Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/343

 

 

 

 

Т.Ад холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Анхжаргал,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Ганбаатар, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Агийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2108030380009 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т.А, ...................................... төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ..................тоотод оршин суух, /РД: ...................../,

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 701 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 29 дугаартай шүүгчийн захирамжаар эдпээгүй үлдсэн 01 жил 7 сар 15 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн;

Шүүгдэгч Т.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 13 дугаар гудамжны 23 тоотод шалтаг шалтгаангүйгээр иргэн П.Жын цээжин тус газар нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь баруун уушгины дунд, доод дэлбэнгийн паренхимийн эдийн няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалт /300 мл/, баруун 6, 7 дугаар хавирганы далд хугарал, доод уруулын няцарсан шарх, цээжний баруун талын хатгагдсан шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.Агийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигин овгийн Туяагийн Амарсанааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Ад 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Ад оногдуулсан таван жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч П.Ж нь эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.А давж заалдах гомдолдоо: “...Би 63 настай эхийн хамт амьдардаг. Миний зүүн талын хөлийн түнх мултралтай, хөдөлмөр эрхлэх чадвар муу, ар гэрийн амьдрал тааруу. Миний бие мөрдөн шалгах ажиллагаанаас шүүх хурал хүртэл хийсэн хэргээ хүлээж, үнэн зөвөөр нь мэдүүлж байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна. Хохирогч болох П.Жд төлөх төлбөр болон хохирол гомдол байхгүй. Энэ байдлыг минь харгалзан үзэж, хорих ялаас минь бага ч болов хөнгөлж өгнө үү” гэжээ.

 

Прокурор У.Анхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго оршдог. Шүүгдэгч Т.Аг цээрлүүлэх, нийгэмшүүлэх арга хэмжээг анхан шатны шүүхээс тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Т.Ад 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Т.А давж заалдах гомдолдоо “...Би 63 настай эхийн хамт амьдардаг, мөн өөрийгөө өвчтэй. ...” гэж дурдсан байна. Анх гэмт хэрэг гарсан цагаас хойш шүүгдэгч Т.А нь өөрөө хэргийн газраас явж, мөрдөн шалгах ажиллагааг удаашруулах нөхцөл байдлыг бүрдүүлж байсан. Мөн шүүгдэгч Т.Агийн биеийн байдал муу гэх нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байна. Прокурорын зүгээс шүүгдэгч Т.Агийн хувийн байдлыг нь харгалзан үзэж, анхан шатны шүүхэд 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялын саналыг гаргаж байсан. Шүүгдэгч Т.А өмнө нь хүнд гэмт хэрэг үйлдэж байсан. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан 1 жил 7 сар 15 хоногийн ялыг нь өршөөж байсан. Анхан шатны шүүхээс прокурорын ялын саналыг харгалзан үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Шүүгдэгч Т.Аг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 13 дугаар гудамжны 23 тоотод шалтаг шалтгаангүйгээр иргэн П.Жын цээжин тус газар нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь баруун уушгины дунд, доод дэлбэнгийн паренхимийн эдийн няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалт /300 мл/, баруун 6, 7 дугаар хавирганы далд хугарал, доод уруулын няцарсан шарх, цээжний баруун талын хатгагдсан шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12046 дугаартай дүгнэлтэд “...П.Жын биед баруун уушгины дунд, доод дэлбэнгийн паренхимийн эдийн няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалт /300мл/, баруун 6, 7-р хавирганы далд хугарал, доод уруулын няцарсан шарх, цээжний баруун талын хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Баруун уушгины дунд, доод дэлбэнгийн паренхимийн эдийн няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалт, баруун 6, 7-р хавирганы далд хугарал, доод уруулд няцарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Цээжний баруун талын хатгагдсан шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах үйлдлээр үүснэ. ...” гэжээ. /хх 35-37/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтаар тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа дууссан гэж үзвэл хэргийг прокурорт шилжүүлдэг.

Харин прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан асуудлуудыг хянаж, шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хүргүүлдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ.” гэж, 3 дахь хэсэгт “Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараахь зүйлийг тусгана” гэж, 3.2 дахь заалтад “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” гэж хуулийн шаардлагыг тодорхойлжээ.

Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд, хохирогч П.Жын биед учирсан баруун уушгины дунд, доод дэлбэнгийн паренхимийн эдийн няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалт, баруун 6, 7-р хавирганы далд хугарал, доод уруулд няцарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр, цээжний баруун талын хатгагдсан шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах үйлдлээр тус тус үүсчээ.

Харин яллах дүгнэлтэд “... иргэн П.Жын цээжин тус газар нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь баруун уушгины дунд, доод дэлбэнгийн паренхимийн эдийн няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалт /300 мл/, баруун 6, 7 дугаар хавирганы далд хугарал, доод уруулын няцарсан шарх, цээжний баруун талын хатгагдсан шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан ...” гэснээс үзэхэд, хутгаар хатгасан нэг удаагийн үйлдлийн улмаас бүх гэмтэл учирсан гэж үзэхэд хүргэж байх бөгөөд хэргийн үйл баримт нь шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шалтгаант холбоотой гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал байна.

Хохирогч П.Жын биед учирсан гэмтэл тус бүр нь шүүгдэгч Т.Агийн ямар үйлдлээс учирсан болохыг шалган тогтоож, тогтоогдсон нөхцөл байдлаа буюу хэргийн үйл баримтаа яллах дүгнэлтэд тодорхой заасны эцэст уг асуудлаар шүүх дүгнэлт хийх нь хуульд нийцнэ.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Ад холбогдох хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг прокурорт очих хүртэл шүүгдэгч Т.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Т.Ад холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тул түүний гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2  дугаар сарын 8-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Ад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очих хүртэл шүүгдэгч Т.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

 

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР