Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2016/0204

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* овогт *******ын Б******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг даргад тус тус холбогдох

Гуравдагч этгээд: Өөлд овогт Н*******ийн Энхгэрэл /РД: *******/,

Гуравдагч этгээд: Гөрөөч овогт Б*******гийн М******* /РД: *******/,

Гуравдагч этгээд: ******* ХХК /РД: /,

Нэхэмжлэлийн шаардлага: ...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/716 дугаар захирамжийн О.Б*******д холбогдох хэсэг, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны А/240 дүгээр захирамжийн Н.Энхгэрэл, Б.М******* нарт холбогдох хэсэг, 2013 оны 5 дугаар сарын А/287 дугаар захирамж, 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжийн иргэн Н.Энхгэрэл, ******* ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийг сэргээж, газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргаас олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.М, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөлөөгч Б.Б, гуравдагч этгээд ******* ХХК-ийн захирал Д.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Н, Б.Б, нарийн бичгийн дарга Б.Цэвэгмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Л.М нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны иргэн *******ын Б******* миний бие Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1500 м.кв талбай бүхий газрыг анх 2004 онд тус дүүргийн Засаг даргын шийдвэрээр гэрээ байгуулан эзэмшлийн гэрчилгээ авч, улмаар 2010 онд 5 жилийн хугацаатай дахин сунгаж, олон жил хуулийн дагуу төлбөр хураамжийг төлж, дагалдах бусад зардал гарган эзэмшиж ирсэн юм.

Төр засгаас орон сууцны барилга барихыг дэмжсэн бодлогын хүрээнд миний гаргасан хүсэлтийн дагуу 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 448 дугаар захирамжаар миний эзэмшиж буй газар дээр орон сууцны барилга барих зөвшөөрөл олгосон.

Гэтэл Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас дүүрэг бүрт түрээсийн 150 айлын орон сууц барих бодлого барьж байгаа боловч тохиромжтой газар олдохгүй байна, гэрээний нөхцлөөр хамтарч ажиллах санал тавьсныг би зөвшөөрсний дагуу Нийслэлийн Засаг даргын 676 дугаар захирамж 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гарч архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдаж, барилга баригдах мэдэгдэл өгөгдсөн юм.

Гэтэл нийслэлийн концессийн тендер хэд хэдэн удаа зарласан боловч оролцох компани олдохгүй байна гэдэг шалтганаар надтай байгуулна гэсэн гэрээгээ байгуулахгүй цаг хугацаа алдан намайг хохироосон тул би уг эзэмшил газар дээрээ бие даан орон сууц барихаар хөрсний судалгаа хийлгэж, барилгын зураг төсвийн мэргэжлийн байгууллагаар хийлгэж, санхүүжилт, барих байгууллага бэлэн болгон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох зөвшөөрлөө авахаар 2013 оны 6 дугаар сард хандсан юм.

Миний газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон байна гэдгийг дам сургаар сонсож Нийслэлийн өмчийн харилцааны газрын кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Батчимэгтэй уулзаж, олон жил хуулийн дагуу эзэмшин төлбөрийг төлж, удаа дараагийн Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажин барилга барихаар бэлтгэл ажил хийгдэж байсан газарт хотын зүгээс тодорхой санал тавьж, цаг хугацааны хувьд намайг хохироочихоод, их хэмжээний зардал гарган ажил эхлэхэд бэлэн болчихоод байхад надад хэлж мэдэгдэлгүйгээр газар эзэмших эрхийг холбогдох хууль тогтоомжийг зөрчин цуцалсан Нийслэлийн Засаг даргын захирамжаа эргэн харж иргэн миний хууль ёсны эрх, ашгийг хохиролгүй болгон газар эзэмших эрхийг сэргээж өгөх хүсэлтийг 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт гаргасан юм.

Өмчийн харилцааны газрын холбогдох албан тушаалтнууд надад тайлбарлахдаа таны газар эзэмших эрх цуцлагдсан шалтгаан нь түрээсийн орон сууц барина гэсэн захирамж иргэний эзэмшлийн газар дээр давхардаж гарснаас үүдэлтэй тул уг түрээсийн байрны газрыг өөр газарт шилжүүлсний дараа таны асуудал саадгүй болно, энэ талаар хотын даргад ханд гэсний дагуу 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандсан.

Гэвч миний өргөдөл янз бүрийн газраар цохогдон тэнэж, шийдвэр гаргах түвшинд хүлээгдэж байна гэсэн хариу мессежээр ирснийг лавлахаар 2014 оны 2 дугар сард Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Батсайхан, холбогдох бусад ажилтнуудтай уулзахад таны асуудлыг удахгүй шийднэ, иргэнийг удаан хугацаагаар асуудлыг шийдэхгүй чирэгдүүлсэн байна гэсэн хариу өгсөн юм.

Хариуг хүлээж байтал Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын хамтарсан 2014 оны техникийн зөвлөлийн хурлаар газар эзэмших эрхийг анхны дуудлага худалдааны үнийг төлүүлж захирамжлахаар зөвшөөрсөн, удахгүй тусгах тул та 19.800.000 төгрөг төлөөд ир гэж нэхэмжлэх бичиж өгсний дагуу уг төлбөрийг төлөөд захирамжаа хүлээж хэзээ бэлэн болохыг асуутал таны эрхийг сэргээх газрыг Баянгол дүүргийн Засаг дарга н.Оросоо өөр хүнд эзэмшүүлэхээр захирамж гаргачихсан тул хуулийн хэлтсээс энэ удаагийн захирамжаас түдгэлзүүлчихээд байна гэхээр нь мөн л газрын кадастрын хэлтсийн дүүрэг хариуцсан ажилтан н.Мягмарсүрэн, н.Батчимэг нартай уулзаж одоо яах бэ гэж асуухад та манай өмчийн харилцааны газрын хяналт шинжилгээний хэлтэст өргөдөл гаргаад шалгуул, инженерийн шугам сүлжээтэй газар ногоо тарих эрх олгож болохгүй, кадастрын зураглалыг дүүргээс шууд өөрчлөх эрх байхгүй дүгнэлт гаргаад өгөх байх бид эндээсээ захирамжаа цуцал гэсэн бичиг өгнө мэдсээр байж хууль бус зүйл хийлээ гэсний дагуу тус хэлтэст өргөдөл өгч, илэрхий асуудал дээр учрыг олоод өгөх байх гэж хүлээсэн юм.

Гэвч тус өргөдлийн хариу өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Батсайханы гарын үсэгтэй ирсэн бөгөөд хуулийн дагуу шийдвэрлэх, илэрхий асуудлыг бөөрөнхийлж шүүхэд хандахыг зөвлөсөн байгаа тул Иргэний эрх ашигтай холбоотой асуудлыг заавал иргэнийг оролцуулан шийдэж байх талаар ардчилсан төр засгаас тунхаглаж байгаа, шууд ардчилсан зарчим хэрхэн хөсөрдөж, ямар цаг хугацаагаар хүнд суртал гарган хохироож байгааг эрүүлээр ялган, салгаж өгөхийг хүсэж, олон жил улсад үнэнч шударгаар хөдөлмөрлөж ирсэн жирийн иргэн би, төрж өссөн газар шороон дээрээ алга дарам газар эзэмших хууль ёсны эрхээ сэргээлгэх шийдвэр гаргуулахаар, эцсийн мөчид шүүхэд хандаж байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/716 дугаар захирамжийн О.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээхийг даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч О.Б******* 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

...Миний эзэмшиж байсан газрыг Баянгол дүүргийн Засаг дарга бусдад эзэмшүүлэхээр захирамж гарган иргэн Н.Энхгэрэл, Б.М******* нарт газар эзэмшүүлэх эрх олгосон байна. Иймд Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны А/240 дүгээр газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч О.Б******* 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Миний бие хавтаст хэрэгтэй танилцах явцдаа миний газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/716 дугаар захирамжаар хүчингүй болгохоос өмнө Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/287 дугаар захирамжаар надад газар эзэмших эрх олгосон Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 217 дугаар захирамжийг хүчингүй болгосон байсныг олж мэдлээ.

Иймд Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/287 дугаар захирамжийг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.

Нэхэмжлэгч О.Б******* 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

...Миний бие 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны А/240 дүгээр захирамжийн Н.Энхгэрэл, Б.Мөнхгэрэл нарт холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба Баянгол дүүргийн Засаг дарга нь 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжаар өмнө нь 2014 оны А/240 дүгээр захирамжаар Н.Энхгэрэлд эзэмшүүлсэн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны цогцолборын зүүн талд 1588 м.кв газрыг Бизнестоп ХХК-д эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлсэн байх тул Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжийн 2 дах заалтын Н.Энхгэрэлд холбогдох хэсэг, 1 дэх заалтын 2 дугаар хавсралтын Бизнестоп ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 217 дугаар захирамжаар иргэн О.Б*******д 1500 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн ба уг газарт Нийслэлийн Засаг даргын тамгын газар, иргэн О.Б******* нарт хамтруулан түр суурьшуулах орон сууцны зориулалтаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 448, 2010 оны 676 дугаар Эзэмшил газрын зориулалт өөрчилж, барилга барих тухай зөвшөөрөл олгох тухай захирамжаар барилга барих эрх олгосон.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/716 дугаар захирамжаар иргэн О.Бат-Эрдэнийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд уг захирамжийг холбогдох хэсгийг цуцлан, газар эзэмших эрхийг сэргээх талаар хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газрын хамтарсан 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Техникийн зөвлөлийн хурлаар газар эзэмших эрхийг сэргээхээр хэлэлцүүлэн газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг төлүүлж, захирамжлахаар зөвшөөрөв гэсэн дүгнэлт гарсан бөгөөд иргэн О.Б******* дуудлага худалдааны үнэ болох 19.800.000 төгрөгийг төлсөн байна.

Гэтэл Баянгол дүүргийн Засаг дарга 2014 оны А/240 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дах заалтыг зөрчин иргэн Н.Энхгэрэл, Б.М******* нарт төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар газар олгон, кадастрын зургийг бүртгэхдээ иргэн О.Бат-Эрдэнийн 18634309793725 нэгж талбарын дугаар бүхий кадастрын зургийг устган бүртгэсэн байна.

Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанд уг газарт газар эзэмшүүлэх эрх олгосон дүүргийн Засаг даргын 2014 оны А/240 дүгээр захирамжийг хүчингүй болгож, холбогдох тайлбар, хувийн хэргийг ирүүлэхийг мэдэгдсэн боловч Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлгүй гэсэн хариу ирүүлсэн байна.

Иймээс Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны А/240 дүгээр захирамжийг шүүхээс хүчингүй болгосон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой.

Нийслэлийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэмэлт тайлбар гаргахдаа:

...Тус газрыг Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны А/240 дүгээр захирамжаар иргэн Н.Энхгэрэл, Б.М******* нарт төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлсэн байсан тул Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг түдгэлзүүлсэн.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх тул Баянгол дүүргийн Засаг даргаас тайлбар авна уу гэв.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Иргэн О.Б******* нь анх тус дүүргийн Засаг даргын 2004 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 265А дугаар захирамжаар 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт аж ахуйн зориулалтаар 1500 м.кв газрыг эзэмшихдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дах заалтыг зөрчин дуудлага худалдаанд оруулалгүйгээр хууль бусаар газар эзэмших эрх олж авсан болно.

Мөн иргэн О.Б*******д газар олгохдоо тухайн оны буюу 2004 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсгийг тус тус зөрчин газар олгосон байна.

О.Б******* уг газрыг анх 2004 онд хууль бусаар эзэмшиж эхэлснээс хойш 2013 оныг хүртэл зориулалтын дагуу огт ашиглаагүй ирсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хамаарч байна.

Маргаан бүхий газрын Нийслэлийн Засаг даргаас 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 448 дугаар захирамжаар газар эзэмших зориулалтыг өөрчлөн баталж өгсөн байх ба 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 676 дугаар захирамжаар мөн газар эзэмших зориулалт өөрчлөн баталсан бөгөөд уг захирамжаар тухайн газрыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, иргэн О.Б******* нарт хамтруулан эзэмшүүлэх шийдвэрийг гаргажээ. Гэтэл уг газрыг мөн л зориулалтын дагуу ашиглалгүй хуулийн хугацааг хэтрүүлсэн зөрчилтэй байна.

Дээрх хууль бус зөрчлүүдээс Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дах хэсгийг үндэслэн 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/716 дугаар захирамжаар 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаар захирамжийн иргэн О.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Нийслэлийн Засаг дарга уг маргаан бүхий газрыг зөрчлийн дагуу хүчингүй болгосноор тухайн газрыг Баянгол дүүргийн Засаг дарга 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлэх эрх үүссэн болно.

Энэ эрхийнхээ хүрээнд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 18/01 дүгээр тогтоолоор батлагдсан 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газар эзэмших хүсэлт гаргасан иргэдийн хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжаар тухайн газрыг 2 иргэнд хууль журмын дагуу эзэмшүүлэн олгосон ба энэ нь Газрын тухай болон бусад ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй болно.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/716 дугаар захирамж нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа тул иргэн О.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Харин хамтран хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд хариу тайлбар гаргахдаа Нийслэлийн Засаг даргын захирамж, хүсэл зоригийн эсрэг байр суурийг илтэд илэрхийлсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхэд хүргэж байна.

Дүүргийн Засаг даргын хувьд иргэн О.Б*******д олгосон газрыг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд уг газар дээр 2 иргэнд гэр бүлийн хэрэгцээнд газар олгосон бөгөөд хамтран хариуцагчийн төлөөлөгчийн үндэслэлгүй байр суурь, тайлбараас болж 2 иргэний эрх, ашиг сонирхол хөндөгдөхөд хүрч байна.

Хамтран хариуцагч нь нэхэмжлэгчийн эрхийг хангахдаа өөр байршилд газар олгох боломжтой гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан Баянгол дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа:

...Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Энхгэрэл, Б.М******* нарын эзэмшиж байсан газрыг Бизнестоп ХХК-тай байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн газар эзэмших эрхийг дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжаар шилжүүлэн олгосон болно.

Ингэж шилжүүлэн олгохдоо дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас газар эзэмшигчид хандан зөвлөснөөр өмнө эзэмшиж байсан иргэдийн газрын инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг гарган өөрчилж, боломжтой байрлалаар талбайг шинээр зохион байгуулж кадастрын нэгдсэн санд оруулсан.

Нэхэмжлэгч иргэн О.Бат-Эрдэнийн эзэмшиж байсан газрыг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/716 дугаар захирамж нь өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын зүгээс ямар нэгэн хууль зөрчиж уг газарт олголт хийгээгүй учир одоо хуулийн дагуу эзэмшиж байгаа газар эзэмшигчийн эрхийг цуцлах боломжгүй юм.

Иймээс иргэн О.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд гь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Н.Энхгэрэл, Б.М******* нарны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтанзулын өмгөөлөгч Р.Чинбаа шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

...Гуравдагч этгээд Н.Энхгэрэл, Б.М******* нар нь өөрсдийн эзэмшлийн газрын эрхээ Бизнестоп ХХК-д шилжүүлсэн учраас О.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд Н.Энхгэрэл, Б.М******* нарын эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй болно.

Газрын эрхийг шилжүүлэн авсан Бизнестоп ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа тул Н.Энхгэрэл, Б.М******* нарыг шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцуулалгүй хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Бизнестоп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон гуравдагч этгээд Бизнестоп ХХК-ийн захирал Д.Б, түүний өмгөөлөгч Д.Н, В.Б нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Бизнестоп ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.М*******той, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ж.Энхгэрэлтэй тус тус газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, хорооны цогцолборын зүүн талд байрлах, нэгж талбарын 18634309795718 дугаартай, 1588 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон.

Улмаар Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан  загварын дагуу гаргана гэж зааснаар газар эзэмших тухай хүсэлтээ Баянгол дүүргийн Засаг даргад гаргаж, 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх захирамжаар дээрх газрын эзэмших эрхийг баталгаажуулсан.

Манай компани нь Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албатай 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүнсний ногоо тарих зориулалтаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулан 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 000304754 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан авсан.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана гэж зааснаар иргэн Б.М*******, Н.Энхгэрэл, Бизнестоп ХХК-ийн хооронд хийгдсэн газрын эзэмших эрх шилжүүлэх процесс нь газрын тухай хууль тогтоомж зөрчөөгүй юм.

Одоо Бизнестоп ХХК нь дээрх эзэмшил бүхий газарт хүнсний ногоо тарихаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөөд байна.

Тус газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахаас өмнөх цаг хугацаанд хамаарах эзэмшлийн талаарх маргаан, газартай холбогдох төрийн захиргааны байгууллагын шийдвэр акттай холбоотой аливаа асуудлыг захиргааны хэрэг хянан шийдвэрлэж буй шүүхийн шатанд олж мэдсэн болно.

Хамтран хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 06/2252 дугаар албан бичгийн хариу тайлбарт нэхэмжлэгч О.Бат-Эрдэнийн газрын эзэмших эрхийг хүчингүйд тооцсон Нийслэлийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/716 дугаар захирамж нь хүчин төгөлдөр байгаа талаар дурдсан байна.

Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамж нь зохих журмын дагуу холбогдох хууль тогтоомжид нийцэж гарсан хүчин төгөлдөр захирамж тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйл байхгүй байна.

Иймд шүүхээс манай компанид олгогдсон газар эзэмших эрхийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч О.Бат-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч О.Б******* нь анх тус шүүхэд ...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/716 дугаар захирамжийн О.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийг сэргээж, газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргаас олгохыг даалгуулах /тодорхойлох хэсгийн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үүсгэх захирамжтай нийцүүлэх/ тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ...Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны А/240 дүгээр захирамжийн Н.Энхгэрэл, Б.М******* нарт холбогдох хэсэг, 2013 оны А/287 дугаар захирамжийн О.Б*******д холбогдох хэсэг, 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжийн ******* ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах-аар нэмэгдүүлжээ.

Анх Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 265а дугаар захирамжаар нэхэмжлэгчид тус дүүргийн 20 дугаар хороо, Бөөний худалдааны нэгдлийн зүүн талд, аж ахуйн зориулалтаар, 50*30 буюу 1500 м.кв газрыг, 4 жилийн хугацаатайгаар газар олгож, 2005 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 0046676 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2006 оны 02 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.

Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 448 дугаар захирамжаар нэхэмжлэгч О.Б*******д орон сууцны барилгын зориулалтаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Мандал зочид буудлын зүүн талд байршуулан 0.08 га газарт барилга барихыг зөвшөөрсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газарт өргөдөл гаргаж, 2004 онд дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн бөгөөд одоо Нийслэлийн Засаг даргын захирамж гаргаж өгнө үү гэж хүссэний дагуу Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 676 дугаар захирамжаар газрынх нь хэмжээг багасгаж, 0.04 га болгож, 5 хүртэл жилийн хугацаанд барилга барихыг зөвшөөрч, үүний дагуу 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлжээ.

Мөн Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаар захирамжаар О.Б*******д тус дүүргийн 20 дугаар хороо, Бөөний худалдааны нэгдлийн зүүн талд, аж ахуйн зориулалтаар 1500 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр дээрх 2004 оны захирамжаар олгосон газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, нэхэмжлэгч О.Б*******д аж ахуйн зориулалтаар эзэмших эрхийн 0314912 дугаартай гэрчилгээг 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдөр олгож, мөн оны 5 дугаар сарын 24-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

Гэтэл Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтыг зөрчиж газар эзэмших эрх олгосон, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчиж газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч О.Бат-Эрдэнийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг тус дүүргийн Засаг даргад даалгасны дагуу Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар холбогдох хуулиуд болон Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолыг үндэслэн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг зөрчиж газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр дүүргийн Засаг даргын 2010 оны 217 дугаар захирамжийн О.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/716 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг үндэслэн ...Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сорогзон эмнэлгийн зүүн талд газар эзэмшүүлэх эрх олгосон Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаар захирамжийн иргэн О.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн байна.

Ийнхүү нэхэмжлэгч О.Бат-Эрдэнийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дараа Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 29 дүгээр зүйлийн 29.2, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 18/01 дүгээр тогтоолоор батлагдсан Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газар эзэмших хүсэлт гаргасан иргэдийн хүсэлт, дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2014 оны 237 дугаар албан бичиг зэргийг үндэслэн тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүнсний ногоо тарих зориулалтаар гуравдагч этгээд Н.Энхгэрэл, Б.М******* нарт тус бүр 1000 м.кв газрыг, 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, Н.Энхгэрэлд 000493237, Б.М*******од 000493239 дугаартай гэрчилгээнүүдийг олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

Түүнчлэн Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжаар гуравдагч этгээд Бизнестоп ХХК-д Н.Энхгэрэл, Б.М******* нараас шилжүүлэн, тус дүүргийн 20 дугаар хорооны цогцолборын зүүн талд байрлах, 1588 м.кв хэмжээтэй, нэгж талбарын 18634309795718 дугаар бүхий газрыг 5 жилийн хугацаатайгаар, хүнсний ногоо тарих зориулалтаар эзэмшүүлж, 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 000304754 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч О.Б******* нь түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар Нийслэлийн Засаг даргад гомдлоо гаргасан байх бөгөөд ...уг гомдлыг үндэслэн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон Нийслэлийн Өмчийн харилцааны дэргэдэх хамтарсан техникийн зөвлөлийн хурлаар асуудлыг авч хэлэлцээд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлүүлж, газар эзэмших эрхийг нь сэргээхээр шийдвэрлэсэн байтал Баянгол дүүргийн Засаг дарга 2014 оны А/240 дүгээр захирамжаар иргэн Н.Энхгэрэл, Б.М*******од газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байсан гэх хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлтэй болох нь Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/966 дугаар албан бичиг, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.

Хамтран хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга болон гуравдагч этгээдүүдийн зүгээс ...нэхэмжлэгчид мөн маргаан бүхий газрыг анх Баянгол дүүргийн Засаг дарга эзэмшүүлсэн нь анхнаасаа хууль бус, 2004 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй талаар маргасан бөгөөд нэхэмжлэгчид анх олгосон 1500 м.кв газрын зарим хэсэг нь инженерийн шугам, сүлжээ бүхий газар болон түүний хамгаалалтын бүсэд орж байсныг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 448, 2010 оны 676 дугаар захирамжуудаар дээрх газраас гаргаж, 0.08, 0.04 м.кв газар барилга барих зөвшөөрлийг олгосон нь дүүргийн Засаг даргын захирамжийг хуульд нийцүүлэн зассан, дуудлага худалдааны анхны үнийг нөхөн төлүүлсэн, мөн дээрх байдлаар Засаг даргаас эзэмшүүлснийг нэхэмжлэгчийн хууль бус үйлдэл мэтээр үзэж, түүний газар эзэмших эрхийг хөндөж, хүчингүй болгох нь хуульд нийцэхгүй тул хамтран хариуцагч, гуравдагч этгээд нарын дээрх тайлбар үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Мөн гуравдагч этгээдүүдээс ...нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж маргажээ.

Нэхэмжлэгч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн хэмээн үзэж Нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргасныг хүлээн авч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 3/3846 дугаар албан бичгээр ...Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/716 дугаар захирамжаар иргэн таны газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх бөгөөд одоогоор газар эзэмших эрхийг сэргээсэн Засаг даргын захирамж гаргаагүй байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. Та энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү хэмээн хариу өгсний дагуу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу 30 хоногийн дотор буюу 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иймд нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байх тул гуравдагч этгээдийн ...нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж маргасан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт болон Монгол Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолын 1.10-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно Мөн зүйл, хэсэгт заасан  зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тайлбарласантай нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хэдийгээр газар дээрээ барилга барьж, газраа зориулалтын дагуу ашиглаж эхлээгүй ч энэ нь төрийн захиргааны байгууллагаас шалтгаалсан, төрийн бодлогын хүрээнд хийгдэж байгаа түрээсийн орон сууцны барилга тул төсөв батлагдахгүй, концесс зарласан боловч нэг ч оролцогч ирээгүй зэрэг шалтгаантай байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын холбогдох төлбөрийг 2004 оноос эхлэн 2014 он хүртэл төлж, газар дээрээ 154 айлын үйлчилгээтэй орон сууц барихаар төлөвлөсөн барилгын эскиз зургаа хийлгэж, архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулж, холбогдох хөрсний судалгаа зэргийг хийлгэсэн зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Дүүргийн Засаг даргаас маргаан бүхий захиргааны актуудыг гаргах болсон гол шалтгаан болсон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтыг зөрчиж газар эзэмших эрх олгосон, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчиж газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч О.Бат-Эрдэнийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг тус дүүргийн Засаг даргад даалгасан нь хуулиар эрх олгогдоогүй асуудлаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоол гаргасан байна.

Учир нь холбогдох хууль тогтоомжуудад газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, энэ талаар Засаг даргад үүрэг даалгавар өгөх эрх иргэдийн Төлөөлөгчдийн хуралд олгогдоогүй байхад ийнхүү нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг хариуцагч дүүргийн Засаг даргад даалгасан нь хууль зөрчсөн гэж үзэхээр байх бөгөөд нэхэмжлэгч нь уг тогтоолтой холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх энэ асуудлаар дүгнэлт хийгээгүй болно.

Мөн маргаан бүхий газар нь инженерийн шугам, сүлжээ бүхий газар болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байхын зэрэгцээ дүүргийн газар зохион байгуулалтын 2014 оны төлөвлөгөөнд тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүнсний ногоо тарих зориулалтаар газар олгохоор төлөвлөгдөөгүй болох нь уг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс харж болохоор байхад гуравдагч этгээд Б.М*******, Н.Энхгэрэл нарт энэ зориулалтаар газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т ...Нийслэлийн Засаг дарга нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг эдлэх, 21.5.3-т энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 29 дүгээр үйлийн 29.5-д Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ  тарих талбай нь хувийн гэр, орон сууцны хашааны газрын зэргэлдээ, эсхүл уг зориулалтаар тусгайлан тогтоогдсон газарт байж болно, 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэж тус тус заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл дүүргийн Засаг даргаас гуравдагч этгээдүүдэд ийнхүү маргаан бүхий газрыг эзэмшүүлэхдээ хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Үүнийг тодруулбал Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.3 дахь хэсгээр Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, мөн зүйлийн 21.3.2-т тус тус заасан ... Инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар ... гэдэгт аймаг, нийслэлийн төвийн нутаг дэвсгэрт барьж байгуулагдсан, түүнчлэн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий, хэсэгчилсэн төлөвлөгөөнд барьж байгуулагдахаар төлөвлөгдсөн, дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хүч, холбоожуулалт, радио дохиоллын холболтын эх үүсвэрээс Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан барилгын техникийн нөхцөл-ийг авч болох газар хамаарна гэж тайлбарласан байх бөгөөд ...нэхэмжлэгч О.Бат-Эрдэнийн эзэмшиж байсан маргаан бүхий газар нь гуравдагч этгээд Н.Энхгэрэлийн газартай бүхэлдээ, Б.М*******ын газрын 500 м.кв газартай давхцалтай, О.Б*******, Н.Энхгэрэл нарын газрын зарим хэсгээрээ инженерийн шугам сүлжээний газартай давхцалтай талаар дүгнэсэн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар болох нь тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд хуулийн дагуу эзэмшиж байсан нэхэмжлэгчийн газрыг хуулиар эрх олгогдоогүй этгээдээс гаргасан захиргааны актыг үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, улмаар гуравдагч этгээдүүдэд хууль болон дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг зөрчиж, эзэмшүүлсэн зэрэг нь хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч О.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/716 дугаар захирамжийн О.Б*******д, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны А/240 дүгээр захирамжийн Н.Энхгэрэл, Б.М******* нарт, 2013 оны А/287 дугаар захирамжийн О.Б*******д, 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжийн ******* ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгож, О.Бат-Эрдэнийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 29 дүгээр зүйлийн 29.5, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/716 дугаар захирамжийн О.Б*******д, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны А/240 дүгээр захирамжийн Н.Энхгэрэл, Б.М******* нарт, 2013 оны А/287 дугаар захирамжийн О.Б*******д, 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжийн ******* ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгож, О.Бат-Эрдэнийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргаас тус бүр 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА