Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 129/ШШ2024/00289

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 129/ШШ2024/00289

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Ж.М

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ж.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч нь хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

- Ж.М миний бие 1974 онд төрсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах нас болсон. Би өөрийн нөхөр болох М-ын Ө-тай 1994 онд анх танилцаж хайр сэтгэлтэй болж улмаар 1995 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хуримаа хийж хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд охин Ө.Д 1996 онд, хүү Ө.Д 2003 онд тус тус төрсөн юм. Гэхдээ би 1995 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрж байсан. 7 сартай байхад нь хүүхдээ айлд үрчлүүлчихсэн юм. Тухайн үед М.Ө-тай хамт амьдарч байсан. Намайг залуу хүн юм чинь дахиад төрнө гээд хүүхдийг маань үрчилж авч байсан. М.Л гэж миний хүүхэд. Охиндоо Л гэдэг нэр өгснөөс хойш өвчин ороогоод байсан тул нэрийг нь Д хэмээн өөрчилсөн юм. М.Л надаар овоглодог байсан. Тухайн үед төрхийн орон дээр байхдаа эцгийнх нь нэрийг хэлж байсан. Гэтэл миний нэр дээр бүртгэчихсэн байсан. Тэгээд овог, нэр өөрчилсний бүртгэл хийлгэж байсан. Бид хамтран амьдарсан хугацаанаас эхлэн өдийг хүртэл хувийн малаа маллан хамт амьдарч байна. Бас одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл малын А данс нөхрийн нэр дээр гардаг бөгөөд бид хоёр гэрлэлтээ 2001 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан тул 1995 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2001 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацааны малын А данс надад хамааралгүй болоод байна. Иймд би өндөр насны тэтгэврээ тогтоолгох зорилгоор нөхөр М.Ө-тай А аймгийн Ө сумын Т багт 1995-2001 оныг хүртэл хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд охин Ө.Д, хүү Ө.Д нарын төрсний гэрчилгээ болон бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг М.Ө-тай А аймгийн Ө сумын Т багийн Ц гэх газар 1995 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2001 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

2. Хүсэлт гаргагчаас:

- А аймгийн Ө сумын Т багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 30 тоот тодорхойлолт,

- А аймгийн Ө сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 31 тоот тодорхойлолт,

-М.Ө, Ж.М нарын №2465160001000114 дугаартай Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

- Ө.Д, Ө.Д нарын №26, №51/16 дугаартай Төрсний гэрчилгээ-ний хуулбар,

- Хүн ам, орон сууцны  1989, 2000, 2010 оны улсын тооллогын Үндэсний төв архивын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №03-01/4024 тоот, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн  №03-08/2524, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №03-06/2908 тоот лавлагаанууд,

- А аймгийн Ө сумын Т багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 369 тоот тодорхойлолт,

- А аймгийн Ө сумын Т багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 370 тоот тодорхойлолт,

- Ө.Д-ын №2465160001000122 дугаартай Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

           

            3. Хүсэлт гаргагч Ж.М-ийн хүсэлтээр М.Ө, М.Ж нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

-  Хүн ам, орон сууцны/  2000 оны улсын тооллогын Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 03-05/3273 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,

- Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 504 тоот албан бичгээр ирүүлсэн Ж.М, М.Ө нарын ХААТР-15 маягт, Ө.Д, Ө.Д нарын төрсний ХААТР-11 зэргийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Шүүх хүсэлт гаргагч Ж.М-ийг М.Ө-тай 1995 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2001 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

            2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний М.Ө-тай хамтын амьдралтай байсан байдал тогтоогдож байна.

          Үүнд:

- А аймгийн Ө сумын Т багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Тус багийн иргэн Ж овогтой М нь М овогтой Ө-тай хамт Ц гэх газар мал маллан амьдарч байгаа нь үнэн болно. гэсэн 30 тоот тодорхойлолт,

- А аймгийн Ө сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн "Т багийн иргэн Ж овогтой М эмэгтэй, 50 настай, 1996 онд төрсөн охин Ө.Д, 2003 онд төрсөн хүү Ө.Д нар Эрүүл мэндийн төвийн хяналтад эрүүл өсч байгаа болохыг тодорхойлов." гэсэн 31 тоот тодорхойлолт,

- Ө овогт М.Ө, Б овогт Ж.М нар 2001 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн гэсэн Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

- Эцгийн нэр М.Ө, эхийн нэр Ж.М гэсэн Ө.Д, Ө.Д нарын №26, №51/16 дугаартай Төрсний гэрчилгээ-ний хуулбар,

- Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын ... дугаар хуудсанд “А аймгийн Ө сумын Т багийн хөдөө оршин суух, М.Ө, тэргүүлэгч өөрөө, 1967 оны 09 дүгээр сард төрсөн, 32 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-малчин, Ж.М, эхнэр, 1974 оны 09 дүгээр сард төрсөн, 25 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-малчин, М.Л, охин, 1996 оны 09 дүгээр сард төрсөн, 3 настай, эмэгтэй” гэж бүртгэгдсэн Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 03-05/3273 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,

 

- Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 504 тоот албан бичгээр ирүүлсэн М.Ө, А аймгийн Ө сум, өмнө нь гэрлэж байгаагүй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлдэг ажил-а.а.а, нийгмийн бүлэг малчин, Ж.М, А аймгийн Ө сум, өмнө нь гэрлэж байгаагүй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлдэг ажил-а.а.а, нийгмийн бүлэг-малчин, 2001 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэсэн гэсэн М.Ө, Ж.М нарын ХААТР-15 маягт, М.Л, 1996 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, эхийн нэр Ж.М гэсэн, Ө.Д, 2003 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, эхийн нэр Ж.М, эцгийн нэр М.Ө гэсэн М.Л, Ө.Д нарын ХААТР-11 маягтууд,

- А аймгийн Ө сумын Т багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Тус багийн иргэн Ж.М-ийн 1995-2001 онуудын өрхийн бүртгэлийн лавлагаа байхгүй болно гэсэн 369 тоот тодорхойлолт,

- А аймгийн Ө сумын Т багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Тус багийн иргэн М.Ө-ийн 1995-2001 онуудын өрхийн бүртгэлийн лавлагаа байхгүй болно гэсэн 370 тоот тодорхойлолт,

- Ө овогт Ө.Д, бүртгэсэн газар-А аймгийн Ө сум, бүртгэсэн он, сар, өдөр-2008 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, өөрчлөхийн өмнөх мэдээлэл-Б овогт М.Л гэсэн №2465160001000122 дугаартай Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд,

 

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч М.Ө-ын: “Бид хоёр 1995 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болж хамт амьдарсан. Хуримаа 1995 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр А аймгийн Ө сумын Т багийн Ц гэх газарт хийж байсан.  Гэр бүл болсноосоо хойш 1995 оноос одоог хүртэл А аймгийн Ө сумын Т багийн Ц гэх газраар нутаглаж,  хувийн малаа маллан амьдарч байна. Бид хоёр 2 хүүхэдтэй. Том охин Ө.Д 1996 онд, бага хүү Ө.Д 2003 онд тус тус төрсөн. Хоёр хүүхэд маань надаар овоглодог. Бид хоёр гэр бүл болохоосоо өмнө өөр хүнтэй гэр бүл болж байгаагүй. Бид хоёр 2001 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Ж.М нь шүүхээр хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгож тэтгэвэрт орох гэж байгаа юм. Малын А данс миний нэр дээр гардаг. Манайх А аймгийн Ө сумын Т багаас өөр тийшээ шилжиж байгаагүй. Бид хоёр 1995 оноос одоог хүртэл А аймгийн Ө сумын Т багт тасралтгүй хамт амьдарч байна” гэх,

Гэрч М.Ж-ны: “Би М.Ө-ын төрсөн эгч нь юм. Ж.М, М.Ө нар 1995 онд гэр бүл болсон. Хуримаа 1995 онд А аймгийн Ө сумын Т багийн Ц гэх газарт хийж байсан. Ж.М, М.Ө нар нь гэр бүл болсноосоо хойш одоог хүртэл А аймгийн Ө сумын Т багийн Ц гэх газраар нутаглаж хувийн малаа маллан хамт амьдарч байгаа. Ж.М, М.Ө нар 3 хүүхэдтэй. Том хүү М.Э 1995 онд, дунд охин Ө.Д 1996 онд, бага хүү Ө.Д 2003 онд тус тус төрсөн. Том хүү М.Э нь Ж.М, М.Ө нарыг гэр бүл болохоос өмнө төрсөн. Ээжийгээ дагаж ирсэн хүүхэд юм. Хоёр бага хүүхэд нь аав Ж.М-ээр овоглодог. Ж.М, М.Ө нар нь гэр бүл болохоосоо өмнө өөр хүмүүстэй гэр бүл болж байгаагүй. Ж.М, М.Ө нарыг хэдэн онд гэрлэлтээ бүртгүүлсэн талаар сайн мэдэхгүй. Ж.М шүүхээр хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгож тэтгэвэрт орох гэж байгаа юм. Би М.Ө-ын төрсөн эгч нь болохоор Ж.М, М.Ө нарын хамт амьдарч байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

 

3. Хүсэлт гаргагч Ж.М нь М.Ө-тай 1995 онд гэр бүл болж хамт амьдарснаас хойш гэрлэлтээ төрийн байгууллагад албан ёсоор бүртгүүлээгүй ч 1996 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр охин Ө овогт Ө.Д, 2003 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүү Ө.Д нарыг төрүүлэн ам бүл 4-үүлээ хамт амьдарч байсан нь дээрх нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан хүн ам, орон сууцны 1989, 2000, 2010 оны улсын тооллогын Үндэсний төв архивын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №03-01/4024 тоот, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн  №03-08/2524, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №03-06/2908 тоот лавлагаанууд нь хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй учир нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

            5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:                                   

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Б овогт Ж.М-ийг Ө овогт М.У-тай 1995 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2001 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.ЭЛБЭГЗАЯА