Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 113

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс:180/2017/0114/Э

 

          Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

     Нарийн бичгийн дарга                  Д.Мөнхцэцэг

     Улсын яллагч                                        Ц.Цэен-Ойдов

     Шүүгдэгчийн өмгөөлөгч                  П.Амаржаргал

     Шүүгдэгч                                                Б.О нарыг оролцуулан

     

        Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурал овогт Б.О-д холбогдох 1739000830014 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, ах, эгч, дүүгийн хамт, Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 1 дүгээр хэсэгт оршин суух,  улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Буурал овогт Б.О  

 

      Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

      Шүүгдэгч Б.О нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 07-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны хөдөө хэсэгт оршин суух иргэн С.Бат-Отгоны хоттой хониноос 6 тооны хонь хулгайлж 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

      Хохирогч С.Бат-Отгоны мөрдөн байцаалтад өгсөн: “... би 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Бэрхээс гараад гэртээ ирэхэд манай эхнэр Ш.Эрдэнэчимэг 2017 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө хоттой хонийг маань хүмүүс баруун зүгт хөөж гэрээс холдуулаад дотроос 4 тооны хонийг барьж авч хөлнүүдийг хүлж хэвтүүлээд зөөж байх үед очиж хашгирахад 1 мотоцикльтой 2 хүн авч явах гэж байсан хонио хаяад зугтаасан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг / хх-ийн 21-22 тал /

 

       Иргэний нэхэмжлэгч А.Энхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “... Бошоолыг Бэрх хотын төвд төрсөн эгч Б.Мөнгөнтовчийн гэрт нь буулгаж өгчихөөд тэнд байж байтал Б.Бошоолын төрсөн дүү Б.О нь та мотоциклоо өгчих хөдөө яваад айлаас идэх ямаа аваад ирье гэж гуйхаар нь өгөөд явуулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-40 тал/,

 

       Гэрч Ш.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 02 цагийн орчимд гэрийн урд талд малын хашааны баруун талд хураагаад хотлуулж хонуулсан хонь, ямаа байхгүй байсан. Гэтэл манай гэрээс баруун зүгт 1 км хүрэхгүй зайд гэрлээ асааж явж байгаад унтарсан. .. би гэрт ороод унтаж байсан Б.Эрдэнэбаатар, П.Баярчимэг нарыг сэрээсэн. ... Баярчимэг бид 2 “хөөе та нар хонь хулгай хийж байгаа юм уу” гэж хашгиртал хүлээтэй хонийг газар хаячихаад мотоцикльтойгоо зугатаагаад явчихсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/, 

 

    Гэрч П.Баярчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... бид гуравыг очиход хонь ямаа үргээд явчихсан  Эрдэнэбаатар хонийг эргүүлсэн. Эрдэнэчимэг бид 2 нөгөөл хөл хүлээтэй хонины ойролцоо очиж газар хэвтээд ажиглаж байтал нөгөө мотоцикльтой 2 хүн өнөөх хөл нь хүлээтэй хонийг мотоцикль дээрээ голдоо дүүрч явах гэтэл бид 2 яахаараа хонь хулгайлдаг юм гэж хашгирахад зугатаагаад явчихсан. Тэгээд урьд шөнийн газар өглөө очиход 3 тооны хонь хөл хүлээтэй хэвтэж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/, 

 

      Гэрч Б.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “... өглөө тэр газраар очиход 3 тооны хонь хөл хүлээтэй хэвтэж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/ ,

 

     Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол, яллагдагч Б.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас хүрээгүй, өсвөр насных тул яллагдагчийн үйлдсэн хэргийг тусгаарлан мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэсэн тухай  /хх-ийн 4 тал/, 

 

     Эд хөрөнгө битүүжлэх тухай тогтоол, тэмдэглэл / хх-ийн 10-11 тал / 

     Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 13 тал / 

     Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 4 тал / 

     Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 60 тал / зэрэг нотлох баримтууд болно. 

 

           Шүүгдэгч Б.О нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 07-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны хөдөө хэсэгт оршин суух иргэн С.Бат-Отгоны хоттой хониноос 6 тооны хонь хулгайлж 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Бат-Отгоны мэдүүлэг, гэрч Ш.Эрдэнэчимэг, П.Баярчимэг, Б.Эрдэнэбаатар нарын мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

         Хохирогч С.Бат-Отгон нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

                                                            

ТОГТООХ НЬ:

  

1. Шүүгдэгч Буурал овогт Б.О-ыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-ыг 1 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, тус хугацаанд зөрчилд холбогдохгүй байх үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Л.УЯНГА