222.241 төгрөг гаргуулан  А-т олгосугай ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 418.767 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                С.УРАНЧИМЭГ

                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ