Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 129/ШШ2024/00279

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 129/ШШ2024/00279

Архангай аймаг

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б овогт Д.Ө

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Д.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч нь хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

- Д.Ө миний бие 1973 онд төрсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах нас болсон. Би өөрийн нөхөр Ц.Л-тай 1994 оны 03 дугаар сарын 12-ны өдөр танилцаж, хайр сэтгэлийн холбоотой болж улмаар 1994 ондоо хуримаа хийж, хамтран амьдрах болсон. Энэ хугацаанд хүү Л.А 1997 онд, охин Л.Л 1999 онд төрсөн. Бид хамтран амьдрах хугацаанаасаа эхлэн одоог хүртэл хувийн малаа маллан хамт амьдарч байна. Би одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл малын А данс нөхрийн нэр дээр гардаг. Бид хоёр гэрлэлтээ 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бүртгүүлсэн учир энэ оноос өмнөх А данс надад хамааралгүй болоод байна. Иймд би өндөр насны тэтгэврээ тогтоолгох зорилгоор нөхөр Ц.Л-тай А аймгийн Х сумын Ц багт 1994 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд хүү Л.А, охин Л.Л нарын төрсний гэрчилгээ болон бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг Ц.Л-тай А аймгийн Х сумын Ц багийн Ч гэх газар 1994 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

2. Хүсэлт гаргагчаас:

- А аймгийн Х сумын Ц багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ... тоот тодорхойлолт,

- Л.А, Л.Л нарын №05, №30 дугаартай Төрсний гэрчилгээ-ний хуулбар,

- Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хүн ам, орон сууцны  1989, 2000 оны улсын тооллогын №03-06/2609 тоот, №03-06/2607 тоот, №03-06/2607 тоот лавлагаанууд,

- Ц.Л, Д.Ө нарын Гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

           

            3. Хүсэлт гаргагч Д.Ө-ийн хүсэлтээр Ц.Л, Ц.Э нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

-  Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хүн ам, орон сууцны 2000, 2010 оны улсын тооллогын 03-05/2900 тоот, 03-05/2899 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,

- Архангай аймгийн Х сумын Ц багийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4/71 тоот тодорхойлолт зэргийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Шүүх хүсэлт гаргагч Д.Ө-ийг Ц.Л-тай 1994 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

            2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний Ц.Л-тай хамтын амьдралтай байсан байдал тогтоогдож байна.

          Үүнд:

-  А аймгийн Х сумын Ц багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Тус багийн иргэн Ц овогтой Л нь Д овогтой Ө-тэй 1994 онд гэр бүл болсон нь үнэн болно. гэсэн 4/67 тоот тодорхойлолт,

- Эцгийн нэр Ц.Л, эхийн нэр Д.Ө гэсэн Л.А, Л.Л нарын №05, №30 дугаартай Төрсний гэрчилгээ-ний хуулбар,

- Б овогт Ц.Л, Б овогт Д.Ө нар 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн гэсэн Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

- Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын 157 дугаар хуудсанд “А аймгийн Х сумын Ц багийн хөдөө оршин суух, Ц.Л, тэргүүлэгч өөрөө, 1962 оны 10 дугаар сард төрсөн, 37 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-малчин, Д.Ө, эхнэр, 1978 оны 09 дүгээр сард төрсөн, 26 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-малчин, Л.А, охин, 1992 оны 02 дугаар сард төрсөн, 7 настай, эмэгтэй, Л.А, хүү, 1997 оны 01 дүгээр сард төрсөн, 3 настай, эрэгтэй, Л.Л, хүү, 1999 оны 03 дугаар сард төрсөн, 0 настай, эрэгтэй” гэж бүртгэгдсэн Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03-05/2900 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,

 

- Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын 20 дугаар хуудсанд “А аймгийн Х сумын Ц багийн Ч, Ц оршин суугч, өрхийн тэргүүн Б овогт Ц.Л, эрэгтэй, 1962 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 48 настай, малчин, эхнэр Б овогт Д.Ө, 1973 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 37 настай, малчин, хүү Б овогт Л.А, 1997 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 13 настай, охин Б овогт Л.Л, 1999 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 11 настай” гэж бүртгэгдсэн Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03-05/2899 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,

- А аймгийн Х сумын Ц багийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Тус багийн Д овогтой Ө нь 1994-2020 онуудад Ц багийн иргэн Ц овогтой Л-ын хүн ам өрхийн бүртгэл мэдээллийн санд албан ёсны бүртгэлтэй байсан нь үнэн болно гэсэн 4/71 тоот тодорхойлолт зэрэг баримтууд,

 

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч Ц.Л-ын: “Бид хоёр 1994 онд гэр бүл болж хамт амьдарсан. Хурим хийж байгаагүй.  Гэр бүл болсноосоо хойш 1994 оноос одоог хүртэл А аймгийн Х сумын Ц багийн Ч гэх газраар нутаглаж, хувийн малаа маллан амьдарч байна. Бид хоёр 3 хүүхэдтэй. Том охин Ө.А 1992 онд, дунд хүү Л.А 1997 онд, бага охин Л.Л 1999 онд тус тус төрсөн. Том охин Ө.А бид хоёрыг гэр бүл болохоос өмнө төрсөн. Хоёр хүүхэд маань надаар овоглодог. Бид хоёр гэр бүл болохоосоо өмнө өөр хүнтэй гэр бүл болж байгаагүй. Бид хоёр 2020 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. 2020 оноос өмнө гэрлэлтээ бүртгүүлж мэдэхгүй, тоохгүй байснаасаа болоод гэрлэлтээ бүртгүүлээгүй. Д.Ө нь шүүхээр хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгож тэтгэвэрт орох гэж байгаа юм. Малын А данс миний нэр дээр гардаг. Манайх А аймгийн Х сумын Ц багаас өөр тийшээ шилжиж байгаагүй. Бид хоёр 1994 оноос одоог хүртэл А аймгийн Х сумын Ц багт тасралтгүй хамт амьдарч байна” гэх,

Гэрч Ц.Э-ийн: “Би Ц.Л-ын төрсөн дүү нь юм. Д.Ө, Ц.Л нар 1994 онд гэр бүл болсон. 1994 онд А аймгийн Х сумын Б багт хоёр талынхаа ах дүү нарыг цуглуулаад цайллага хийж байсан. Д.Ө, Ц.Л нар гэр бүл болсноосоо хойш одоог хүртэл А аймгийн Х сумын Ц багийн Ч гэх газраар нутаглаж хувийн малаа маллан хамт амьдарч байгаа. Д.Ө, Ц.Л нар 3 хүүхэдтэй. Том охин Ө.А 1992 онд, дунд хүү Л.А 1997 онд, бага охин Л.Л 1999 онд тус тус төрсөн. Том охин Ө.А нь Д.Ө, Ц.Л нарыг гэр бүл болохоос өмнө төрсөн. Ээжээрээ овоглодог. Хоёр бага хүүхэд нь аав Ц.Л-аар овоглодог. Д.Ө, Ц.Л нар нь гэр бүл болохоосоо өмнө өөр хүмүүстэй гэр бүл болж байгаагүй. Д.Ө, Ц.Л нар 2020 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Д.Ө шүүхээр хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгож тэтгэвэрт орох гэж байгаа юм. Малын А данс нь Ц.Л-ын нэр дээр гардаг. Би Ц.Л-ын төрсөн дүү нь болохоор Д.Ө, Ц.Л нарын хамт амьдарч байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

 

3. Хүсэлт гаргагч Д.Ө нь Ц.Л-тай 1994 онд гэр бүл болж хамт амьдарснаас хойш гэрлэлтээ төрийн байгууллагад албан ёсоор бүртгүүлээгүй ч 1997 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү Л.А, 1999 оны 02 дугаар сарын 24-ний өдөр охин Л.Л нарыг төрүүлэн ам бүл 4-үүлээ хамт амьдарч байсан нь дээрх нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хүн ам, орон сууцны  1989, 2000 оны улсын тооллогын Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №03-06/2609 тоот, №03-06/2607 тоот, №03-06/2607 тоот лавлагаанууд нь хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй учир нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

            5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:                                   

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Б овогт Д.Ө-ийг Б овогт Ц.Л-тай 1994 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.ЭЛБЭГЗАЯА