Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/342

 

Ч.И, А.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Нямдэлэг,

шүүгдэгч Ч.И,

шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Б.Цэрэндолгор,  

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Эгийн гаргасан давж заалдах гомдлоор Ч.И, А.Э нарт холбогдох 1941000310205 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ..................овгийн Ч.И, ..................... төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ................................ ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ................................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................................/;

2. ...................... овгийн А.Э, .................................. төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын материал үйлдвэрлэлийн технологич, инженер мэргэжилтэй, ....................... ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ........................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.................................../;

Шүүгдэгч А.Э нь Барилга хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого, төлөвлөлт, төсөл, хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1 дэх хэсгийн 2.1.2-д “шударга ёсыг дээдэлж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна”, 3.1 дэх хэсгийн 3.1.1.6-д “хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх”, 3.1.1. в-д “харьяалах дээд шатны албан тушаалтныг хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээллээр хангах” гэсэн үйл ажиллагаандаа баримтлах хэм хэмжээг тус тус зөрчиж,

Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан ажлын байр (албан тушаал)-ын тодорхойлолтын 3 дугаар зорилтод тусгагдсан “иргэд, аж ахуйн нэгжийн санал, хүсэлтийг тухай бүр судлан шийдвэрлэж, мэргэжил, аргазүйн зөвлөмж, дэмжлэг үзүүлэх” чиг үүрэг бүхий албан тушаалын байдлаа ашиглаж, хахууль өгөгч Ч.Иийн “SPEG-2400, TРEG-2400 нэршилтэй химийн бодисыг “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журмын 2.1.4.4 дэх хэсэгт заасан химийн бодист хамаарч байгааг тодорхойлсон албан бичиг гаргуулан авах” гэсэн ашиг сонирхлын үүднээс Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 04/2525 дугаартай “SPEG-2400, TРEG-2400 нэршилтэй химийн бодис нь “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журмын 2.1.4.4 дэх хэсэгт хамаарч байгааг үүгээр уламжилж байна” гэсэн албан бичгийг боловсруулж, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тэмдгээр баталгаажуулан өгсний хариуд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Барилга хот, байгуулалтын яамны гадна 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчимд Ч.Иээс 100,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ч.И нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Барилга хот, байгуулалтын яамны гадна 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчим Барилга, хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Н.Нгийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 04/2525 дугаартай “SPEG-2400, TРEG-2400 нэршилтэй полиэтилен гликолийн лав гэх бодисыг “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам”-ын 2.1.4.4-д заасан ангилалд орж байгааг тодорхойлсон” албан бичгийг гаргуулан авсны хариуд уг албан бичгийн төслийг боловсруулсан тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого, төлөвлөлт, төсөл, хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн А.Эд албан тушаалын байдалтай нь холбогдуулан 100,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: А.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, Ч.Иийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Явганыхан овгийн Чимэдийн Идэрхишигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн, А.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдаас хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Иийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасч, 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эг нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих өрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ит оногдуулсан 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.И нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.Эд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар эдлүүлж, Улаанбаатар хотоос гарахгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ит оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг, шүүгдэгч А.Эд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг тус тус шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эгээс 100,000 төгрөгийг гаргуулан Улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийн хамт хавсаргагдаж ирсэн 2 ширхэг Сиди, мөрдөн шалгах нууц ажиллагааны А-41 дугаартай магадлагаа /1 ширхэг СиДи/ нийт 3 ширхэг СиДи зэргийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.И, А.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах зүйл, заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8-д “Дараахь мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй:, ...8.2-т “Хамтран ажиллах этгээдийн мэдүүлэг” гэж заасан атал анхан шатны шүүх энэхүү заалтыг зөрчиж надтай хамтран ажиллах этгээд болох Н.Н-ийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна. “Руби Камел” ХХК-иас 2019 оны 6 дугаар сарын 28-нд тус яаманд хандан ирүүлсэн, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулгаас миний нэр дээр цохогдсон албан бичгийн хариуг Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “...Захиргааны байгууллага туслалцаа хүссэн бусад захиргааны байгууллагатай хамтран ажиллах үүрэгтэй.” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан хүсэлт, гаалийн болон “Барилга, архитектур корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн лабораториудын шинжилгээний дүгнэлтийг үндэслэн Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар зорилтод тусгагдсан “иргэд аж ахуйн нэгжийн санал, хүсэлтийг тухай бүр судлан шийдвэрлэж, мэргэжил арга зүйн зөвлөмж, дэмжлэг үзүүлэх” гэсэн чиг үүргийнхээ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт явуулах албан бичгийн төслийг боловсруулсан. Энэ албан бичгийн төслийг тухайн үед тус яамны Бодлого, төлөвлөлтийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоодын аудитын газрын даргаар ажиллаж байсан Н.Нд танилцуулахад уг төслийг Н.Н дарга хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуран баталгаажуулсан боловч намайг үүнд буруутай мэтээр мөрдөгчид мэдүүлэг өгсөн байдаг. Уг бичгийн төслийг эрх бүхий дарга Н.Нд танилцуулахдаа түүний мэдүүлэгт дурдсан үгийг би хэлээгүй, харин Нарантуяа 2021 онд над руу утсаар холбогдон “...Авлигатай тэмцэх газраас намайг дуудаад байна. Чи намайг шоронд оруулах хэрэг хийлгэчихсэн юм уу, чи надтай хамт Авлигатай тэмцэх газар яв, чиний төлөвлөсөн бичиг тул чи арга зам зааж өг...” гэж хэлэхэд нь би “...би хурал даргалж байгаа тул чамтай хамт явах боломжгүй байна. Тэгээд ч би чамтай хамт очоод чи бид хоёрыг хамт оруулахгүй...” гэж хэлээд утсаа тасалсан. Дээр дурьдсан мэдүүлгийн дараа би Н.Н даргаас яагаад намайг гүтгэж, миний эсрэг, худлаа мэдүүлэг өгсөн талаар нь асуухад “...Чи өөрөө арга зам зааж өгөхгүй, утсаа таслаад байсан биз дээ, би сандраад Батжаа дарга руу ярьсан” гэж хэлсэн нь түүний мэдүүлэг зөвхөн намайг буруутгах замаар өөрийгөө хамгаалахад чиглэсэн гэж үзэж байна. Би энэ талаар мөрдөгчид хэлсэн ч Н.Нгийн мэдүүлгийг дахин нягтлаагүй. 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1.14-т “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Хахууль авсан хэрэгт буруутгаж буй нотлох баримт болох мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа гэх 2 хүний хоорондын утсаар ярьсан ярианы бичлэг нь баталгаатай үнэн биш, эргэлзээтэй, худал зүйлс олон байхад шүүх түүнийг үндэслэн шийдвэр гаргасан. Утасны ярианд дурдагдсан “...Энхтүвшин ээлжийн амралтаа аваад амарч байхад нь би дуудаж ирүүлсэн шүү, үдээс хойш ажил дээрээ ирнэ, ...Энхтүвшинд 100.000 төгрөг өгсөн”  утгатай яриа болон тухайн өдөр миний 08:35 минутад ажилдаа ирээд орой 18:18 минутад гарсан цагийн бүртгэл, мөн ээлжийн амралтаа аваагүй хэвийн ажиллаж байгаад 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ажлын 24 хоног амарсан зэрэг баримтууд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Мөн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад Ч.И нь “Би Энхтүвшинд мөнгө өгөөгүй, мөнгө АТМ-аас авсан боловч хүмүүстэй хамт байгаад байсан тул өгч чадаагүй. Бас таньдаг найзаараа өгүүлэх гэж өрөөнд нь оруулсан боловч манай найз бас өгч чадаагүй. Эрдэнэбаатар ахыг утсаар залгаад мөнгө өгсөн үү гэж асуухаар нь өгчихсөн гээд худлаа хэлчихсэн” гэж мэдүүлсэн. Мөн С.Эрдэнэбаатар “...Идэрхишигийг танихгүй. Найз нь болох дүүгийнхээ хүсэлтээр хамт ажилладаг байсан, уг асуудлыг хариуцдаг мэргэжилтэн рүү нь утсаар яриад яаралтай бичиг юм байна гэж хэлсэн. Энхтүвшин хахууль авах хүн биш...” гэж мэдүүлэг өгч, миний гэм буруугүйг нотолсоор байхад эдгээр мэдүүлгийг шүүх үнэлэхгүйгээр шийдвэр гаргасанд үнэхээр гомдолтой байна. Би Ч.И гэдэг хүнийг танихгүй, түүнээс ямар ч шан харамж, мөнгө төгрөг аваагүй, харин төрийн албанд 24 наснаасаа өнөөг хүртэл ажиллах хугацаандаа төрийн албан хаагчийн ёс зүйг чандлан сахиж, Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомжийг чанд мөрдөж, шударга, үнэнчээр ажиллаж өдий хүрчихээд хүнд суртал гаргалгүй төрийн үйлчилгээг үзүүлснийхээ төлөө хахууль авсан хэрэгт буруутгагдаж байгаадаа маш харамсаж, гомдож байна. Анхан шатны шүүхээс гаргасан “А.Эг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын ...нийгэмшүүлэх, хохирол нөхөн төлүүлэх зорилгод нийцнэ...” гэсэн шийдвэр нь дурдсан зорилгоосоо хазайсан, шударга ёсыг гуйвуулсан, жирийн албан хаагчийн нэр хүндэд халдсан, хүмүүнлэг бус шийдвэр гэж үзэж байна. Энэхүү шийдвэр нь намайг нийгэмшүүлж, Идэрхишигт учирсан байж болзошгүй гэх 100 мянган төгрөгийн хохирлыг барагдуулна гэхээсээ "... шударга ажилласны хэрэг байдаггүй юм байна, хуулиар гэмгүй хүнийг ч гэмтэн болгож болдог юм байна” гэх сэтгэгдлийг залуучуудад төрүүлэх, энгийн шударга албан хаагчдын урам зоригийг мохоох шийдвэр гэвэл үнэнд илүү нийцнэ гэж үзэж байна. Би нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд нөхөр Х.Эрдэнэхүү маань эрүүл мэндийн шалтгаанаар группэд байдаг, хүү маань сурагч, охин маань оюутан. Гэтэл энэ шийдвэр нь миний болон гэр бүлийн маань сэтгэл санаанд төдийгүй эдийн засагт (нэг жилийн гар дээр авах цалин 15,253,459х5 жил = 76,267,295) ноцтой хохирлыг үүсгэж, цаашдын ажлын карьер, амьдралд минь тодорхойгүй нөхцөлийг бий болгож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 Шүүгдэгч А.Эгийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч А.Эгийн өмгөөлөгчөөр оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. ...” гэж заасан. А.Э нь энэ мөнгийг аваагүй гэдгээ анхан шатны шүүхийн шатанд мэдүүлдэг. Анх өгсөн мэдүүлэгтээ Ч.И ч гэсэн мэдүүлдэг. А.Эгийн хувьд хийх ёстой үйлдлээ хийсэн. Тухайн үед ажил бага байсан учраас бичгийг нь тэр дор нь гаргаж өгсөн гэж хэлдэг. Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааг үзсэн. С.Эрдэнэбаатар нь согтуу байдаг. “...Мөнгө өгсөн үү. ...” гэж дахин дахин асуугаад байхаар нь “...Би 100.000 төгрөг өгсөн. ...” гэхэд “...160.000 төгрөг үү. ...” гэхэд “...үгүй, 100.000 төгрөг. ...” гэсэн байдаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Ч.И тодорхой мэдүүлдэг. Энэ хэрэг 7-8 хавтастай хэрэг байдаг. Бүтэн 2 жилийн хугацаанд Ч.Итэй холбоотой компанийг шалгасан байдаг. Сүүлд С.Эрдэнэбаатартай ярьсан утасны бичлэгээс болж А.Эг энэ хэрэгт татсан нь маш их харамсалтай зүйл болсон гэж үзэж байна. А.Э нь 18 жилийн хугацаанд төрийн байгууллагад ажиллахдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Ёс зүйн хорооны гишүүн, сахилга хариуцлагыг өндөрт өргөж явдаг хүн гэдэг нь ажил байдлын тодорхойлолтоос тодорхой харагддаг. А.Эгийн гэм буруу огтоос тогтоогдоогүй. Мөнгийг аваагүй байж хилмэгдсэндээ маш их харамсдаг. Шүүгдэгч А.Эг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар гэм буруугүйд тооцож өгнө үү. А.Э ажил үүргээ гүйцэтгэсэн нь хийх ёстой үйлдлээ хийсэн. Барилга, хот байгуулалтын яамнаас Байгаль орчны яаманд бичиг өгсөн нь дандаа хууль ёсны дагуу явагдсан ажиллагаа байгаа. Иймд шүүгдэгч А.Эг цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ч.И тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдөр миний хувьд өөрийгөө өмгөөлж, хамгаалахаас илүү мэргэжилтэн А.Этэй холбогдуулан хэдэн үг хэлмээр байна. Би яаралтай бичиг гаргуулах хүсэлтэй байсан. Би хууль бус зүйл хөөцөлдөөгүй. Тухайн үед миний мэдсэнээр Барилга хот байгуулалтын яамны ихэнх ажилтнууд гадаад томилолтоор явсан эсхүл ээлжийн амралтаа авсан гэх мэтээр ил хул байсан. Би танил талаа хайж байгаад найзаараа дамжуулан С.Эрдэнэбаатар гэх ахтай танилцсан. Миний бичиг гарсан. Мэргэжилтэн А.Эгийн хувьд надаас мөнгө, төгрөг, авлига авах сонирхол байгаагүй. Ямар нэгэн сэдэл ч байгаагүй. Миний ойлгосноор ажлаа сайн мэддэг, хатуу чанга хүн шиг санагдсан. С.Эрдэнэбаатар гэх ах намайг танихгүй. Утсаар ярихдаа “...ах нь хэлээд өгчихсөн шүү. Чи ахынхаа нэрийг бодоод хоолны мөнгө өгчихөөрөө. ...” гэж хэлсэн. Би Монгол хүн болохоороо “...За, тэгье. ...” гэж хэлчихсэн. Тэр амнаасаа болоод мөнгө, төгрөг бэлдсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ч хэлсэн. Авлигатай тэмцэх газраас надаас асуухад өөрийгөө хамгаалсан надад ямар ч байр суурь байхгүй. Тухайн үед мөнгө өгнө гэж бодож бэлдээд чадаагүй. Би тухайн үед “...баярлалаа. ...” гэж хэлэх гээд хэлж чадахгүй байсан. Найз даа хэлсэн. 2019 онд болсон гэхээр 2 жилийн дараа Авлигатай тэмцэх газраас дуудаж асуухад С.Эрдэнэбаатар ахтай тэгж утсаар ярьснаа хүртэл санахгүй байсан. Бичгээ авчихаад эхэлж найзтайгаа яриад “...бичиг минь гарсан байна шүү, баярлалаа хөгшөөн. ...” гэж хэлсэн. “...Чи С.Эрдэнэбаатар ахад өөрөө хэлээрэй. ...” гэж надад хэлсэн. Гэхдээ С.Эрдэнэбаатар ахтай утсаар залгаж хэлээгүй яагаад гэхээр мөнгийг нь өгнө гээд өгч чадаагүй байсан. Тэгээд С.Эрдэнэбаатар ах нилээн орой над руу залгасан, “...яасан юмаа авсан уу. ...” гэсэн, “...болсон шүү ахаа баярлалаа. ...” гэхэд “...чи яасан мөнгө өгсөн үү. ...” гэж надаас асуусан. Тухайн үед балмагдсандаа “...Өгсөн өгсөн. ...” гэж хэлсэн. Тийм л үйл явдал болсон. Би нэг зүйл дээр маш их харамсаж байгаа. Төрийн албан хаагч ажлаа сайн хариуцлагатай хийдэг хүнийг хэрэгт хийчихсэн дээ харамсаж байна. Би өөрийгөө өмгөөлж хамгаалахгүй. Анхан шатны шүүхийн шүүгч надад хэлж байсан. “...Давж заалдах шатны шүүхээс хэрэв шүүгдэгч А.Эг цагаатгаж шийдвэрлэвэл шүүгдэгч Ч.Иийг хүн гүтгэсэн хэрэгт шийтгэх байх. ...” гэж хэлж байсан. Намайг ямар ч хэлбэрээр шийтгэсэн надад гомдол байхгүй. Би өөрийгөө хамгаалахгүй. Зөвхөн А.Эг хилс хэргээс нь цагаатгаж өгвөл бол баярлана. Мөн би мөрдөн байцаагчид хэлсэн. “...энэ хүн надтай хамт хэрэгт татагдан орж байгаа юм уу. ...” гэж асуухад “...тийм. ...” гэж хэлсэн. Би тухайн үед ч “...энэ хүн хэлмэгдэж байгаа юм биш үү. ...” гэж хэлж байсан. Нотолж чадахгүй байгаад л харамсаж байна” гэв.

Прокурор Д.Нямдэлэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Ч.И, А.Э нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай бүрэн нотолж тогтоосон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.И, А.Э нарт зохих ял шийтгэлийг оногдуулсан. Эрүүгийн хариуцлагын хувьд гэмт хэргийг үйлдсэн үйлдэлтэй нь тохирсон байгаа. Шүүгдэгч А.Эгийн хувьд 100.000 төгрөгийг аваагүй гэж маргадаг. Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Эгийн ярьсан зүйл нь үгүйсгэгдэж байгаа. Нууцын магадлагаа байгаа. Мөн шүүгдэгч Ч.Итэй холбоотой хэрэг шалгагдаж байсан. 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Хаан банкны дансны хуулга байгаа. Шүүгдэгч Ч.И нь А.Этэй уулзаж бичгийг авсан байдаг. Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч Ч.Иийн данснаас 100.000 төгрөг гарсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Утсаар ярьсан бичлэгийн талаар ярьж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтууд байгаа. Нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй. ...” гэж заасан. Мөрдөн байцаалт болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь нотлох баримтын шаардлага хангасан байна. Шүүгдэгч нар нь хахууль өгсөн эсхүл авсан, аваагүй талаараа ярьдаг боловч энэ талаарх баримт авагдаагүй. Гэвч эсрэгээрээ өөр төрлийн баримтууд авагдсан байгаа. Шүүгдэгч нарыг гэм буруутайг нотолж тогтоосон баримтууд авагдсан байгаа учраас эдгээр баримтыг үнэлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.Эгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Прокуророос шүүгдэгч А.Эг Барилга хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого, төлөвлөлт, төсөл, хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1 дэх хэсгийн 2.1.2-д “шударга ёсыг дээдэлж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна”, 3.1 дэх хэсгийн 3.1.1.б-д “хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх”, 3.1.1. в-д “харьяалах дээд шатны албан тушаалтныг хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээллээр хангах” гэсэн үйл ажиллагаандаа баримтлах хэм хэмжээг тус тус зөрчиж, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан ажлын байр (албан тушаал)-ын тодорхойлолтын 3 дугаар зорилтод тусгагдсан “иргэд, аж ахуйн нэгжийн санал, хүсэлтийг тухай бүр судлан шийдвэрлэж, мэргэжил, аргазүйн зөвлөмж, дэмжлэг үзүүлэх” чиг үүрэг бүхий албан тушаалын байдлаа ашиглаж, хахууль өгөгч Ч.Иийн “SPEG-2400, TРEG-2400 нэршилтэй химийн бодисыг “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журмын 2.1.4.4 дэх хэсэгт заасан химийн бодист хамаарч байгааг тодорхойлсон албан бичиг гаргуулан авах” гэсэн ашиг сонирхлын үүднээс Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 04/2525 дугаартай “SPEG-2400, TРEG-2400 нэршилтэй химийн бодис нь “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журмын 2.1.4.4 дэх хэсэгт хамаарч байгааг үүгээр уламжилж байна” гэсэн албан бичгийг боловсруулж, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тэмдгээр баталгаажуулан өгсний хариуд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Барилга хот, байгуулалтын яамны гадна 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчимд Ч.Иээс 100,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э, Ч.И нарын хэн аль нь хахууль өгсөн, авсан талаар мэдүүлээгүй бөгөөд харин мөрдөн шалгах нууц магадлагаанд С.Эрдэнэбаатар, Ч.И нарын утсаар “... С.Эрдэнэбаатар нь хэдэн төгрөг өгсөн гэж Ч.Иээс асуухад Ч.И нь 100 мянга гэхэд С.Эрдэнэбаатар нь болно болно ...” гэж ярьсан нөхцөл байдал авагджээ.

Шүүгдэгч Ч.И нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... Тухайн үед Эрдэнэбаатар ах надтай ярихдаа Ах нь хэлээд өгсөн шүү, чи ахынхаа нэрийг бодоод хэдэн цаас өгчихөөрөө гэж хэлсэн. ... тухайн үед чи мөнгө төгрөг өгсөн үү гээд надаас асуугаад байсан. Тэгээд би өгсөн гээд худлаа хэлчихсэн юм. Тухайн үед өгье гэж бодож байсан боловч өрөөнд нь хүмүүс байгаад байсан учраас өгч чадаагүй юм” гэсэн мэдүүлэг өгчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заажээ.

Мөрдөн шалгах нууц ажиллагаа нь Ч.Иийн үйлдэлд чиглэсэн байх бөгөөд түүнийг гэмт хэрэгт сэжиглэн дээрх ажиллагааг явуулсан, сэжиглэгдэж байх үедээ энэ хэрэгт хамааралгүй С.Эрдэнэбаатарт хэлсэн зүйлийг шууд нотлох баримтын хэмжээнд үнэлж, шүүгдэгч А.Эг хахууль авах гэмт хэрэгт буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасан бөгөөд дан ганц Мөрдөн шалгах нууц магадлагаанд авагдсан “... С.Эрдэнэбаатар нь хэдэн төгрөг өгсөн гэж Ч.Иээс асуухад Ч.И нь 100 мянга гэхэд С.Эрдэнэбаатар нь болно болно ...” гэж ярьсан нөхцөл байдалд үндэслэн А.Эг гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан  бөгөөд А.Эгийн бусдаас хахууль авсан гэх үйлдлийг энэ үндэслэлээр ашигтайгаар шийдвэрлэв.

Иймд “...хэргийг хэрэгсхэгүй болгож өгнө үү...” гэсэн шүүгдэгч А.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, прокуророос А.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Ч.И нь А.Эд хахууль өгөх зорилгоор түүний өрөөнд ороход тэрээр хүнтэй хамт байсны улмаас өгч чадаагүй талаар мэдүүлсэн бөгөөд Хаан банкны 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 50/7624 дугаартай “17:06 100,000 төгрөгийн гүйлгээ хийсэн АТМ-ийн байршил-ЧД Туул оффис 1 давхарт” гэсэн албан бичиг хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Ч.Иийн мэдүүлэг, бэлэн мөнгөний машинаас мөнгө авсан зэргээс үзэхэд тэрээр бусдад хахууль өгөх зорилгоор идэвхтэй үйлдэл хийсэн байх бөгөөд гагцхүү А.Э хүнтэй хамт байсны улмаас өгч чадаагүй байдал нь завдалтын шинжтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Ч.И нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Барилга хот, байгуулалтын яамны гадна 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчимд Барилга, хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Н.Нгийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 04/2525 дугаартай “SPEG-2400, TРEG-2400 нэршилтэй полиэтилен гликолийн лав гэх бодисыг “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам”-ын 2.1.4.4-д заасан ангилалд орж байгааг тодорхойлсон” албан бичгийг гаргуулан авсны хариуд уг албан бичгийн төслийг боловсруулсан тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого, төлөвлөлт, төсөл, хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн А.Эд албан тушаалын байдалтай нь холбогдуулан 100,000 төгрөгийг бэлнээр өгөхийг завдсан болох нь:

гэрч Н.Н “...2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн А.Э албан бичгийн төсөл барьж ирээд танилцуулсан. Энэ нь миний хариуцсан чиглэлийн ажил биш, дарга нь гадаад улсад томилолтоор явж байхад нь орлон ажиллаж байсан ба мэргэжилтэн Энхтүвшин надад хэлэхдээ “манай газраас ийм бичиг яваад байдаг, барилгын бетоны өвлийн нэмэлтэд ордог бүтээгдэхүүн байгаа юм, энийг нь гаалийн лаборатори, Барилга архитектурын корпорациас бетоны нэмэгдэл болохыг нь тогтоогоод өгчихсөн байгаа юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тодорхойлолт шаардаад байгаа юм байна гэсэн. Энхтүвшин надад хэлэхдээ барилгын компаниуд оруулж ирдэг юм, бетоны өвлийн нэмэгдэл юм, энэ материалаа оруулж ирэхэд нь Байгаль орчны яамнаас тодорхойлолт авчир гээд байгаа юм байна, энэ тодорхойлолтыг яаралтай гаргаж өгөх хэрэгтэй байна” гэсэн. Би түүний хэлснээр өгч болох тодорхойлолт юм байна гэж ойлгоод баталгаажуулж өгсөн” /5хх 70-71/,

гэрч С.Эрдэнэбаатар “...Алтай надруу хэлэхдээ манай ангийн хүүхэд гэлүү, найз гэлүү бичиг байгаа юм гэж хэлсэн. Барилгын материалын үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Энхтүвшин байгаа болов уу гээд утас руу нь залгаад ярьсан. Би Энхтүвшинтэй яриад нэг бичиг байгаа юм байна, чи бичгийг нь хугацаанд нь гаргаад өгчих боломж байна уу гэж асуусан. Энхтүвшин боломж байна уу, үзээдэхье гэсэн” /6хх 66-67/,

шүүгдэгч Ч.Иийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “... Тухайн үед Эрдэнэбаатар ах надтай ярихдаа Ах нь хэлээд өгсөн шүү, чи ахынхаа нэрийг бодоод хэдэн цаас өгчихөөрөө гэж хэлсэн. ... тухайн үед чи мөнгө төгрөг өгсөн үү гээд надаас асуугаад байсан. Тэгээд би өгсөн гээд худлаа хэлчихсэн юм. Тухайн үед өгье гэж бодож байсан боловч өрөөнд нь хүмүүс байгаад байсан учраас өгч чадаагүй юм” гэсэн тус тус мэдүүлгүүд,

2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /5хх 87/,

Хаан банкны 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 50/7624 дугаартай “17:06 100,000 төгрөгийн гүйлгээ хийсэн АТМ-ийн байршил-ЧД Туул оффис 1 давхарт” гэсэн албан бичиг  /5хх 93/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шүүгдэгч Ч.Ит холбогдох хэргийн нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримтыг тогтоож, тогтоогдсон үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Иийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж үзэв.

Иймд магадлалд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Нийслэлийн прокурорын газраас А.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “шүүгдэгч Явганыхан овгийн Чимэдийн Идэрхишигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Иийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,

6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ит оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,

7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Иээс 100.000 төгрөгийг гаргуулан Улсын орлого болгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5  дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч А.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

 

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР