Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс:180/2017/0115/Э

 

          Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

     Нарийн бичгийн дарга                 Д.Мөнхцэцэг

     Улсын яллагч                                        Д.Отгонтуяа

     Шүүгдэгчийн өмгөөлөгч      Б.Болортунгалаг

     Шүүгдэгч                                                Ш.О нарыг оролцуулан

     

        Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ш.О-т холбогдох 1739000310005 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1980 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэр, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 22-03 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл: 

1.1998 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Дундговь аймгийн сум дундын шүүхийн 95 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял,

2. 2003 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял,

3. 2007 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн  Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 6 сар 5 хоногийн хорих ял, 

4. 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Сум дундын 28 дугаар шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдсэн гэх 

 

      Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

      Шүүгдэгч Ш.О-нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Н.Мөнгөнхөлөгтийн өмчлөлийн халтар үрээ, хул зүсмийн 2 тооны адууг завшсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

      Хохирогч Н.Мөнгөнхөлөгтийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр миний адууг малладаг Я.Энхболд гуай гар утсаар залгаад танай адууны Халтар үрээ, зүүн талын гуяндаа тоёотогийн бөөрөнхий эмблем хэлбэртэй цагаан үсгэн тамгатай, Хул зүсмийн мөн ижил тамгатай 2 тооны адууг хүмүүс адуунаас хулгайлаад аймгийн төвд оруулаад ажилласан байна гэж хэлсэн. Би  тооны үрээг тухайн орон нутгийн жишиг үнэлгээгээр үнэлнэ. ... алга болсон гэх 2 тооны үрээг хулгайд алдагдсан гэж бодож байсан чинь хулгайд алдагдаагүй хавар хасагдаад адууны захад байж байгаад хөлөөрөө гүйж явахад нь замаас нь хүн олоод ашиглаж 2 үрээг маань ажилласан байна” гэсэн мэдүүлэг / хх-ийн 17 тал /

   

       Гэрч Я.Энхболдын мөрдөн байцаалтад өгсөн: “... шарга халзан азарганаас хасагдсан хул зүсмийн зөв талын гуяндаа тоёотогийн  эмблемтэй хязаалан насны морь, мөн халтар зүсмийн зөв талын гуяндаа тоёотогийн эмблемтэй  хязаалан төмстэй үрээ 2 тооныадуу алга болсон. Тэр 2 адуу азарганаасаа хасагдаад тусдаа яваад байсан”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 тал/, 

 

    Гэрч Ш.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Осгонбаатар миний 93032185 дугаарын утас руу залгаж манайд 2 тооны адууны мах байгаа та очоод аваач гэсэн. 2 адууны махыг би Осгонбаатараар зөөлгөж машиндаа ачсан. Би 1 кг 3050 төгрөгөөр бодож 732.000 төгрөг болсон. Би хулгайн адуу гэж огт мэдээгүй. Гарал үүслийн бичиг нь байгаа. Танд араас авчраад өгье гэхээр нь худалдаж авсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20, 27 тал/, 

 

      Гэрч Д.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... үдээс хойш 2 тооны адуу авчирсан. Энэ юун адуу юм бэ гэхэд хүнээс авлагтай байсан. Түүнийгээ авсан гэж хэлсэн. 2 бараан зүсмийн адуу байсан. Ирээд би О-с чи 2 морио яасан юм гэж асуухад Цэцэгмаа эгчид өрөндөө өгсөн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

     

    Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 9-11 тал / 

     Хязаалан адууны үнэлгээ / хх-ийн 42 тал / 

     Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 55 тал /

    Шийтгэх тогтоолын хуулбарууд / хх-ийн 57-79 / зэрэг нотлох баримтууд болно. 

 

     Шүүгдэгч Ш.О-нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Н.Мөнгөнхөлөгтийн өмчлөлийн халтар үрээ, хул зүсмийн 2 тооны адууг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.400.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Мөнгөнхөлөгт, гэрч Я.Энхболд, Ш.Цэцэгмаа, Д.Эрдэнэтуяа нарын мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

         Хохирогч Н.Мөнгөнхөлөгт нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна. 

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

                                                            

ТОГТООХ НЬ:

  

1. Шүүгдэгч Боржигон овогт Ш.О-ыг алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О  300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ажлын 8 цагийг нэг хоногийн хугацаагаар тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.О-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Л.УЯНГА