Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Байгалмаа |
Хэргийн индекс | 129/2024/00141/И |
Дугаар | 129/ШШ2024/00267 |
Огноо | 2024-05-30 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 129/ШШ2024/00267
129/ШШ2024/00267 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ч.Жаргалан, шүүгч Д.Элбэгзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О аймаг Б сум . тоотод оршин суух Б овгийн Я.М
Хариуцагч: А аймгийн Э сумын . тоотод оршин суух З овгийн П.Б
Нэхэмжлэлийн шаардлага: 20,460,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х
Хариуцагч П.Б
Хариуцагчийн өмгөөлөгч М.А
Иргэдийн төлөөлөгч Ж.Ө
Гэрч Б.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Я.М нь хариуцагч П.Б-д холбогдуулан хохирол 22,957,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 20,460,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би Я.М-н эзэмшлийн . улсын дугаартай хар өнгийн Crown majesta машинаар Б дүүргийн 13-р хороо, офицеруудын тойргийн баруун талд 2023 оны 11 сарын 10-ны өдрөөс 2023 оны 11 сарын 11-нд шилжих шөнийн 01 цагийн үед явж байсан. Миний барьж явсан машины хойд талаас . АРН улсын дугаартай хар өнгийн Prius 41 маркийн автомашин мөргөж машины эд ангид хохирол учруулсан. . ОРБ Crown маркийн машины хойд буфер, кузов /дан/, буферын тогтоогч хойд, баруун хойд гэрэл, баруун хойд багажны гэрэл, буферийн мэдрэгч 1 ширхэг, хойд тэвш, хойд яндан, хөндлөн татуурга дээд доод 2 ширхэг, баруун хойд татуурга, өнцгийн мэдрэгчийн уян, Navigation компьютер, камерын компьютер зэрэг эд анги эвдэрч гэмтсэн байсан. . АРН улсын дугаартай хар өнгийн Prius 41 маркийн авто машинаас хоёр согтуу хүн гарч ирээд цагдаа битгий дуудаарай, тохиролцоё гэж хэлсэн. Машинд эвдрэл гэмтэл гарч хохирол учирсан учраас би цагдаад дуудлага өгсөн. Ч.Э, П.Б нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчлөөр бүртгэгдсэн. Тухайн үед машиныг П.Ба-тэй хамт явж байсан Ч.Э гэх хүн барьж байсан. Би Ч.Э, П.Б нартай хамт машины хохирлыг үнэлгээний газраар тогтоолгоход 20,460,000 төгрөгийн хохирол гарсан. Үнэлгээ хийхэд 1,242,000 төгрөгийн төлбөр төлсөн. Үүн дээр машины цахилгааны гэмтэл засуулахад 1,200,000 төгрөг төлсөн. Нийт хохирол 22,957,000 төгрөг болсон. . ОРБ Crown маркийн машины бүх эд анги засагдсан. Ч.Э, П.Б нар учруулсан хохирлоо төлж барагдуулна гэж хэлсэн. Осол болсны дараа П.Б болон түүний өмгөөлөгч над руу утсаар ярьж машин барьж яваагүй учраас асуудал чинь П.Б-д хамаагүй, 5,000,000 төгрөг өгье, тэгээд энэ асуудлыг дуусгая гэхээр нь би тэгж болно гэж хэлсэн. Гэвч П.Б 5,000,000 төгрөг өгөөгүй. Ч.Э цагдаад мэдүүлэг өгөхдөө манай найз хотод машин барьж чаддаггүй болохоор би машиныг нь унаад явж байсан гэсэн. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан учраас машины хохирол, төлбөрийг П.Б хариуцаж төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжилсэн нийт хохирол 22,957,000 төгрөгөөс цахилгааны гэмтэл засуулахад гарсан зардалд 1,200,000 төгрөг, мөн П.Б-н өөрөө төлсөн үнэлгээний төлбөр 1,242,000 төгрөгийг тус тус нэхэмжлэхээс татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Машины эвдрэл, хохирол 20,460,000 төгрөгийг П.Б-с гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
Тэр өдөр Ч.Э бид хоёр согтуу байсан учраас машинаа тэнд нь тавиад буудалд орох гэсэн боловч буудал олдоогүй болохоор машиндаа унтая гээд би машиныхаа зорчигчийн суудал дээр унтаж байсан. . АРН улсын дугаартай машин миний өөрийн машин. Гэнэт миний нүүрэн дээр машины голын толь унахад би сэрж машинаас гарч харахад миний машин зүүн урд талаараа . ОРБ Crown маркийн машины баруун хойд талаас нь мөргөсөн байсан. Ч.Э-г машин жолоодоод явчихна гэж би бодоогүй. Тэр үед Ч.Э машины хохирлыг хариуцна гэж хэлж байсан. Тухайн үед мөргөсөн машины эвдрэлд Ч.Э, У.Х нартай хамт Хас үнэлгээний компанид очиж үнэлгээ хийлгэсэн. 20,460,000 төгрөгийн хохирол гарсан нь үнэн. Ч.Э бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан буруутай үйлдэлдээ Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/691 дүгээр шийтгэврээр хариуцлага хүлээсэн. Дээрх шийтгэврийн 5 дахь хэсэгт хохирогч У.Х нь цаашид зөрчлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар зөрчилд холбогдогч Ч.Э-с нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй гэж заасан байна. Зөрчилд холбогдогч, хохирол учруулсан этгээд Ч.Э гэдэг нь тодорхой байна. Зам тээврийн осол гаргаж машин мөргөсөн хүн нь Ч.Э учраас хохирол, төлбөрийг нь хариуцах ёстой гэж үзэж байна. Гэтэл тээврийн хэрэгсэл жолоодоогүй, машин мөргөж хохирол учруулаагүй тээврийн хэрэгслийн эзэмшигч болох П.Б-с хохирол, төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Би тухайн үед түлхүүрээ Ч.Э-д шилжүүлж өгөөгүй, түүнд машин жолоодох зөвшөөрөл өгөөгүй учраас нэхэмжлэгч Я.М-н хохирол 20,460,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4. Иргэдийн төлөөлөгч Ж.Ө дүгнэлтэндээ: Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Э машин барьж явсан учраас Э гэдэг хүнийг хариуцагчаар тогтоох нь зүйтэй. Учир нь Б унтаж байсан, өөрөө мэдээгүй гэв.
5. Нэхэмжлэгчээс:
- Үнэлгээний төлбөр төлсөн 2023 оны 11 сарын 11-ний өдрийн и-баримт
- Оношилгооны хуудас
- Б ХХК-ийн 2023 оны 11 сарын 11-ний өдрийн 1388 тоот тодорхойлолт
- 2023 оны 11 сарын 11-ний өдрийн Б дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл
- 2023 оны 11 сарын 11-ний өдрийн зам тээврийн осол хэргийн үзлэгийн тэмдэглэл,
- Х ХХК-ийн 2023 оны 11 сарын 11-ний өдрийн авто машин техникийн үнэлгээний тайлан
- гэрэл зураг
- үнэлгээний төлбөр төлсөн 2024 оны 3 сарын 28-ны өдрийн төлбөрийн баримт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
6. Хариуцагчийн өмгөөлөгч М.А-н хүсэлтээр Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/691 дүгээр шийтгэвэр, хохирогч Ч.Э, У.Х, гэрч П.Б нараас авсан мэдүүлэг, зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэл зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч П.Б-с 20,460,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Я.М-н нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
Би 2023 оны 11 сарын 10-ны өдрөөс 2023 оны 11 сарын 11-нд шилжих шөнийн 01 цагийн үед Я.М-н эзэмшлийн 6624 ОРБ улсын дугаартай хар өнгийн Crown Majesta машинаар Б дүүргийн 13-р хороо, офицеруудын тойргийн баруун талд явж байсан. Миний барьж явсан машины хойд талаас .. АРН улсын дугаартай хар өнгийн Prius 41 маркийн авто машин мөргөж машины эд ангид хохирол учруулсан. Би Ч.Э, П.Б нартай хамт машины хохирлыг үнэлгээний газраар тогтоолгоход 20,460,000 төгрөгийн хохирол гарсан. Үнэлгээ хийхэд 1,242,000 төгрөгийн төлбөр төлсөн. Үүн дээр машины цахилгааны гэмтэл засуулахад гарсан зардалд 1,200,000 төгрөг төлсөн. Нийт хохирол 22,957,000 төгрөг болсон. 6624 ОРБ Crown маркийн машины бүх эд анги засагдсан. Тухайн үед машиныг П.Б-тэй хамт явж байсан Ч.Э гэх хүн барьж байсан. Ч.Э цагдаад мэдүүлэг өгөхдөө манай найз хотод машин барьж чаддаггүй болохоор би машиныг нь унаад явж байсан гэсэн. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан учраас машины хохирол, төлбөрийг П.Б хариуцаж төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Машины эвдрэл, хохирол 20,460,000 төгрөгийг П.Б-с гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч П.Баасанхүү, хариуцагчийн өмгөөлөгч доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:
Тэр өдөр Ч.Э бид хоёр согтуу байсан учраас машинаа тэнд нь тавиад буудалд орох гэсэн боловч буудал олдоогүй болохоор машиндаа унтая гээд би машиныхаа зорчигчийн суудал дээр унтаж байсан. Гэнэт миний нүүрэн дээр машины голын толь унахад би сэрж машинаас гарч харахад миний машин зүүн урд талаараа 66-24 ОРБ Crown маркийн машины баруун хойд талаас нь мөргөсөн байсан. Ч.Э-г машин жолоодоод явчихна гэж би бодоогүй. Тухайн үед мөргөсөн машины эвдрэлд Э, У.Х нартай хамт Хас үнэлгээний компанид очиж үнэлгээ хийлгэсэн. 20,460,000 төгрөгийн хохирол гарсан нь үнэн. Ч.Э бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан буруутай үйлдэлдээ Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/691 дүгээр шийтгэврээр хариуцлага хүлээсэн. Дээрх шийтгэврийн 5 дахь заалтад хохирогч У.Х нь цаашид зөрчлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар зөрчилд холбогдогч Ч.Э-с нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй гэж заасан байна. Би тухайн үед 21-72 улсын дугаартай, Prius 41 маркийн авто машиныг жолоодож яваагүй, түлхүүрээ Ч.Э-д шилжүүлж өгөөгүй, түүнд машин жолоодох зөвшөөрөл өгөөгүй, учраас нэхэмжлэгч Я.М-н хохирол 20,460,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үнэлгээний төлбөр төлсөн 2023 оны 11 сарын 11-ний өдрийн и-баримт, оношлогооны хуудас, Буянт-Оюу ХХК-ийн 2023 оны 11 сарын 11-ний өдрийн 1388 тоот тодорхойлолт, 2023 оны 11 сарын 11-ний өдрийн Б дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023 оны 11 сарын 11-ний өдрийн зам тээврийн осол хэргийн үзлэгийн тэмдэглэл, Х ХХК-ийн 2023 оны 11 сарын 11-ний өдрийн авто машин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зураг, үнэлгээний төлбөр төлсөн 2024 оны 3 сарын 28-ны өдрийн төлбөрийн баримт, Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/691 дүгээр шийтгэвэр, хохирогч Ч.Э, У.Х, гэрч П.Б нараас авсан мэдүүлэг, зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэл болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Я.М хариуцагч П.Б-с өөрийн 6624 ОРБ улсын дугаартай Crown Majesta маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 20,460,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч П.Б “Би тухайн үед 2172 улсын дугаартай, Prius 41 маркийн авто машиныг жолоодож яваагүй, түлхүүрээ Ч.Э-д шилжүүлж өгөөгүй, түүнд машин жолоодох зөвшөөрөл өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
Ч.Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хариуцагч П.Б-н 2172 АРН улсын дугаартай Prius 41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож 2023 оны 11 сарын 11-ний өдрийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Офицерийн замд явж байх үедээ Я.М-н 6624 ОРБ улсын дугаартай Crown Majesta маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж хохирол учруулсан нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “6624 ОРБ улсын дугаартай хар өнгийн Crown Majesta машинаар Баянзүрх дүүргийн 13-р хороо, офицеруудын тойргийн баруун талд явж байсан. Миний барьж явсан машины хойд талаас 2172 АРН улсын дугаартай хар өнгийн Prius 41 маркийн авто машин мөргөсөн” гэсэн тайлбар, хариуцагч П.Б-н “Гэнэт миний нүүрэн дээр машины голын толь унахад би сэрж машинаас гарч харахад миний машин зүүн урд талаараа 6624 ОРБ Crown маркийн машины баруун хойд талаас нь мөргөсөн байсан” гэсэн тайлбар, гэрч Б.Н-н мэдүүлэг болон Зөрчлийн материалаас бүрдүүлсэн зөрчилд холбогдогч Ч.Э-н мэдүүлэг, хохирогч У.Х-н мэдүүлгээр тус тус тогтоогддог.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Х, хариуцагч П.Б нар дээрх үйл баримттай маргаагүй тул П.Б-н эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.Э Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, 3 дугаар зүйлийн 3.7.б-д “жолооч ... согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчснөөс нэхэмжлэгч Я.М-н эзэмшлийн 6624 ОРБ улсын дугаартай Crown Majesta маркийн тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
6624 ОРБ улсын дугаартай Crown Majesta маркийн тээврийн хэрэгсэлд 20,460,000 төгрөгийн хохирол учирсан гэдэгтэй хариуцагч маргаагүй “Тухайн үед мөргөсөн машины эвдрэлд Ч.Э, У.Х нартай хамт Хас үнэлгээний компанид очиж үнэлгээ хийлгэсэн. 20,460,000 төгрөгийн хохирол гарсан нь үнэн.” гэж тайлбарладаг боловч өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр, түлхүүрээ түүнд шилжүүлж өгөөгүй байхад тээврийн хэрэгсэл дур мэдэн жолоодож яваад нэхэмжлэгч Я.М-н тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан тул хохирлыг Ч.Э хариуцна гэж маргадаг.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т “хэн нэгэн этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж заажээ.
Хариуцагч П.Б өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг /смарт түлхүүртэй/ бусдад ашиглуулахгүй байх арга хэмжээ аваагүй, ашиглах бололцоо олгосноос Ч.Э Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Я.М-н тээврийн хэрэгсэлд гэм хор учруулсан нь хариуцагч П.Б-н үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн эзэмшигч П.Ба-с хохирол нэхэмжилсэн нь үндэслэлтэй, нэхэмжлэгч Я.М-т учирсан гэм хорыг нөхөн төлөх үүргээс хариуцагч П.Б чөлөөлөгдөхгүй гэж үзлээ.
Хариуцагч П.Б нь 6624 ОРБ улсын дугаартай Crown Majesta маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээтэй маргадаггүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 20,460,000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч Я.М-т нөхөн төлөх үүрэгтэй байна.
6. Иргэдийн төлөөлөгч Ж.Ө шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Э машин барьж явсан учраас Э гэдэг хүнийг хариуцагчаар тогтоох нь зүйтэй. Учир нь Б унтаж байсан, өөрөө мэдээгүй” гэжээ.
Нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг хариуцагч П.Б-р нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан, хариуцагч П.Б өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг нь асааж жолоодож явах боломжийг Ч.Э-д олгосноос нэхэмжлэгч Я.М-н тээврийн хэрэгсэлд хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т зааснаар хариуцагч П.Б нь гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.
Иймд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч П.Б-с 20,460,000 (хорин сая дөрвөн зуун жаран мянга) төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.М-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,735 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч П.Б-с 260,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.М-т олгосугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.