Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2021/0188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.Б*******  

Хариуцагч: Цэргийн төв эмнэлгийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Цэргийн төв эмнэлгийн дарга-Ерөнхий эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/329 тоот тушаалын Б.Б*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2020 оны 11 дүгээр сарын хассан цалин 163,968 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Цэргийн төв эмнэлгийн Уламжлалт эмчилгээний тасгийн дарга, Б*******ын Б******* би Цэргийн төв эмнэлгийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/329 дүгээр тушаалаар миний нэг сарын цалингийн 20%-ийн хасах сахилгын шийтгэл ногдуулсныг цалин авах үедээ мэдсэн бөгөөд энэ талаар асууж тодруулан тушаалтай танилцах хүсэлт гаргахад надад танилцуулаагүй, уншиж өгснөөр ойлгоход “ерөнхий эмчтэй хүндлэлгүй харьцсан” гэдэг үндэслэлээр надад сахилгын шийтгэл ногдуулсныг бүхэлд нь эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2, 48.8, Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, гомдол гаргах журмын 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

Миний бие тус эмнэлэгт 10 дахь жилдээ тасралтгүй байгаа бөгөөд дээрх тушаалыг надад танилцуулаагүй, 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр сарын сүүлийн цалин ороход хасагдаж орсноор мэдэж хүний нөөцийн тасгийн дарга дэд хурандаа Д.Өлзийдаваагаас утсаар тодруулж мэдсэн.

Мөн надад холбогдох сахилгын шийтгэл ноогдуулсан тушаалтай танилцах хүсэлтийг бичиг хэргийн мэргэжилтэн н.Ц*******д гаргахад Штабын дарга болон дарга-ерөнхий эмчийн зөвшөөрснөөр тушаал хуулбарлаж болно гэсэн.

Уг асуудлаар штабын дарга болон дарга-ерөнхий эмчтэй утсаар холбогдоход тушаалтайгаа танилцаж хуулбарыг авах хүсэлтийг минь хангаагүй болно. Миний бие бичиг хэргийн мэргэжилтэн н.Ц*******тэй дахин утсаар холбогдон уг тушаалын дугаар, огноо, үндэслэл нь цэргийн дүрмийн харилцан үйл ажиллагаа зөрчсөн агуулгатай мэдээлэл авсан.

Иймд даргын Б/329 тушаалтай танилцаагүй, ямар хууль зүйн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан болсныг мэдэхгүй байгаа болохоор тодорхой хууль зүйн үндэслэл заах боломжгүй байна.

Харин надад сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан “энэ хуулийн 37,39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэхгүй, мөн хуулийн 48.9 зүйлд заасан Төрийн жинхэнэ алба хаагчид сахилгын ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг зөрчиж тухайлбал журмын 1.6 дахь “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна”, 1.4-т заасан зарчмыг баримтлаагүй, 2 дугаар зүйлд заасан шалгах ажиллагаа хийгээгүй, 2.5-д заасан дүгнэлт гаргаагүй, 2.6-д гаргаагүй, 2.6-д зааснаар надад танилцуулж тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулаагүй, 2.7-д заасан шалгалтын материалтай танилцах, тайлбар гаргах эрхийг хязгаарласан, 3.7-д зааснаар тушаал танилцуулаагүй тул сахилгын шийтгэл ногдуулсан Цэргийн төв эмнэлгийн дарга-ерөнхий эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б/329 тоот тушаалыг гомдлоор хянан үзэж хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б******* нь Цэргийн төв эмнэлэгт уламжлалт эмчилгээний тасгийн даргаар ажилладаг, цэргийн ахмад цолтой офицер хүн байгаа. Үүгээрээ төрийн тусгай албан хаагч буюу төрийн жинхэнэ албан хаагч юм. Б.Б******* нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр цалин орох үед цалин хасагдсан талаар мэдсэн. Ингээд яагаад цалин хасагдах болсон талаар холбогдох этгээдүүд болох нягтлан, хүний нөөцийн ажилтнуудтайгаа холбогдоход өөрт чинь сахилгын шийтгэл оногдуулж нэг сарын цалингийн 20 хувийн хассан байна гэсэн мэдээллийг авсан. Энэ шийтгэлтэй холбоотойгоор шийтгэл оногдуулсан акттай танилцъя гэж хэлсэн боловч актыг танилцуулаагүй. Харин хүний нөөцийн ажилтан тушаалын дугаар, ямар үндэслэлээр арга хэмжээ авсан болох талаар түүнд утсаар мэдээлэл өгсөн. Мэдээллийг хүлээж аваад Б.Б*******т сахилгын шийтгэл оногдуулсны эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хуулийн хугацаанд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс гомдлыг хүлээн авч шалгаж сахилгын шийтгэл үндэслэлтэй байна. Гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Ингээд хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Маргаан бүхий актыг хэрэг хянан шийдвэрлэх явцад үзэж танилцсан. Үүнээс өмнө хуучин үндэслэлтэй холбоотойгоор маргах боломж байгаагүй. Гэхдээ төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахдаа Засгийн газрын тогтоол, Төрийн албаны зөвлөлийн хамтран баталсан тушаал, журамд заасан ажиллагааг хийгдээгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй. Б.Б******* нь ямар зөрчил үйлдсэн, хэзээ үйлдсэн талаар шалгах тогтоох, сонсгох ажиллагаа хийгээгүй гэдэг үндэслэлээр тушаалыг хүчингүй болгоё гэсэн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас гаргаж өгсөн баримтыг үзэж судлаад маргаан бүхий Д329 дугаартай тушаал бол хууль зүйн үндэслэлгүй тушаал гэж үзэж байна. Энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлийг ноогдуулж болохоор хуульд заасан байдаг. Ингэхдээ мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт зааснаар ямар зөрчил гаргасныг шалган тогтоосны эцэст мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1 дэх хэсэг, 4.2.5 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий байж мөн 4.2.6 дахь хэсэгт зааснаар урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах тусгай зарчмыг баримтлаагүй. Нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус акт гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч цэргийн дотоод албаны болон сахилгын дүрэм, байгууллагын дотоод журмын ямар журмыг хэзээ зөрчсөн талаар хариуцагч тогтоогдоогүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1 дэх хэсэг, 4.2.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагчийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Д329 дугаартай тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож. Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар цалингаас суутгасан 163.968 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж тайлбарлаж байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******* шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цэргийн төв эмнэлэг нь Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ Улсын хэмжээнд эм, химийн бодисын хордлого, галт ба хүйтэн зэвсгийн гэмтэл, Баянзүрх, Багахангай дүүргийн ард иргэдэд мэс засал, хүүхдийн тусламж үйлчилгээг үзүүлдэг тусгай статус бүхий дайчилгааны даалгавартай Зэвсэгт хүчний 027 дугаар анги юм.

Манай байгууллага нь салбарын онцлогтой бөгөөд нэхэмжлэгч ахмад Б.Б******* нь тус эмнэлгийн уламжлалт эмчилгээний тасгийн даргаар ажилладаг төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч цэргийн алба хаагч юм.

2020 оны 11 дүгээр сарын...-ны өдөр дарга-ерөнхий эмч хурандаа С.Батб******* хуучин эмнэлгийн нэгдүгээр давхарт барилгын засвар, үйлчилгээний ажлын чанар байдал, хэрэгжүүлсэн ажлын чанар үр дүнг нь үзэж, явцын шалгалт хийж явах үедээ ахмад Б.Б*******ыг дуудсан болно. Энэ үед ахмад Б.Б******* нь чихэндээ гар утасны чихэвч зүүсэн, халаадны халаасанд гараа хийсэн байдалтай ирж “Сайн байна уу” гэж мэндэлсэн, тавьсан шаардлагыг үл хүлээн зөвшөөрсөн байдал гаргасан болно. Ахмад Б.Б******* нь захирах, захирагдах ёс цэргийн алба хаагчдын хоорондын харилцааны хүндэтгэлийг эрхэмлээгүй, удирдах тушаалтныг үл тоомсорлосон зэрэг зөрчлүүдийг гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн нийтлэг дүрмүүд”-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн.

Ахмад Б.Б******* нь Зэвсэгт хүчний дунд офицер, ахмад цолтой, уламжлалт эмчилгээний тасгийн дарга албан тушаалтай, албан тушаал болон цолны хувьд мөн цэргийн хэргийн мэдлэг дадлага, ур чадвараараа бусдыгаа манлайлагч байх ёстой тушаалтны нэг юм. Дээрх зохисгүй үйлдлийг гаргасан цэргийн албан хаагчид дарга-ерөнхий эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б\229 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан болно.

Монгол Улсын ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн нийтлэг дүрмүүд” сахилгын дүрмийн 32.3, 33 дахь хэсэг, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.1, 12.2.2 заалтыг тус тус үндэслэж сахилгын шийтгэл ногдуулсан болно.

Ахмад Б.Б******* нь сахилгын шийтгэл ногдуулсан асуудлаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандсан бөгөөд уг зөвлөлөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01\252 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байна. Зөвлөлийн хариу тайлбарт Б.Б*******ыг төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч алба хаагчийн хувьд цэргийн нийтлэг дүрмүүдийг чанд сахин мөрдөж, заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд “Цэргийн дотоод албаны дүрэм”, “Цэргийн сахилгын дүрэм”, “Зэвсэгт хүчний офицер ахлагчийн ёс зүйн дүрэм”-ийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн нь тогтоогдсон байна.

Иймд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох боломжгүй болно гэсэн хариуг Төрийн албаны зөвлөл ирүүлсэн байна. Ахмад Б.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

Тухайн үед сонсгох ажиллагаа хийгдээгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч хэлж байна. Улсын онцгой комиссоос 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 178 дугаартай тогтоолоор бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн тогтоол гарсан учраас манай эмнэлэг 2 сараас эхлээд ковидтой хүмүүсийг тусгаарлаж ажилласан учраас байгууллагын хэвийн үйл ажиллагаа явагдаагүй байсан. Бүх нийтийн бэлэн байдалтай байсан болохоо даргын зөвлөл зэрэг ямар нэгэн хуралдааныг хийх боломжгүй нөхцөл байдалтай байсан. Ийм учраас Б.Б******* эмчид тухайн үед сонсох ажиллагаа болон шалгах тогтоох ажиллагааг хийгээгүй. Энэ нь цэргийн нийтлэх дүрэм болон захирагч даргын эрх хэмжээний хүрээнд сахилын шийтгэлийн арга хэмжээ авсан байдаг. Сахилгын шийтгэл авсан талаар Б.Б******* эмчид өөрт нь урьдчилан мэдэгдсэн. Мэдсэн талаараа Б.Б******* эмч хэлсэн байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

                                             ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б******* тус шүүхэд хандаж “Цэргийн төв эмнэлгийн дарга-Ерөнхий эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/329 тоот тушаалын Б.Б*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2020 оны 11 дүгээр сарын хассан цалин 163 968 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ “...ерөнхий эмчтэй хүндлэлгүй харьцсан” гэсэн үндэслэлээр нэг сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч энэ талаар надад мэдэгдээгүй, би цалин авах үедээ мэдээд энэ талаар асууж тодруулан тушаалтай танилцах хүсэлт гаргахад танилцуулаагүй, надад сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хууль болон Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын заалтуудыг зөрчсөн..., зөрчлийг шалган тогтоох ажиллагааг хийгээгүй...” гэж тодорхойлон маргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Цэргийн төв эмнэлэг нь Зэвсэгт хүчний 027 дугаар анги гэх статусаар ажилладаг байх ба Б.Б*******ын албан тушаалын тодорхойлолтоос үзвэл нэхэмжлэгч нь Цэргийн төв эмнэлгийн Уламжлалт эмчилгээний тасгийн дарга- уламжлалт анагаах ухаан судлалын их эмч албан тушаалтай, Төрийн тусгай албаны ТТ-12 ангиллаар ажилладаг, түүний албан тушаалын зорилтын 4-т “цэргийн албаны бэлэн байдлыг хангаж ажиллах” гэж зааж, улмаар уг 4-р зорилтын хүрээнд “Монгол улсын цэргийн нийтлэг дүрмүүдийг мөрдөж ажиллах, сургуулийн жилийн цэргийн сургалт, бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу дадлага, сургалтад оролцож алба хаагчдыг хамруулах” чиг үүргийг гүйцэтгэхээр заагдсан, Монгол улсын Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн цэргийн албан хаагч мөн бөгөөд цэргийн албаны “ахмад” цолтой болох нь түүнд олгосон Зэвсэгт хүчний 11268 дугаар үнэмлэх болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон, хэргийн оролцогчид эдгээр үйл баримтын талаар маргаагүй.

Түүнчлэн хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн маргаан бүхий захиргааны акт гэх Цэргийн төв эмнэлгийн дарга-Ерөнхий эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/329 дүгээр тушаалаар Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигаар баталсан “Цэргийн сахилгын дүрэм”-ийн 3 дугаар бүлгийн 32.3, 33 дахь хэсэг, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.1, 12.2.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Цэргийн дотоод албаны дүрэмд заасан цэргийн алба хаагчийн хоорондын харилцааны нэгтгэн удирдах, харилцан хүндэтгэх зарчмыг мөрдөж ажиллаагүй Тасгийн дарга-уламжлалт анагаах ухаан судлалын их эмч Б******* овогтой ахмад Б*******...-ын албан тушаалын сарын үндсэн цалинг 1 сар 20 хувиар бууруулж шийтгэсэн, уг тушаалын дагуу нэхэмжлэгчийн 2020 оны 11 дүгээр сарын цалингаас 163,968  төгрөгийг шийтгэлд суутгасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохи************** тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48.1.2-т “албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж мөн уг хуульд нийцүүлэн баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч /цаашид “албан хаагч” гэх/-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна” 2 дугаар зүйлийн 2.5 “Шалгагч сахилгын зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, баримтыг шалгаад сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар дараахь дүгнэлтийг аль нэгийг гаргаж, албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулна”, 2.6-д “Шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулна. Зөрчилд холбогдсон алба хаагч дүгнэлттэй танилцах, гарын үсэг зурахаас татгалзсан тохи************** энэ тухай тэмдэглэл үйлдэж, шалгалтын материалд хавсаргана” гэж тус тус заасан.

Гэтэл хариуцагч захиргааны байгууллага хууль болон журмын дээрхи заалтуудыг зөрчиж, улмаар шийдвэр гаргахын өмнө тухайн шийдвэрлэх гэж буй асуудлын талаарх нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлэлгүй Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох” үүргээ мөн зөрчсөн, өөрөөр хэлбэл төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө түүний гаргасан гэх зөрчлийг шалган тогтоох ажиллагааг огт явуулаагүй нь хууль бус гэж шүүх дүгнэв.

Ийнхүү зөрчлийг шалган тогтоох ажиллагааг хууль болон журамд заасны дагуу явуулаагүйгээс хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийг чухам ямар зөрчил гаргасан гэж үзсэн, уг зөрчил нь цаг хугацааны хувьд хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр гаргасан болох нь тогтоогдоогүй байхад Цэргийн сахилгын дүрмийн 3 дугаар бүлгийн 32.3, 33 дахь хэсэг, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.1, 12.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Тухайлбал хариуцагч шийдвэр гаргахдаа “Цэргийн сахилгын дүрэм”-ийн 3 дугаар бүлгийн 32.3-т “албан тушаалын үндсэн цалинг 2 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж, мөн дүрмийн 33-д “Сахилгын шийтгэлийн заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй бөгөөд холбогдох албан тушаалтны саналыг үндэслэн сахилгын шийтгэлийг оногдуулна” гэж тус тус заасныг үндэслэсэн боловч эдгээр заалтууд нь хариуцагчийн эрх хэмжээг зохицуулсан заалтууд байх бөгөөд харин Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.1 болон 12.2.2 гэх заалтууд нь уг журамд заагдаагүй байгаа нь ойлгомжгүй байна.

Үүнээс үзвэл шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгч Б.Б******* нь ерөнхий эмчийг дуудахад кармаандаа гараа хийсэн, чихэндээ утасны чихэвч хийсэн байдалтай очиж “сайн байна уу” гэж мэндэлсэн зөрчил гаргасан гэх тайлбарыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй, үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч “би зөрчил гаргаагүй...ямар зөрчил гаргаснаа ойлгохгүй байна, надад мэдэгдээгүй, тайлбар аваагүй” гэж маргасан, тухайн гаргасан гэх зөрчил нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй, хариуцагчаас шүүхэд энэ талын нотлох баримт огт гаргаж өгөөгүй тул шүүх тухайн зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж үзэх, улмаар ногдуулсан шийтгэл нь үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй.

Түүнчлэн хариуцагчийн, дээрхи тайлбарт дурдсанаар чухам аль үйлдэлд нь холбогдуулж сахилгын шийтгэл ногдуулсан нь тогтоогдоогүй, энэ талаар шалгаагүй атлаа маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчийг “...Цэргийн дотоод албаны дүрэмд заасан цэргийн алба хаагчийн хоорондын харилцааны нэгтгэн удирдах, харилцан хүндэтгэх зарчмыг мөрдөж ажиллаагүй” гэж ерөнхийлөн дүгнэсэн нь ойлгомжгүй, тухайн зөрчил гэж үзсэн үйлдэл нь Цэргийн дотоод албаны дүрмийн чухам аль заалтыг хэрхэн зөрчсөнийг нарийвчлан тусгаагүйгээс маргаан бүхий захиргааны акт “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан заалтуудыг зөрчсөн байна. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Цэргийн сахилгын дүрмийн 3 дугаар бүлгийн 32.3, 33 дахь хэсэг, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.1, 12.2.2 дахь хэсэгт заасныг, тухайлбал Цэргийн дотоод албаны дүрэмд заасан цэргийн алба хаагчийн хоорондын харилцааны нэгтгэн удирдах, харилцан хүндэтгэх зарчмыг мөрдөж ажиллаагүй зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байхад түүнд 1 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус, уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хуулийн шаардлага хангасан байдлаар, Цэргийн төв эмнэлгийн дарга-Ерөнхий эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/229 тоот тушаалыг гаргаж ирүүлсэн бөгөөд уг тушаалд Цэргийн сахилгын дүрмийн 3 дугаар бүлгийн 32.3, 33 дахь хэсэг, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.1, 12.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Цэргийн дотоод албаны дүрэмд заасан цэргийн алба хаагчийн хоорондын харилцааны нэгтгэн удирдах, харилцан хүндэтгэх зарчмыг мөрдөж ажиллаагүй Тасгийн дарга-уламжлалт анагаах ухаан судлалын их эмч Б******* овогтой ахмад Б*******...-ын албан тушаалын сарын үндсэн цалинг 1 сар 20 хувиар бууруулж шийтгэхээр шийдвэрлэсэн, энэ тогтоолыг хүчингүй болгоогүй байгаагаас үзвэл нэг асуудлаар 2 өөр дугаар бүхий шийдвэр гаргасан, эдгээр 2 тушаалын аль нь хүчин төгөлдөр болох нь ойлгомжгүй, түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ нэхэмжлэгчийг “хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр зөрчил гаргасныг тодорхой хэлж мэдэхгүй” гэсэн тайлбар гаргаснаас үзэхэд ч тухайн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэхээр байна.    

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гэж тус тус заасан бөгөөд хуулийн эдгээр заалтуудаас үзвэл нэхэмжлэгчийг сонсох ажиллагаанд оролцуулаагүй, түүнд ямар зөрчилд холбогдож байгаагаа мэдэх, хариу тайлбар, нотлох баримт гаргаж өгөх боломж олгоогүй нь хуулийн дээрхи заалтуудыг зөрчсөн байна.

Ийнхүү сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс нэхэмжлэгч нь ямар зөрчил гаргаснаа ойлгоогүй, тушаалаа авах гэхэд гаргаж өгөөгүй” гэж тайлбарлаж байгааг хариуцагч баримтаар үгүйсгээгүй болно.

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна.” заасан.

Хуулийн энэ заалтуудаас үзвэл, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,Цэргийн төв эмнэлгийн дарга-Ерөнхий эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/329 тоот тушаалын Б.Б*******т холбогдох хэсгийг хууль бус захиргааны акт гэж дүгнэн хүчингүй болгосноор нэхэмжлэгчид учирсан хохирол болох түүний 2020 оны 11 дүгээр сарын хасагдсан цалин 163,968 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд дээрхи хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.         Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цэргийн төв эмнэлгийн дарга-Ерөнхий эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/329 тоот тушаалын Б.Б*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэгчид учирсан хохирол болох 163 968 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

2.         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хура******* төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.ДУЛАМСҮРЭН